Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 225/МА2021/00025

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 225/МА2021/00025

 

 

 

Б.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 155/2021/00748 дугаар шийдвэртэй,

Б.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Цахиур ХХК-нд холбогдох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн зах 6 хаягт байршилтай Б.Соёл-Эрдэнийн нэгж талбарын 6712014168 дугаар бүхий 566 м.кв эзэмшил газарт Цахиур ХХК-ийн хууль бусаар байшин барьсан 119 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулимын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Сод-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баатар овогтой Соёл-Эрдэнэ би Мөрөн сумын иргэн Бэгзмаагаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 05 дугаар баг Түүхий эдийн зах 06 хаягт байрлалтай 566 м2 газрыг хашааны хамт худалдаж авсан юм. Гэтэл миний худалдаж авсан эзэмшил газар дээр Цахиур ХХК нь 119 м2 байшин барьсан байх бөгөөд энэ байшингаа авч миний эзэмшил газрыг чөлөөлж өгөөч гэж олон удаа шаардсан. Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн ГХБХБГазар зэрэг газруудад хандаж миний эзэмшил газар дээр баригдсан 119 м2 байшинг чөлөөлүүлж өгнө үү гэж өргөдөл, хүсэлт гаргасан боловч Цахиур ХХК нь газар чөлөөлж өгөөгүй учир дээрх байгууллагууд хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ үү гэсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ газар нь 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дуудлага худалдаанд орж Ж.Мандшир гэдэг хүн дуудлага худалдаагаар авсан байна. Ж.Мандшираас Б.Энхбат, Б.Энхбатаас Б.Оюун-Эрдэнэ, Б.Оюун-Эрдэнээс Б.Бэгзэдмаа, Б.Бэгзэдмаагаас Б.Соёл-Эрдэнэ би худалдаж авсан юм. Цахиур ХХК нь энэ 6712014168 нэгж талбарын дугаартай 566 м2 газрын хууль ёсны эзэмшигч биш гэдэг нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 25 дугаар шийдвэр, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0811 дугаар бүхий магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор тус тус нотлогдож байгаа юм.

Иймд Б.Соёл-Эрдэнэ миний эзэмшил 05 дугаар баг, түүхий эдийн зах 06 тоот хаягт байрлах нэгж талбарын 6712014168 дугаар бүхий 566 м2 газраас Цахиур ХХК-ийн хууль бусаар байшин барьсан 119 м2 газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Цахиур ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Цахиур ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

1.Цахиур ХХК 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.Оюунтай Нийлүүлэгч, борлуулагчийн хамтран ажиллах гэрээ болон Барьцааны гэрээ байгуулсан. Д.Оюун нь гэрээний үүргээ зөрчин хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөлгүй 17,044,249 төгрөгийн өр үүсгэсэн тул компаниас шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 027/ШШ2014/0289 дугаар шүүгчийн захирамж, тус шүүхээс 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр олгосон 027/2014/0018 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч Д.Оюунаас төлбөр гаргуулах ажиллагаа явуулж 2014 онь 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/683 тоот албан бичиг болон 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0238 дугаар актын дагуу 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 5-р баг Баянбулаг захад байршилтай үйлчилгээний зориулалттай 119 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Цахиур ХХК- ийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх Т.Намбардагва, Ж.Отгонцэцэг, Н.Нямдорж, Н.Дэлгэрсайхан нарыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Улмаар өмчлөх эрх нь нэр бүхий иргэдэд шилжиж явсаар иргэн Д.Оюунд шилжиж, улсын бүртгэлд өмчлөгчөөр нь бүртгүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Д.Оюунаас шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрт тооцож уг хөрөнгийг хураан авч төлбөр авагч Цахиур ХХК-д шилжүүлснийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Цахиур ХХК хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа болно.

Захиргааны хэргийн шүүх захиргааны акт хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх маргааныг хянан шийдвэрлэдэг. Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Цахиур ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг үгүйсгэх буюу хязгаарлах үндэслэлээ болгон газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 155/2021/00748 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б.Соёл-Эрдэнийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн зах 6 хаягт байршилтай, нэгж талбарын 6712014168 дугаар бүхий 566 м2, гэр орон сууцны хашааны эзэмшил газарт Цахиур ХХК-ийн хууль бусаар байшин барьсан 119 м2 газрыг чөлөөлж, газрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч Цахиур ХХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цахиур ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнэд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим давж заалдах гомдолдоо: Хариуцагч Цахиур ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2021/00748 дугаар бүхий шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг: Маргааны зүйлийг буруу дүгнэсэн тухайд

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч Цахиур ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р баг, Баянбулаг зах дотор байрлалтай, үйлчилгээний зориулалттай 119 м.кв бүхий Ү-1723001022 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэнийг тухайн маргаж буй газрын эзэмшигч, өмчлөгч мөн гэж үзэх боломжгүй, тодруулбал газар өмчлөх, эзэмших эрх нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээс тусдаа ойлголт юм гэж маргааны зүйлийг буруу дүгнэсэн байна. Учир нь хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч учраас тус газрыг өмчлөх, эзэмших эрхтэй гэж огт маргаж байгаагүй. Тодруулбал, хариуцагч нь анх тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2001 онд 06 дугаар сараас 9 сар дуусталх хугацаанд барьж, 2002 онд эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж байсан. Улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн газрыг Хөвсгөл баянбулаг ХХК-тай байгуулсан газар эзэмших тухай байгуулсан хэлцлийн гэрээ буюу түрээсийн гэрээгээр ашигладаг байсан. Энэ талаар бүх нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн болно.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно гэж заасан бөгөөд газар эзэмшигч Хөвсгөл Баянбулаг ХХК-тай байгуулсан 2003 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №01 дугаар Хөвсгөл Баянбулаг ХХК-ийн харьяа Баянбулаг захын захиргаа Мөрөн сумын 4-10-6 тоотод оршин суугч Төмөрбаатар овогтой Намбардагва, Жамсран овогтой Отгонцэцэг нарын хооронд газар эзэмших тухай байгуулсан хэлцлийн гэрээ-нд заасан зориулалтын дагуу буюу дэлгүүр, цайны газрын аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан ба газар ашигласны төлбөрт гэрээний 3.2-д Газар эзэмшлийн төлбөрийг тухайн сарын 25-ны дотор сар бүр 37,500 төгрөг, жилд 450,000 төгрөг төлөхөөр хоёр тал тохиролцсон болно гэж заасан байдаг. Энэхүү үйл баримт нь хариуцагчийн тайлбар, Захиргааны шүүхийн шийдвэр, үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийн материал, газрын хувийн хэрэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдохын зэрэгцээ нэхэмжлэгч маргаж үгүйсгээгүй, няцааж чадаагүй болно. Дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө бий болсон цаг хугацаа буюу 2000-2001 онд 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Иргэний хууль үйлчилж байсан бөгөөд уг хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Бусдын газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь тэрхүү газрыг ашиглах эрхтэй, 105.5-д Тухайн газрыг ашиглах талаар хууль буюу гэрээнд заасан нөхцөлд харшлахгүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь уг эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж зааснаар хүлээн зөвшөөрөгдөх ба энэхүү зохицуулалт нь 2002 оны Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна гэж зааснаар тусгалаа олсон байдаг.

Хожим нь тухайн газрыг 2011 оны 09-р сард дуудлага худалдаанд оруулж, газрыг Ж.Мандшир гэх хүн газар эзэмших гэрээ байгуулан авсан байдаг. Эндээс үзвэл тухайн дуудлага худалдаанд оруулсан газарт баригдсан 119 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байсан бөгөөд үүний газрыг анх эзэмшсэн хүнээс эхлээд дараа дараагийн газар эзэмшигч нар бүгд мэдэж байсан. Энэ нь хэргийн материалд байгаа лавлагаа, түүхчилсэн кадастрын зургуудаар давхар нотлогдох ба өөрөөр хэлбэл, газрын зарим хэсэг нь бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө буюу барилгатай газар болохыг хүлээн зөвшөөрч эзэмших эрхийг шилжүүлэн авсан болохыг илтгэнэ. Тиймээс маргаан бүхий барилга нь хууль бусаар баригдаагүй бөгөөд түүнийг өмчлөгч аливаа этгээд нь барилгын доорх газрыг ашиглах эрхтэй болно.

Хоёр: Эрх зүйн үндэслэлийг зөв тогтоогоогүй тухайд

Хариуцагч компанийн хувьд 2011 оны 08-р сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн иргэн Д.Оюунтай Нийлүүлэгч, борлуулагчийн хамтран ажиллах гэрээ болон Барьцааны гэрээ байгуулсан. Д.Оюун нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөлгүй 17,044,249 төгрөгийн өр үүсгэсэн тул тус компаниас шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Ийнхүү Цахиур ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р баг, Баянбулаг зах дотор байрлалтай үйлчилгээний зориулалттай 119 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 027/ШШ2014/0289 дугаартай захирамж, Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/683 тоот албан бичиг, 2014 оны 08-р сарын 01-ний өдрийн 0238 дугаартай актын дагуу 2014 оны 08-р сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь болсон юм.

... Түүнчлэн хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09-р сарын 08-ны өдрийн 25 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09-р сарын 29-ний өдрийн А/314, 2014 оны 04-р сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжууд нь Цахиур ХХК-ийн Мөрөн сумын 5-р баг, түүхий эдийн захад байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаарт бүртгэгдсэн 119 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх субъектив эрхийг зөрчөөгүй, өмчлөгчийн эрхийг өөрчлөх, дуусгавар болгох зорилгогүй байна гэж дүгнэсэн. Эндээс үзвэл Цахиур ХХК ба өмнөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар нь тухай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу өмчилсөн бөгөөд нэхэмжлэгч ба өмнөх газар эзэмшигч нарт газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамжууд нь 119 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх субъектив эрхийг зөрчөөгүй болохыг шүүх тогтоосон байдаг юм.

Дүгнэвэл, Монгол Улс нь хууль тогтоомжийн хүрээнд барилга байгууламж болон газрын эзэмших, ашиглах эрхийг хоёр тусдаа бүртгэдэг тогтолцоотой болохыг бид бүгд мэднэ. Хоёр өөр байгууллагад, хоёр улсын бүртгэл хууль ёсны дагуу бүртгэгдсэн байхад зөвхөн газрын бүртгэлийг үндэслэн барилга байгууламжийг нурааж, газар чөлөөлөхөөр шаардах эрхтэй байхаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь шударга бус байна. Өөрөөр хэлбэл энэхүү тогтолцооноос хариуцагч буюу үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч хохирох ёсгүй бөгөөд төрийн үйл ажиллагаа нэгдмэл байх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй байхын зэрэгцээ мөн хуулийн тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэж заасныг зөрчиж байна.

Иймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2021/00748 дугаар бүхий шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнэ нь Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн зах 6 хаягт байрлах нэгж талбарын 6712014168 дугаар бүхий 566 м2 газраас Цахиур ХХК-ийн хууль бусаар байшин барьсан 119м2 газрыг чөлөөлөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул газрыг чөлөөлөх боломжгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Цахиур ХХК-ийн 119м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнийн Мөрөн сумын 5 дугаар баг, Түүхий эдийн зах 6 байршил дахь 566 м2  газарт байрлаж буй нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаагүй.

Хөвсгөл аймгийн Засаг дарга 2011 онд Мөрөн сумын 5 дугаар баг, Түүхий эдийн зах гэх байршилд 7314.5 м2 газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгохоор шийдвэрлэж, мөн аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамжаар дуудлага худалдаанд оролцож ялагч болсон иргэн Ж.Мандширт уг газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газар эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн уг газрыг Б.Энхбатад шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй болох нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тогтоогджээ /хх-ийн 19-22-р хуудас/.

Үүнээс хойш дээрх газрыг Б.Оюун-Эрдэнэ, Б.Бэгзэдмаа, Б.Соёл-Эрдэнэ нарт шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/693 дугаар захирамжаар уг газрыг Б.Соёл-Эрдэнэ 14 жилийн хугацаагаар эзэмшиж буй нь аймгийн Засаг даргын захирамж, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд анх иргэн Т.Намбардагва 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Баянбулаг захад байршилтай 119м2 хөрөнгийг бүртгүүлэх мэдүүлэг, мөн сарын 07-ны өдөр иргэн Т.Намбардагва, Ж.Отгонцэцэг, Н.Нямдорж, Н.Дэлгэрсайхан нар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох өргөдөл гаргасны дагуу дээрх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэжээ.

Улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө нэр бүхий иргэдэд шилжиж явсаар иргэн Д.Оюунаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар Цахиур ХХК-д шилжиж, 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх үед дээрх нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгогдоогүй байсан, иргэд түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан газар дээрээ уг байшинг барьсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба өмчлөгч нар уг байшингийн доорх газрыг эзэмших хүсэлт эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд Цахиур ХХК-нд барилгын доорх газар эзэмших эрх олгогдоогүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй учир газар эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхийг болон өөрийн газар дээрх газар эзэмших эрхгүй этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, газар чөлөөлөхийг шаардах эрхтэй. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болохоор Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зохицуулсан бөгөөд ийнхүү ашиглуулах эсэхээ гэрээгээр тохиролцох учиртай.

Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй, газар эзэмшигч эзэмшиж буй газартаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч этгээдийн хөрөнгийг байлгахыг зөвшөөрөөгүй тохиолдолд маргаж буй газар дээрх байшинг тухайн газар дээр ашиглуулах боломжгүй.

Аливаа иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй ч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах учиртай.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, холбогдох хуулийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...маргааны зүйлийг буруу дүгнэсэн, ...эрх зүйн үндэслэлийг зөв тогтоогоогүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2021/00748 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,282 /хоёр зуун дөрвөн мянга, хоёр зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

.