| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0028/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/26 |
| Огноо | 2018-02-26 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч И.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч И.Болормаад холбогдох эрүүгийн 1736001210008 дугаартай, 178/2018/0028/Э/ индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 52 настай, эмэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөгжил политехник коллежид үйлчлэгч ажилтай, ам бүл 2, охины хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 23-1 тоотод оршин суух,УС66032606 регистрийн дугаартай, Адуучин овогт Иваанжавын Болормаа
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч И.Болормаа нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт И.Одгэрэлд бензатин пенициллин 2.4 ED тариаг эмнэлгийн бус нөхцөлд тарьж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.Болормаа нь хохирогч И.Одгэрэлийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч О.Нандинчимэгийн: ... тэгээд 13.20 цагийн үед би ажил дээрээ очоод байж байтал манай ээж над руу залгаад аав чинь доор айлд муудсан байна чи хурдан хүрээд ир, ээж нь хувцсаа өмсөөд байж байя гэхээр нь нөхөр лүүгээ залгаж ээжийг аваад ир гэж хэлчихээд байж байтал дахиад ээж залгаад хурдан ир гэхээр нь айлд яваад очтол аав татаад уначихсан байсан.Тэгээд би хөлийг нь базаад байж байтал гайгүй болоод Болороо эгчийнд 2 цаг орчим байлгаад Бямбаа эмчийн эмнэлэг рүү авч явсан. Аав өөрөө Бямбаа эмчийн эмнэлэгт очно гэхээр нь авч очсон. Манай аав 2017 оны 12 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед нас барсан. Манай аав урьд нь өвдөж байгаагүй, хааяа мэдрэлийн эмнэлэгт ядрахаараа хэвтдэг байсан. Урьд нь аав түрүү булчирхай нь өвдөхөөр ээжээр хөх даавуу халаалгаж давсган дээрээ тавиулдаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аав өвдөөд байхаар нь Болороо эгчийнд очоод тариа тариулсан байсан, ямар тариа гэдгийг мэдэхгүй. Үрэвслийн эсрэг тариа гэсэн. Манай аав өөрөө тариагаа барьж очоод тариулсан юм чинь бид нарт ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-54-р/
Гэрч П.Бямбаагийн: 2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой намайг Эрдэнэбүрэн суманд явж байтал И.Одгэрэлийн авгай Мөнгөнцэцэг над руу залгаад “манай нөхөр хиам идээд хордлого авсан юм шиг байна, шар юмаар бөөлжөөд байна, танай эмнэлэгт хэвтүүлмээр байна” гэсэн. Би орой 18.30 цагийн үед эмнэлэг дээрээ ирэхэд И.Одгэрэл ирээд хэвтчихсэн байсан. Хөл жаахан өвдөөд байна гэж байсан. И.Одгэрэл урьд нь морь тэмээнээс унасан тархины гэмтэл нурууны суулттай эмчлүүлдэг байсан. Тэгээд хордлого тайлах, үрэвслийн эсрэг эмчилгээнүүд хийсэн.Тэр өдөр надад юм яриагүй. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үзлэг хийгээд хувцсыг нь тайлуулахад И.Одгэрэл бөгсөөрөө хавагнаж хөхөрсөн байсан.Зүүн талын хөл нь энд тэнд няцралт өгсөн юм шиг болсон байсан.Тэгээд мэс засал руу шилжүүлье гээд өөрөө явахгүй, эндээ хэвтэнэ гэсэн. Би И.Одгэрэлийн эхнэр Мөнгөнцэцэгийг дуудаж уулзахад 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Болормаагийнд ухаангүй хөлс нь гоожсон ухаангүй байсан. Болормаа эм тариа хийсэн байх гэж хэлсэн. И.Одгэрэл өөрөө надад яриагүй.Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Болороо гэх эмэгтэйг дуудаж ямар тариа хийсэн гэхэд мэдэхгүй байсан.Тэгэхээр нь тариагаа аваад ир гээд явуулсан чинь бензойт G пенициллин 2.4 сая авч ирсэн. Би Болороогоос чамайг хатгахад цус гарсан уу гэж асуухад “ зүүнээс цус гарсан “гэж хэлсэн Цус гарсан бол тэр тариаг хийж болохгүй байсан. Тэгээд И.Одгэрэл 2017 оны 12 дугаар сарын 01-ний орой 19.30 цагийн үед нас барсан. Ар гэрийнхэн нь цогцсыг нь өгөхгүй гээд гэр лүүгээ авч явсны дараа Цагдаагийн газарт дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 57-58-р/
Гэрч Б.Пагмын: 2017 оны 11 дүгээр сарын 25-ны хагас сайн өдөр би Хөгжил политехник коллежийноюутны байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд миний толгой өвдөөд байхаар нь 2 дугаар сургуулийн хашаанд байх И.Болормаагийн гэрт ороход И.Одгэрэл, И.Болормаа хоёр байж байсан. Би И.Одгэрэлд “миний толгой өвдөөд байна, бариад өгөөч” гэсэн чинь би тариа хийлгэж байна, хүлээж бай гэсэн. Одгэрэл намайг энэ тариаг хийгээд өгчих гэхээр нь би тариа хийж чадахгүй, ямар тариа юм бэ гэхэд “манай эхнэр бид хоёр сар болгон хийлгэдэг, үрэвслийн эсрэг тариа“ гэж байсан. Тэгээд И.Болормаагаар тариагаа хийлгүүлчихээд орон дээр сууж байснаа манай эхнэр залгаад байна би явлаа гээд гарч явсан. Тэгээд 2-3 минут болоод буцаж орж ирээд ”миний бие сонин болоод байна” гэхээр нь И.Болормаа орон дээрээ суулгаад цай өгөхөд жаахан балгаж байснаа бие сонин болоод байна, хөл өвдөөд шөрмөс татаад, амь тэмцээд байна гэхээр нь И.Болормаа дуудлага дуудаж, эхнэр хүүхдийг нь дуудсан. Эхнэр нь орж ирээд хөл гарыг нь базаж байтал дуудлагын эмч ирээд нэг тариа хийгээд “гайгүй болохоор нь аваад ир” гээд явсан гэх мэдүүлэг /хх61-62/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнгөнцэцэгийн: 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 09 цагийн үед И.Одгэрэл гэрээс гарахдаа тариа тариулна гээд явсан. Өдөр нь 13 цагийн үед И.Болормаа над руу залгаад И.Одгэрэл ах манайд ирчихсэн байна. Толгой нь өвдөөд дотор нь хутгаад байна гэнэ та ирээд аваадахаач гэсэн. Намайг очоод байж байтал 103-ын эмч ирээд тариа хийгээд жаахан гайгүй болсон. Би нөхрөөсөө “чи тариагаа хэнээр хийлгэсэн юм бэ” гэхэд хэлээгүй. И.Болормаагаас асуухад над дээр ирээд гуйж байгаад тариулсан гэж хэлсэн. Манай нөхөр G пенициллин гэдэг тариа тариулсан байсан. 2 ширхэг тариа аваад нэгийг нь И.Болормаа над дээр аваад ирэхээр нь би шатаачихсан гэх мэдүүлэг /хх71-72-р
Гэрч Б.Цэцэгийн: И.Одгэрэл гэдэг хүн 11 сард манайхаас эм авсан, яг ямар эм авсныг санахгүй байна. 9-р сард бензат пенициллин авахаар эмчийн жортой ирж байсан. Би тухайн үед хэн эмч бичиж өгсөн юм бэ гэхэд Цээпил эмч гэж байсан. Тэгээд 1 ширхэг тариа, шприц, зүү хөвөн зэргийг аваад явсан. Тэрнээс хойш 2,3 удаа орж ирж эм авч байсан гэх мэдүүлэг /хх65-р/
2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: И.Одгэрэлийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн бүтцийншинжилгээгээр гэмтэл учирсан байна. Цогцосны зүүн талын өгзөг, гуя, гуяны дотно, ард дээд хэсгийн гадаргууг хамарсан цус хуралт, хаван хавдар, арьсны үжил, зулгарал, харлалт, гэмтэл тогтоогдлоо. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д...үжлийн байдалд орох, цусан үжил, хэвлийн болон цээжний гялтангийн идээт үрэвсэл,идээт нэвчдэс гэж зааснаар / зүүн талын өгзөг, гуя, гуяны дотно, ард дээд хэсгийн гадаргууг хамарсан цус хуралт, хаван хавдар, арьсны үжил, зулгарал, харлалт/ гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. И.Одгэрэлийн цогцост учирсан дээрхи гэмтлүүд нь нянгийн гаралтай биологийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. И.Одгэрэлийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн бүтцийн болон гистологи шинжилгээгээр зүүн өгзөгний идээт нэвчдэст шарх үжлээр халдварлагдаж идээт үжлээр хүндэрч зүрх судасны дутагдалд орж нас барсан. И.Одгэрэлийн цогцост ямар нэгэн хордлогын шинж тэмдэг байгаа эсэхийг нарийн тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх 74-75/
Шүүгдэгч И.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байтал И.Одгэрэл над руу залгаад “ би Билэг төвийн хажууд байна, хүрээд ир” гэсэн. Тэгээд бид хоёр эмийн сан ороод И.Одгэрэл 2 тариа аваад гараад ирсэн. Бид хоёр манайд очоод цай унд уугаад байж байтал намайг тариа хийгээд өгөөч гэсэн. Би тариа тарьж чадахгүй, энэ тариаг чинь яаж тарьдаг юм бэ гэхэд “ эхнэр бид хоёр энэ тариаг байнга тариулдаг, наад тариа чинь бөөр, хөлөнд их сайн, бүлээн усанд хийж байлгаж байгаад тарьдаг юм” гэсэн. Тэгээд уг тариаг бүлээн усанд хийж байгаад И.Одгэрэлийн өгзөгөнд тарьсан. И.Одгэрэл би одоо явлаа гээд гарч яваад удалгүй бие эвгүй болоод байна гээд буцаад ороод ирсэн. Тэгээд орон дээр хэвтүүлээд хөлийг нь базаад байж байтал таталт өгөөд эхэлсэн.Тэгэхээр нь эхнэр хүүхдүүд рүү нь ярьж хэлээд 103-т дуудлага өгсөн. Дуудлагын эмч ирж үзээд наад хүнээ хувцсыг нь өмсүүлээд араас аваад ир гэхээр нь хувцсыг нь өмсүүлээд аваад явах гэтэл өөрөө “би эмнэлэг явахгүй, Бямбаа эмчийн эмнэлэгт хэвтэнэ” гээд тийшээ бид нар явсан. Би И.Одгэрэлд ямар тариа хийснээ сайн мэдэхгүй байна, шприцээр соруулах гэтэл сорогдохгүй их өтгөн цагаан тариа байсан. Би урьд өмнө хүнд тариа хийж байгаагүй, өөрийнхөө хүүхдийг ханиад хүрэхээр өгзөгөнд нь тариа хийж байсан гэх мэдүүлэг/хх 96-97-р/ зэрэг хэрэгт авагдсан хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч И.Болормаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч И.Болормаагийн хувийн байдлын талаар гэрч М.Одгэрэлийн: И.Болормаа нь 1966 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 52 настай, эцэг эхээс хоёулаа, айлын бага хүүхэд. И.Болормаагийн хувьд манай сургуульд ирж ажилласнаас хойш бид хоёр 4 жил хамт ажиллаж байна. Одоо Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт охиныхоо хамт өрх толгойлон амьдардаг. Цалин, гэрээс нь өөр эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх 67-р/
Гэрч С.Баярмагнайгийн:И.Болормаа нь Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 52 настай,эцэг эхээс хоёулаа, айлын бага хүүхэд. И.Болормаагийн хувьд манай сургуульд ирж ажилласнаас хойш бид хоёр 4 жил хамт ажиллаж байна. Одоо Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт охиныхоо хамт өрх толгойлон амьдардаг. Цалин, гэрээс нь өөр эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй гэх мэдүүлэг/ хх-68-р/
Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Засаг дарга И.Цэрмаагийн: тус багийн иргэн Иваанжав овогтой Болормаа нь ам бүл 2, Наран багийн 26-31 тоотод оршин суудаг, 8 настай охиныхоо хамт өрх толгойлон амьдардаг, ах дүү хамаатан садан байхгүй гэх тодорхойлолт,/хх -101-р/
Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн дэд захирал Г.Гиймаагийн: И.Болормаа нь тус сургуульд үйлчлэгчээр ажилладаг нь үнэн болно” гэхтодорхойлолт /хх 102-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч И.Болормаа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнгөнцэцэгийн”... хохирол, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Болормаа нь өөрийн үйлдэлээс учирч болох хор уршиг, аюулыг ухамсарлах боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдын амь насыг хохироосон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч И.Болормаа нь анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа ойлгон гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй , битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах ньзүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.7,36.8,36.10, 37.1, 37.4 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Адуучин овогт Иваанжавын Болормааг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Адуучин овогт Иваанжавын Болормааг хорих ял оногдуулахгүйгээр01 / нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч И.Болормаа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4.Шүүгдэгч И.Болормаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form