Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/382

 

 

 

 

   2024            3              28                                       2024/ДШМ/382

 

Х.А, Д.С, О.Ц, Б.М,

А.Э нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

яллагдагч Х.А, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,

яллагдагч А.Э-ийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/3494 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Өнөбатын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг үндэслэн Х.А, Д.С, О.Ц, Б.М, А.Э нарт холбогдох 2209026650561 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ......... овгийн .......-ийн А, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ........... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ................ оршин суух, /РД: ................../;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болгосон.

2. ... овгийн ...-гийн С, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ................. төрсөн, ... настай, э..эгтэй, ...... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. дүгээр орц .. тоотод оршин суух, /РД:....................../;

3. ... овгийн ...-ын Ц, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........... төрсөн, .. настай, э..эгтэй, ........... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн .. дугаар хороо, .... гудамжны . тоотод оршин суух, /РД:................./;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 2019/ШЦТ/412 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжүүлэх арга хэмжээ авагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/483 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

4. ......... овгийн ...-ийн М, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... төрсөн, 22 настай, э..эгтэй, .............. боловсролтой, мэргэжил.., “...” ХХК-д ажилтай, ам бүл .., ... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, ............ гудамжны .. байрны .. тоотод оршин суух, /РД:............./;

5. ... овгийн ....-ийн Э, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр, ..... төрсөн, 20 настай, э..эгтэй, ........... боловсролтой, мэргэжил..., .... их сургуулийн .... дамжааны оюутан, ам бүл .., ........ нарын хамт ... дүүргийн .. дугаар хороо, ....... тоотод оршин суух, /РД: ............../;

Яллагдагч Х.А нь А.Э, Д.С, О.Ц нартай бүлэглэж 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42В байрны В1 давхарт байх гражид хууль бусаар нэвтэрч, уг гражид зогсоон байрлуулсан “Ниссан Караван маркийн ..-.. УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, багажинд байсан “М т С” ХХК-ийн эзэмшлийн Даблисс, Улаан шонхор нэртэй 9 авдар /хайрцаг/ тамхийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад 8.455.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Х.А, О.Ц нар нь С.Ө-тай бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу “Б п” худалдааны төвийн В1 давхрын цонхоор дотогш нэвтэрч, тус төвд лангуу түрээслэгч иргэн М.М-ын эзэмшлийн 10.790.000 төгрөгийн үнэ бүхий 48 ширхэг гар утсыг, Г.Н-ийн эзэмшлийн 4.670.000 төгрөгийн үнэ бүхий 17 ширхэг гар утсыг, Б.О-ийн эзэмшлийн 6.040.000 төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг гар утсыг, Г.Ц-ийн эзэмшлийн 23.950.000 төгрөгийн үнэ бүхий 94 ширхэг гар утсыг, Н.Б-ийн эзэмшлийн 1.940.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг гар утсыг, Ш.Б-ын 778.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг цүнх, 27 ширхэг бугуйн цагийг тус тус нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 48.168.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Х.А нь ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2021 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Ж А” хотхоны 75а байрны 123 тоотод иргэн Ж.Г-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-ны шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар”-ын автобусны буудлын ойролцоо байх Түргэн үйлчилгээний цэг дотор иргэн Ч.Х-ыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “дээд 4 дүгээр шүдний булгарал, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн Х.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 25-наас 26-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл зочид” буудлын 301 тоот өрөөнд хохирогч О.О-гийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэн, түүнд бэлгийн замын халдварт болох “тэмбүү” өвчин халдааж үйлдсэн. Дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч Х.А, Б.М нар нь бүлэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завъяа” худалдааны төвийн урд талын автобусны буудлын орчимд үл ялих зүйлээр шалтаглан иргэн О.Т, Т.А нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч О.Ц нь Д.М, Э.Э нартай бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний сүлжээ дэлгүүрээс 42 ширхэг Alpen Gold Max Fun, сүү жимстэй 150 гр, 15 ширхэг Alpen Gold Мах Fun карамель, печень 150 гр, 1 литрийн Jack Daniels нэртэй виски зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 5076440 төгрөгийн хохирол учруулсан,

Д.М, Э.Э, Б.Ж нартай бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ахиц-2” дэлгүүр, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соронз” дэлгүүрүүдээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.119.400 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,

Д.М, Э.Э нартай бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 хороонд үйл ажиллагаа явуулах “Миний зах” дэлгүүрээс чихэр, шоколад зэрэг эд зүйлс нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 336.280 төгрөгийн хохирол учруулсан,

А.Г, Г.А нартай бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу “Улиастайн нэгдсэн зах”-ын барилгын вакум цонхыг түлхэн дотогш нэвтрэн орж, иргэн Э.С-гийн тухайн өдрийн орлого болох 450.000 төгрөгийг бэлнээр, А.А-ийн 260.000 төгрөгийг бэлнээр, 369.570 төгрөгийн үнэ бүхий архи, 3.348.500 төгрөгийн үнэ бүхий тамхи зэрэг эд зүйл, бэлэн мөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, нийт 4.428.070 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Э, Д.М нартай бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 28- ны өдөр 17 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрээс Merci grosse нэртэй 19 ширхэг набор, Jack Daniels нэртэй 2 ширхэг виски, Alpen Gold Max Fun нэртэй 30 ширхэг шоколад, Alpen Gold нэртэй 15 ширхэг шоколад зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 6806980 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар,  

Д.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  

О.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар,  

Б.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг бүрэн шалгаж тогтоохгүйгээр Х.А, О.Ц, Д.С, Б.М А.Э нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “...мөрдөн байцаалт дууссан бол хавтас хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах...” заасан эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, нэр бүхий хохирогч нарт хэргийн материал танилцуулаагүй, хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн байна.

Яллагдагч Х.А, О.Ц нарын шүүхээс оногдуулсан ял биелэгдсэн эсэх, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлууд тодорхой бус байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байх тул яллагдагч нарын хувийн байдлыг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай байна.

Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна.

Эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсны үндсэн дээр шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн зорилго болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт биелэгдэх үндэслэл болно.

Яллагдагч Х.А, О.Ц, Д.С, Б.М, А.Э нарт холбогдох эрүүгийн 2209 02665 0561 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Өнөбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгч захирамждаа “нэр бүхий хохирогч нарт хэргийн материал танилцуулаагүй хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн” гэсэн нь ойлгомжгүй буюу хохирогч хэн, хэнд хавтас хэргийн материалыг танилцуулаагүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.”, 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.”, 3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж тус тус заасан.

Дээрх хэрэгт 12 хохирогч тогтоогдож, мэдүүлэг өгсөн ба нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссаны дараа мөрдөгчөөс хохирогч нарт хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэний дагуу 4 хохирогч биечлэн ирж хэргийн материалтай танилцсан байна.

Харин нэр бүхий 7 хохирогч нар нь тодорхой шалтгааны улмаас хэргийн материалтай танилцах боломжгүй талаараа мөрдөгчид мэдэгдсэнийг мөрдөгч тэмдэглэл үйлдэн баталгаажуулжээ.

Иймд мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасны дагуу хохирогч нарт хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэж, боломж нөхцөлийг хангасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн дээрх нөхцөл байдал нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд хамааралгүй байхад хэрэгт хохирогчоор тогтоогдсон хэргийн материалтай биечлэн танилцах боломжгүй хохирогч нарыг “Албадан ирүүлж” хэргийн материалыг танилцуулах арга хэмжээг авахыг шаардаж байгаа нь буруу байна.

2. Яллагдагч Х.А, О.Ц нарын урьд нь шүүхээс оногдуулсан ял биелэгдсэн эсэх талаарх лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргуулан авч, хэрэгт хавсаргасан байхад “шүүхээс оногдуулсан ял биелэгдсэн эсэх, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлууд тодорхой бус” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. /9 хх 101/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/2657 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасны дагуу захирамжид заагдсан ажиллагааг бүрэн гүйцэтгэж, хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэх бүрэн боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангахгүй байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/3494 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч А.Э-ийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор Б.Өнөбатын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.  Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хохирогч нарт мэдэгдээгүй. Хэрэв хурлын товыг мэдэгдсэн бол өмнөх шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа хийгдсэн байх ёстой гэж харж байгаа. Урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хохирогч нарт мэдэгдээд хохирогч нар шүүх хуралдаанд оролцох үгүйгээ хэлсэн тохиолдолд шүүх хуралдаан цааш үргэлжлэх боломжтой байсан. Дээрх нөхцөл байдлыг арилгаж, хурлын товыг хохирогч нарт мэдэгдэж хурлаа хийлгэх боломж байгаа. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж, анхан шатны шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг хэлэлцэж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Х.А-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх өөрийн санаачилгаараа товлон зарлаж дээр дурдсан асуудлуудыг хэлэлцэж, хохирогч нарт хэргийг танилцуулаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хуульд нийцээгүй гэж прокурор эсэргүүцэл бичсэнийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. Ямар нэгэн тусгайлсан санал байхгүй. Яллагдагч Х.А-ийн хувьд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр хохирлын асуудлыг хөндөж оролцсон. ...” гэв.

Яллагдагч Х.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг эсэргүүцэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.А, Д.С, О.Ц, Б.М, А.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхээс яллагдагч Х.А нарт холбогдох эрүүгийн 2209026650561 дугаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд “нэр бүхий хохирогч нарт хэргийн материал танилцуулаагүй, хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн, мөн Х.А, О.Ц нарын шүүхээс оногдуулсан ял биелэгдсэн эсэх, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлууд тодорхой бус байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байх тул яллагдагч нарын хувийн байдлыг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай. …” гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Шүүх нь шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны зөрчлийг арилгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантайгаар хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Х.А, Д.С, О.Ц, Б.М, А.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.”, 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.”, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж тус тус заажээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч нь нэр бүхий хохирогч нарт хавтас хэргийн материалтай танилцах боломжоор хангаж ажилласан байх бөгөөд нэр бүхий хохирогч нар нь хэргийн материалтай танилцах боломжгүй талаараа мөрдөгчид мэдэгдсэнийг мөрдөгч тэмдэглэл /11 хх 86-93, 120-126/ үйлдэн баталгаажуулсан байх бөгөөд үүнийг процесс ажиллагааны зөрчил буюу хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хавтас хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоол /11 хх 78-82/ авагдсан байх бөгөөд тус тогтоолын дагуу Х.А-ийн өмнө нь ял шийтгэгдэж байсан эсэхийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/3494 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/3494 дугаартай шүүгчийн захирамжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим оролцогч нарт хууль заасны дагуу гардуулаагүй, прокурорын эсэргүүцлийг танилцуулаагүй болохыг дурьдаж, цаашид энэ талаар анхаарч ажиллах нь зүйтэйг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/3494 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Д.С, Б.М, А.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Х.А, О.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Д.МӨНХӨӨ

 ШҮҮГЧ                                                        С.БОЛОРТУЯА

 

 ШҮҮГЧ                                                         Т.ШИНЭБАЯР