Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 22

 

 

 


            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: А нам

Хариуцагч: Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Өлзийт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Архангай аймгийн Өлзийт сумын А намын нэр бүхий 21 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хорооны дарга Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч А нам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын сонгуулийн хорооны гишүүн Э.О нь 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдөр тус сумын А намын дарга П.Н-д Архангай аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нарын бүрдүүлбэл зохих бичиг баримтын маягт хэмээн 4 ширхэг нийт 6 хуудас маягтыг хүргэж ирсэн ба уг маягтуудад Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5.-д заасан “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг”-ийн маягт байгаагүй. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-д “Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн бүртгүүлэх маягт, бичиг баримтын загварыг батална” гэж заасны дагуу батлагдсан холбогдох маягт загварыг мөн хуулийн  34 дүгээр зүйлд зааснаар сум, дүүргийн сонгуулийн хороо нь мөн хуулийн 34.1.1 сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах; 34.1.2.сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах; 34.1.9 холбогдох баримт материалыг хэвлүүлэх, хуваарилах; 34.1.14.сонгуулийн баримт бичгийг зохих журмын дагуу цэгцэлж, холбогдох этгээдэд хүлээлгэн өгөх; зэрэг эрх үүргийнхээ хүрээнд нам, эвсэл, нэр дэвшигч нарт хүргүүлэх үүргийг хэрэгжүүлэх ёстой. Дээрх эрх, үүргийнхээ дагуу Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хороо нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг явуулахтай холбоотойгоор нэр дэвшигч болон намуудад холбогдох мэдүүлгийг болон бусад маягтыг хүргэж өгөх үүрэгтэй байсан. Архангай аймгийн Өлзийт сумын А намаас нэр дэвшигч нарын бичиг баримтыг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 157.7.-д зааснаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана” гэсний дагуу баримт бичгийн бүрдлийг шалгаж тэр даруйдаа хэрэв дутуу бол анхааруулж, дутуу баримт бичгийг гаргуулж авах ёстой.  Тус сумын Сонгуулийн хороо хуулийн дээрх шаардлагын дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас мөн хуулийн 157.2.5.-д заасан “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг”-ийн маягтуудыг А намын нэр бүхий 21 нэр дэвшигч нараас авалгүй баримт бичгүүдийг хүлээн авсан. Улмаар дээрх мэдүүлэг дутуу болохыг бидэнд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус сумын Сонгуулийн хорооны дарга Н.Т, тус сумын А намын  дарга П.Н-д “мэдүүлгүүдийг нөхөж өгч болно” гэж түүний хэлсний дагуу бид нэр дэвшигч нараар тус бүрт нь мэдүүлгүүдийг бөглүүлэн тухайн өдөртөө 14 цагийн үед тус сумын Сонгуулийн хороонд хүргэж өгсөн.
Гэтэл маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 03-ний өдөр Сонгуулийн хорооны дарга Н.Т  9 дүгээр сарын 02-ны өдрөөр огноолсон  02 дугаартай албан мэдэгдлээр Сонгуулийн тухай хуулийн 157.2.5.-д заасан мэдүүлгүүд дутуу ирүүлсэн тул мөн хуулийн 158.3-т зааснаар нэр дэвшигч нарыг татгалзах үндэслэл болж байна хэмээн мэдэгдлийг тус сумын А намын дарга П.Н-д ирүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 157.9.-д зааснаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэсэн бөгөөд Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйл Оролцогчийн эрх хэсгийн 15.1.4.-д зааснаар “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх” буюу Сонгуулийн тухай хуулийн 157.2.5.-д заасан “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг”-ийн маягтыг тухайн сонгуулийн хороо баримт бичгийг бүрдлийг хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор бөглөн гарган өгөх хуулиар олгогдсон эрхтэй байсан. Энэ эрхийнхээ дагуу тус сумын А намаас 21 нэр дэвшигч нарын мэдүүлгийг бөглүүлэн өгч, тус сумын А намаас 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай албан бичгээр “Сонгуулийн тухай хуулийн 157,7 дахь заалтын дагуу 9 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал А намаас хүргүүлсэн нэр дэвшигчийн материалыг сайтар нягтлан шалгаж, дутуу дулимаг бүрдүүлсэн баримт бичгүүдийг гүйцээх талаар зөвлөгөө өгч ажиллахыг тус сумын Сонгуулийн хорооны дарга, гишүүдээс хүсч байна” хэмээн тус сумын Сонгуулийн хороонд мэдэгдсэн.  Архангай аймгийн Өлзийт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Архангай аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Өлзийт сумын А намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 21 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2. “А ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэг “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй ...”, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална: 5.1.1.хууль дээдлэх; 5.1.2.ил тод байдлыг хангах; 5.1.3.шударга ёсыг сахих; 5.1.5.маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх, мөн хуулийн 11 дүгээр зүйл 11.4.-д заасан ”Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно”  зэрэг хуулийн заалтуудыг Архангай аймгийн Өлзийт сумын Сонгуулийн хороо зөрчсөн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйл буюу Нэр дэвшүүлэх нийтлэг журамд зааснаар нэр дэвшигч нь 154.3.1-т банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй; 154.3.2-т албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй; 154.3.3-т нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх тухай тусгайлсан шаардлага тавигддаг.  Үүний дагуу Архангай аймгийн Өлзийт сумын А намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 21 нэр дэвшигчийн дээрх шаардлагыг хангах өр төлбөргүй талаарх лавлагааг холбогдох татварын албанаас лавлагаа болон Монгол банкнаас хугацаа хэтэрсэн зээлгүй тухай лавлагаануудыг гаргуулсан нь хуулийн дээрх шаардлагыг хангасан талаарх үндсэн гол нотлох баримт юм. Харин Сонгуулийн тухай хуулийн 157.2.5.-д заасан “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг”-ийн маягт нь Сонгуулийн хуульд заасан шаардлагыг хангаж байгаа талаарх нотлох баримт болох лавлагаанд үндэслэн нэр дэвшигч өөрөө бөглөж өгөх техникийн шинжтэй мэдүүлэг юм. Гэтэл тус сумын Сонгуулийн хороо нь дээр дурьдсан Сонгуулийн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2, 34.1.9, 34.1.14, 157.7, 157.9, Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчин өөрийн алдаатай үйл ажиллагааг үл хайхран Архангай аймгийн Өлзийт сумын А намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 21 нэр дэвшигчийг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасан Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох улс төрийн үндсэн эрхийг бүдүүлгээр хясан боогдуулсан, эрх тэгш, нээлттэй оролцоо бүхий сонгуулийг хориглосон хуулийг үл дээдэлсэн, шударга бус үйлдэл, үйл ажиллагаа юм.
Иймд Архангай аймгийн Өлзийт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хороонд Архангай аймгийн Өлзийт сумын А намын нэр бүхий 21 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.  

 Хариуцагч Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хорооны дарга Н.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Өлзийт сумын А Нам нь Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн дагуу Орон нутгийн хурлын сонгуульд оролцох хүсэлтээ 2016 оны 8 дугаар сарын 18-ны 10 дугаар албан бичиг ирүүлэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч Архангай аймгийн Өлзийт сумын А намын дэд дарга гэгч Б овогтой Э нь тухайн намын дэд даргын албыг хашиж байгаагүй. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний 17 цагаас өмнө Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн дагуу нэр дэвшигчдээ бүртгүүлэх баримт бичгээ ирүүлэхэд дээрх албыг хашиж байгаагүй. Б овогтой Э нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Архангай аймгийн Өлзийт сумын А намын дэд даргын албан тушаалыг ашигласан байгаа нь Архангай аймгийн Өлзийт сумын Сонгуулийн хороог Захиргааны Хэргийн шүүхэд хариуцагчаар татаж нэхэмжлэл өгөхдөө өөрөө өөртөө өргөмжилсөн албан тушаал бий болгосон байж болзошгүй гэж бид үзэж байна.
Сонгуулийн Хорооноос 2016 оны 8 дугаар 29-ний өдөр **************** сайтаас татаж авсан материалуудаа намуудад Сонгуулийн Хорооны гишүүн Э.О-р хүргүүлж хүлээн авсан хүнээр нь гарын үсгийг нь зуруулж баталгаажуулсан. Сумын сонгуулийн хороо 2016 оны 9 дүгээр 01-ний өдрийн 16 цаг 50 минутад Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалтын дагуу нэр дэвшигчийг бүртгэхэд шаардагдах үндсэн баримт бичгүүдийг А намын нарийн бичгийн дарга Б.Э-гээс хүлээн авсан. Хүлээн авсан материалуудад Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5 дахь заалтад заагдсан материал /энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг/ огт байгаагүй тул бид ярилцаад Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг хангаагүй нь нэр дэвшигчдийг бүртгэхэд татгалзах үндэслэл болох тухай албан бичгийг А намд хүргүүлсэн 2016 оны 9 дүгээр  02-ны өдөр сумын төв гэрэлгүй байсан тул 2016 оны 9 дүгээр сарын 03-ний өдөр хүргүүлсэн. Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн бид Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7 дахь заалтын дагуу А намаас ирүүлсэн баримт бичгийн гүйцэд эсэхийг нягтлан шалгаж, Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтын дагуу 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай тогтоол гаргасан. Манай Сонгуулийн хорооны бие бүрэлдэхүүн Сонгуулийн тухай хууль, дээд шатны сонгуулийн хороодын шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. А намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Архангай аймгийн Өлзийт сумын А намын дэд дарга гэгч Б овогтой Э нь биднийг Сонгуулийн тухай хуулийг зөрчүүлэхээр албан бичиг хүргүүлж дарамт шахалт үзүүлж байсан билээ. Бидний гаргаж буй тайлбар үнэн, Сонгуулийн тухай хуулийн заалтуудыг зөрчөөгүй тул нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн утга, шаардлагыг эсэргүүцэж энэхүү тайлбарыг гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

А намаас Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хороонд холбогдуулан “Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Өлзийт сумын А намын нэр бүхий 21 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасныг хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолоор А намаас сумын сонгуулийн хороонд ирүүлсэн нэр бүхий 21 нэр дэвшигчийн баримт бичгийг шалгаж үзээд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5 дахь заалтад заасан энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлгүүд дутуу гэх үндэслэлээр мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалтыг үндэслэн 21 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А нам нь сумын сонгуулийн хорооноос нэр дэвшигч нарын бүрдүүлбэл зохих баримт бичгийн маягтыг гаргаж өгөхдөө Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5-д заасан “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг;” гэсэн маягтыг гаргаж өгөөгүй учраас манай намаас нэр дэвшиж буй 21 нэр дэвшигч тухайн маягтын дагуу мэдүүлгийг гаргаж өгөөгүй. Сумын сонгуулийн хороо мэдүүлэг болон маягтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж маргажээ.

Сонгуулийн тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 16 дугаар зүйлийн 16.1.”Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.”, 16.2.”, “... сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах” тухай 06 дугаар тогтоолоор Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр тогтоосон байна.

Хуулийн 154 дүгээр зүйл. “Нэр дэвшүүлэх нийтлэг журам”, 154.1. “Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.”, 157 дугаар зүйл. “Нэр дэвшигчийг бүртгэх”, 157.2. “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ:”, 157.2.1. “нэр дэвшүүлсэн тухай шийдвэр;”, 157.2.2. “нэр дэвшигчдийн жагсаалт;”, 157.2.3. “нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;”, 157.2.4. “нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг /сүүлийн бүтэн нэг жилийн/;”, 157.2.5. “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг;”, 157.2.6. “нэр дэвшигчийн намтар;”, 157.2.7. “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар;” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл сонгуульд оролцох намын нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхлэж, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуусаж, нам орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэхээр зохицуулжээ. 
Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 552 дугаар албан бичгээр аймгийн сонгуулийн хороонд ирүүлсэн зөвлөмжөөр “Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.-т заасан сум, дүүргийн сонгуулийн хороонд нам, эвслээс нэр дэвшсэн нэр дэвшигчийн ирүүлэх 7 төрлийн баримт бичгийг, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.-т заасан бие даан нэр дэвшигчээс сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлэх 8 төрлийн баримт бичгийг заасан байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн 157.2., 157.3.-т заасны дагуу ирүүлсэн нэр дэвшигчийн баримт бичгийг сум, дүүргийн сонгуулийн хороод хүлээн авах, харин сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр 154.3.-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх тухай холбогдох байгууллагын тодорхойлолтыг мөн хуулийн 157.6.-д заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороод хариуцан эрх бүхий байгууллагаас гаргуулах арга хэмжээ авах” гэжээ. 

Хуулийн дээрх  заалтууд болон Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн зөвлөмжөөс үзвэл намууд хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.-т заасан намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн ирүүлэх 7 төрлийн баримт бичгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх байжээ.

Архангай аймгийн Өлзийт сумын А нам 2016 оны 9 дүгээр сарын 01-ны өдрийн 16 цаг 50 минутад 21 нэр дэвшигчийн нэр дэвшүүлэх тухай шийдвэр, нэр дэвшигчдийн жагсаалт, нэр дэвшигчдийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг, нэр дэвшигчдийн намтар, удирдах ажилтны ажлаас чөлөөлөгдсөн тухай хуулбар зэрэг нэр дэвшигч тус бүр дээр 6 төрлийн баримт бичгийг сумын сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн байна.

Тус нам нь “нэр дэвшигчдийн өр төлбөргүй болох тухай мэдүүлгийг” 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр буруу маягтаар гаргаж ирүүлснийг сумын сонгуулийн хороо хүлээн аваагүй байна. 

Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолоор уг тогтоолын хавсралтаар баталсан маягтуудын загварыг сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчдад хүргүүлэх үүргийг сонгуулийн хороонд хүлээлгээгүй байна.

    Сонгуулийн хороонд дээрх үүргийг хүлээлгээгүй байхад Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хороо нь сайн дурын үндсэн дээр тухайн сумандаа үйл ажиллагаа явуулж байгаа намуудад дээрх тогтоолын хавсралтаар баталсан маягтуудыг хувилж хүргүүлсэн байна. Маягтуудын загварыг нэхэмжлэгч А намыг төлөөлж сумын намын хорооны дарга П.Н хүлээн авч, гарын үсэг зурсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 Архангай аймгийн Өлзийт сумын А нам нь тухайн намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй нэр бүхий 21 төлөөлөгчийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5.-д “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг;”-ийг хуулийн хугацаанд гаргуулж, сумын сонгуулийн хороонд хүргүүлээгүй  байна гэж үзлээ. Сумын сонгуулийн хороог Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан маягтуудын загварыг хүргүүлэх үүргээ биелээгүй гэх үндэслэлээр буруутгах нь үндэслэлгүй гэж үзэв.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолоор А намаас сумын сонгуулийн хороонд ирүүлсэн нэр бүхий 21 нэр дэвшигчийн баримт бичгийг шалгаж үзээд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5 дахь заалтад заасан энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлгүүд дутуу гэх үндэслэлээр мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалтыг үндэслэн 21 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч А намын “Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Өлзийт сумын А намын нэр бүхий 21 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 157 дугаар зүйлийн 157.2.5., 158 дугаар зүйлийн 158.1.3. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А намын “Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Өлзийт сумын А намын нэр бүхий 21 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.1., 113 дугаар зүйлийн 113.2.-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.ГАНБАТ