Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0395

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0395

Улаанбаатар хот

Д.Э-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гуравдагч этгээд Б.М нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Э-ы нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-ын 6-д заасныг тус тус баримтлан Д.Э-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/163 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Д.Э-ыг Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Э-ы ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 21 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 897792 төгрөгөөс холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон даатгалын дэвтрүүдэд бичилт хийж олгохыг Завхан аймгийн Засаг даргад даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/163 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт, аймгийн Аудитын газрын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ЗАН/09/2016/ГА-03 дугаар дүгнэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Эг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс албан тушаал бууруулсан.

1.Нэхэмжлэгч өөрийн ажлын байрны тодорхойлолт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг зөрчиж батлагдсан Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг удаа дараалан зориулалт бусаар зарцуулж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг зөрчсөн нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болж байгааг шүүх шийдвэртээ үндэслэлтэй байна гэж үзсэн мөртлөө аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/1182 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.О-д Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалтын дагуу зөвшилцөх санал хүргүүлсэн байхад шүүхээс ... Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Ийнхүү зөвшилцөх саналд ямар нэгэн хариу ирүүлээгүй байхад Д.Э-ыг чөлөөлж, Б.Мөнхбатыг тухайн албан тушаалд томилсон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэж үзсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалтын дагуу зөвшилцөх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хариулах ёсгүй хуулийн дагуу хариу ирүүлэх ёстой бол Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас ирүүлнэ.

2.Дээрх хууль талууд нэгдсэн саналд хүрсэн байх эсхүл заавал хариуг хүлээж авснаар томилж, чөлөөлөх гэж хуульчлаагүй тул зөвшилцөх саналд хариу ирүүлэх эсэх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт заасны дагуу ... хуульд заагаагүй бусад тохиолдолд заавал нэгдсэн саналд хүрэхийг шаардахгүй гэжээ. /Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас одоог хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй болохыг дурдаж байна./

Мөн аймгийн Аудитын газрын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчлийг арилгуулах тухай А/32 дугаар албан шаардлага, ЗАН/09/2016/ГА-03 зөвлөмжийн дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлаас халах тухай Б/27 дугаар захирамжаар Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн дарга Ө.Чинсэтгэлийг ажлаас халсан нь зөвхөн нэхэмжлэгчид шууд хамааралгүй төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ... шударга ёс ... тэгш байдал, ... хууль дээдлэх гэж заасан төрийн албаны үндсэн зарчимтай нийцүүлж өөрийн эрх, үүргийн хүрээнд шийдвэр гаргаж ажилласан байхад шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... Тосонцэнгэл сумын Сум дундын ойн ангийн дарга, мэргэжилтний хариуцсан албан үүрэг, түүнтэй холбогдуулан гаргасан алдаа, зөрчлийг зөвхөн нэхэмжлэгчид шууд хамааруулан, түүнийг ажлын байрны зорилт, чиг үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн хариуцлага ногдуулж, албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ... шударга ёс ... тэгш байдал, ... хууль дээдлэх ... гэж заасан төрийн албаны үндсэн зарчимтай нийцэхгүй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3.Мөн шүүх шийдвэртээ ... дээрх 4 арга хэмжээний мөнгийг нягтлан бодогч мэргэжилтнүүдийн хувийн данс руу шилжүүлсэнд нэхэмжлэгч буруугүй байна гэжээ.

Гэтэл аймгийн Аудитын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/97/ЗАН/09/2016/ГА-03 дугаар албан бичгээр ирсэн акт, албан шаардлагыг хүлээн зөвшөөрч биелэлтийг гаргаж хугацаанд нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын /нэхэмжлэгчийн/ 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Албан шаардлага, актын биелэлтийг хүргүүлэх тухай 273 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.

Ийм учраас шүүхээс нэхэмжлэгчийг буруугүй гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.Аймгийн Засаг даргын 2016 оны А/163 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд бичсэн Д.Э-ы гарын үсэг өөрийнх нь гарын үсэг биш бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа өөр байдлаар гарын үсэг зурж ирүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл өөрийнх нь гарын үсгээ зураагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна гэсэн заалтыг зөрчиж тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Мөн Д.Э-ы нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.2, 52.2.3, 52.2.6, 52.2.7 дахь хэсэгт заасан заавал тусгах зүйлийг тусгаагүй бөгөөд шүүх нь бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг шийдвэрлэж ажилласан.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбартаа: Д овогтой Э би 1983 оноос төр болон хувийн хэвшилд тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 15-нд Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахаар зорьж зүтгэж яваа шударга иргэн билээ.

Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 26-нд гэнэт ажлаас чөлөөлсөн. Ямар учир шалтгаантайг асуухад манай нам ялалт байгуулсан, ардчилсан намын улс төрийн албаны дарга Д.М-ыг тус албан тушаалд томилон ажиллуулахыг нам шаардаж байна гэсэн тайлбарыг өгсөн. Миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 01 хүртэл ажиллаад тэтгэвэрт гарах хүсэлт тавьсан боловч үл зөвшөөрч улсад 2 дугаар байр эзэлсэн амжилтаа тэмдэглэн байгууллагын шинэ жилийн үйл ажиллагааг тэмдэглэх гэж байхад буюу 2016 оны 12 дугаар сарын 26-нд аймгийн Аудитын газрын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ЗАН-09-2016-ГА-03 дугаарын дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2016 оны А/163 дугаар захирамжийг гардуулсан.

Уг захирамжид дэд даргаар томилох тухай зөвлөсөн нь манай байгууллагад батлагдаагүй хаа ч байхгүй бүтэц, орон тоо юм. Мөн уг Аудитын дүгнэлтэд намайг ажлаас чөлөөлөх байтугай арга хэмжээ авах тухай дурдаагүй бөгөөд арга хэмжээ тооцож ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус Аудитын газрын албан тоотоор мэдэгдсэн билээ.

Иймд хууль бус илт улс төржсөн, хүний амьдрах, хөдөлмөрлөх эрхэд бүдүүлэг хандсан шийдвэр байсан тул би шүүхэд гомдол гаргаж улмаар уг захирамжийг хүчингүйд тооцсонд би төрдөө баярлаж байгаа.

Гэвч Засаг дарга Д.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц танай байгууллагад гомдол гаргасан байна. Ингэхдээ захирамжийнхаа үндэслэлтэй холбогдолгүй асуудлыг дурдаж буруутгахыг оролдсон байна. Үүнд:

1.Төсвийн тухай хууль зөрчсөн гэсэн байна. Би Төсвийн тухай хууль зөрчиж улс нийгэмд нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй ба энэ тухай хууль хяналтын байгууллагаас буруутгаж акт төлбөр тооцоогүй болно. Аудитын дүгнэлтэд зориулалт бусаар зарцуулсан гэсэн өгүүлбэр байгаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт өөрсдөд нь адилхан анхааруулж шаардлага тавьсан байгааг зөвхөн надад тохож ийм том арга хэмжээ авч байгаа нь хуулийн хэм хэмжээнд үл нийцэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлыг юунд зарцуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянаж баталдаг. Үүний дагуу зарцуулагдсан байгаа. Энд зориулалтын бус зүйлд гээд байгаа нь олон талаас тайлбарлах асуудал байдаг. Яг юунд нь зориулалтын, зориулалтын бус гэх тодорхой тайлбар байхгүй хувь хүний мэдлэг боловсрол үзэл бодлоос хамаарсан үг өгүүлбэр байна. Одоо үед иргэд байгууллагын хоорондын гэрээ ажил үйлчилгээг чанартай гүйцэтгүүлэхэд аудит хийлгэж зөрчил, дутагдал, маргааныг арилгуулж ажилладаг сайн менежерийн алтан арга барил, зарчим байдлыг мэдэхгүй байгаа бололтой.

2.Байгаль орчин, аялал жуулчлалын яам буюу сайдтай аймгийн Засаг дарга зөвшилцсөний үндсэн дээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргыг томилж, чөлөөлөх хуулийн заалтыг зөрчсөн нь тус яамнаас зөвшилцсөн тухай албан бичиг өгөөгүй буюу зөвшөөрөөгүй байхад шийдвэр гаргасан нь хууль бус юм. Үүнийг шүүх зөв авч үзсэн гэж үзэж байна.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн гэсэн байна. Би энэ хуулийн 52 дугаар зүйл заалтыг бүрэн хангаж өргөдөл гомдлоо хугацаанд нь засч залруулан өгснөөр шүүх хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэсэн байх. Эдгээр асуудлуудыг анхан шатны шүүх үйл ажиллагаанд хэлэлцэж хууль тогтоомжийн дагуу холбогдох шийдвэрийг гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр хадгалж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байна.

            Нэхэмжлэгч Д.Э нь Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаар захирамжаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/234 дүгээр захирамжаар Байгаль орчны газрын даргаар томилогдон ажиллаж байсан байна.

Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/163 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт, аймгийн Аудитын газрын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ЗАН/09/2016/ГА03 дугаар Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраар дамжин хэрэгжиж байгаа ойжуулалт болон бусад хөрөнгө оруулалтын үр дүн-ийн дүгнэлтийг тус тус үндэслэн түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар тус газрын дэд даргын албан тушаалд томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт .../төрийн жинхэнэ албан хаагч/ албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн /бол захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах/-аар зааснаас үзвэл, уг хуулийн зохицуулалтаар төрийн жинхэнэ албан хаагч ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн байх, эрх бүхий этгээдээс түүнийг албан тушаал бууруулж, өөр ажил, албан тушаалд томилсон байх зэрэгцээ шаардлага тавьсан, энэ хоёр нөхцөл зэрэг хангагдсан эсэхээс захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах захиргааны акт хууль ёсны эсэх нь хамаарах юм.

Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Д.Э-ыг албан тушаал бууруулах-даа Завхан аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэд даргаар томилсон боловч бодит байдал дээр дэд даргын албан тушаал гэж байхгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд Төсвийн тухай хуулиар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц орон тоог батлагдсан төсөвтөө багтаагаад төсвийн шууд захирагч орон тоо баталж болохоор байгаа. Тийм учраас төсвийн шууд захирагчтай, төсвийн ерөнхийлөн захирагч зөвшилцөөд төсөвтөө багтаагаад шинээр орон тоо батлах боломжтой гэх тайлбараар тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т 2.Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 6/ аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх гэж зааснаар нэхэмжлэгч Д.Э-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэд даргын албан тушаалд шилжүүлэн томилж байгаатай холбогдуулан Б.Мөнхбатыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад дэвшүүлж байгаа талаар салбарын сайдад албан бичиг хүргүүлсэн байх боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй байхад хариуцагч Завхан аймгийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргасан нь буруу байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг хэрэглэх эрх бүхий этгээдээс түүнийг албан тушаал бууруулж, өөр ажил, албан тушаалд томилсон байх шаардлага хангагдаагүй байхад хариуцагч нь нэхэмжлэгчийг орон тооны бүтцэд батлагдаагүй албан тушаалд томилсон, биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэл нь мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан журам бөгөөд 19.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ. Мөн зүйлийн 19.3 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно гэж заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Э-тай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхдээ Д.Э-ы 2016 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсанд тавьсан оноог түүнд танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.7-д гэрээний биелэлтийг дүгнэх Илтгэх хуудас-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэж заасныг зөрчсөн гэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.

            Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛХҮҮН:

ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ