Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 423

 

 

Ц.Ган-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

                      

          Прокурор Ц.Гансүлд,                                        

          Ялтан Ц.Ган-Эрдэнийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан,          

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Ган-Эрдэнийн өмгөөлөгч М.Дэлгэрнасангийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2015 2601 1645 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Халх овгийн Цэдэнлхагвын Ган-Эрдэнэ, 1975 оны 3 дугаар сарын 24-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, хамтран амьдрагч, дагавар охины хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 24 дүгээр гудамж, 037б тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1 дүгээр гудамж, 1092 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗЗ75032417/,

Ц.Ган-Эрдэнэ нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 29 дүгээр гудамжны 33 тоотод байрлах хашаанд хамт ажил хийж байсан Б.Бишүүбазарыг “Айлаас жоотуу авчирна гэж яваад удлаа” гэх шалтгаанаар түүнтэй маргалдан улмаар “Б.Бишүүбазарын зүүн гарын шууны дотор хэсэгт төмрөөр хатгаад эргэх үед Б.Бишүүбазар нь Ц.Ган-Эрдэнийн араас баруун чих орчимд цохисноос Б.Бишүүбазарыг тонгорч унаган зодож бие махбодид баруун зулай, чамархай, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун зулайн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, бага тархины орой хэсгийн аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт” бүхий хүнд гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Ган-Эрдэнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ган-Эрдэнийг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Ц.Ган-Эрдэнийн 2015 оны 9 дүгээр сарын 1-нээс 2016 он 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 252 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бор өнгийн нарийн төмөр, А үсэг товойлгон хийсэн хар өнгийн саравчтай малгайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Ц.Ган-Эрдэнийн өмсөж явсан гэх саарал өмд 1 ширхэг, бор шаргал өнгийн хос гутлыг түүний хүсэлтээр, амь хохирогч Б.Бишүүбазарын өмсөж явсан гэх хөх цамц 1 ширхэг, ногоон цамц 1 ширхэг, бор шаргал өмд 1 ширхэг, бор шаргал тэлээ 1 ширхэг, бор хар алаг хос пүүз, шаргал өнгийн малгай 1 ширхэг зэргийг хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр түүнд тус тус буцаан олгож,

“Ц.Ган-Эрдэнээс оршуулгын зардал 1.022.800 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхтуяад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж” шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Ган-Эрдэнийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан Ц.Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2015 2601 1645 дугаартай хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний 498 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Хэрэг гарсан байдлын талаар:

Хэргийн газарт хийсэн анхны үзлэгээр уг хашаан дотор хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрээгүй, хашаанд байгаа 2 давхар байшингаас хэргийн эд мөрийн баримт болох төмрийг хураан авснаас өөрөөр баримт ул мөр илрээгүй гэсэн.

Хэргийн нөхөн үзлэгээр /хх-11-р хуудас/ хашаанд үзлэг хийхэд мөн л ямар нэгэн хэргийн холбогдолтой зүйл илрээгүй. Бохирлогдсон зүйл байхгүй байсан нь тэд хашаанд зодолдсон гэдгийг үгүйсгэж байдаг.

Шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ анхны мэдүүлгээс эхлэн /хх-22-р хуудас/ Б.Бишүүбазарыг жоотуунд явуулахад удаж ирснээс орой ажлаа хүлээлгэж өгөх гээд байхад удлаа гэж гартаа барьсан төмрөөр зүүн гарын шуу руу нь 1 удаа хатгасан. Эргэхэд түүний баруун чихний ар руу 1 удаа хальт цохисон. Тэгэхээр нь эргэж хараад тэвэрч аваад тонгороход дээр доороо орж унасан гэдэг.

Түүнчлэн яллагдагчийн мэдүүлэг, хэргийн газар дээр байсан гэрч, бусад гэрчүүдийн ярьж байгаагаас үзэхэд Ц.Ган-Эрдэнэ нь хохирогч Б.Бишүүбазарыг алах нь битгий хэл зодох гэсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй, тийм санаа зорилго агуулаагүй. Хохирогчийг ажлаа хийхгүй, архи уугаад ажлын байраа орхиж удаан хугацаагаар алга боллоо, ажлаа хийгээч гэсэн шаардлагыг тавьж талийгаачийн гарын шуу руу төмрөөр чичээд эргэсэн гэдэг. Ц.Ган-Эрдэнэ архи уугаагүй, эрүүл байсан байдаг.

Үүнд нь талийгаач Б.Бишүүбазар уурласан байх ба согтуу байсан нь хэрэг гарах гол эх үүсвэр болсон гэж үзэхээр байна. Учир нь Ц.Ган-Эрдэнэ Б.Бишүүбазар согтуу ирэхдээ нүд нь хачин болчихсон, ааш авир нь маш ширүүн болсон байсан гэж мэдүүлдэг. Б.Бишүүбазар уурандаа Ц.Ган-Эрдэнийн араас нь гэнэт барьж авч ноцож, баруун гараас нь татаж, Ц.Ган-Эрдэнийг хавсарч унагахдаа хоёул хамт давхарлалдан унасан байна. Унахдаа хохирогч Б.Бишүүбазар доод талд нь Ц.Ган-Эрдэнэ дээд талд нь байрлалтай унажээ. Хэрэг болсон газар нь налуу, хатуу хөрстэй, байгалийн ургаа хадтай газар байсан ба ийм газарт халтирч, хүчтай савж унаснаас тархины яс нь цуурсан гэмтэл үүсч улмаар Б.Бишүүбазар нас барсан гэж үзэхээр нөхцөл байдлууд байна. Мөн түүнчлэн хохирогч согтуу байснаас биеэ татаж авах чадваргүй учир тархиндаа амь насанд аюултай хүнд гэмтэл автлаа унасан байна гэж дүгнэхэд хүргэж байна. Талийгаач Б.Бишүүбазарын Ц.Ган-Эрдэнэ рүү чиглэсэн хүчирхийлэх үйлдэл хийгдээгүй бол үхэл болохгүй байх байсан.

Ц.Ган-Эрдэнийн үйлдэл хоромхон зуур болоод өнгөрсөн тул ухамсарлах, хор уршгийг нь урьдчилан мэдрэх бололцоогүй байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тухайн тохиолдолд мэдэх нөхцөлгүй байсан нь тогтоогдвол санаатай хандахын оюун санааны шинж үгүйсгэгдэнэ гэдгийг анхаарна уу?

Хоёр. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ бол Монгол улсын жирийн ард иргэдийн адил өнөө маргаашийнхаа хоол хувцас хэрэглээгээ залгуулж амьдрахын зэрэгцээ хар бор ажил хийж бусдад тус болж явдаг, ажлын төлөө гэсэн сэтгэлтэй иргэн бөгөөд тухайн хэрэг гардаг өдөр хийж байсан ажлаа дуусган ажиллуулагчаас хэдэн төгрөгөө аваад сургууль цэцэрлэгийн хүүхдийн бэлтгэл хангах л бодолтой зүтгэж байсан.

Хохирогч Ч.Энхтуяа шүүх хуралдаан дээр: 2 жаахан хүүхэдтэй, хүнд нөхцөлд хоцорсон. Оршуулгын зардал авч чадаагүй. Мөнгөө гаргуулж авмаар байна. Одоо яаж амьдрах юм бэ. Ц.Ган-Эрдэнэ биднийг цаашид яаж харж хандах юм бол хуулийн байгууллага үүнийг шийдэж өгөөсэй гэсэн. Өмгөөлөгч миний ойлгож байгаагаар Ц.Ган-Эрдэнийг удаан хугацаагаар хориод, цагдаад өгөөч гэсэн үг биш байна. Харин цаашид амьдрахад баталгаа хэрэгтэй байна. Хуулийн байгууллага анхаараач гэсэн үг байна. Талийгаачийн ар гэрийнхэнд олигтой туслалцаа үзүүлж чадаагүй нь үнэн. Хэрэг гараад л өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон. Ц.Ган-Эрдэнийн ар гэрт нь түүний төлөө санаа тавиад тус дэм болчих хүн огт байхгүй юм билээ. Чулуунцэцэг гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч хэн хэндээ хань түшиг бололцож яваа боловч тэрээр эрхэлсэн ажилгүй хүүхдүүдийнхээ тус дэмээр амь зогоож яваа эмэгтэй.

Шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ бололцоо л гарвал ар гэрт нь байнга тусалж явна гэдгээ шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Талийгаачтай найз нөхдийн харьцаатай, хийх ажил олдвол байнга хамт дагуулж ажил хийж амьдралд нь тус болохын төлөө санаа тавьж байсан гэдгийг ар гэрийнхэн нь ойлгож байсан.

Ц.Ган-Эрдэнийн биеийн байдал сүүлийн хоногуудад гэнэт муудан эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт байх хугацаанд нь эмнэлгийн зүгээс зарим бололцоотой шинжилгээнүүдийг хийхэд бөөр, элэг нь маш их өөрчлөлттэй, үзүүлэлтүүд нь 2-3 дахин ихэссэн, хэвлийгээр цанхайж, хатгуулж өвддөг, бөөрний сорил 2 талд сөрөг цаашид дотрын нарийн мэргэжлийн эмчийн хяналтад тогтмол байж, онош тодруулах шаардлагатай гэсэн тодорхойлолтыг эмнэлгийн захиргаанаас гаргаж өгч байна. Ц.Ган-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагдсанаар тэрээр даруу төлөв, хамт олондоо нэр хүндтэй, бусдад тусархуу, элдэв муу зуршилгүй нэгэн болохыг тодорхойлсон.

Ял шийтгэлийн зорилго бол хатуу ширүүн дээ биш хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарах ёстой билээ. Иймээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ган-Эрдэнийг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх,

2. Ц.Ган-Эрдэнэд оногдуулсан ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр заасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмд эдлүүлэхээр өөрчилж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Ган-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийг зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Ц.Ган-Эрдэнэ нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 29 дүгээр гудамжны 33 тоотод байрлах хашаанд хамт ажил хийж байсан Б.Бишүүбазарыг “Айлаас жоотуу авчирна гэж яваад удлаа” гэх шалтгаанаар түүнтэй маргалдан улмаар “Б.Бишүүбазарын зүүн гарын шууны дотор хэсэгт төмрөөр хатгаад эргэх үед Б.Бишүүбазар нь Ц.Ган-Эрдэнийн араас баруун чих орчимд цохисноос Б.Бишүүбазарыг тонгорч унаган зодож бие махбодид баруун зулай, чамархай, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун зулайн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, бага тархины орой хэсгийн аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт” бүхий хүнд гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Гүрбазарийн “...Б.Бишүүбазар нь миний төрсөн ах байсан. Бид нар эхээс тавуулаа, аав Бойроо, манай эрэгтэй дүү Дарьбазар хотод байдаг. Бусад нь хөдөө амьдардаг. Манай гэр бүлийнхэн ярьж байгаад намайг хохирогчоор байцаалт өг гэсэн юм. Талийгаачийн эхнэр Ч.Энхтуяа нь саяхан түлэгдсэн хүүхдээ гэртээ харж байгаа болохоор нааш, цаашааа явах боломжгүй тул би оролцож байна. ...Би талийгаачийг зураг авахуулаад гарч ирэх үед нь Ганаагаас “яасан юу болсон юм бэ” гэсэн чинь Ганаа ах “бид хоёр муудаад би тонгороод унагаачихсан юм аа, тэгээд уурлаад хувцсаа солих гэж байгаад сонин болоод байна гээд ухаан алдчихсан” гэж хэлсэн. ...Эмч “яаралтай хагалгаа хийх шаардлагатай хагалгааны ширээн дээр алдчихаж магадгүй ах, дүү, төрөл садандаа хэл” гэж хэлчихээд, Ганаагаас “юу болсон юм бэ, энэ хүн чинь анх ирэхдээ өндөр дээрээс унасан гэсэн байсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үү” гэж асуухад Ганаа “бид хоёр муудалцаад би тонгорч унагаасан юм, согтууруулах ундаа хэрэглээгүй” гэж хариулж байсан. ...Одоогоос 7-8 жилийн өмнө Ч.Энхтуяатай сууж албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй, том хүү Өсөхбаяр нь 7 настай, бага охин Өнөрцэцэг нь 2 настай. ...Би гомдолтой байна. Хэргийг хуулийн дагуу шийдүүлмээр байна. Би ажил явдалд гаргасан нийт зардал болох 10.449.060 төгрөгийн баримтыг гарган хэрэгт хавсаргуулсан. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Ц.Ган-Эрдэнэ болон түүний ар гэрийнхнээс нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Ц.Ган-Эрдэнийн хамтран амьдрагч нь ирж уулзсан боловч хохирол барагдуулаагүй...”/1-р хх-44-46, 2-р хх-17/,

 

Хохирогч Ч.Энхтуяагийн “...Би маш их гомдолтой байна. Хоёр жаахан хүүхэдтэйгээ л үлдлээ. Оршуулгын зардал арван сая гаран төгрөг гарсан. Тэр мөнгөө гаргуулж авмаар байна. Хэрэг болсноос хойш Ц.Ган-Эрдэнийн хамтран амьдрагч болох эмэгтэй нь ирж 100.000 төгрөг өгсөн. Түүнээс өөр ямар ч мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Би хоёр жаахан хүүхэдтэй үлдлээ талийгаач маань хүүхдүүдээ харж хандаж явсан хүн. Одоо бид яаж амьдрах юм бүх юм миний толгой дээр ирж байна. Ц.Ган-Эрдэнэ гэх хүний зүгээс биднийг цаашид яаж харж хандах юм бэ. Хууль шүүхийн байгууллага нь энэ асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсч байна...”/2-р хх-147-148/,

 

Гэрч О.Төмөртогоогийн “...Тэгж байсан чинь Чулуунаа гэр тойрч байшингийн урд ирээд “энэ хоёр чинь ноцолдож, зодолдоод байна аа салгаад өгөөч ээ” гэж хэлсэн. Ингээд би дээвэр дээрээс буугаад гэрийн баруун талаар гараад очиход гэрийн урд хашааны хаалганы орчим Ганаа доор нь орчихсон Бишүү дээр нь суучихсан байдалтай ноцолдоод байсан. Намайг очиход Ганаа “яахлаараа чи ажил хийхгүй байгаа юм” гэсэн утгатай зүйл хэлж байсан. Би очоод тэр хоёрыг салгаж хоёр тийш нь болгосон. Тэр үед Бишүүгийн хамарнаас нь цус гарсан, хамрынх нь баруун талд маажигдсан гэмээр шарх үүссэн байсан. Тэр хоёрыг салгасны дараа Бишүү “би ажил хийхгүй явлаа, чи өөрөө ажлаа хийгээрэй” гэхэд Ганаа юм хэлэхгүй байсан. Тэгээд Бишүү хувцсаа солино гээд байшинд орсон. Би дахин дээвэр лүү гарч будагны ажлаа хийчихээд дараа нь Ганаад тусалж хаалга гагнаж байхад Чулуунаа ирээд “Бишүүгийн бие өвдөөд байна гэнэ ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь Ганаа, Чулуунаа бид гурав байшинд ороход Бишүү байшингийн 1 давхарт баруун хойд буланд ажлын хувцсаа тайлчихсан, өөр өмд, оймсоо өмсчихөөд гутлынхаа үдээсээ үдэх гээд үдэж чадахгүй хөдөлгөөн муутай явган сууж байсан. Гар хуруу нь болохгүй байсан уу яасан үдээсээ үдэж чадахгүй их хөдөлгөөн муутай сууж байсан. Бишүүгээс бид нар “яасан бэ” гэж асуусан чинь Бишүү “баруун гар даагдахгүй хөдөлж болохгүй байна” гэж хэлсэн. ...Намайг очсоноос хойш бие биенийгээ зодож, цохисон зүйл байхгүй, намайг очихоос өмнө зодолдсон байсан учир Бишүүгийн хамарнаас цус гарч, хамарных нь баруун талд шалбарсан байсан. Бас зүүн гарынх нь тохойн дотор талд шалбарсан байсан. Ганаагийн биед ямар нэгэн гэмтэл харагдаагүй...”/1-р хх-47-49/,

 

Гэрч Д.Чулуунцэцэгийн “...Ц.Ган-Эрдэнэ бид хоёр нэг гэрт амьдраад 1 жил гаран болж байна. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй боловч эхнэр, нөхөр гэж явдаг. ...Ганаа, Бишүү хоёр босоогоороо зууралдаад Ганаа Бишүүг хойш нь унагаасан, нэг мэдэхэд л Бишүү дээшээ хараад газар унасан, Ганаа дээр нь сууж байсан. Би гүйгээд очиход Ганаа Бишүүгийн хоолой дээр нэг гараа тавьчихсан, нэг гараараа гарыг нь барьчихсан байсан. Би “хүүе Ганаа хүн аллаа ш дээ болиоч та нар” гэж хэлчихээд эргэж байшин руу гүйгээд “Төмөрөө” гэж орилсон боловч Төмөрөө харагдахгүй байсан. Төмөрөө байшингийн дээвэр дээр буюу скаладны дээвэрний тэндээс ирсэн. Би Төмөрөөд “энэ хоёр чинь зодолдоод байна ш дээ салгаад өгөөч” гэж хэлчихээд эргэж гэрт гүйж ороход Ганаа, Бишүү хоёр босчихсон, зууралдаад хэрэлдэж байсан. ...Миний харснаар ямар нэгэн зүйл барьсан харагдаагүй, зууралдчихсан байсан, дараа нь харахад Ганаа дээр нь суучихсан, талийгаач доор нь хэвтэж байсан. Хэрэг болсон газар тоосго, төмөр байгаагүй, зүгээр хөрсний чулуу байсан байх гэж бодож байна. ...Тухайн үед Бишүүгийн хамарнаас бага зэрэг цус гараад баруун талын хацар шанаа орчимоор цус болсон байсан. Би шалбарсан юм болов уу гэж бодсон чинь угаахад цус нь арилж байсан. Зүүн гарынх нь шуунаас дээш хэсэгт юмаар зурсан юм уу гэхээр арьс нь өнгөц зулгарсан улайлт байсан. Өөр гэмтэл байгаагүй. Ц.Ган-Эрдэнийн баруун суганаас доошоо маажсан гэмээр өнгөцхөн зураас харагдаж байсан. Төмөрөө очиж салгаад Бишүүг хашааны гадаа суулгасан үед Бишүүгийн хамарнаас цус гарсан байхыг харсан, тэрнээс цус гарч байхыг нь хараагүй. Би Төмөрөөг дуудах, утсаар ярих гээд тэр хоёрын зодооноос хол байсан. ...Эмнэлэг дээр байхад Ганаа талийгаачийн ар гэрт “би Бишүүг тонгороод унагасан юм аа” гэж хэлж байсан...”/1-р хх-50-55/,

Гэрч Д.Батсуурийн “...Ц.Ган-Эрдэнийн авгай над руу утсаар яриад “энэ хоёр жаахан маргалдаад ноцолдоод Б.Бишүүбазарын бие нь жаахан сонин болчихлоо чи яваад ирээ” гэхээр нь би явах гээд гутлаа өмсөж байхад Ц.Ган-Эрдэнэ утсаар яриад “за өвгөөн чи хурдан яваад ирээ хүйтэн хөлс нь цутгаад сонин болчихлоо” гэсэн. ...Эрдэнэбилэгийн хашаанд очиход байшин дотор Ц.Ган-Эрдэнэ, Д.Чулуунцэцэг, Төмөрөө нар байсан, талийгаач газар дэвссэн хөнжил дээр дээшээ харчихсан, Ганаа толгойг нь өвдөг дээрээ тавьчихсан байдалтай байсан. Ганаа “хөгшөөн түргэн дууд аа энэ сонин болчихлоо би хаягийг нь мэддэггүй” гэхээр нь би “түргэн дуудахгүй яасан юм бэ” гэж хэлчихээд өөрийнхөө 96059173 дугаараас 103 руу залгаж дуудлага өгөхөд цаанаас “яасан хүн юм бэ” гэхээр нь би “байшин дээрээс уначихсан хүн юм аа” гэж хэлсэн. Би тариа хийлгээд гайгүй болчих байлгүй дээ гэж бодоод элдэв зүйл бодоогүй тэгээд хэлсэн юм. Түргэн ирэхээс өмнө талийгаач өдөр идсэн хоолоороо бөөлжөөд бөөлжсөндөө хахах гээд болохгүй болохоор нь хажуу тийш нь харуулж бөөлжүүлсэн, талийгаач үг дуугарч чадахгүй байдалтай байсан. Би Ганаад “за хөгшөөн наадах чинь болохгүй болчихсон юм байна аа, би түргэн дуудахдаа өндөрөөс уначихсан гээд хэлчихсэн шүү чи өөрөө эмнэлэг дээр очоод үнэнээ хэлээрэй, үнэн юм бол үнэнээрээ сайхан ш дээ” гэж хэлэхэд Ц.Ган-Эрдэнэ “тэр тэгэлгүй яахав хөгшний чинь үйлийн лай байлгүй дээ үнэнээ хэлнэ, энэ маань битгий үхчихээсэй дээ, би үнэнээ хэлнэ” гэж байсан. ...Намайг байшинд ороход талийгаач дээшээ хараад хэвтэж байсан, талийгаачийн нүд нь аниатай, ухаангүй, баруун гар нь хөдөлж байсан, бид нартай огт юм яриагүй, талийгаачийн зүүн гарын шууны дотор хэсэгт шалбарсан, баруун духнаас доошоо баруун хацар хүртэл урттай босоо шархтай байсан. Өөр зүйл анзаарагдаагүй. ...Намайг очиход талийгаач дотоожтойгоо байсан. Ц.Ган-Эрдэнэ дээгүүрээ нүцгэн, доогуураа ажлын саарал өмдтэй, түрийтэй хүрэн гуталтай байсан. Би түргэн дуудчихаад талийгаачийн өмд, гутлыг өмсгөж өгсөн. Талийгаач манайд очиж жоотуу авахдаа шар өнгийн даавуун том дугараг малгайтай, шар өнгийн ажилдаа өмсдөг өмдтэй, улаан ягаандуу гэмээр пүүзтэй, цээж нүцгэн байсан санагдаад байна...”/1-р хх-60-62/,

Шинжээч Б.Ганзоригийн “...Талийгаачийн биед үүссэн гавал тархины гэмтэл болон биеийн хэсгүүдийн зулгардаг зөөлөн эдийн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрээс доош, эсвэл доороос дээш чирэх, үрэх байдлаар цохих үед үүсэх боломжтой юм. ...Дүгнэлтийн 1 дүгээр заалтанд байгаа дээрх гэмтлүүдийн гавал тархины гэмтэл, ясны хугарал, хатуу хальс дээрх цус хуралт зэрэг гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааж өгсөн байгаа. Дээрх гэмтэл нь чулуурхаг хөрстэй газар унах, гараараа болон төмөрөөр цохихын алинд нь ч үүсэх боломжтой...”/1-р хх-123-124, 2-р хх-18-19/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун зулай, чамархай, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун зулай чамархайн хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, бага тархины орой хэсгийн аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, дух, баруун хөмсөг, хацар, мөр, зүүн тохой, шуу, цээж баруун гуянд зулагаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг өвчингүй байна. Эмчилгээ хийгдсэн тул архи согтууруулах, мансууруулах, хордуулах бодис тогтоох боломжгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барьжээ. ГССҮТ-ийн өвчтний түүхэд талийгаач нь 2 дугаар бүлгийн цустай...” гэсэн 1560 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-86-90/,

“...Ц.Ган-Эрдэнийн биед баруун хөмсөгт цус хуралт, зулгаралт, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн 12737 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-100, 101/,

Шүүхийн сэтгэц эмгэг судлалын “...Ц.Ган-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Ган-Эрдэнэ нь хэрэг үйлдэх үедээ болон хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна. Ц.Ган-Эрдэнэ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Ган-Эрдэнэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэсэн 792 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-106, 107/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-4-6/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-11-20/, цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/1-р хх-7-10/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл/1-р хх-24-28/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл/1-р хх-31-34/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/1-р хх-35-38/, эд мөрийн баримтаар тогтоож, хэрэгт хавсаргах тухай тогтоол/1-р хх-39-42/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл/1-р хх-147-158/, амь хохирогч Б.Бишүүбазарын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүх/1-р хх-196-206/, хохирлын баримтууд/1-р хх-227-250, 2-р хх-1-5/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Ялтан Ц.Ган-Эрдэнийн гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан Ц.Ган-Эрдэнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ган-Эрдэнийг 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба ялтны гэм буруу, хувийн байдал, учруулсан гэм хорд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна.

1 дүгээр хавтаст хэргийн 227-250 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-5 дугаар талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхтуяа нь оршуулгын зардалтай холбоотой 10.449.060 төгрөгийн баримтууд гаргаж өгсөн байх ба анхан шатны шүүх нь нотлох баримтын шаардлага хангасан 1.022.800 төгрөгийг Ц.Ган-Эрдэнээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхтуяад олгохоор зааж, оршуулгын бусад зардалтай холбоотой бусад баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэхийг дурдаж шийдвэрлэсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхтуяагийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон гэм хор учруулсаны төлбөрийг нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолдоо заалгүй орхигдуулсан тул үүнийг зөвтгөх нь зүйтэй.

Ялтан Ц.Ган-Эрдэнийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан нь давж заалдах шатны шүүхэд “...Ц.Ган-Эрдэнийг 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр заасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмд эдлүүлэхээр өөрчилж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч ялтан Ц.Ган-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь ялтны гэм бурууд тохирсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул ялтан Ц.Ган-Эрдэнийн өмгөөлөгч М.Дэлгэрнасангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад:

            “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ган-Эрдэнээс оршуулгын зардал 1.022.800 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхтуяад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэснийг “...оршуулгын зардал болон тэжээгчээ алдсаны тэтгэмж, гэм хор учирсаны төлбөрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Ц.Ган-Эрдэнийн өмгөөлөгч М.Дэлгэрнасангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ДАВААСҮРЭН

 

                                               ШҮҮГЧИД                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ