| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00369/И |
| Дугаар | 303/ШШ2025/00425 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 303/ШШ2025/00425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******************************
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ********************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д*******************нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1971 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтолгох шаардлагатай болсон. 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн 4 дүгээр яслид тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн 357690 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 360 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаар тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тушаал, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс гэрч **************** мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч Д********************** 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн 4 дүгээр яслид тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ***************нь 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн 4 дүгээр яслид тогоочоор ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 360 дугаар лавлагаа, 1992 онд ажилчдын цалинг нэмэх тушаал гаргахад Д.Ганхүлэг нь байсан талаарх Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаар тушаал, түүний хавсралт, тэргүүний ажиллагаатай хүмүүсийг шагнахад **********************нь 1-р зэргийн шагнал болох 800 төгрөгөөр шагнуулсан талаарх Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тушаал, зөвлөмжийн хуудас, ажилд орсон болон гарсан чөлөөлсөн тушаалыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 357690 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ***************** мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ******************* хөдөлмөрийн 357690 дугаартай дэвтрийг Завхан аймгийн Худалдааны техникум ТМС-ийн захирал 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээж, сургуулийн тамга дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн нэр, төрсөн он, сар, өдөр, мэргэжил, гэрэл зураг зэргээр нь Д.Ганхүлэгийн хөдөлмөрийн дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэж, нотлох баримтаар үнэлэв.
5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ******************** ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн 4 дүгээр яслид тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******************* 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн 4 дүгээр яслид тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА