Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 225/МА2021/00026

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 225/МА2021/00026

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 155/2021/00844 дүгээр шийдвэртэй,

*******гийн нэхэмжлэлтэй,*******т холбогдох Тоёота приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай, NHW203002927 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, машины торгуулийн төлбөрт төлсөн 400,000/ дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах, гуравдагч этгээд Д.Аюурзанын Тоёота приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, талийгаач хүү*******ын хууль ёсны өв залгамжлагч******* надад өвлөгдвөл зохих хөрөнгөөс ногдох хувь болох 750,000 /долоон зуун тавь мянга/ төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх, хариуцагч*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд*******, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Амаржаргал, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь хариуцагч*******ийн төрсөн ах*******тай 2015 оноос хойш хамтран амьдарч байсан бөгөөд хамтран амьдрах хугацаанд охин******* 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд*******ын төрсөн ганц охин нь******* юм.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймагт ослоор нас барсан юм. Гэтэл талийгаачийн төрсөн дүү******* нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэж*******ын эзэмшлийн Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай авто машиныг эзэмших болсон юм. Би өөрийн охин С.Амин-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч тул зөрчигдсөн эрхийг нь хамгаалж тус шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, С.Амин-Эрдэнийг*******ын өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 233 дугаартай шийдвэрээр өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Сүхбатын Амин-Эрдэнийг талийгаач*******ын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоосон. Ингээд охин******* нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэж авто тээврийн үндэсний төвд авто машиныг шилжүүлж авахаар хүсэлт өгсөн боловч З.Батцэцэг нь тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулаагүй, мөн уг машин хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир*******ийн эзэмшлээс шилжүүлэх боломжгүй болсон юм. Ингээд шийдвэрлэх аргагүй болж шүүхэд хандлаа. Тус машиныг эзэмшигч******* нь 2020 оны авто тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт оруулаагүй, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400,000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахуулсан байсныг миний бие торгуулийг төлбөл нэр дээрээ шилжүүлж авч болно гэсний дагуу 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр торгуулийг төлсөн.

Иймд хариуцагч*******ээс Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай, МНW203002927 арлын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах, мөн тус машины торгуулийн төлбөрт төлсөн 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь хариуцагч*******ээс Тоёота приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Учир нь талийгаач Сүхбат болон Одонгоо нарын дундаас охин Амин-Эрдэнэ төрсөн. Охин Амин-Эрдэнэ нь талийгаач Сүхбатын хууль ёсны өв залгамжлагч, үүнийг шүүх тогтоосон. Мөн өв залгамжлалын гэрчилгээ авсан. Мөн******* нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байх хугацаандаа торгуулийн төлбөр болоод татвар төлөөгүй байсан. Замын цагдаа дээр очиход торгуулиа төлсөн тохиолдолд шилжих хөдөлгөөн хийгдэнэ гэж хэлсэн тул ******* нь 400,000 төгрөгийн торгуулийг төлсөн. Гэвч тээврийн хэрэгслийн шилжүүлэг хийгдээгүй.

Иймд Батцэцэгээс Тоёота приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон торгуулийн төлбөрт төлсөн 400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Талийгаач*******ын хууль ёсны өвлөгч нь талийгаачийн ээж*******, охин Э.Амин-Эрдэнэ нар бөгөөд маргах зүйл байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн багасгаж байна. Э.Сүхбатын өвлөгдөх эд хөрөнгө болох 8,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний ээж охин хоёрт хувь тэнцүү хэмжээгээр хуваахад 1 хүнд 4,000,000 төгрөгийн эд хөрөнгө ногдохоор байна. Иймд*******ээс*******д ногдох 4,750,000 төгрөг, машины торгуульд төлсөн 400,000 төгрөг, нийт 5,150,000 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч******* анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр гаргуулж авсан нь үнэн. Тоёота приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ганц миний ахын хөрөнгө биш. Гэр бүлийн дундын эд хөрөнгө. Ах ажил төрөлгүй хэцүү байна, машин авч такси үйлчилгээнд явмаар байна гэхэд нь бид гурав ярилцаад Верна маркийн машиныг цалингийн зээл авч 2016 оны намар аваад, 2017 оны намар нь зарсан. ... Намар нь ажил төрөл болохгүй байна, машинаа зарна гээд ээж бид хоёртой дахин ярилцаад машинаа сайжруулж, ээж дахин цалингийн зээл авч Тоёота Приус-20 маркийн 96-55 улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч байсан юм. Би дээрх машиныг ээжийнхээ зөвшөөрлийн дагуу өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. ******* нь манай ахын эхнэр болж тусдаа гэр бүл болж гараагүй гэжээ.

Гуравдагч этгээд******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ тээврийн хэрэгсэл нь миний гэр бүлийн дундын хөрөнгө юм. Би энэ машиныг өөрөө хөдөлмөрлөж, цалингийн зээл авч байж хүүдээ авч өгсөн машин. ******* нь бидний дундын эд хөрөнгөөс булаацалдаад байгаа юм. Хүүгээ тусад нь гаргаагүй, *******той үерхэж байгаад салсан байдаг гэжээ.

Гуравдагч этгээд Д.Аюурзанын бие дааж гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь миний охин Батцэцэгт холбогдуулан миний талийгаач хүү*******ын нэр дээр бүртгэлтэй байсан Тоёота Приус маркийн 96-55 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний хүү бүхэлд нь өв залгамжилж авах эрхтэй гэж үзэн уг тээврийн хэрэгслийг биет байдлаар шаардаж нэхэмжилсэн байна. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээ нь миний талийгаач хүүгийн нэр дээр бүртгэлтэй байгаа ч гэсэн уг машиныг худалдаж авахад манай гэр бүлийн гишүүдийн хамтын хүч хөдөлмөрийн үр шимээр худалдаж авсан хөрөнгө учир гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм. Мөн******* би гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс талийгаач хүү Сүхбатад ногдох хөрөнгөөс хууль ёсоор өвлөж авах эрхтэй гэж үзэж байна. Миний талийгаач хүүгийн нэр дээр бүртгэлтэй байсан Тоёота Приус-20 маркийн 96-55 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 6 сард 8,000,000 төгрөгөөр худалдаж авсан, уг эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2021 оны 6 сарын байдлаар буурсан бөгөөд нийт 6,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө юм.

Иймд 1-рт: 6,000,000 сая төгрөгийн үнэ бүхий Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай гэр бүлийн гишүүд болох*******, охин*******, талийгаач хүү*******, Б.Энэрэл нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү.

2-рт: Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс талийгаач хүү*******ад ногдох нийт 1,500,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн тал хувь 750.000 төгрөгийг******* надад өв залгамжлуулан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн гаргасан шаардлагад өгсөн тайлбартаа: Гуравдагч этгээдээс Тоёота приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж шүүхэд шаардлага гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн тээврийн хэрэгсэл нь гэр бүлийн дундын эд хөрөнгө бөгөөд хамтын хүч хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгө гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Урьд нь шүүхэд нэхэмжлэгчээс*******т олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Э.Амин-Эрдэнийг талийгаач*******ын өвлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байхад******* нь гуравдагч этгээдээр оролцох бүрэн боломжтой байхад оролцоогүй. Гэтэл өв залгамжлалын гэрчилгээнд заагдсан тээврийн хэрэгслийг авах гэхээр ийм нөхцөл байдал үүсгэж байна. Тухайн тээврийн хэрэгслийг******* худалдан авахад хариуцагч Батцэцэг 1,500,000 төгрөг, гуравдагч этгээд Аюурзана 3,400,000 төгрөгийг тус тус өгсөн гэдэг. Гэхдээ үүнийг хэрхэн яаж нотолж байгаа нь тодорхойгүй.******* банкнаас зээл авч, талийгаач*******ад машин авч өгсөн гэж банкны дансны хуулга гаргаж өгч байгаа боловч дансны хуулганд байгаа мөнгө нь тухайн авто машиныг худалдаж авсан эсэхэд зарцуулсан эсэх нь тодорхой бус, үүнийг шүүх шийдвэрлэхдээ анхаарч үзэх байх. Миний хувьд дээрх машин нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж үзэж байгаа гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 155/2021/00844 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар 528.2, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан хариуцагч*******ээс 5,150,000 /таван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, *******гоос 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, гуравдагч этгээд*******д олгож, гуравдагч этгээд Д.Аюурзанийн 6,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,350 /нэг зуун дөчин есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,*******ээс 97,350 /ерэн долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж *******д, гуравдагч этгээд Д.Аюурзанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,500 /нэг зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, *******гоос 22,550 /хорин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж*******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэлд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.6-д заасан үндэслэл гэж дурдсан байгаа боловч тухайн хуульд 126.6 гэх заалт байхгүй байна. Мөн шүүх Талийгаач******* нь нас барах үедээ ээж, дүү нарын хамт нэг ам бүлд хамтран амьдарч байсан хэдий ч маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг гэр бүлийн бусад гишүүний олсон орлогоор авч, шинэчилсэн үйл баримт нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Гэр бүлийн тухай хуульд Гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэр бүл гэж тодорхойлж өгсөн байгааг анхаарч үзээгүй.

Шүүх маргааны зүйл болоод байгаа тээврийн хэрэгслийг гэр бүлийн бусад гишүүний олсон орлогоор авч, шинэчилсэн үйл баримт тогтоогдохгүй байна гэж ойлгомжгүй дүгнэлт хийж, гэр бүлийн бусад гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулж шийдвэрлэлээ. Манай гэр бүлийн хувьд уг тээврийн хэрэгслийг хамтын хүч хөдөлмөрийн оролцоогоор ээжийн цалингийн зээл болон миний цалингийн орлого зэргийг нийлүүлж байж худалдаж авсан. Ахыг нас барснаас хойш уг машиныг худалдаж авахад зориулсан цалингийн зээлийг ээж бид 2 өвдөж шаналж байсан ч гэсэн гүрийж байж уг машины зээлийн төлбөрийг төлж дуусгасан. Маргааны зүйл болоод байгаа тээврийн хэрэгсэл нь дан ганц талийгаач ахын минь эд хөрөнгө гэж анхан шатны шүүх үзэж байгаа бол ямар үндэслэлээр хуваарьт хөрөнгө гэж үзсэн эсэхэд дүгнэлт хийх ёстой боловч хийгээгүй. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээн дээрх нэр хэдийгээр талийгаач ахын минь нэр дээр бүртгэлтэй байгаа боловч уг тээврийн хэрэгслийг ах бид хоёр дундаа хамтран эзэмшиж, ашиглаж байхаар жолоочийн эрсдэл буюу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулж хамтдаа унаж, эзэмшиж байсан юм. Мөн уг баримт дээрх тээврийн хэрэгслийн эзэмшигчийн оршин суух хаягийн бүртгэл зэргээс харахад ч гэсэн тээврийн хэрэгсэл манай гэр бүлийн дундын эд хөрөнгө гэдэг нь нотлогдоно. Шүүх тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх эзэмшигчийн нэр******* гэж бүртгэгдсэн байгаа учир түүний хуваарьт хөрөнгө гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хуульд гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан. Эцэг, эх маань гэр бүл болж хамтран амьдарсан хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд манай гэр бүлд бий болсон хөрөнгө бол гэр бүлийн гишүүдийн дундын өмч хөрөнгө гэж ойлгож байгаа. Мөн гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө бол мөн гэр бүлийн дундын өмч мөн гэж заасан байна. Бидний гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулж бий болгосон гэр бүлийн дундын эд хөрөнгийг гэр бүлийн нийт гишүүд адил тэнцүү хэмжээгээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй. Харин гэр бүлийн дундын эд хөрөнгөөс талийгаач ахад минь ногдох хөрөнгөнөөс хууль ёсны 2 өв залгамжлагчид ногдох хувийг хуваарилж, гэр бүлийн бусад гишүүдэд ногдох дундын эд хөрөнгийн хувийг үлдээж бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрлэж болох боломжтой байсан боловч анхан шатны шүүх гэр бүлийн бусад гишүүдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-08-09-ний өдрийн 155/ШШ2021/00844 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хянаж хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Үүнд: Гэр бүлийн тухай хуульд Гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэр бүл гэж тодорхойлж өгсөн байгааг анхаарч үзээгүй.******* миний хувьд талийгаач нөхөртэйгөө гэр бүл болж амьдарсан цаг хугацаанаас хойш бидний гэрлэлтийн үр дүнд буй болсон талийгаач хүү*******,*******, зээ охин Энэрэл нар нь эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээрээ холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд гэж би үзэж байна. Гэтэл шүүх маргааны зүйл болоод байгаа тээврийн хэрэгслийг гэр бүлийн бусад гишүүний олсон орлогоор авч шинэчилсэн үйл баримт тогтоогдохгүй байна гэж ойлгомжгүй дүгнэлт хийж, гэр бүлийн бусад гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулж шийдвэрлэлээ. Манай гэр бүлийн хувьд уг тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн хамтын хүч хөдөлмөрийн оролцоогоор, миний болон охин Батцэцэгийн цалингийн орлогоор бий болгосон хөрөнгө. Би хүүгээ нас барснаас хойш машин авах гэж зориулж авсан цалингийн зээлээ төлж дуусгах гэж сэтгэл санааны маш хүнд нөхцөл байдалд ажиллаж байж төлж дуусгасан.

Маргааны зүйл болоод байгаа тээврийн хэрэгсэл нь дан ганц талийгч хүүгийн минь эд хөрөнгө гэж анхан шатны шүүх үзэж байгаа бол ямар үндэслэлээр хуваарьт хөрөнгө гэж үзсэн эсэхэд дүгнэлт хийх ёстой боловч хийгээгүй. Шүүх тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээн дээрх нэрийн бүртгэлийг үндэслэж хуваарьт хөрөнгө гэж шууд дүгнэдэг. Хэдийгээр талийгаач хүүгийн минь нэр дээр бүртгэлтэй байгаа боловч уг тээврийн хэрэгслийг ах, дүү хоёр дундаа хамтран унаж эзэмшиж, ашиглаж байхаар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулж эзэмшиж байсан нотлох баримт, уг баримт дээрх эзэмшигчийн хаягийн бүртгэл зэргийг шүүх анхаарч үнэлсэнгүй... Бидний гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулж бий болгосон гэр бүлийн дундын эд хөрөнгийг гэр бүлийн нийт гишүүд адил тэнцүү хэмжээгээр эзэмшиж ашиглаж захиран зарцуулах эрхтэй. Харин гэр бүлийн дундын эд хөрөнгөөс талийгаач хүүд минь ногдох хөрөнгөнөөс хууль ёсны 2 өв залгамжлагч нарт ногдох хувийг хуваарилахад би маргахгүй. Харин гэр бүлийн бусад гишүүдэд ногдох дундын эд хөрөнгийн хувийг гэр бүлийн бусад гишүүдэд үлдээж тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрлэж болох боломжтой байсан боловч анхан шатны шүүх гэр бүлийн бусад гишүүдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироож, гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх №0045 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж өвлөх эрхтэй гэж шүүх үндэслэж байгаа боловч хуулийн холбогдох заалтаас үзэхэд Одонгоогийн хувьд хуульд заасан хугацаанд өвийг хүлээн авсан гэж үзэхээргүй байгааг мөн анхаарч үзээгүй.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2021/00844 дугаартай шийдвэрийг бүхэлд хянаж хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэж хүсч давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан Тоёота Приус-20 маркийн 9666 ХӨҮ улсын дугаартай, NHW203002927 арлын дугаартай тээврийн хэрэгсэл гаргуулах, мөн тус машины торгуульд төлсөн 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч Э.Батцэцэгээс*******д ногдох 4,750,000 төгрөг, машины торгуульд төлсөн 400,000 төгрөг, нийт 5,150,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгажээ.

Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан Тоёота приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, талийгаач хүү*******ын хууль ёсны өв залгамжлагч******* надад өвлөгдвөл зохих хөрөнгөөс ногдох хувь болох 750,000 /долоон зуун тавь мянга/ төгрөгийг өв залгамжлуулан гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар 528.2, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан хариуцагч*******ээс 5,150,000 /таван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Бие даасан гуравдагч этгээдийн шаардлагаас *******гоос 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, гуравдагч этгээд*******д олгож, гуравдагч этгээд Д.Аюурзанийн 6,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй ба доорх алдаа зөрчил гаргасан гэж дүгнэв. Үүнд:

1/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр гэж нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор зохицуулсан ба нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг гаргуулах талаар нэхэмжлэхдээ дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д нэхэмжлэлийн үнэ тусгагдсан байх хуулийн шаардлагыг хангаагүй, улсын тэмдэгтийн хураамжид 149,350 төгрөг төлсөн ба хэдэн төгрөгийн үнийн дүнд төлсөн болох нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчжээ.

2/ Шүүх өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг тооцож шийдвэрлэхдээ маргаж буй тухайн эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгоогүй, автотээврийн хэрэгслийн үнийг 8 сая, 6 сая төгрөг гэж өөр, өөр байдлаар тодорхойлсон, үнэлгээг хэрхэн тооцож гаргасан нь ойлгомжгүй.

3/ Нотлох баримтаар гаргаж өгсөн TOYOTA Prius цагаан 2004 хавтаст хэргийн 12 тал, TOYOTA Prius цагаан 1994 он гэж хавтаст хэргийн 16 хуудасны ар талд Өвлөх эрхийн гэрчилгээнд авто машины он өөр өөр зөрүүтэй бичигдсэн,

Мөн хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан Өвлөх эрхийн №45 бүртгэлийн дугаартай гэрчилгээнд өвлөгчид оногдох хэсэгт 100 хувь гэсэн байтал тухайн TOYOTA Prius маркийн ХӨҮ-9655 улсын дугаартай авто машины эзэмшигч нь Энхбаярын Батцэцэг-ийн нэр дээр бүртгэлтэй болох нь хавтаст хэргийн 16, 112 дугаар талд авагдсан албан бичиг, шүүх талийгаач Сүхбатын төрсөн охин С.Амин-Эрдэнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэгдүгээр ээлжинд өвлөх хууль ёсны өв залгамжлагч гэж дүгнэж тухайн эд хөрөнгөнөөс ногдох хувь 4,750,000 төгрөг гаргаж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрт тухайн TOYOTA Prius маркийн авто машиныг хэний өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн нь тодорхойгүй,

4/ Гуравдагч этгээдийн TOYOTA Prius маркийн авто машин-ыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан дээрх шаардлагад шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж *******гоос 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд*******-д олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, дээрх баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөөгүй байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхаас гадна холбогдох хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн нотлох баримт, нөхцөл байдлын талаар бүрэн, бодитой дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй гэж үзнэ.

Хариуцагч*******ийн давж заалдах гомдолд: ....шүүхийн шийдвэрийн үндэслэлд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.6- д заасан үндэслэл гэж дурдсан байгаа боловч тухайн хуульд 126.6 гэх заалт байхгүй гэж дурдсан гомдол үндэслэлтэй /хх-ийн 151 тал/.

иймд 1.6.000.000 сая төгрөгийн үнэ бүхий гэж тооны орон алдсан /хх-ийн 144 тал/,

С.Амин-Эрдэнэ, Э.Амин-Эрдэнэ гэж овгийн эхний үсгийг өөр өөр байдлаар бичсэн алдаа зөрчил /хх-ийн 148, 149 тал/ байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ талаар гаргасан хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хариуцагч*******ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,350 /ерэн долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Аюурзанын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд******* нарын давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2021/00844 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,350 /ерэн долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Аюурзанын 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                               Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ