Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 137/ШШ2025/00332

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч  Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 19,667,950.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С дүүрэг, .. төв байр, .. тоотод оршин суух, Х  банк ХК /ХХД:.., РД:.., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х Банк нь 2024 оны 09 дүгээр сарын 11 -ны өдөр Г  Б-тай 1390089452 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 24,518,408 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Тодруулбал, Х Банк нь зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зээлдэгч зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон. Зээлийг олгосноос хойш 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч зээлийн үндсэн төлбөрт 5,720,961.82 /Таван сая долоон зуун хорин мянга есөн зуун жаран нэгэн төгрөг 82 мөнгө, хүүгийн төлбөрт 2,325,911.97, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,542.17 төлсөн. Хариуцагч нь 2025 оны 05 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж Х  Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 61 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд: 1390089452 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 1390089452 дугаартай Зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн үндсэн зээлийн төлбөр 18,797,446.18 төгрөг, зээлийн хүү 859,974.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,529.49 төгрөг, нийт 19,667,950.53 хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 19,667,950.53 төгрөгөөс тооцож 256,290 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн болно гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, М  овогт Г-ийн Б  /РД: .., утас: ../ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Б  миний бие нэхэмжлэгч Х  банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Х  банк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 19,667,950.53 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 19,667,950.53 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний үүрэгт 19,667,950.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д зээлийн гэрээний үүрэг 19,667,950.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,886 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 89,943 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 89,943 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч Г.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.Б