Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 225/МА2021/00027

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 225/МА2021/00027

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 155/2021/00864 дүгээр шийдвэртэй,

*******ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох, Хөвсгөл аймгийн засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Аймгийн засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,*******, нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд жижүүрээр томилогдон ажиллаж байгаад, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд жолоочоор томилогдон, аймгийн Засаг даргын жолоочоор ажиллаж байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ариунбат нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, уг өдөр би өөрийн хариуцан ажиллаж байсан аймгийн Засаг даргын ХӨА 00-01 улсын дугаартай, Тоёота ланд крүйсэр маркийн автомашиныг ажил хүлээлцэх комисст тухайн өдөртөө хүлээлгэн өгсөн. Миний бие улсад 22 жил ажилласан ба албан ёсны ээлжийн амралт 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, хуулийн дагуу би ажлын 18 хоног амарч дуусаад байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ариунбат нь Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах, төрийн үйлчилгээний бусад албан тушаалын орон тоог тогтоох тухай А/194 дүгээр захирамжийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасан үндэслэлээр 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудас гардуулан өгсөн. Үүнийгээ албаны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулан таныг үүрэг ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж байна гэсэн байдаг. Аймгийн Засаг даргын 2021 оны А/194 дүгээр захирамж нь Нийтлэг үйлчилгээний албаны 31 орон тоотой байсан бүтцийг доторх зарим нэг албан тушаалыг өөрчилж, шинээр орон тоо нэмэгдүүлж буцаагаад 31 орон тоогоор баталсан хууль бус шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт: Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байргүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаад ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж тус тус заасан ба хасах болон цөөрүүлэх тохиолдолд өмнө байсан албан тушаалын тоо тэр хэмжээгээр багассан байхыг ойлгоно. Гэтэл Нийтлэг үйлчилгээний албаны орон тоо 31-ээр ажиллаж байсан, шинээр батлахдаа 31-ээр баталсан. Үүнд багассан ямар ч өөрчлөлт байхгүй төдийгүй захирамжийн үндэслэх хэсэгт заасан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолыг зөрчиж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх тухай огт бодохгүй, төсвийн ачааллыг багасгах, хэмнэх зарчмыг баримтлалгүй, тооцоо судалгаагүйгээр шийдвэр гаргаж, эрх ашиг сонирхол хөндөгдөж буй этгээдийг оролцуулан сонсох ажиллагаа явуулалгүй хууль тогтоомжийг зөрчин зөвхөн өөрийн тойрон хүрээлэгчдээ ажлын байраар хангах зорилго агуулж ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргаж, түүнийгээ үндэслэн үндсэн ажилтанг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Иймд хууль тогтоомж зөрчсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ариунбатын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, ******* намайг урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны Засаг даргын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ариунбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.3-д төрийн болон орон нутгийн тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх талаар төсвийн захирагч нарт даалгасан байдаг. Тус тогтоолын хүрээнд гарсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Аймгийн засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний бусад албан тушаалын тогтоох тухай А/194 дүгээр захирамжаар Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоо урьд 5 байсныг цөөрүүлж, 3 орон тоотой байхаар тогтоосон. Учир нь Аймгийн Засаг даргын тамгын газар нь албаны хэрэгцээнд ашигладаг байгууллагын 2 автомашинтай, аймгийн Засаг даргын орлогчид албаны автомашин хүрэлцдэггүй тул хувийн автомашиныг нь албаны хэрэгцээнд ашигладаг бөгөөд нийт 3 автомашин жолоодох 3 жолооч ажиллах хэрэгцээ, шаардлага байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газрын жолооч нар нь ээлжийн ажилд гардаггүй, ажлын хэвийн горимоор ажилладаг тул нэмэлтээр жолооч ажиллах шаардлага үүсдэггүй тул төсвийн хэмнэлт хийх, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгах үүднээс жолоочийн 2 орон тоог цөөрүүлж шийдвэрлэсэн. *******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасны дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулан өгсөн. Мөн ээлжийн амралтын тооцоог бүрэн хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон болно.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны Б/55 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан, *******ын хөдөлмөрийн гэрээг цуцлах үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин,******* нар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны Засгийн газрын 43 дугаар тогтоолоор бүх төрийн байгууллагуудын төсвийн захирагч нарт байгууллагын хэмжээнд ажил, үүргийн давхардлыг арилгах, бүтэц, орон тоог оновчтой тодорхойлох, төсөвт зардлыг хэмнэх чиг үүргийг өгсөн. Үүний дагуу бүтэц, зохион байгуулалтад анализ хийн Засаг даргын Тамгын газар нь 3 автомашинтай байхад 5 жолоочийн хэрэгцээ, шаардлага байхгүй гэж үзсэн. 2 жолооч нь өглөө, орой цагаа бүртгүүлээд тардаг байсан. *******ыг орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Орон тоо цөөрүүлсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тодорхой ажиллагаа хийгддэг. Бид зохих ажиллагааг гүйцэтгэсэн. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан. Уг заалтын агуулгаас хууль хэрэглээг оновчтой хийсэн нь харагдана. ... Орон тоо цөөрүүлсэн нөхцөл байдлын хувьд зайлшгүй ажлын чиг, үүргийн давхардлыг арилгаж, ачааллыг тэнцвэржүүлэх тал дээр зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай болсон. ...Бүтэц, орон тооны өөрчлөлт хийхдээ нэхэмжлэгч *******ад мэдэгдэж, тодорхой хэмжээний тэтгэлгийг олгох талаар хэлж байхад ямар ч тайлбарыг хэлээгүй. Ажлын байр санал болгоход хүлээж аваагүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 155/2021/00864 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул *******ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Аймгийн засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэргийн оролцогчийн эрх тэгш байдлыг илэрхий зөрчсөн байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шийдвэрт заахдаа ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан, цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй, ажилтнуудтай харьцуулан ялгаварлан гадуурхалт хийгээгүй гэдгээ нотлох үүргийг хуулиар ажил олгогчид ногдуулаагүй болно. Иймд нэхэмжлэгч *******ын Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв... гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...Ажил олгогч нь гаргасан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримталсан. Энэ заалтад орон тоо цомхтгосон, эсхүл орон тоо цөөрүүлсэн, эсхүл салбар нэгж татан буугдсан... үндэслэл байдаг. Яг аль үндэслэл, заалтаар нь жолооч *******ыг ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй. Шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хурал дээр ажилтны тоог цөөрүүлсэн гэж тайлбарлаж байна. Энэ нь тэр тушаалд тусгагдаагүй байхад анхан шатны шүүхийн шүүгч нь... үндэслэлээ тодорхой заасан байна гэж үзсэн нь хууль бус байна.

3.Ажил олгогч нь ажилтны тоог цөөрүүлсэн 5 жолоочоос жолооч *******ыг хэрхэн яаж сонгож чөлөөлөөд байгаагаа нотолж чадахгүй, тайлбарлаж мэдэхгүй байхад дан ганц нэхэмжлэгчийг хууль зөрчсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээр буруутгасан илтэд ойлгомжгүй байна.

4.Хэргийн оролцогчийн хэн аль нь хууль болон шүүхийн өмнө үнэн зөв тайлбар гаргах үүрэг хүлээж, эрх тэгш байх ёстой атал хариуцагч талаас татгалзлаа нотолж чадахгүй, үүргээ хэрэгжүүлээгүйг шүүхээс зөвтгөж, ...нотлох үүргийг хуулиар ажил олгогчид ногдуулаагүй болно ...гэсэн нь шүүх эрх мэдлийг хуулиас дээгүүр тавьж ажил олгогч талд тал засч хууль зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 865 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ариунбат давж заалдах гомдолд холбогдуулж ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны А/194 дүгээр захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд тус бүтцээр жолоочийн орон тоо 5 байсныг 3 болгож цөөрүүлсэн байдаг. Тус захирамжийн хүрээнд Нийтлэг үйлчилгээний албаны жолооч Энх-Амгалангийн Мөнхбатыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажилтанд 1 сарын өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэхээр заасны дагуу жолооч *******ад 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэл өгч, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон.

...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ажлаас чөлөөлөх тушаал ямар үндэслэлээр гарсан нь тодорхой бус, хариуцагч талаас татгалзлаа нотолж чадаагүй зэрэг үндэслэл дурдсан нь үндэслэлгүй бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/55 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан, аймгийн Засаг даргын Тамгын газраас татгалзлаа нотлох баримт, тайлбарыг бүрэн гаргаж өгсөн болно.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Аймгийн засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны засаг даргын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин,******* нар бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *******ын хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Аймгийн засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны засаг даргын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэгт цугларсан, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу ...тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэх хуулийн зохицуулалттай бөгөөд шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тасалдлын талаар оновчтой дүгнэлт хийж, дээрх хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй.

Хугацааны талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Ажил олгогч Б/55 дугаар бүхий ажлаас чөлөөлсөн тушаалдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/194 дугаар захирамж-ийг тус тус үндэслэж ажилтанг ажлаас халжээ /хх-ийн 5 тал/.

Хуульд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байхаар заасан ба ажил олгогч тушаалдаа холбогдох хуулийн зохицуулалт, заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримталж тушаал гаргасныг буруутгах, тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийн хавсралтад 7. Жолооч-5 буюу нийтлэг үйлчилгээний албаны орон тоог бүгд 32 тоотой байхаар баталсан /хх-ийн 131-132 тал/.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/194 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны бүтэц орон тоонд жолооч 3 буюу төрийн үйлчилгээний албан тушаалын орон тоо нийлээд бүгд 31 орон тоотойгоор /хх-ийн 6-8 тал/ шинэчлэн баталснаас үзвэл жолооч 5 байсныг 3 болгож орон тоог цөөрүүлсэн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд энэ хуулийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг ажил олгогч хуулиар хүлээсэн. Ажил олгогч дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч *******ад 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн, түүнийг хүлээн авсан болох нь нэхэмжлэлд дурдсанаар нотлогдож байна /хх-ийн 1, 12 тал/.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.1-т... заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан, хавтас хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан 2021 оны 05 дугаар сарын Цалин олгох хүснэгт-ийг үзэхэд жолооч *******ад ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж 569,585 төгрөг олгосон байгаа нь дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ....нийтлэг үйлчилгээний албаны орон тоо 31 байсан ба буцаагаад 31 орон тоотой байгаа нь хууль зөрчиж байгаа юм.... гэж тайлбарлаж байх хэдий ч нийтлэг үйлчилгээний албаны орон тоо 2019 онд жолооч-5 буюу нийт 32 байсныг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны А/194 дугаартай захирамжаар жолооч 3 буюу нийт 31 байхаар тогтоосон нь нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгэж байна.

Нэхэмжлэгч ******* нь ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль тогтоомж зөрчсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ....ажил олгогч нь гаргасан тушаалдаа орон тоо цомхтгосон, эсхүл орон тоо цөөрүүлсэн, эсхүл салбар нэгж татан буугдсан... үндэслэл байдаг. Яг аль үндэслэл заалтаар нь жолооч *******ыг ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй.... гэх агуулга бүхий давж заалдах гомдол нь дээр дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж  заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх заалтад хамаарах тул давж заалдах журмаар гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 155/2021/00864 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

.