Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/499

 

 

 

 

     2024           04            30                                       2024/ДШМ/499

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Намжилын бичсэн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2305028932570 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            Б-,

 

Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стелла” шөнийн цэнгээний газрын урд талд С.Б-гийн зүүж явсан 19.2 грамм жинтэй алтан гинжийг бусадтай ноцолдох үед газар унасан байсныг нь авч, бусдын эзэмшлийн эд зүйл болохыг мэдсээр байж завшсаны улмаас 4.608.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-оос нийт 4.608.000 /дөрвөн сая зургаан зуун найман мянга/ төгрөг гаргуулан хохирогч С.Б-д олгож шийдвэрлэжээ.

Прокурор Г.Намжил бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б- нь 4.608.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байхад шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “...нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал...” гэж дүгнэлт хийж 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус хуульчилсан ба хохирогчийн хувьд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх сэргээгдээгүй, хохирол нөхөн төлөгдөөгүй, тэрээр хөдөлмөр эрхлэлт болон цалин, хөлс түүнтэй адилтгах орлого олдог талаар мөрдөн шалгах болон шүүхийн шатанд нотлох баримт гаргаж өгөөгүй байхад торгох ялыг сонгон оногдуулсан нь эрүүгийн хариуцлага тохироогүй гэж үзсэн.

Мөн шүүх улсын яллагчаас гаргасан “...гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох...” санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж зохицуулсан байхад улсын яллагчийн саналыг хүлээн аваагүй нь дээрх зохицуулалтад нийцээгүй ба шүүгдэгч Б.Б- нь гэмт хэргийн замаар авсан эд зүйлсийг бусдад 1.500.000 төгрөгөөр худалдаж, өөртөө захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шүүгдэгчид оногдуулсан ял тохироогүй, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглээгүй нь хуульд нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стелла” шөнийн цэнгээний газрын урд талд С.Б-гийн зүүж явсан 19.2 грамм жинтэй алтан гинжийг бусадтай ноцолдох үед газар унасан байсныг нь авч, бусдын эзэмшлийн эд зүйл болохыг мэдсээр байж завшиж 4.608.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Б-гийн “...зодолдож байх үед нэг үл таних эмэгтэй миний хойноос татаад тэр хооронд хүзүүнд байсан 20 граммын алтан гинж алга болчихсон. ...Тухайн газрын камерын бичлэгийг шалгахад нэг залуу миний гинжийг авч байгаа харагдахаар нь утсан дээрээ бичлэгийг хуулж авсан. ...” /хх 12/,

Б.Б-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...газарт алтан гинж, гар утас хоёр байхаар нь авсан. ...нөгөө ахад би гар утсыг нь гаргаж өгөөд алтан гинжийг нь өгөөгүй. Би facebook-ээр ...алтан гинжийг 2.100.000 төгрөгөөр зарсан. ...Тухайн гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. ...” /хх 16, 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...хөх өнгийн куртиктэй залуу хар өнгийн өмдтэй хүний унагаасан эд зүйл дээр очин тонгойн авч халааслаад ...дахин тонгойн үл мэдэгдэх зүйлийг аван халаасандаа хийж харагдана. ...” гэх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-22/,

алдсан эд зүйлийн үнэлгээ /хх 25-27/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

         

             Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Б- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

         

             Шүүгдэгч Б.Б-ын хохирогч С.Б-гийн зүүж явсан алтан гинжийг бусадтай ноцолдох үед газар унасан байсныг нь авч, завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

           

            Прокурор Г.Намжил “...шүүгдэгч Б.Б- нь хохирол нөхөн төлөөгүй, ажил хийж цалин, хөлс авдаг эсэх нь тодорхойгүй байхад торгох ял оногдуулсан нь тохироогүй, ... гэмт хэрэг үйлдэж олсон 1.500.000 төгрөгийг улсын орлого болгоогүй. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул ял шийтгэл тохироогүй гэх прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн эсэхийг үл харгалзан гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураан авч, улсын төсөвт шилжүүлэхээр талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заажээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого болох 1.500.000 төгрөгийг гаргуулаагүй байх тул шүүгдэгч Б.Б-оос 1.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, прокурор Г.Намжилын бичсэн эсэргүүцлийн “...гэмт хэргийн улмаас олсон 1.500.000 төгрөгийг улсын орлого болгох...”-той холбоотой хэсгийг хүлээн авч, “...ял шийтгэх тохироогүй...” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын гэмт хэргийн улмаас олсон 1.500.000 /нэг сая таван зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН