Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01534

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01534

 

Г.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01380 дугаар шийдвэртэй

Г.У-ын нэхэмжлэлтэй хариуцагч Г ХХК-д холбогдох

2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2019 дугаартай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 26 730 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэмэлт ажлын хөлс 8 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Г ХХК-тай Зөвлөх үйлчилгээний гэрээ-г 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр байгуулан уг гэрээний дагуу хариуцагч миний охин Г.Алтанзаяад сургалтын үйлчилгээ үзүүлэх ажил гүйцэтгэх, миний зүгээс уг үйлчилгээний төлбөрт 10 000 ам.доллар төлөхөөр тохиролцсон. Би 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Г ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкан дахь ам.долларын 470028204 тоот дансанд тухайн өдрийн ам.долларын ханшаар тооцон 26 730 000 төгрөгийг шилжүүлсэн. Тус гэрээний дагуу миний охин Г.Алтанзаяа нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл АНУ-аас ирсэн Стэнфордын их сургуулийн магистр Эми Томассо багшаар 7 хоногийн 5 өдөр, өдөр бүр 1 цаг 30 минутаар хичээл заалгахаар тохиролцсон байсан. Хариуцагч тал сургалтын үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэхдээ миний охинд хичээл заах багшийг Эми Томассо гэж тохиролцсон. Миний охины хичээл нь гэрээнд заасан хугацаанаас хоцорч 9 дүгээр сарын 9-ний өдөр эхэлсэн боловч 7 хоногийн 2 өдөр нь 2 удаа хичээл орж байсан ба ийм байдлаар 11 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилсэн. Хэдийгээр гэрээний зөвлөх тал нь хоцрогдуулсан хичээлийг 3 хоногийн дотор нөхөж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй байж байгаад Эми Томассо багш нь нутаг руугаа буцсан байсан. Миний охинд 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 42 цагийн хичээл орсон. Би Г-ийн захирал Б.Даваасүрэнгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, манай тал гэрээгээр тохирсон 127 цагийн сургалтын үйлчилгээгээ авч чадаагүй тул Эми Томасса багшаас авсан 42 цагийн хичээлийн төлбөрөө суутгуулаад үлдэгдэл мөнгөө буцаан авах талаар удаа дараа хэлсэн боловч татгалзсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл Г ХХК нь сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй Боловсролын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудыг тус тус зөрчиж надтай гэрээ байгуулсан байна. Мөн гэрээний нийт үнэ 10 000 ам.доллар гэж тохиролцсон боловч гэрээнд сарын 10 000 ам.доллар гэж бичсэн байна. Иймд хууль зөрчиж хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 01/2019 тоот Зөвлөх үйлчилгээний гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хэлцлийн дагуу шилжүүлсэн 26 730 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г ХХК-ийн захирал Б.Даваасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь иргэн Г.Алтанзаяагийн ээж Г.Утай 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээний хүрээнд бид гэрээнд дурдсан сургалт болох SAT шалгалтад бэлтгэх, TOEFL шалгалтад бэлтгэх, Коллежед орох эсээ (өөрийн сургуульд орохыг хүссэн өргөдөл) бичих, шүүмжит сэтгэлгээгээр бичих чадварт суралцах, Коллежийн аппликейшн процесс хийх ажлуудад зөвлөгөө үзүүлэхээр тохиролцсон. Гйн хувьд иргэн Г.Алтанзаяад гэрээний дагуу бүх үйлчилгээг үзүүлсэн гэж үзэж байгаа. Хамгийн нэн түрүүнд бид 2015 оноос хойш хүүхдүүдэд гадна сургуульд ороход нь тусгайлан зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд зөвлөх үйлчилгээ гэдэг нь зөвхөн шаардагдах шалгалтад бэлдэх төдийхнөөр хязгаарлагддаггүй болно. 2020 оны байдлаар бидний бэлтгэсэн сурагчид Стэнфордын Их Сургуулиас 100 хувийн тэтгэлэгтэйгээр тэнцсэн, Бостон Их Сургууль, Нью-Йорк Их Сургууль, Майсоны Их Сургууль, Кенон коллеж, Оберлин коллеж зэрэг өөрсдийн хүссэн сургуульдаа тэнцээд байна. Энэ нь бидний зөвлөх үйлчилгээний нэгээхэн үр шим юм. Иргэн Г.У өөрийн найз Б.Оюунаар дамжуулан надтай танилцаж охинд нь тусгайлан зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хүссэн. Тэр үед би Г.Уд хүүхэд гуравхан сарын дотор хүссэн үр дүнгээ гаргах магадлал багатай тул манай үйлчилгээг авах гэсний хэрэггүй гэж маш сайн тайлбарласан. Тухайн үед Стэнфордын багш, Стэнфордын шилдэг төгсөгчдийн нэг Эйми Томассо Лов багшийг Монголд ирж ажиллахыг зөвшөөрүүлсэн байсан юм. Тиймээс энэхүү гэрээ нь зөвхөн цагаар сургалт хийх гэрээ биш бөгөөд цогц зөвлөх үйлчилгээний гэрээ гэдэг нь хамгийн чухал юм. Цогц үйлчилгээний хүрээнд бид шалгалтад бэлтгэхээс гадна дараах ажлуудыг удирдан зохион байгуулсан болно. Гэрээний 1.2-д заасны дагуу тус гэрээ нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ын өдөр хүртэл хүчин төгөлдөр байна гэж заасан ба бид тус хугацаанд гэрээний дагуу ажил үүргээ бүрэн хийж гүйцэтгэсэн болно. Бид гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэж тавьсан нь зөвхөн Эйми Томас Лов багшаас авах хичээлийн цагтай уялдуулж тавиагүй бөгөөд харин АНУ-ын Их Сургуулиудруу хүсэлтээ илгээх сүүлийн хугацааг тооцож харилцан тохиролцсон болно. Гэрээнд заасны дагуу Г.Алтанзаяа TOEFL шалгалт дээрээ 88 оноо, SAT шалгалт дээрээ 1050 оноо авсан болно. Энэ нь оногдсон хугацаанд тохирсон үр дүн бөгөөд үүнээс илүү байх боломжгүй, хэт өндөр хүлээлт тавих хэрэггүй гэдгийг би Г.Утай анх уулзсан үедээ маш сайн анхааруулан хэлж байсан болно. Бид иргэн Г.Алтанзаяагын нөхцөл байдлыг үнэлээд боломжийн сургалтын чанартай сургуулиудыг санал болгосон боловч Г.Алтанзаяа өөрөө заавал шилдэг 20 сургуулийн нэгд ормоор байгаа тухайгаа хүслээ хэлж байсан. Мөн Алтанзаяа нь яг ямар чиглэлээр сурахаа шийдээгүй, санаагаа маш их өөрчилж байсан нь бидний зүгээс нэг хүүхдэд зарцуулдаг цагаас илүү цаг зарцуулж байсан. АНУ-ын ямар ч их сургуульд элсэн ороход тухайн сургуульд Би яагаад тохирох тухайгаа бичсэн өргөдөл буюу Эссэ хамгийн чухал байдаг. Г.Алтанзаяагийн хүссэн сургуулиуд томоохон сургуулиуд байсан учир зөвхөн нэг Эсээ-гээр тогтохгүй маш олон дэмжих эсээ бичих шаардлагатай байдаг. Г.Алтанзаяа нь сургалтын хугацаандаа бидний тусгайлан зарласан 10 хүүхдээс бүрдсэн Шүүмжит сэтгэлгээгээр бичих хичээл-д хамрагдсан болно. Эссэ маш чухал үүрэг гүйцэтгэдгийн адил тухайн хүүхэд нийгэмдээ хэрхэн үйлчилж, бусдын төлөө томоохон үйлдэл хийсэн байх нь маш чухал байдаг. Үүний хүрээнд бид Г.Аптанзаяа ямар төрлийн нийгмийн ажил хийж байсан бэ? гэх асуулгад дорвитой хийсэн зүйл байгаагүй тул бид оногдсон цаг хугацаанд дэлхийд нэр хүндтэй Өсвөр насны сурагчдын цаг уурын өөрчлөлтийн эсрэг тайван жагсдаг цуглаан-ыг зөвхөн Г.Алтанзаяад зориулж мэргэжлийн өндөр төвшинд, яг тус мэргэжлээр Швейцарт төгсөөд ирсэн хүнээр ахлуулж маш амжилттай зохион байгуулж өгсөн. Энэ ажлын хүрээнд бид Г.Алтанзаяаг энэхүү хөдөлгөөнийг Монголд анхлан, санаачлан зохион байгуулж байгаа хүүхдээр нэрлэсэн. Талбай дээр бүтэн бичлэг хийж өгсөн. Телевизэд ярилцлага өгөх үерх бүх үгийг бэлтгэж өгсөн. Мөн бичлэгийг авсан. Нийслэлийн засаг даргын тамгын газраас жагсаал зохион байгуулахад холбогдох бүх зөвшөөрлийг авсан. Цагдаагийн Ерөнхий газраас жагсаал зохион байгуулахад холбогдох зөвшөөрлийг авсан. Хүүхдүүд барьж зогсох баннер дарцгийг бүтээлч байдлаар бэлдүүлэх ажлыг оффис дээрээ зохион байгуулсан. Жагсаал зохион байгуулахад шаардагдах тоног төхөөрөмжийг авчирсан. Жагсаалыг утга учиртай, хүчтэй болгох үүднээс БОАЖЯ, НҮБ-ын ногоон хөгжлийн газар, Улсын Их Хурлын гишүүдийн төлөөллийг урьж оролцуулж, ярилцлага авч, орчин үеийн хүүхдүүд ямар мундаг болж байгаа талаар, ямар шинэлэг зүйл хийж байгаа талаар ярилцлага авч баталгаажуулсан. Бидний энэхүү ажлыг БОАЖЯ-ны Ногоон Паспорт төсөл магтан сайшааж мэдээлэл гаргасан байсан. Энэ бүгдийг Г.Алтанзаяа ашиглаад сургуульдаа өргөдлөө өгсөн бол ямар үр дүн өдийд -аргасан байхыг бид таашгүй байна. Г.У-ын хүсэлтийн дагуу бид аль болох Эйми багшийг Г.Алтанзаяатай олон цагийг өнгөрүүлж, сурах чиглэлээ олох, сургуулиа сонгох, мөн АНУ-д очоод хэрхэн амжилттай суралцах, хэрхэн эрүүл саруул байдал болон сургалтын балансаа барих зэрэг маш олон практик зөвлөмжийг өгч байсан. Мөн бид Г.У-ын хүсэлтээр Г.Алтанзаяагийн сургууль болох О сургууль дээр очиж ахлах ангийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй яриа хийж, зөвлөгөө өгч, Эйми багш өөрийн бодит туршлагаа харамгүй хуваалцсан. Сургуулиас чөлөө авсан нэг жил хийх үйл ажиллагааны төлөвлөгөө бид үйл ажиллагааг бүгдийг зохион байгуулж, бэлтгэж өгсөн боловч Г.Алтанзаяа нэг жилийн чөлөө авч, заавал шилдэг арван сургуулийн нэгт орно хэмээн шийдвэрийг гаргасан болно. Бид тухайн шийдвэрийг хүндэтгэн үзэж чөлөөтэй байх нэг жилийн төлөвлөгөөг зөвхөн Г.Алтанзаяад зориулан бэлдэж өгсөн. Хэдий тийм боловч Г.Алтанзаяа тухайн төлөвлөгөөг огт хийгээгүй бөгөөд хэд хэдэн удаа би өөрөө биечлэн уулзаж, асууж, тодруулсан боловч гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад МУИС-д нэг жил сурахаар болсон гэдгээ хэлснээс хойш би дахин төлөвлөгөөний талаар дурдаж, дахин сайжруулалт хийгээгүй болно. Г.Алтанзаяа органик гоо сайхан, бүтээгдэхүүн сайжруулалт хийх чиглэлээр мэргэжлээ сонгох магадлалтай гэж үзэж байсан тул бид Г.Алтанзаяаг Монголдоо болон бусад улс оронд бүтээгдэхүүнээ экспортлон гаргаж байгаа гэдэг утгаар нь Лхамур ХХК-д ажиллахыг санал болгож, миний бие өөрөө биечлэн зуучилж өгсөн байдаг. Г.У-ын нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь ямар ч үндэслэлгүй гэдгийг бид дээрхи тайлбар дээр тулгуурлан доорх хүснэгтээр илэрхийлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г ХХК-ийн төлөөлөгч Б.Даваасүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 01/2019 тоот Зөвлөх үйлчилгээний гэрээ буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Бид гэрээний үүргээ буюу суралцагч Г.Алтанзаяад мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээг чанартай үзүүлэх үүргээ маш богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн. Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд суралцагч Г.Алтанзаяа нь TOEFL шалгалт дээрээ 88 оноо, SAT шалгалт дээрээ 1050 оноо авсан бөгөөд Г.Алтанзаяа болон Г ХХК нарын хооронд байгуулсан гэрээ бүхэлдээ биелэгдэж ганцхан онлайнаар суралцагчийн сонгосон сургууль руу анкет бөглөж явуулах л үлдсэн байсан. Харин суралцагч нь өөрөө АНУ-д сурах бус БНСУ-руу суралцахыг илүүд үзсэн юм. Энэхүү суралцагчийн сонголтод Г ХХК-г буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Г ХХК нь гэрээгээр тохирсон үйл ажиллагаанаас гадна түүнд нэмэлтээр Нэг жилийн чөлөөтэй байх үеийн үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын зуучлал (Лхамур ХХК), О сургууль дээд очиж хийсэн яриа зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлын үнэлгээний хувьд жилийн чөлөөтэй байх үеийн үйл ажиллагааны төлөвлөгөө 5 000 000 төгрөг, ажлын байранд зуучлахад 1 000 000 төгрөг, О сургууль дээр очиж ярилцлага хийх ажлын зардал 2 000 000 төгрөг болно. Иймд бид нэмэлтээр хийж гүйцэтгэсэн 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Уас гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 8 000 000 төгрөгийг ямар учраас нэмэлт зардал хэмээн нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулж гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.У-ын Г ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2019 дугаартай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 26 730 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг үндэслэн хариуцагч Г ХХК-ийн нэхэмжлэгч Г.Уас нэмэлт ажлын зардал 8 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Г.У-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 675 төгрөгийг, Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давгажанцан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Г ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан хавсралт 2-д заасан Эми томассо багшаар хавсралт 1-д /Судлах хичээл 1. SAT бичих унших, 2. ТОЕFL унших, бичих, ярих, сонсох, 3. Коллежийн эссэ бичих, 4. Шүүмжит сэтгэлгээ, 5. Коллежид элсэх үйл явц/ заасан хичээлийг заалгахаар гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Зөвлөх үйлчилгээний гэрээ нь агуулга болон зорилгын хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтад хамаарахгүй бөгөөд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад нийцнэ. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Зөвлөх үйлчилгээний гэрээ нь Боловсролын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг тус тус зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Хууль зөрчсөн гэх агуулга нь хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг гэж шүүх дүгнэчихээд ...2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Зөвлөх үйлчилгээний гэрээ-г хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээ хүчин төгөлдөр байна... гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, эргэлзээ бүхий байна. Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйл, Сургалтын бусад байгууллага гээд 18 дугаар зүйлийн 18.1-т Сургуулиас гадуурх сургалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлээр нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хууль зүй, байгаль орчин, гоо зүй, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, гэр бүлийн болон ахуйн хүрээний асуудлаар тусгай хөтөлбөрийн дагуу хүүхэд, насанд хүрэгчдэд боловсрол эзэмшүүлэх, боловсрол, мэргэшлээ дээшлүүлэхэд нь туслалцаа, өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлж болно, 18.3-т Аж ахуйн нэгж, байгууллага боловсролын сургалтын болон сургалтын бусад байгууллагыг хууль тогтоомжид заасны дагуу байгуулан ажиллуулж болно гэж заасан. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйл Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл гээд 15.1 дэх хэсэгт Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ, 15.7 дахь хэсэгт Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр, 15.7.4-т мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх, 15.7.6-д гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гадаадын иргэнийг ажиллуулж болно, 113.2 дахь хэсэгт Монгол Улсад гадаадын иргэн хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон харилцааг энэ хууль болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар тус тус зохицуулна гэж заасан. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Гадаадын иргэнд Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно, гээд 8.1.5-д хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах гэж, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйл Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах гээд 8.1 дэх хэсэгт Байгууллага нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахын өмнө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллага /цаашид "эрх бүхий байгууллага" гэх/-ын зөвшөөрлийг урьдчилан авсан байна, 8.2-д Байгууллага нь энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан зөвшөөрөл авахдаа дараахь баримт бичгийг бүрдүүлнэ гэж тус тус хуульчилжээ. Хариуцагч Г ХХК нь Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Сургалтын бусад байгууллага бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагааг явуулахаас гадна, АНУ-ын Стэнфордын их сургуулийн магистр Эми Томассо багшаар хичээл заахдаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн тус тус зөрчиж нэхэмжлэгч Г.Утай 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Зөвлөх үйлчилгээний гэрээ-г байгуулсан байна. Г.У нь зөвхөн АНУ-ын иргэн Эми Томассо багшаар хичээл заалгахын тулд Зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан сургалтын үйлчилгээг бүрэн үзүүлээгүй тул 17 925 000 төгрөг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж ...Зөвлөх үйлчилгээний гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлийн дагуу шилжүүлсэн 26 730 000 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г ХХК нь сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй, Боловсролын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийг зөрчиж байгуулсан, гэрээний нийт үнэ 10 000 ам.доллар гэж тодорхойлсон боловч гэрээнд сарын 10 000 ам.доллар... гэж бичсэн гэж тайлбарласан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...гэрээний үүргээ бүрэн биелүүлж, нэмэлт ажлын хөлсөнд 8 000 000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Г ХХК нь захиалагч Г.У-ын хүсэлтийн дагуу хавсралт 1-д нэр дурдагдсан хөтөлбөр, сэдвийн дагуу, хавсралт 2-д заасан багшаар гэрээнд заасан хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээг чанартай үзүүлэх, захиалагч үйлчилгээний төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна.

Гэрээний хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл байхаар тохирч, гэрээний зорилтыг талууд зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, захиалагчийн хүсэлтийн дагуу гэрээний 1-д заагдсан хөтөлбөр сэдвийн дагуу хавсралт 2-т заасан багшаар мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээг үзүүлэх, захиалагч үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан журмаар төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна гэж заасан байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд уг гэрээгээр хөлсөөр ажиллуулагч ажиллуулагчаар тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх үүргийг хүлээдэг.

Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ямар нэгэн эд зүйл бүтээх, ажлын үр дүнг бий болгох бөгөөд ...хөлсөөр ажиллагч гэрээнд тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэдэг. Талуудын хийсэн гэрээний агуулга, хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчид үзүүлсэн сургалт үйлчилгээ зэргээс үзэхэд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн дүгнэлтийг залруулж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээг хууль зөрчиж байгуулагдсан гэж үзэхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Г ХХК мэргэжлийн боловсрол олгох, сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу баримтаар нотлоогүй тул хариуцагч Г ХХК-ийг Боловсролын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу биш байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм.

Хариуцагч Г ХХК нь ажлын үнэлгээний хувьд жилийн чөлөөтэй байх үеийн үйл ажиллагааны төлөвлөгөө 5 000 000 төгрөг, ажлын байранд зуучлахад 1 000 000 төгрөг, О сургууль дээр очиж ярилцлага хийх ажлын зардал 2 000 000 төгрөг авахаар нэхэмжлэгч Г.Утай тохиролцоогүй, сөрөг нэхэмжлэлээр шаардсан зардал нь бодитоор гарсан болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад ...Иргэний хуулийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг үндэслэн... гэснийг залруулан өөрчилж, мөн тогтоох хэсгийн хоёр дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01380 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...56.5-д заасныг үндэслэн... гэснийг ...56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...343 дугаар зүйлийн 343.1-д... гэснийг ...359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 292 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО