Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0674

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С*******” ХХК

Хариуцагч: “Төрийн банк” ХК, түүний тендер шалгаруулалтын үнэлгээний хороо,

Маргааны төрөл: “Төрийн банк” ХК-аас зарласан “Маягт, материал нийлүүлэх ТБ/20*******/03/01  дугаар” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлт  хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Л*******, хариуцагч “Төрийн банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, хариуцагч “Төрийн банк” ХК-ны Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.С*******” ХХК-иас “Төрийн банк” ХК, “Төрийн банк” ХК-ны тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдууланТөрийн банк” ХК-иас зарласан “Маягт, материал нийлүүлэх” ТБ/2025010/03/01 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.“Төрийн банк” ХК-иас зарласан ТБ/20*******/03/01  дугаартай “Маягт, материал нийлүүлэх” тендер сонгон шалгаруулалтад “С*******” ХХК нь оролцсон байна.

3.Харин Төрийн банк” ХК-ны тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж, 2025 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 18/3******* дүгээр мэдэгдлийг “С*******” ХХК-д хүргүүлсэн.

4.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02/6 тоот албан бичгээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

5.Нэхэмжлэгч нь  “Төрийн банк” ХК-иас зарласан “Маягт, материал нийлүүлэх” ТБ/2025010/03/01 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.

6.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Төрийн банк” ХК-ийн тендер шалгаруулалт үнэлгээний хорооноос 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18/3******* дугаартайМэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр  манай  компани  Нийтийн  албан  нийтийн  болон  хувийн  ашиг  сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас сонгон шалгаруулахаас татгалзсан талаар дурдаж тендерт шалгарч чадаагүй талаар мэдэгдсэн.

Тодруулбал, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 5.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн  ашиг  сонирхлыг  зохицуулах,  ашиг  сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 201, 21 дүгээр зүйлд заасан хориглолт хязгаарлалтад хамаарах этгээд тендер шалгаруулалтад оролцох эрхгүй байна" гэж зааж, манай компанийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 20.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн тэргүүн дэд, дэд дарга, орлогч дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй" гэсэн хязгаарлалтад хамаарч байна гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтыг тайлбарлавал нэр заан дурдсан албан тушаалтан өөрөө эсхүл түүний хамаарал бүхий этгээд нь тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн буюу нийлүүлэгч, гүйцэтгэгч компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй гэх агуулгатай болно.

Гэвч “Төрийн банк” ХК-ийн тендер шалгаруулалт үнэлгээний хорооны зүгээс манай компанийн хүргүүлсэн тендерийн материалаас татгалзахдаа компанийн гүйцэтгэх захирал нь Улсын их хурлын дарга Д*******ийн Агийн төрсөн ах Д*******ийн Л******* ажиллаж байгаа, компанийн эцсийн өмчлөгч буюу хувьцаа эзэмшигч нь Л*******ийн О байгаа нь Улсын их хурлын дарга Д*******ийн Агийн гэр бүлийн гишүүнд хамаарах тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дах хэсгийг зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дах хэсэгт "...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, …аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч..." гэсэн хязгаарлалтыг хийсэн ба хуулийн дээрх зохицуулалтад компанийн гүйцэтгэх захирал байх тохиолдолд хязгаарлалтад хамаарах байдлаар зохицуулаагүй болно.

Түүнчлэн, компанийн хувьцаа эзэмшигч Л.О нь Улсын Их Хурлын дарга Д.Агийн гэр бүлийн гишүүн хамаарч байна гэсэн хариу өгсөн ба ийнхүү хариу өгөхдөө гэр бүлийн тухай хуулийн 3.1.4, 3.1.6-т заасан гэр бүлийн гишүүн, садангийн хүн гэх тайлбарыг дурдсан нь үндэслэлгүй байсан.

Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "-гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг" гэж заасан ба хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрлэгчидтэй хамт амьдарч байгаа садангийн хүнийг гэр бүлийн гишүүнд тооцож болох ба манай компанийн хувьцаа эзэмшигч Л.О нь Д.Атай хамт амьдардаггүй ба хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүнд хамаарахгүй болно.

Гэвч "Төрийн банк" ХК-ийн тендер шалгаруулалт үнэлгээний хорооноос хуулийн дээрх зохицуулалтыг хэт дэлгэрүүлэн, төсөөтэй байдлаар буруу тайлбарлан манай компанийн хүргүүлсэн тендерээс татгалзсан байна.

Бидний зүгээс дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын Сангийн яаманд 2025 оны 06 дугаар сарын 09-ийн өдөр гомдол гаргасан боловч Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 19-ийн өдрийн "Гомдол хянасан тухай" албан бичгээр "Төрийн банк" ХК-ийн гаргасан шийдвэрийн зарим хэсэг нь үндэслэлтэй гэх агуулгаар хариу хүргүүлсэн.

Ийнхүү хариу хүргүүлэхдээ "Төрийн банк" ХК-ийн тендер шалгаруулалт үнэлгээний хорооноос   гаргасан    дүгнэлтээс    Л.О   нь   садангийн   хүн  гэж   үзсэн  хэсэг  нь үндэслэлгүй байна гэсэн байна. Харин компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын даргын төрсөн ах Д.Л******* ажиллаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн. Түүнчлэн, манай компанийн бүртгэлийн мэдээлэлд компанийн үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн Д.А нь Улсын Их Хурлын даргын төрсөн ах байна гэсэн агуулгатай дүгнэлт хийж, "Төрийн банк" ХК-ийн тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн байна.

Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т "Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно" гэж, мөн зүйлийн 12.4-т "Компанийн Үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно" гэж тус тус заасан ба компани үүсгэн байгуулагч этгээд нь компанид хувьцаа эзэмшихгүй байж болох талаар зохицуулсан.

Компанийн үүсгэн байгуулагч гэж бүртгэгдсэн Д.А нь "С" ХХК-д хувьцаа эзэмшдэггүй бөгөөд компанийн тухай хуулийн 34, 46, 59, 62 дугаар зүйлүүдэд заасан хувьцаа эзэмшигчийн эдлэх эрхийг эдэлдэггүй тул компаниас ямар нэг байдлаар ашиг хүртэхгүй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй этгээд байна.

Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 83.1-т "Гүйцэтгэх удирдлага нь компанийн болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна" гэж заасан ба компанийн гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээний хүрээнд компанийн үйл ажиллагааг удирдан Зохион байгуулах чиг үүрэг бүхий удирдах түвшний ажилтан болно.

Гэвч Сангийн яамны "Гомдол хянасан тухай" албан бичгээр хуулийн зүйл, заалтыг угийн шууд утгаар тайлбарлалгүй ерөнхий ойлголтын хүрээнд хэт дэлгэрүүлэн,төсөөтэй байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй, гомдол гаргагч компанийн тендер сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан шинжтэй байна.

Тодруулбал, хариуцагч нарын ажлын хэсгийн дүгнэлт, гомдол хянасан тухай албан бичигт дурдагдсан компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч нар нь УИХ-н даргын төрсөн ах байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад хамаарч байна гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь манай компанийг цаашид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулагдах бүхий л төрлийн тендер сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлаж байгаа болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай байгууллага хариуцагч “Төрийн банк” ХК-иас зарласан маягт материал нийлүүлэх тендерт оролцоод холбогдох баримт бичгүүдээ бүрдүүлээд хүргүүлсэн. Гэтэл “Төрийн банк” ХК-ийн тендер шалгаруулах үнэлгээний хорооны зүгээс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18/3******* дугаартай мэдэгдэл хүргүүлэх албан бичгийг ирүүлсэн. Энэ мэдэгдэлдээ “С” ХХК нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас манай компанийг сонгон шалгаруулахаас татгалзаад тендерийг дахин зарлана гэсэн агуулгатай байсан. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж үзэж байна. Энэ асуудлаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянаж үзээд 2 агуулгыг дурдсан байдаг. Сангийн яам эхний үндэслэлдээ компанийн хувьцаа эзэмшигч Л.О нь Монгол Улсын Их Хурлын дарга Д.А гэдэг хүнтэй холбоо хамаарал, гэр бүлийн гишүүн гэсэн ойлголтод хамаарахгүй. Учир нь хамт амьдардаггүй хүмүүсийг “Төрийн банк” ХК-ийн тендерийн үнэлгээний хороо нь буруу дүгнэсэн байна. Харин компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Д.Л******* нь Монгол Улсын Их Хурлын дарга Д.Атай гэр бүлийн гишүүнд хамаарч байна. “Төрийн банк” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны гүйцэтгэх захиралтай холбон тайлбарласан хэсэг үндэслэлтэй байна гэсэн. Бид Төрийн банкны тендер шалгаруулалтын үнэлгээний хороо, цаашлаад Сангийн яамны албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа буюу   компанийн   гүйцэтгэх   захирлаар  ажиллаж  байсан   Д*******ийн  Л*******  нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т маш олон албан тушаалыг дурдсан байдаг. Үүнд Монгол Улсын Их Хурлын даргыг дурдсан байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын гишүүн гэж дурдагдсан эсвэл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй гэсэн хязгаарлалтад хамаарч байна. Гүйцэтгэх захирал Д.Л******* нь Улсын Их Хурлын даргын төрсөн ах байгаа учраас энэ хориглолтод хамаарч байгаа гэдэг тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд энэ этгээдүүд нь аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэж заасан.  Д.Л******* нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш буюу манай компанийн хувьцааг эзэмшдэггүй, зөвхөн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Эцсийн өмчлөгч гэдэг хуулийн тодорхойлолтууд байдаг ба Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 3.6 дахь хэсэгт заасан тодорхойлолтыг ч гэсэн аваад үзэхээр хувьцаа эзэмшдэггүй хүн эцсийн өмчлөгчид хамаарахгүй, Л.О гэдэг хүн яг эцсийн өмчлөгчөөр өнөөдөр бүртгэлтэй байдаг. Хөрөнгө эзэмшигч гэж байгаа гүйцэтгэх захирал Д.Л******* хөрөнгийг эзэмшдэггүй. Төлөөлөн удирдах зөвлөлтэй буюу хувьцаа эзэмшигчтэй гэрээ байгуулж ажиллаж байгаа компанийн ажилтны дараагийнх нь хамтрагч, эсхүл тэдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч гэж байгаа юм. Тэгэхээр нөгөө гүйцэтгэж байгаа хамтрагч, эсхүл тэдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч гэдэг ойлголтод ч гэсэн энэ компанийн гүйцэтгэх захирал хамаарахгүй. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байх нь, эсвэл хөрөнгө эзэмшигч байх нь, хамтрагч байх нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаад байгаа Улсын Их Хурлын даргын төрсөн ах Д.Л******* гэдэг хүн алинд нь ч хамаарахгүй байна. Тэгэхээр гүйцэтгэх захирал гэдэг хүн бол манай компанийн дүрмийн 6.3, 8.1 дэх заалтаар хувьцаа эзэмшигчтэй гэрээ байгуулаад ажиллаж байгаа ажилтан юм. Компанийн тухай хуулийн 32, 64, 56 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлдэггүй субъект юм. Хариуцагч Төрийн банк болон Төрийн банкны тендер шалгаруулалтын үнэлгээний хороог нэхэмжлэгчийн зүгээс хуулийг хэт өргөн дэлгэрэнгүй байдлаар тайлбарлаад, нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хувийн аж ахуй эрхлэх эрхэд халдаж байна. Нөгөө талдаа нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Л******* захирал 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр солигдчихсон бөгөөд компанийн эцсийн өмчлөгч болон хөрөнгийн эзэмшигч биш. Дээрх хуулийн ойлголтод хамаарахгүй байгаа учраас Үндсэн хуульд заасан цалин хөлс авах, ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрх нь зөрчигдөж байна. Хариуцагчийн зүгээс Л.Оыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хамаарал бүхий этгээд, гэр бүлийн гишүүн гэдэг агуулгаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг тайлбар хэлдэг. Бидний зүгээс Д.Л*******ийн хүүхэд манай компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч Л.Оыг энэ хуулийн хүрээнд хамаарахгүй этгээд гэж ойлгож байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-д  “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг эх, төрсөн ах дүү, эгч, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр нөхөр, эцэг эх, төрсөн ах, эгч дүү бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно. Энэ хуулийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээд гэдэгт хувьцаа эзэмшигч Л.Оын хувьд орохгүй. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”,  3.1.6-т “”садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно” гэж тус тус заасан. Энэ хуулийн зохицуулалтаас үзэхэд Д.А гэдэг хүний гэр бүлийн гишүүнд Л.О өөрөө хамаарахгүй. Д.А, Л.О нар ямар нэгэн байдлаар хамт амьдардаггүй, холбоо хамаарал байхгүй учраас гэр бүлийн гишүүн гэж үзэх боломжгүй юм. Энэ асуудлаар Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 06  дугаар  сарын  19-ний  өдрийн  02/6  дугаар  албан бичигт мөн дурдсан байдаг. Сангийн яамнаас “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л*******ийн Оыг Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 дэх заалтын дагуу нийтийн албан тушаалтантай хамаарал бүхий этгээд гэж хянан үзсэнийг эс зөвшөөрсөн гомдол үндэслэлтэй байна. Төрийн банкны Тендер шалгаруулалтын үнэлгээний хороо Л.О гэдэг хувьцаа эзэмшигч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасанд хамаарсан этгээд байна гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзсэн. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д заасан гэр бүлийн болон садны хүн Л.О биш байна. Энэ асуудлыг Сангийн яам хүлээж авч үзээд нэхэмжлэгчтэй ижил тайлбар гаргасан буюу гэр бүлийн гишүүн биш байна. Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Агийн гэр бүлийн хүн биш байна гэсэн эрх зүйн дүгнэлтийг хийсэн. Тэгэхээр энэ 2 дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчийг ил болгон Улсын Их Хурлын дарга ямар нэг байдлаар шууд холбогдохгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хамааралд орохгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Хариуцагч байгууллагын татгалзаад байгаа төрсөн ах нь компанийн захирал байна гэдэг нь үгүйсгэгдэж байна. Дараа нь хувьцаа эзэмшигч  нь  мөн л  хамаарал бүхий этгээд байна, цаашлаад гэр бүлийн гишүүн байна гэсэн хуулийн ойлголтод хамаарахгүй гэж харж байгаа юм. Энэ үндэслэлээр бид тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны улс төрийн нөлөө бүхий этгээдтэй хамааруулан ойлгосон хэсгийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж харж байгаа учраас Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгоод манайхтай гэрээ байгуулахыг даалгах боломжтой юм. Цаашлаад Төрийн банкнаас 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд тайлбар ирүүлсэн байдаг. Шүүхийн тендер амжилттай болсон юм уу, ямар нэг компани тендерт оролцогчоор шалгарсан юм уу гэдэг хэсэгт тайлбар бичиж ирүүлсэн буюу өнөөдрийг хүртэл товчхондоо 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дээр амжилтгүй болсон төлөвтэй байна гэсэн тайлбар ирүүлсэн. Үүнээс үзвэл, нэхэмжлэлийн шаардлага хангагдах буюу 1 дүгээрт хүчингүй болгуулах, 2 дугаарт даалгах нэхэмжлэлийн шаардлага эрх зүйн хувьд болон бодит байдалд биелэгдэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд дээр дурдсан 3 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, манай компанитай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэв.

7.Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Төрийн банкны Санхүүгийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан “Маягт, материал нийлүүлэх” байгууллагыг сонгон шалгаруулах ТБ/20*******/03/01 дугаартай тендерийг 3 дахь удаа Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/, Төрийн банкны цахим хуудас /www.s.mn/-д хялбаршуулсан цахим хэлбэрээр тендерийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зарласан. Тендерийг 2025 оны 05 дугаар сарын 29- ний өдрийн 10 цаг 10 минутад нээхэд "С" ХХК-аас тендер ирүүлсэн.

Ирүүлсэн тендерийг үнэлгээний хороо 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуралдан хянан үзэхэд ТШЗ.5.2. болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дахь шаардлагуудыг хангаагүй гэж үзэн тус компанийн тендерээс татгалзаж тендерийг дахин зарлах тухай мэдэгдлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд болон шуудангаар албан мэдэгдлийг хүргүүлсэн.

Тус тендер шалгаруулалттай холбоотой Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай 02/5897 тоот албан бичгийг 2025 оны 06 дугаар 13-ны өдөр хүлээн авч тус албан бичигт гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэж заасны дагуу цаг хугацаанд нь Сангийн яаманд хүргүүлсэн.

Сангийн яамны хууль эрх зүйн газрын хууль эрх зүйн бодлогын хэлтсээс гомдол хянасан тухай 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02/6 тоот албан бичигт Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тул тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж ирсэн болно.

Тус тендерийг 4 дэх удаагаа Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/, Төрийн  банкны  цахим  хуудас  /www.s.mn-д  хялбаршуулсан цахим хэлбэрээр тендерийг 2025 оны 06 дугаар сарын  05-ны  өдөр  зарласан.  Тендерийг 2025 оны 07 дугаар сарын  01-ний өдрийн 10 цаг 10 минутад нээхэд “С" ХХК-аас тендер ирүүлсэн. Ирүүлсэн тендерийг үнэлгээний хороо 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралдан хянан үзэхэд ТШЗ.5.2. болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дахь шаардлагуудыг хангаагүй гэж үзэн тус компанийн тендерээс татгалзаж тендерийг дахин зарлах тухай мэдэгдлийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд болон шуудангаар албан мэдэгдлийг хүргүүлсэн.

 Тус тендерийг 5 дахь удаагаа 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зарласан. Тендерийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нээхэд “Б К И” ХХК, "У п" ХХК-иудаас тендер ирүүлсэн. Ирүүлсэн тендерийг үнэлгээний хороо 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хуралдан хянан үзэхэд тендерт оролцогч компаниуд тендерийг дахин зарлах тухай мэдэгдлийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим  системд болон  шуудангаар албан мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд маягт, материал нийлүүлэх тендер нь амжилтгүй болсон төлөвтэй байна” гэжээ.

...Тус компанийн ирүүлсэн материалтай танилцахад компанийн гүйцэтгэх захирал Д*******ийн Л******* 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100%-ийн хувьцаа эзэмшиж, үлдсэн өмчлөгчөөр Л*******ийн О нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус тус бүртгэгдсэн байдаг. Д.Л******* болон Л.О нар нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын дарга Д*******ийн Аг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа,  мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар нийтийн албан тушаалтны хамаарах этгээд нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэх эрх байж болохгүй. Тэдгээрийн хувьцаа эзэмшигч байхыг бол хориглосонгүй. Тэгэхээр энэ Нийтийн албанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д хамаарал бүхий этгээд гэдгийг тайлбарласан байгаа. Хамаарал бүхий этгээд нь тухайн нийтийн албан тушаалтны эцэг эх, төрсөн ах, эгч, дүү болон гэр бүлийн гишүүн гэж тодорхойлж өгсөн. Гэр бүлийн гишүүнийг болохоор Гэр бүлийн тухай хуульд тайлбарласан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгоно. Тэгэхээр Л.О нь н.Агийн садны хүн буюу тухайн нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үзвэл Л.О нь н.Л*******ийн гэр бүлийн гишүүн биш гэдэг агуулгатай буюу тэдэнтэй хамт амьдарч байгаа тохиолдолд гэр бүлийн гишүүнд хамаарна гэх тайлбар ирүүлсэн байна.  Гэтэл хуулийн нарийвчилсан зохицуулалтыг харвал гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садан гэж заасан. Хуулийг тайлбарлахдаа цэг, таслал болон агуулгаар нь тайлбарлана. Энэ чинь өөрөө тусдаа төрөл садны хүн хүртэл гэр бүлийн гишүүнд хамаарна шүү гэдэг агуулгаар хуулийг баталсан байх гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ төрөл садны буюу садангийн хүнд нь гэрлэгчдийн төрсөн ах, эгч, дүү болон тэдгээрийн хүүхэд нь Л.Оод хамаараад ороод ирж байгаа юм. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.2-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч болон тэдгээрийн хувьцаа эзэмшигч байх боломжгүй этгээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна” гэв.

8.Хариуцагч “Төрийн банк” ХК-ны тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны итгэмждэгсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Төрийн банк” ХК-аас зарласан “Маягт, материал нийлүүлэх” нээлттэй тендерт “С” ХХК оролцохоор тендерийн бичиг баримтыг ирүүлсэн.

Тус компанийн ирүүлсэн материалтай танилцахад компанийн Гүйцэтгэх захирлаар Д*******ийн Л******* 2012 оны 11 сарын 27-ны өдөр, 100 хувийн хувьцаа эзэмшигч,  эцсийн  өмчлөгчөөр  Л*******ийн  О  2025  оны  05 сарын 09-ний өдөр тус тус бүртгэгдсэн байсан.

Д.Л*******,  Л.О  нар  нь  Монгол  Улсын  Их  Хурлын  дарга,  Улсын  Их Хурлын гишүүн Дийн Агийн төрсөн ах, түүний хүүхэд байх бөгөөд Д.А нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасанд нийтийн албан тушаалтан юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д зааснаар нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч байж болохгүй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн¹1, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд”-ийг хэлэхээр заасан нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарна.

Мөн “Төрийн банк” ХК-ийн ТБ/202510/03/01 дугаар "Маягт, материал нийлүүлэх” бараа худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн 5.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 201, 21 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтад хамаарах этгээд тендер шалгаруулалтад оролцох эрхгүй байна." гэж тендер шалгаруулалтын баримт бичгийг холбогдох үнэлгээний хороо баталсан тул "С" ХХК нь тус тендерт оролцох эрхгүй болно.

...Үнэлгээний хороо бол тус тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 5 дугаар зүйлийн 5.2 буюу 5 дугаар зүйлийн гарчиг нь Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэсэн гарчигтай. 5.2 дээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхол зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2021 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтад хамаарах тендер шалгаруулалтад оролцох эрхгүй байна гэсэн зүйлийг үндэслээд тухайн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар шалгаж үзэж байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн гэх мэтчилэн маш олон албан тушаалтнууд дурдаад, тэгээд албан тушаалтны зөрүүтэй эрхмүүд нь албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаагүй, эсвэл түүнтэй хамааралгүй этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл тэдгээр гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй гэдэг хууль байгаа. Тэгэнгүүт энэ хуульдаа үндэслээд Улсын Их Хурлын гишүүн гэж байгаа учраас тендерийн материал ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүнийг овог нэгтэй, тухайн компанийн хуулийн этгээдийн бүртгэл дээр байгаа хүмүүсийг шалгаж үзэж байгаа. Тэгэнгүүт бид нар хамаарал бүхий этгээд гэдэг зүйл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийнхаа 3.1.5 дээр хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг эх, төрсөн ах эгч дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр нөхрийн эцэг эх, төрсөн ах, эгч дүү бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ гэж байгаа юм. Тэгээд цаашаа яваад гэр бүлийн гишүүн гэж хэн юм бэ гэдгийг гэр бүлийн тухай хууль дээрээс харж үзсэн байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 дээр гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид,  тэдэнтэй  хамт  амьдарч  байгаад  төрсөн,  дагавар,  үрчлэн авсан хүүхэд болон төрөл садныг хэлнэ гэж байгаа юм. Тэгэхээр түрүүний нэхэмжлэгчийн яриад байсан нэхэмжлэл дээр байгаа Улсын Их Хурлын гишүүний ах буюу Д.Л*******, түүний хүүхэд нь Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу садны хүнд хамаарч байна. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6 дээр садны хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг гэсэн байгаа. Бид нар энэ хуулиа хөөж үзээд энэ бол хамааралтай этгээд байна гэж үзсэний үндсэн дээр үнэлгээний хороонд тухайн тендер шалгаруулалтын зааварчилгааны 5.2-т үндэслэж шийдвэр гаргасан байгаа. Бусад тендерт ирүүлсэн материал бол бүгд шаардлага хангасан байдаг. Яг энэ үндэслэл дээр үнэлгээний хороо 06 дугаар сарын 01-ний үнэлгээгээрээ олонхын шийдвэрээр татгалзаж шийдвэрлэсэн байгаа. Олонхын шийдвэрийг маань Төрийн банкны захиалагчийн зүгээс 06 дугаар сарын 04-нд баталгаажуулаад мэдэгдэл хүргүүлсэн байдаг” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.“Төрийн банк” ХК-иас зарласан “Маягт, материал нийлүүлэх ТБ/20*******/03/01  дугаар” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж, 2025 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 18/3******* дүгээр мэдэгдлийг хүргүүлжээ.

2.Мэдэгдэлд нэхэмжлэгчийг тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 5.2 болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан үндэслэлийг дурджээ.

3.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02/6 тоот албан бичгээр гомдлыг хангахаас татгалзжээ.

Тендер шалгаруулалтын зааварчилгааны 5.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20,201, 21 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтад хамаарах этгээд тендер шалгаруулалтад оролцох эрхгүй байна”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн тэргүүн дэд, дэд дарга, орлогч дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй” гэжээ.

4.Хуулийн этгээдийн лавлагаанд Д*******ийн Аыг үүсгэн байгуулагчаар, Л*******ийн Оыг хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр, Д*******ийн Л*******ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр тус тус бүргэжээ.

5.Нэхэмжлэгчээс Д.А, Д.Л******* нар нь Монгол Улсын Их хурлын гишүүн бөгөөд Их хурлын дарга Д*******ийн Агийн төрсөн ах, Л.О нь Д.Л*******ийн хүү бөгөөд Их хурлын дарга Д*******ийн Агийн авга дүү гэдэгтэй маргадаггүй бөгөөд харин гэр бүлийн гишүүнд хамаарахгүй, гүйцэтгэх захирал мөн хуулийн хязгаарлалтад хамаарахгүй гэж тус тус маргадаг.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “"хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ““гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”, 3.1.6-д ““садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” хэлнэ гэж тус тус заажээ.

6.Дээрхээс дүгнэвэл хариуцагчаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан шийдвэр хуульд нийцжээ.

7.Учир нь хамаарал бүхий этгээд, гэр бүлийн гишүүн, садангийн хүн гэдгийг дээрх хуулиудад нарийвчлан тусгасан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн  үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагууд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан албан тушаалтантай хамаарал бүхий, садан төрлийн холбоотой байх тул татгалзал үндэслэлтэй байна.

8.Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаал хашиж буй тодорхой албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс төрийн зарим төрлийн үйл ажиллагаа эрхлэх, үйл ажиллагаанд оролцохыг хуулиар хориглосон бөгөөд энэхүү хязгаарлалт нь тухайн тендер шалгаруулалтын хувьд нэхэмжлэгчид хамааралтай байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 20 дугаар зүйлийн 20.2, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д заасныг тус тус баримтлан “С*******” ХХК-иас Төрийн банк, Төрийн банкны тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Төрийн банк” ХК-аас зарласан “Маягт, материал нийлүүлэх ТБ/20*******/03/01  дугаар” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй  болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ