Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/500

 

 

 

 

   2024           04            30                                         2024/ДШМ/500

П.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч П.О-,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2403000000057 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            О-,

 

Шүүгдэгч П.О- нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цаг 53 минутын үед Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Цагдаагийн гудамж, Офицерын ордноос Чулуун-Овоо явах MIU сургуулийн зүүн замд “Тoyota prius 30” загварын **** УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...", 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ:а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах..." мөн дүрмийн Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл: 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан..." гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зорчигч С.С-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: П.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ээс 9.178.012 /есөн сая нэг зуун далан найман мянга арван хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогч С.С- /РД:*******/-д 1.652.000 /нэг сая зургаан зуун тавин хоёр мянган/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд тушаахыг даалгаж, хохирогч С.С- нь хор уршигтай холбоотой бусад хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдаж, шүүгдэгч П.О-т урьд авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чулуун-Овоо явах зүүн замд “Тoyota prius 30” загварын **** УЕМ улсын дугаартай автомашинтай явж байхад маш их халтиргаа, гулгаа үүссэн байсан, 10 км/ц хүрэхгүй хурдтай явж байхдаа явган зорчигчийг холоос харж зогсоох арга хэмжээ авсан ч зогсоож чадахгүй гулгаж очоод мөргөсөн. Үүний улмаас зорчигч гэмтэж эмчилгээнд 165.200 баримтаар 1.898.000 төгрөг, сэтгэцийн хор уршиг гэх нөхөн төлбөр 660.000х13=8.580.000 төгрөг гарсан. Би ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг. Сургуулийн насны 2 хүүхэдтэй. Сарын цалин 1.050.000 төгрөг, айлын хашаа түрээсэлж суудаг. Машинаа Богд банк-р 26.800.000 төгрөгөөр 2023 оны 10 дугаар сард авсан. Сар бүр 750.000 төгрөг төлдөг. 36 сараар цалингийн зээл 4.500.000 төгрөг байдаг. Сар бүр 198.000 төгрөг, бүгд 948.000 төгрөг төлдөг. Бусад зардал хоол, унаа ажлын бус цагаар ажил хийж олдог. Харуулын ажил 24 цагаар гарч 70.000 төгрөг, цэвэрлэгээ өдрийн 8 цагаар 50.000 гэх мэтээр орлого олдог зав бага бие муу, сэтгэл санаа тогтворгүй хэцүү байна. Одоо 2 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулж, 240 цагийн нийтэд тустай ажил хийх ёстой болохоор ажлын хажуугаар ажил хийх орлого олох нь бага болно.

Миний бие гэм буруугаа ойлгож, хохирлыг барагдуулах чин хүсэлтэй байгаа боловч миний амьдралын боломж, сэтгэл зүйн байдал зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хохирлын төлбөрийг багасгаж өгнө үү. ...” гэв.   

 

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 оны 1 дүгээр сараас эхлэн 660.000 төгрөг болж өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг 3 дугаар зэргээр тогтоож, нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.О-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч П.О- нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны орой 19 цаг 53 минутын үед Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Цагдаагийн гудамж, Офицерын ордноос Чулуун-Овоо явах MIU сургуулийн зүүн замд “Тoyota prius 30” загварын **** УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...", 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...", мөн дүрмийн Тав. “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл: 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан..." гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зорчигч С.С-г мөргөж, эрүүл мэндэд нь баруун талын 5-7 дугаар хавирганы хугарал, хамрын нуруу хоёр зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дух, хуйханд цус хуралт, хоёр хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.С-гийн “...”Тэнгэр” плаза төвийн гарцаар гарах гээд гарцан дээр зогсоход 1 дүгээр эгнээгээр явж байсан машин зогссон. 2 дугаар эгнээнд машин байгаа эсэхийг харсан, голын хашлага хүрэх боломжтой зай байсан. ...Тэгээд ирээд зүүн хөл мөргөөд зүүн гараа дараад ухаан алдсан, нэг мэдсэн машин дотор сууж байсан. ...” /хх 17-20/,

иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн “...дээрх гэмтлийн улмаас хохирогч С.С- нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.652.000 төгрөгийн зардал гарсан. ...” /хх 33/,

П.О-ийн яллагдагчаар өгсөн “...оройн 19 цагийн үед ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй, 20 км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. Тухайн үед явган хүний гарц дээр хүн байгаагүй. Би 2 дугаар эгнээнд явж байсан. Нэг хүн гарч ирэхээр нь сигнал өгөөд тоормос гишгээд байхад гулсаж очоод мөргөсөн. ...” /хх 131/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...С.С-гийн биед баруун талын 5-7 дугаар хавирганы хугарал, хамрын нуруу хоёр зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дух, хуйханд цус хуралт, хоёр хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1318 дугаартай дүгнэлт /1хх 76-77/,

“...Жолооч П.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 12.3, 3.4, 5.2-т тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоосон. ...” Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.Батжаргалын 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 93 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 80/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-10/, Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 40035753 дугаар дүгнэлт /хх 66-71/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч П.О- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч П.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.С-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоохгүй байна.

 

Шүүгдэгч П.О- “...хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан бөгөөд уг тогтоолын 1 дүгээр хавсралтын Дөрөвт зааснаар хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг Гуравдугаар зэрэглэлээр тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 8.580.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.С-гийн сэтгэцийн эмгэгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг хохирогчид танилцуулж, үүнийг хохирогч хүлээн зөвшөөрч гэж гарын үсэг зурсан байна. /хх 172/

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН