Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 56

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд хаалттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1804000000051 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                     

 Нарийн бичгийн дарга                               З.Ганцоож

 Улсын яллагч                                                Х.Эрдэнэтуяа

 Шүүгдэгч                                                  ******* нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл .., эхнэр хүүхдийн хамт Багануур дүүргийн .. дугаар хороо, ..дугаар байрны .. тоот орон сууцанд оршин суух, /Иргэний үнэмлэх: Багануур дүүргийн  .. дугаар хороо Нарийны .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух хаягтай/, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овгийн ******* ******* /РД:*******/.

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны оройн 18 цагийн үед өөрийн гэрт согтуруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* тамхи татсан байна гэж уурлан маргалдаж, улмаар хуванцар сандалаар толгойн тус газар нь 2 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Багануур дүүрэг 5 дугаар хороо, Нарийн хэсэгт амьдардаг найзындаа 0.75 литрийн Эдин архи хувааж уусан. Тэндээс гараад шууд гэртээ харьсан. Намайг гэртээ ирэхэд манай гэрээс тамхины утаа үнэртэж байсан. Би эхнэрээсээ “чи тамхи татаад байгаа юм уу” гэхэд манай эхнэр “би юу гэж тамхи татдаг юм” гээд байсан. Тухайн үед гэрээс тамхины утаа үнэртээд байсан болохоор миний уур хүрээд ширээний хажууд байсан хуванцар сандалаар эхнэрийнхээ толгой хэсэг рүү 2 удаа цохисон тэгэхэд эхнэрийн толгойноос цус гарч, би алчуураар цусыг дарж тогтоосон. Би урьд нь эхнэрээ зодож цохиж байгаагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед манай нөхөр гэртээ согтуу орж ирээд намайг элдвээр хэлж доромжлоод байсан. Би нөхрөө согтуу байна, одоо унтаж амар гэсэн чинь намайг барьж аваад гэрийн хуванцар сандлаар миний толгой руу 2 удаа цохисон. Миний толгойноос цус гарч, алчуураар дарж тогтоогоод хажуу айлын эгчийг гуйж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр урьд надтай хэрүүл маргаан хийж байсан ч зодож цохиж байгаагүй. Бид хамтран амьдраад 4 жил болж байгаа, одоо 1 хүүтэй манай хүү 1 нас 8 сартай. Надад гомдол санал байхгүй, би нөхөртэйгээ эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

Гэрч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 13-ны оройн 18 цагийн үед манай жижиг өрөөний ******* гэх залуу эхнэртэйгээ маргалдаад байсан. Тухайн үед юу гэж маргалдсаныг нь би сонсоогүй. Удалгүй *******ын эхнэр Б- манай өрөөнд орж ирээд ******* агсам тавиад байна цагдаа дуудаад өг гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. *******ыг цагдаа нар аваад явсан хойгуур Б-гаас юу болсон талаар асуухад ******* Б-гийн толгой руу сандлаар цохиод, толгойг нь хагалсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Намайг очиход эхнэр Б-гийх нь толгойноос цус гарчихсан доошоо хараад сууж байсан. Би юу болсон талаар асуухад манай нөхөр ******* намайг сандлаар цохиод миний толгойг хагалсан гэж хэлсэн. …*******ыг эрүүжүүлэх байр руу хүргэж өгөх үед болсон зүйлийн талаар асуухад би эхнэртэйгээ маргалдаад толгой руу нь сандлаар цохчихсон гэж байсан.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *******тай үерхэж найзлаад 8 жил болж байна. ******* Б- хоёр гэр бүл болоод 4 жил болж байгаа бөгөөд 2016 онд хүүтэй болсон. Энэ хоёр их дотно харилцаатай, эвсэг найртай байдаг. ******* Б- хоёрыг урьд нь хэрүүл маргаан хийсэн гэж сонсож байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

  • эмчийн 09шэ/127 дугаартай “...*******ийн биед баруун талын чамархайн хэсэгт язарсан оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 11 тоотын айлын хүмүүс маргалдаад байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний ”...эрсдлийн түвшин Бага...” гэсэн маягт /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний маягт болон ярилцлагын “…*******- хамран амьдрагч *******тай амьдраад 4 жил болж байна. 2018 оны 3 дугаар сарын 13-ны 5-6 цагийн орчимд манай нөхөр гаднаас орж ирсэн. Тэгээд үснээс чинь тамхи үнэртээд  байна гээд надтай хэрүүл хийсэн.

 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр найзтайгаа ганц шил архи уучихаад гэртээ ирсэн.  Гэтэл манай гэрээс тамхи үнэртэж байсан, би эхнэрийгээ тамхи татлаа гэж уурлан пивор сандал авч шидсэн.…” гэсэн тэмдэглэл /хх-ийн 21-25 дугаар хуудас/.

Эд мөрийн баримт хураан авсан:”...Улаан хрүрэн өнгөтэй хуванцар сандалыг түр хураан авав...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцсон “…улаан хүрэн өнгийн хуванцар сандалыг эд мөрийн баримтаар тооцсугай…” гэсэн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүдийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны оройн 18 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 11 тоот орон сууцанд буюу өөрийн гэртээ согтуруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* тамхи татсан байна гэж уурлан маргалдаж, улмаар хуванцар сандалаар толгойн тус газар нь 2 удаа цохиж хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “...Тухайн үед гэрээс тамхины утаа үнэртээд байсан болохоор миний уур хүрээд ширээний хажууд байсан хуванцар сандалаар эхнэрийнхээ толгой хэсэг рүү 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…Би нөхрөө согтуу байна, одоо унтаж амар гэсэн чинь намайг барьж аваад гэрийн хуванцар сандлаар миний толгой руу 2 удаа цохисон.…” гэсэн мэдүүлэг, гэрч *******-, нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/127 дугаартай дүгнэлт зэрэг дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч ******* үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчийг хуванцар сандалаар толгойн тус газар нь 2 удаа цохиж зодсон үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “…хамтран амьдрагч...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч *******, хохирогч *******- нар нь хамтран амьдрагч болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байгаа тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч *******ийн “…нөхөртэйгөө эвлэрсэн гомдол санлгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 13 дугаар хуудас/ гаргасан тул *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Прокуророос яллагдагч *******д 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 75 дугаар хуудас/, шүүгдэгч дээрхи ялыг хүлээн зөвшөөрсөн нь уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, дүгнэлт хийж байгаа, хохирогчтой эвлэрсэн, хохирогч учруулсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.  Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи прокурорын саналын хүрээнд түүнд таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн хуванцар сандалыг шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул хуульд зааснаар устгахаар байна.

 Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан болохыг тэмдэглэе.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. ******* овгийн ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******ыг таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******д мэдэгдсүгэй.
  4. Хохирогч *******- нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдсугай
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгөтэй хуванцар сандалыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

     ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ