Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/492

 

  

 

 

 

 

 

   2024            4            25                                         2024/ДШМ/492

 

 Б.Г-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, Ж.Төмөрхуяг, 

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Ц.Амар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02  дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г-ад холбогдох 2308 00000 1727 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

........ овгийн ...........-гийн Г, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .......... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн .. дугаар хороо, ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ....................../,

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоотод амь хохирогч Ц-ийн Ц-гаас гар утсаа нэхэж, улмаар гэрээс нь ТСЛ брэндийн 200.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг гар утасныхаа оронд авна хэмээн өөртөө эдийн ашигтай байдал бий болгон хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ад 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 114 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар эдийн бус гэм хорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардах эрхтэйг зааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Г-ын тус шүүхийн Тамгын газрын дансанд байршуулсан 10.288.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-д олгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Б.Г-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тус шүүхийн гаргасан шийтгэх тогтоолд буюу гэм буруугийн асуудал дээр үл маргаж байгаа. Харин оногдуулсан 10 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байгаа учир давж заалдах гомдол гаргаж байна.

Б.Г миний бие эхнэр, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болно. Мөн амь хохирогчийн ар гэрт хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь шүүхийн шатанд хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, давж заалдах шатанд гаргасан гэм буруудаа чин санаанаасаа гэмшиж байгаа талаар дурьдсан байх тул дараах үндэслэлээр Б.Г-ад холбогдох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай заасан бөгөөд 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн … тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан.

Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 10.288.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Б.Г-ад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ж.Төмөрхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол нэхэмжлэх, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх эрхээ эдлээгүй ч шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хамгийн бага буюу 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдолдоо урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж дурдсан. Хүний амь нас хохирсон гэмт хэрэг учраас хохирол төлбөр барагдсан гэж үзэхгүй, оршуулгын зардал болох 10.288.000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Г-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй, анхан шатны шүүх хуралдаанд нэг өмгөөлөгч нь цагаатгах байр суурьтай, нэг өмгөөлөгч нь ял хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Н.Энхжаргал гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж дурдсан. Хохирогч гар утсыг нь хулгайлсан гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоно гэж байна. Тэгэхээр хохирогчийн зүй бус үйлдэл тогтоогдоогүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоотод амь хохирогч Ц.Ц-гаас гар утсаа нэхэж, улмаар хэвлий тус газар нь өшиглөж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх 1, 3/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-5, 7-8, 11-12, 30/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг /1 хх 9-10/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-ийн “...2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр машин дээрээ завсар хийж байтал 16 цаг өнгөрч байхад манай охин С над руу залгаж “ээж гэрийн гадаа байна, амьсгалахгүй байна” гэж хэлэхээр нь би “түргэн дууд” гэчихээд “багажийг хураагаарай” гэж Ж гэдэг найздаа хэлээд дүү Д-ын машинаар гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд түргэний эмч ирчихсэн, талийгаач гэрийн амбаарын урд дээш харсан байдалтай байсан. Эмч ухаангүй байсан, эмч амьсгал хураачихсан байна гэж хэлсэн... гэртээ ороход гэрийн ертөнцийн зүгээр баруун талын орны урд хэсгээр хэд хэдэн газарт цус болчихсон, эхнэрийн маань өмсдөг байсан улаан өнгийн бэлтгэлийн цамцны тохой шуу хэсэгт цус болчихсон, орны урд талын шал хэсэгт туссан цусыг арчиж цэвэрлэсэн шинжтэй байсан. Гэрийн хойморьт модон тавилга дээр байсан 32 инчийн ТСL брэндийн зурагт байхгүй байсан. ...10-ны өдөр талийгаачтай уулзахад гэмтэл шарх байгаагүй, харин нас барсан байхад нь ирж харахад хамар нүд хэсэг нь хөхөрсөн, уруул нь язарсан байсан. ...” /1 хх 70-72, 75/,

гэрч Х.Б-ын “...Г нь миний гар утас алга болсон гэж ярьсан. Г-ын унаж байсан Приус машинд цэнэглэсэн гэхэд Г “байхгүй байсан” гэж хэлсэн. Тэгээд дахин бие биеэсээ асууж байгаад өдөр нь ирчихсэн байсан 100 грамм хочтой Ц эгч аваад явсан байна гэж ярьцгаасан. ...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8 цагийн орчимд бид 3 сэрээд Г-ын гар утсыг ахин хайсан ба утас нь олдохгүй байсан тул М, Г хоёрыг дуудсан. М ганцаараа хар өнгийн Приус 41 маркийн машин унаад ирсэн. Хөл муутай залууг үлдээгээд Г, М бид 3 Ц гэх эгчийн гэр рүү явсан. Гэр нь Их нарангийн эцэст байдаг талаар М мэдэж байсан. Хашааны гадаа 10 цагийн орчимд очиход гэр нь түгжээтэй, хажуу талын айлын хүн Ц эгчийг гараад явсан гэсэн. Тэгэхээр нь бид 3 хэсэг хүлээж байгаад ирэхгүй шинжтэй болохоор нь ойр орчмын дэлгүүр орж 100 грамм хочтой эгчийг сураглахад ойрхон явж байсан нэрийг нь Ц гэж дэлгүүрийн эгч хэлсэн. Тухайн дэлгүүрийн нэрийг нь бол мэдэхгүй байна. Тэгээд бид 3 буцаад Гын гэрт очиж байж байгаад 14 цагийн орчимд Ц эгчийн гэр рүү ахин ирэхэд дотор нь хүн байгаа боловч хаалгаа тайлахгүй түгжсэн байсан. М “эрчмээс явж байна, тог шалгана” гэж худлаа яриад хаалгыг нь тайлуулсан. Гэрт нь ороод Г “утас хаана байна, тавьсан дэлгүүрээ хэлчих” гэхэд “би мэдэхгүй, би аваагүй, та нар гарцгаагаач би унтмаар байна” гээд тэр эгч гэрийнхээ баруун талын орон дээр хэвтээд босохгүй байсан. Тэгтэл Г “таныг авсан гэдгийг нь мэдэж байна. Утасны байршил тогтоогч танай гадаа ирээд байхгүй болсон” гэхэд тэр эгч нь “би аваагүй” гэж хэлсэн. Тэгтэл Г тэр эгчийг үсдэх гээд дайраад байхаар нь би болиулж гарыг барьсан. Хэсэг байж байгаад ахиад Г Ц эгчийг үсдээд авсан. Тэр үед Ц эгч “та нар чинь ямар аймар юм бэ, би аваагүй” гэхэд Г М-ийг “нүдээ аньж бай” гэж байгаад нүүр рүү нь алгадсан. Ц эгчийн хамраас нь цус гарахаар нь Г-ыг М бид 2 болиулж хойшлуулсан. ...Тэгээд Г бид 2 гэрийнх нь гадаа тамхилах гээд зогсож байтал М “энэ эгч утас тавьсан газраа зааж өгөх гээд байх шиг байна” гэж хэлээд дуудсан. Би Гад “зурагтыг буцааж өгөөд тайван ярилц” гэхэд зурагтыг нь аваад гэр рүү орсон. Г зурагтыг байсан газар тавьчихаад “за эгчээ одоо яг үнэнээ хэлчих” гэхэд Ц эгч “би мэдэхгүй, би амармаар байна” гэхэд Г “за эгчээ тайван ярилцаад асуудлаа шийдье” гээд урд нь суусан. М бид хоёр 00 орох гээд гарсан хойгуур тэр 2 ярилцаад үлдсэн. Тэгээд 2-3 минутын дараагаар Г-ын дуу чангараад байхаар нь М бид 2 буцаад гэр рүү орсон. М “яагаад муухай орилоод байгаа юм бэ? эвтэйхэн ярьчихаач” гэж хэлэхэд Ц эгч зайлцгаа гэж хэлээд хэвтчихээд босохгүй байсан ба хамраас гарсан цусыг нь М ариун цэврийн цаасаар арчсан. Г уурлаж “таныг тэгвэл аваад явна” гэж хэлээд эхлээд гараас нь татсан. Гараас нь татахад Ц эгч босохгүй зууралдаад орилтол Г баруун хөлөөрөө цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. ...” /1  хх 79-82/,

гэрч А.М-ийн “...Г над руу залгаад миний утас алга болчихсон байна хамт архи ууж байсан танихгүй эмэгтэй аваад явчихсан байна, тэдний гэр рүү очиж утсаа авъя гэхээр нь Г, Б бид 3 нөгөө эмэгтэйн гэрт явж очиход хүн байхгүй байсан. ...Тэр гэрээ дотроос нь түгжчихсэн хаалгаа онгойлгохгүй байхаар нь “тогноос явж байна” гэж хэлээд онгойлгохоор нь гэр рүү нь орсон. Г тэр эгчээс утсаа асуугаад “миний утсыг өгчих, тавьсан дэлгүүрээ заагаад өгчих, танаас мөнгө авахгүй” гэж хэлтэл “аваагүй” гээд байхаар нь цагдаа дуудлаа гэж хэлэхэд битгий цагдаа дуудаачээ гээд орилоод байсан. Тухайн эмэгтэй гэрийнхээ зүүн талын орон дээр сууж байсан ба Г хажууд нь очиж суугаад удаан хугацаанд ярилцсан. Харин Б бид 2 гэрийн нөгөө талын орон дээр хамт сууцгаасан. Сүүлдээ Г уурлаад намайг “нүдээ аньж бай” гэж хэлэхээр нь би 2 гараараа нүүрээ дарчихаад яах гэж байгаа юм бол гэж бодоод хартал Г шууд нөгөө эгчийн үснээс нь зулгаагаад нэг гараараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа алгадахаар нь Б бид хоёр боль гэж хэлээд болиулсан. Хэсэг хугацаанд сууж байгаад Б бид 2 гэрээс гарч бие засаж тамхилчхаад буцаж гэр рүү орсон. Г тэр эмэгтэйтэй ярилцаж сууж байгаад орон дээрээ хэвтэж байхад нь гараас нь татаж босгоод “цуг явъя миний утсыг заагаад өгчих” гэхэд нөгөө эмэгтэй “би мэдэхгүй” гэхэд Г шууд өвдгөөрөө хэвлий хэсэг рүү нь 1 удаа өвдөглөхөд нөгөө эгч доошоо атиралдаад ёолсон. Тэр эмэгтэйн хамраас нь цус гарсан байхаар нь би хөргөгч дээр байсан ариун цэврийн цаасыг авч цусыг нь арчсан. ...” /1 хх 86-87/,

насанд хүрээгүй гэрч Т.С-ийн “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 06 цаг өнгөрөөж хичээлдээ яваад ээж гэртээ ганцаараа үлдсэн. ... Би хичээлээ тараад 15 цаг болж байхад гэртээ ирэхэд ээж дээгүүрээ цагаан футболк ягаан өмдтэйгөө орон дээрээ цаашаа хараад юм хэлэхгүй унтаад байхаар нь би гэрт байсан зурагт яасан талаар асуухад ээж дуу нь их сул болчихсон арай гэж мэдэхгүй гэж хэлсэн. Ээж согтуу байхаар нь зурагтаа архи ууж байгаад алдчихсан юм байна гэж бодоод орхисон. Гэтэл ээж удалгүй “шээлээ” гээд гэрээс гараад орж ирэхгүй болохоор нь би гараад хайхад манай гэрийн баруун талын амбаарын ар талд газар уначихсан хэвтэж байхаар нь босгоод гэрт оруулсан. Ээж юу ч хэлж чадахгүй амь тэмцээд байгаа бололтой босоод гадаа гараад амбаарын үүдэнд очоод газар хэвтэхээр нь би очоод гайгүй байх гэж бодоод эргэж гэртээ ороод хоол хийж байхад ээж гадаа их сонин дуу гаргаад байхаар нь хоолоо хийчихээд гадаа гарсан чинь ээжийн царай цусгүй мэт цагаан болчихсон, амьсгал нь тасалдаад байхаар нь би шууд аав руугаа залгаад болсон явдлыг хэлсэн. ...” /1 хх 111/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2726 дугаар шинжээчийн “...Амь хохирогч Ц.Ц нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Амь хохирогч нь зүрхний булчингийн сорвижилт, элэгний өөхлөлт, архаг үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байна. Дээрх өвчнүүд үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогчийн цогцост зүүн бөөрний өөхөн эслэг, сэмж, чацархайд цус хуралт, чацархайн язарсан урагдал, хэвлийн хөндийд цус хуралт, дух, баруун тохой, 2 өвдөгт зулгаралт, дух, хамар, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, баруун бугуй, сарвуу, баруун ташаа, баруун гуя, 2 өвдөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох, өшиглөгдөх, унах, нидрэгдэх үед үүсгэгдэх боломжтой. Дээрх хэвлийн битүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтэл, бусад гэмтлүүд нь тус журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Амь хохирогч АВО системээр В /III/ бүлгийн цустай байна. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. ...” /1 хх 237/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1096 дугаар шинжээчийн “...2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01 цаг 00 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 10-12 цаг орчим болсон байжээ. Ц.Ц-гийн биед учирсан зуун бөөрний өөхөн эслэг, сэмж, чацархайн цус хуралт, чацархайн язарсан урагдал, хэвлийн хөндийн цус хуралт гэмтэл нь амь хохирогчийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байна. Дух, баруун тохой, 2 өвдөгт зулгаралт, дух, хамар, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, баруун бугуй, сарвуу, баруун ташаа, баруун гуя, 2 өвдөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд нь нас барахаас өмнө 24 цагаас дээш хугацаанд үүссэн хуучин шинэ хавсарсан гэмтлүүд байна. Ц.Ц нь дээрх хэвлийн битүү гэмтлийг авсан үед хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, огиулах, дотор муухайрах, царай цайх, цонхийх, хөлс гарах зэрэг шинжүүд илрэх бөгөөд согтолтын зэрэг, хоол тэжээлийн байдал, архи даах чадвар зэргээс хамаарч дээрх шинжүүд харилцан адилгүй хугацаанд илэрч болно. Дээрх гэмтлийг аваад хэдий хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх чадвар нь согтолтын байдлаас хамаарч харилцан адилгүй илэрнэ. Ц.Ц-гийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн тухайлбал өшиглөх, өвдөглөх, цохих, цохигдох, унах, нидрэгдэх үед үүсэх боломжтой. ...” /2 хх 135/ гэсэн дүгнэлтүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5027, 5028, 5031 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /2 хх 9-10, 59-60, 26/, 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр  сарын 10-ны өдрийн 882 дугаар “...Б.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Г нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Г-ын хэл ярианы хөгжил, сэтгэн болох чадвар нь хэвийн байна. Б.Г нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочрол болон өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг баримт мэдээлэл үгүй байна. Б.Г нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна. Б.Г нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” /2 хх 117-118/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос шүүгдэгч Б.Г-ыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...өөртөө эдийн ашигтай байдал бий болгож...” үйлдсэн гэж зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүнийг алах...” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ. 

Шүүгдэгч Б.Г-ыг хохирогч Ц.Ц-гийн биед хэвлийн битүү гэмтэл учруулж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шйидвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Мөн анхан шатны шүүх хохирогчийн сэтгэл санаа, сэтгэцийн гэм хортой холбоотой нэхэмжлэлийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г-ын “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Н.Энхжаргалын “...Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 10.288.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Б.Г-ад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд энэхүү хэм хэмжээ нь дээр дурдсанчлан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш, энэхүү зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулсаныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо оршуулгын зардалд 10.288.000 төгрөгийг төлсөн хэдий ч түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Г-ын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 80 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02  дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын цагдан хоригдсон 80 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

                                               ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

                                               ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР