| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00018/Э |
| Дугаар | 00028 |
| Огноо | 2018-03-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хохирогч Б.Б, Б.Ац
Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Год холбогдох 1732001070006 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс халх, Улаанбаатар хотод 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн дарга ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зуутраг овогт Жамсрангийн Г / РД:*/
Тодорхойлох нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар: Шүүгдэгч Ж.Г нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн хөндий” гэх газарт Дархан-Улаанбаатар чиглэлийн төв зам дээр Улаанбаатар талаас 134-135 дугаар километрийн шонгийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15-16 цагийн орчим тоёота кровн загварын 22-34 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гүйцэт түрүүлэх үйлдэл хийж урсгал сөрж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна...” гэх заалтуудыг тус тус зөрчин санато-7 загварын 10-80 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Бгийн биед зүүн дунд чөмөгний битүү зөрөөтэй, сэлтэрсэн хугарал, иргэн Б.Ацийн биед зүүн бугалганы толгойд хугарал гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Зүүнхараагаас Дарханруу буцаж явахдаа Зүүнхараагийн цаад талын нарийн хөндий гээд байгаа тэр газарт даваа уруудаад явж байсан. Харагдах орчин асуудалгүй гэгээтэй байсан. Урд явсан улаан автобусыг яах ч аргагүй гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд бараг урд нь орчихсон банкных нь ойролцоо хойд хаалганых нь хажуугаар гарчихсан явж байсан чинь гэнэт өөдөөс саарал машин гараад ирсэн. Саарал өнгийн соната 7 загварын машиныг хараагүй нь миний алдаа. Зогсоох үйлдэл хийсэн боловч тухайн үед халтиргаатай байсан учраас тормоз хамаг зүйлээ ашиглаад өөдөөс нь очоод зүүн урд талаас очиж мөргөсөн
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: шүүгдэгч бол эмнэлэгт эхнэртэйгээ тойрч ирж байсан тухайн үед эмчилгээний зардал мөнгө төлөөд өөрөө гарч байсан. Өнөөдөр чи надад 3900000 төгрөг өгсөн гэж ярьж байна тийм биш 3600000 төгрөг өгсөн шүү дээ баримттай бичсэн байгаа. Эгч нь ажилчгүй, цалин ч үгүй нөхөр ч ажлаа хийхгүй байсан нөхрийгөө ажилдаа явуулсан хойгуур 6 дугаар ангийн хүүхэд маань асарч түлээгээ гаднаас оруулж өгчихөөд гаднаас түгжиж өгчихөөд хичээлдээ явдаг. Бид хэн хэнийгээ зүхээд байх шаардлагагүй. Гайнууд минь та нараас боллоо гэж хэлсэн чинь зовж шаналж байгаа дээр минь бүр илүү санагдаж байсан. Сүүлдээ би чамтай ярихаа байсан шүүх хурал дээр ярих юмаа ярья гэж ирсэн. Чиний мууг үзээд суугаад байгаа юм биш. Чи харин миний хохирсон хохиролын минь хэмжээ өгөх ёстой мөнгөө цаг хугацаанд нь өгчихвөл зүгээр байна. Би ч гэсэн ялгаагүй цалингийн зээлтэй л хүн амьдрах гээд л явж байгаа. Миний хөл 4 сар болсон гэхэд хэцүү л байна 09 цагт хүн ажилдаа гараад явахад сэтгэлдээ шаналаад л сууж байна ядаж мөрөөрөө 4 жил энэ байгууллагат ажилчихсан бол тэтгэврийн насандаа орчих байсан. Хөл маань зүгээр байсан бол би чамаас худлаа яриад мөнгө нэхээд суухгүй. Эмний баримтан дээр эргэлзээд байна гэвэл хүн адилхан зовж байж өрөөлийг зовооё гэж бодохгүй шүү дээ. Тийм болохоор миний дүү ухаантай хүлээцтэй байх хэрэгтэй. Нэгэнт энэ бол тохиолдсон л явдал бид нар чиний урдуур гүйгээд орчихоогүй. Тийм болохоор хохирлыг барагдуулах нь үнэн л гэж бодож байна. Миний хувьд хүн байна. Би хурдан хөл дээрээ босмоор байна. Надаас гарсан бүх хохирол болон дараагийн хохирлуудыг барагдуулбал надад яриад байх зүйл байхгүй. Чамаас би 3600000 төгрөг бэлэн авчихсан байгаа. Миний нийт нэхэмжилж байгаа мөнгө 7277292 төгрөг болж байгаа үүнээс 3600000 төгрөгөө хасахад 3677292 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд миний эмчилгээний зардал нөхөр бид хоёрын цалин, цалингийн зөрүү зэрэг багтаж байгаа бүгд баримтаар байгаа. Төмрөө ах чинь 2 сарын цалин аваагүй шүү дээ. Үүнээс хойш би миний сарын цалин 471461 төгрөг байдаг би бүтэн жил группт 280000 төгрөгөөр орсон үүний зөрүү мөнгийг чамаас авна гэж бодож байгаа. Яагаад гэхээр би бүтэн жил хөдөлмөрийн чадваргүй л байна. Намайг хөлгүй, тэтгэврийн насны хүн гээд ажилд авах газар байхгүй. Би зөвхөн эмчилгээний зардлаа л нэхэмжилж байгаа. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг минь нээлттэй болгож өгнө үү. Тэрнээс бол гомдол санал алга миний эмчилгээг хийлгээд эрүүл болтол минь орхихгүй байх л гэж бодож байна гэв.
Хохирогч Б.Ац шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:...Би бол шүүгдэгчээс олон зүйл нэхээгүй. Би анх удаагаа энд нүүрээрээ уулзаж байна. Би нэг удаа утсаар хэлсэн. Эгч нь хувиараа ажил хийдэг эгч нь юмаа зараад явахад тийм мөнгө олдог гэж хэлэхэд урдаас энэ залуу явдаг газраар нь явахгүй юу өөр яах гээд байгаа юм бэ гэж зүй бусаар хандаж байсанд гомдсон. Би хохироогүй байсан бол би ажлаа хийгээд банкны өрнөөс илүүг би олох байсан. Ингэж намайг хохироочихоод энэ хүний банкны мөнгийг төлөхгүй гэж байна. Иргэний нэхэмжлэгч ч гэсэн адилхан банкныхаа мөнгийг төлүүлээд авч л байгаа биз дээ. Бид нар яагаад болохгүй гэж би өрөөсөн гараараа даавуу метрлээд зогсож чадаагүй цагаан сараар би зах дээр гараад зогсоход 200000-300000 төгрөгний орлого олдог хүн байсан. Утсаар ярихад та нараас болж шүүх хуралдаанд 2 удаа хойшиллоо гээд бид нар дурандаа ийм өвчтэй болж ирээгүй шүү дээ. Би чамайг хараагүй өрөвдөөд хайрлаад явж байсан. Нэхвэл би зөндөө зүйлийг нэхэх байсан. Одоо хүртэл би зовоод л явж байгаа би чамайг ингээгүйл байсан бол хаашаа ч гэсэн машинаа бариад өдөрт мөнгөө олоод банкаа хийчих байсан юм. Би чамаас 11 дүгээр сарынхаа банкныхаа мөнгийг аргалаад л төлж байсан. Чамаас би 2,3 сая төгрөг нэхээгүй. Өчнөөн сар болоход намайг чи асуугаагүй. Мөнгөө нэхэмжлэх болно. Өөр зүйл байхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Эн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 11 сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн 10-80 БУЛ улсын дугаартай саарал өнгийн соната-7 маркийн тээврийн хэрэгслээ жолоодон 4 зорчигч аваад Улаанбаатар хот орохоор явж байгаад Баянгол сумын төв өнгөрөөд хоёр даваа руу өгсөж явтал өөдөөс эсрэг урсгалд явж байсан автобусны араас гэнэт л хар хөх өнгийн кровн маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд хүүе хаая гэхийн завдалгүй миний машины зүүн урд талаас мөргөсөн юм. Тэгээд осол болсоны дараа харахад миний машинд сууж явсан зорчигч нар нэлээн бэртэж гэмтсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/
Гэрч О.Ба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би найз Гын 22-34 УБЛ улсын дугаартай хар хөх өнгийн кровн маркийн тээврийн хэрэгслийн урд талын жолоочийн дэргэдэх суудалд суугаад унтаж явтал гэнэт л зам тээврийн осол гарсан байсан юм. Тухайн үед манай найз Гын машинд би манай эхнэр Тунгалаг, найз Нармандах бид 4-лээ явсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/
Гэрч Т.Ту мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би унтаад явж байтал Нармандах хашгирахаар нь би сэрээд хоёр суудлын дундуур урд замыг харсан чинь манай машин эсрэг урсгалд орчихсон байсан. Урдаас машин орж ирээд мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77-р хуудас/
Иргэний нэхэмжпэгч Д.Брг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...урд талаас эсрэг урсгал талд нийтийн тээвийн автобус уруудаж явсан тэр нийтийн тээврийн автобусыг нэг жижиг тэрэг урсгал сөрж гүйцэж түрүүлэн миний сууж явсан тээврийн хэрэгслийн өөдөөс их хурдтай ирээд мөргөсөн. Тэгээд би сандараад яг юу болсоныг мэдээгүй нэг мэдсэн машин зогсчихсон миний духнаас цус их хэмжээгээр гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-р тал/
Гэрч Ш.Да мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...манай хүргэн Мөнхтүвшин гэх хүний төрсөн дүү Энгийн өөрийн эзэмшлийн машин байсан. Би осол болох үед жолоочийн хажуу талд сууж явсан, цаг агаар цэлмэг 17 цагийн орчим осол болсон зам өгсүүр байсан, үзэгдэх орчин гайгүй байсан, зам халтиргаатай байсан. Осол болсоныг мэдээгүй жаахан зүйрмэглэсэн байсан..” гэх мэдүүлэг/хх-ийн 92-93-р хуудас/
Гэрч М.На мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...би хэдэн км цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Миний харж байснаар урд явсан том оврийн улаан өнгийн автобусыг гүйцэж түрүүлж байхад өөдөөс нь саарал өнгийн сонота-7 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-р тал/
Шүүх эмнэлгийн 1119 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Б.Бгийн биед зүүн дунд чөмөгний битүү зөрөөтэй, сэлтэрсэн хугарал, зүүн шанаа, доод эрүүний зулгаралт, баруун бугалга, зүүн цавь, зүүн гуя баруун зүүн шилбэний цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын улмаас хүчтэй цохигдох, хавчигдах үед үүсгэгдэх боломжой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...”гэх дүгнэлт/хх-ийн 125-р хуудас
Шүүх эмнэлгийн 347 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Б.Ацийн биед зүүн бугалганы толгойд хугарал, цээж, баруун өвдөг шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”гэх дүгнэлт /хх-ийн 129-р хуудас/
Шинжээчийн №55 дугаартай “Жолооч Ж.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөн ..” гэх дүгнэлт болон Ж.Гын хувийн байдлыг тогтоосон баримтууд болох ял шалгах хуудас /хх-ийн 157-р хуудас/, зөрчлийн талаар шалгасан материалууд /хх-ийн 159-169/ зэрэг нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Ж.Г нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн хөндий” гэх газарт Дархан-Улаанбаатар чиглэлийн төв зам дээр Улаанбаатар талаас Дархан орохоор явахдаа 134-135 дугаар километрийн шонгийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15-16 цагийн орчим тоёота кровн маркын 22-34 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гүйцэт түрүүлэх үйлдэл хийж урсгал сөрж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна...” гэх заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгалд явсан санато-7 загварын 10-80 БУЛ улсын дугаартай Соната машиныг мөргөж зам тээврийн осол гарган Соната машинд зорчиж явсан иргэн Б.Бгийн биед зүүн дунд чөмөгний битүү зөрөөтэй,сэлтэрсэн хугарал, иргэн Б.Ацийн биед зүүн бугалганы толгойд хугарал гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Г нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Б, Б.Ац нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа.
Прокуророос шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял сонсгосон ба шүүгдэгч уг гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн.
Ж.Г нь гэмт хэрэг үйлдсэний дараа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан “ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн тухай баримт ХХ-159-169 дүгээр талд авагджээ. Авто ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Б нь 7277292 төгрөг нэхэмжилснээс төлөгдсөн 3600000 төгрөгөө хасаад үлдэх 3677292 төгрөгийг нэхэмжилсэн. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар....хавтас хэргийн 21-22, 25, 26, 27, 28 дугаар хуудсанд авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиролын баримтуудыг нэг бүрчлэн судлахад эмчилгээний зардал, эмийн үнэ, хоол, шатахууны зардал бүгд 1492017 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан 7 ширхэг баримт нь үсэг тоо баларсан шаардлага хангахгүй баримт байна. Шүүгдэгч нь 3600000 төгрөгийг төлсөн, тул нотлох баримтаар гаргуулах хохирол төлбөргүй байна. Харин хохирогч Б.Б нь цалингийн зөрүү нэхэмжлэх эрхтэй ба нотлох баримтаа хуульд заасны дагуу /ажлаас чөлөөсөн ажил олгогчийн шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, халамжийн тэтгэлэгийн дэвтрийн хуулбарыг нотриатоор гэрчлүүлсэн хуулбар зэргийг/ бүрдүүлэн ирүүлээгүй тул гаргах боломжгүй байна. ХХ-34 дүгээр талд хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар 12 сараар тогтоох шийдвэрийн хуулбар нотриатаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд хандан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Ацээс гаргасан ХХ-47-65 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, эмчлүүлэгчийн карт, барааны орлогын дэвтрийн хуулбар зэрэг нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй байна. ХХ-ийн 44 дүгээр талд авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн судлан үзэхэд 250000 төгрөгний хохиролын баримт байгаа ба шүүгдэгч нь 250000 төгрөгийг төлсөн тул хэлэлцэх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч Д.Эн нь машины хохиролд 7500000 төгрөгийг нэхэмжилсэн гэх мэдүүлэг хэрэгт авагдсан ба шүүгдэгч Ж.Г нь машины хохиролд 6500000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх хохирлыг төлөхөөр тохиролцсон гэж мэдүүлж байгаа энэ тухай баримт хэрэг авагдаагүй болно.
Иргэний нэхэмжлэгч Д.Брд 250000 төгрөгийг төлсөн гэж шүүгдэгч мэдүүлдэг ба хохиролын тухай баримт хэрэг авагдаагүй байна. Иргэний нэхэмжлэгч нарт хуралдааны товыг мэдэгдсэн ба хуралд оролцох шаардлагагүй гэж мэдэгдсэн байна.
Шүүгдэгч Ж.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Зуутраг овогт Жамсрангийн Гыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Гыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Г нь торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж энэ хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролыг нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ