Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2025/0503

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд үүссэн захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан 'Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,376,036 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 02/4658 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,376,036 төгрөгийг Д******* ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Д******* ХХК нь Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний[1] дагуу эмийн худалдааны чиглэлээр тусгай үйл ажиллагаа эрхэлдэг.

2.2. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ОР-04/0619 тоот Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ[2], 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ОР-04/013 тоот Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ-г[3] тус тус байгуулсан.

2.3. Тухайн гэрээний дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ бүхий" жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлөлттэй олгох үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж ажилладаг байна.

2.4. "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах" гэрээний 2.4.7-д төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглабартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийг тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хуанлийн 2 хоногт багтаан ирүүлж, 11-ний өдрөөс тухайн сар дуусталх хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган хүргүүлэх гэж заасан.

2.5. Д******* ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх нэхэмжлэхийг 2023 оны 01 дүгээр сарын нэхэмжлэхтэй хамт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр А/2-01 дугаар албан бичгээр[4] ******* аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлсэн[5] гэх боловч эрх бүхий байгууллага хүлээн авсан талаарх баримтгүй, ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23/07 дугаар албан бичгээр[6] ...нэхэмжлэлийг хугацаанд нь ирүүлээгүй тул тус гэрээний 2.1.7, 2.1.7.2 заалтуудыг үндэслэн... тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзжээ.

2.6. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянаад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/4658 дугаар албан бичгээр ...******* аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ora-invoice цахим хаягаас шүүж үзэхэд 2023 оны 02 дугаар сард ирүүлсэн мэйл байхгүй, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2023 оны 02 дугаар сарын нэхэмжлэхийг илгээсэн мэйл бүртгэлтэй байна. Түүнчлэн тус газарт ирүүлсэн гомдолд дурдсанаар "... 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн боловч... гэсэн байх бөгөөд тус хэлтэст хүргүүлсэн эсэхээ хянах, мөн гомдолд хавсарган ирүүлсэн материалуудаас үзэхэд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэхээ илгээсэн гэх нотлох баримт байхгүй... тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэх боломжгүй хариу өгсөн байна.

2.7. Дээрх хариуг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан гомдлыг[7] Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хянаад 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр[8] Танай байгууллагын ЭМДЕГ-тай 2022 онд байгуулсан ОР-04/013 тоот "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 6.3-т "Гэрээ, гэрээний баримт бичигтэй холбогдох аливаа маргаан болон гэрээнд өөрчлөлт оруулах, хэлэлцээр хийх зэрэг аливаа харилцаанд талууд өөрсдөө төлөөлөн оролцох бөгөөд уг харилцаанд гуравдагч талыг оролцуулахгүй" гэсэн тул Үндэсний зөвлөлөөс уг хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжгүй хариу өгчээ.

2.8. Нэхэмжлэгч уг шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2025/1091 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг үүсгэжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Д******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани нь ******* аймгийн ******* суманд байршиж "*******" эмийн сангийн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан ОР-04/013 дугаартай "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах" гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр байгуулсан ОР-04/0619 дугаартай "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ бүхий" жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлөлттэй олгох үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж ирсэн.

Манай компани "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах" гэрээний 2.4.7 дахь заалтын дагуу 2022 оны 12 дугаар сарын 11-нээс 30-ны өдөр хүртэлх нэхэмжлэхийг 2023 оны 01 дүгээр сарын нэхэмжлэхтэй хамт 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн боловч хугацаа хоцроосон шалтгаанаар хүлээн авахаас татгалзаж хянаагүй буцаасан болно. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалтыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 2.3.1 дэх заалтын дагуу 2022 оны 12 дугаар сарын 11-нээс 30-ний өдөр хүртэлх болон 2023 оны 01 дүгээр сарын хөнгөлөлттэй олгосон эмийн мөнгө болох нийт 7,376,036 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж өгнө үү. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дүйчэнравжаа ХХК нь ******* аймгийн ******* суманд байршиж "*******" эмийн сангийн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан ОР-04/013 дугаартай "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах" гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 03- ний өдөр байгуулсан ОР-04/0619 дугаартай "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах" гэрээний дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ бүхий" жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлөлттэй олгох үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж ирсэн.

Манай компани "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах" гэрээний 2.4.7 дахь заалтын дагуу 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх нэхэмжлэхийг 2023 оны 01 дүгээр сарын нэхэмжлэхтэй хамт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн боловч хугацаа хоцроосон шалтгаанаар хүлээн авахаас татгалзаж хянаагүй буцаасан. Үүнийг эс зөвшөөрч Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус гэрээний 2.3.1 дэх заалтын дагуу 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэл, 2023 оны 01 дүгээр сард иргэдэд хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,376,036 төгрөгийн нэхэмжлэхийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хугацаа хоцроосон асуудал байхгүй. Албан бичгээр ч, цахимаар ч нэхэмжлэхээ хүргүүлсэн. Гэрээнд зааснаар дараа 05-ны өдрийн дотор тайлангаа хоцроосон бол хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг шалгаж, татгалзах үгүйгээ шийдвэрлэдэг. Харин төсвийн жилийн цаглабартай холбогдуулан дараа оны нэхэмжлэхтэй хамт хүргүүлдэг бөгөөд сар, өдрийг тодорхой заасан зүйл, заалт гэрээнд байдаггүй. Иймд гэрээний 2.4.4-т заасан заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Нэгэнт гэрээний дагуу ажил, үйлчилгээ явуулж хэвшсэн учир 02 дугаар сарын 05-ны өдөрт багтааж нэхэмжлэхээ цаасаар болон цахимаар хугацаа хэтрүүлэлгүй хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул хөнгөлөлтийн үнийг олгож өгнө үү гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: "Д*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Тус газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу ******* эмийн сантай "Даатгуулагчдад эмийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-г байгуулан гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэн ажилладаг.

******* аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 23/07 дугаар мэдэгдлээр ******* эмийн сан нь дээрх гэрээний 2.4.4 дэх хэсэгт "тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх" гэснийг зөрчин нэхэмжлэлийг хугацаанд нь ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна.

2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авагч нь гэрээний 2.1.7.2 дахь хэсэгт "гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл" гэж заасныг үндэслэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг санхүүжүүлэхээс татгалзах эрхтэй болно.

3. ******* эмийн сан нь тусламж, үйлчилгээний зардал болох 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын нэхэмжлэлийн хамт 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдөр илгээсэн гэх боловч ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ога-invoice цахим хаягт 2023 оны 02 дугаар сард ирүүлсэн нэхэмжлэлийн мэйл байхгүй болно. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д******* ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар 30 хоногийн дотор гомдол гаргаагүй. ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаагүй учир тус шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Д******* ХХК-тай тооцоо нийлж дүгнэхэд 2,816,790 төгрөгийн өглөгтэй гэх баримт гарч байсан. Нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. Нөхөн төлбөр биш шүү дээ. Гэрээний 2.3.1-т шаардлага хангасан нэхэмжлэлийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэх ... эрхтэй... гэж заасан. Шаардлага хангаж байгаа эсэхийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан Чанар, төлбөрийн хяналтын журам-аар хянадаг.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-т ...даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, энэ хуулийн 14.8.7-д заасан журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох... гэж заасан. Дээрх журмын 4.1-т Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх: 4.1.1.2-т ...Чанар, төлбөрийн хяналтыг хийж нэхэмжлэлийг хянаж, төлбөрийг гүйцэтгүүлэх... гэж заасан. Тэгэхээр шүүх нэхэмжлэхийг хүлээн авч төлбөрийг олгох ёстой гэж дүгнэж болохгүй... гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Нэн тэргүүнд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тооцохдоо Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 сарын 07 өдрийн 221/ШТ2025/0428 шүүхийн тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан маргасаар байхад анхан шатны шүүх санаачилгаараа хариуцагчийг ******* аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс гэж тодорхойлон ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэсний дагуу нэхэмжлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан гомдолд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаар албан бичгээр хариуг мэдэгдсэн үеэс тооцон захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэн захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

4.3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид гэрээ гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ, 14 дүгээр зүйлийн 14.8.6-д эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журам, тогтоол, зөвлөмж гаргах, 14.8.7-д даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах, 16 дугаар зүйлийн 16.1.5-д даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, энэ хуулийн 14.8.7-д заасан журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгохоор заажээ.

4.4.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д******* ХХК нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай ОР-04/013 тоот Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах тухай гэрээг[9] 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулан, тус гэрээний дагуу Эмийн сангийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж, иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээг чанарын болон төлбөр-ийн хяналт, гүйцэтгэлд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт худалдан ажилладаг байна.

4.5.Уг гэрээний 2 дугаар зүйлд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч дараах үүрэг хүлээнэ гээд, 2.1.6-д Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.8.7-д заасан холбогдох журмын шалгуурыг хангаагүй тусламж, үйлчилгээний тохиолдлын төлбөрийг санхүүжүүлэхгүй байх 2.4.4-т тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсхүл, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх гэж тухайлан заасан.

4.6.Үүгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч өөрийн тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийг ямар цаг хугацаанд, хэдийд хүргүүлсэн байх, ямар шалгуур хангасан тохиолдолд санхүүжилт олгох ёстойг тогтоосон аж.

4.7.Гэтэл шүүхээс нэхэмжлэгч Д******* ХХК-ийн [email protected] цахим хаягт үзлэг хийхэд[10] тус компани 2022 оны 12 дугаар сарын 11-нээс 30-ны өдөр хүртэлх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тухай нэхэмжлэхийг 2023 оны 01 дүгээр сарын нэхэмжлэхийн хамт 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 24 минутад илгээсэн байх боловч энэхүү нэхэмжлэх болон холбогдох материалыг эрх бүхий байгууллага хүлээн авсан талаарх баримтаар нотлогдоогүй[11].

4.8.Нөгөөтээгүүр Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч Д******* ХХК-г дээрх гэрээгээр тогтоосон хугацаанд нэхэмжлэхээ хүргүүлсэн гэж тооцсон ч тус компанийн хувьд гэрээгээр тохиролцсон хугацааг хожимдуулан мэдээллээ хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/4658 албан бичгээр ...төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэх боломжгүй... татгалзсан татгалзал үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

4.9.Өөрөөр хэлбэл нэхэмжлэх ирээгүй тохиолдолд хариуцагч Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын 4.1.1.2-т заасан нэхэмжлэлийг хянах, төлбөрийг олгох үүргээ хэрэгжүүлэх нөхцөл боломжгүй байсан тул нэгэнт хянагдаагүй нэхэмжлэхийг шүүх үнэлэн нэхэмжлэгчийн шаардсан 7,376,030 төгрөгийг олгох боломжгүй юм.

4.10.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Д******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Гэрээний 4.2-т ...эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч энэхүү гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0,5 хувиар тооцож суутган, хариуцлага хүлээлгэнэ ..., хоног хэтрүүлбэл алданги тооцож нэхэмжилж буй мөнгөн дүнг олгох боломжтой уян хатан зохицуулалт байхад түүнийг хариуцагч хэрэглээгүй гэж маргасан.

4.11.Харин шүүхээс энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ...Гэрээний 4.2-т ...Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд... гэж заасан. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нэхэмжлэгч компани нотлоогүй. Хэрэв баримтаар нотолсон бол уг зохицуулалтыг хэрэглэх боломжтой... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авахын сацуу маргааны үйл баримт болон хэрэгт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэхийг хожимдуулсан талаар нэхэмжлэгчээс анхнаасаа маргаагүй, энэ талаар ямар нэг баримтыг гаргаж өгөөгүй болохыг дүгнэн тэмдэглэх нь зүйтэй.

4.12. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болголоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 14 дүгээр зүйлийн 14.8.7-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,376,036 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/4658 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,376,036 төгрөгийг нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР