Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01561

 

 

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01561

 

Б.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01480 дугаар шийдвэртэй

Б.Огийн нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК-д холбогдох

Орон сууц, 16 248 600 төгрөгийн хамт гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21 дүгээр гудамж, 4096 тоот гэр бүлийн хэрэгцээний газарт оршин суудаг. Тус газарт 337 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгын суурийг 120 м.кв-аар өргөтгөн 2 давхар нийт 240 м.кв байшин болгон тохижуулан ашиглаж амьдарч байсан. Тухайн үед Г ХХК-аас танай газарт хотын санхүүжилтээр Түмэн-Амгалан хотхон барьж гэр хорооллыг дахин төлөвлөлт хийгдэхээр болсон, 2014 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэсний дагуу Г ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 67 тоот гэрээ байгуулж тухайн газарт баригдах 72 м.кв 2 өрөө орон сууц болон 5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг үнэ төлбөргүй нэмж олгох, газрыг чөлөөлөх буюу барилгын эхний ээлж ашиглалтад ороход иргэн тэргүүн ээлжинд нүүж орох давуу эрхтэй байхаар гэрээ байгуулсан. Түүнчлэн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байр ашиглалтад орох хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг нэг сарын 450 000 төгрөг, ажлын байрны сарын төлбөр 450 000 төгрөг, нийт 900 000 төгрөгийг 6 сар тутамд тооцож нийт 5 400 000 төгрөг олгохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Г ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 8 жилийн хугацаанд үйл ажиллагаа явагдаагүй бөгөөд түрээсийн болон үйлчилгээ зогсоосны төлбөрийг олголгүй иргэн намайг хохироож байна. Энэ талаар удаа дараа мэдэгдсэн бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах тухай 861500222 тоот гэрээгээр Б ХХК нь Г ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх хариу мэдэгдсэн. Одоо манай амьдарч байсан газарт овоолсон шороо л байна. Бид хамгийн сүүлд нүүсэн бөгөөд компанийн хүмүүс байн байн гуйгаад санал тавиад байхаар нь зөвшөөрөөд 1 сарын дараа газраа бүрэн чөлөөлж өгсөн. Гэтэл одоо байр ч байхгүй, газар ч байхгүй хохирч байна. Миний хувьд газрын гэрчилгээгээ шилжүүлэн өгөхөөр компани дээр удаа дараа очсон, гурван талт гэрээгээ байгуулах талаар ч уулзаж байсан боловч Б ХХК нь түрээсийн төлбөрөө нэхэмжлэхгүй бол гэрээ байгуулна гэдэг. Мөн Г ХХК нь хариуцахгүй хувьцаагаа худалдаад, эрхээ шилжүүлчихсэн гэдэг, гэтэл Б ХХК бас хариуцахгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд Б ХХК-иас 77 м.кв орон сууц болон 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 16 200 000 төгрөг, алдангид 48 600 нийт 16 248 600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн Б.Огийн Б ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч иргэн Б.О нь 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ болон 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн түрээсийн төлбөр олгох тухай гэрээг Б ХХК-тай байгуулаагүй бөгөөд Г ХХК-ийг төлөөлөгч гэх иргэн Г.М, инженер гэх иргэн Т.Э болон н.С нартай байгуулсан байна. Иймд Б ХХК болон иргэн Б.О нарын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой үүргийн харилцаа үүсээгүй учир Б.Огаас Б ХХК-нд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б ХХК-иас Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Т цогцолборын бүтээн байгуулалтын төслөөс 62,77 м.кв орон сууц болон түрээсийн төлбөр, алдангид 5 416 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10 831 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Б ХХК-иас 171 809 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюун-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч иргэн Б.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ болон 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн түрээсийн төлбөр олгох тухай гэрээг Б ХХК-тай байгуулаагүй бөгөөд Г ХХК байгуулсан байдаг. Б ХХК нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, гэр хорооллын дахин төлөвлөлтийн Т цогцолборын бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээд биш юм. Мөн Барилга хот байгуулалтын сайдын 2018 ны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь Г ХХК юм. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу Б ХХК нь Г ХХК-ийн өрийг хариуцах талаар гэрээ байгуулаагүй, Г ХХК-ийн өмнөөс хариуцлага хүлээх үндэслэлгүй бөгөөд Б ХХК нь Г ХХК-ийн эзэмшиж буй төслийн эрх үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд биш байтал анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ хариуцагч гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт заасны дагуу Б.О нь төсөл хэрэгжүүлэгч Г ХХК-тай гурван талт гэрээг байгуулаагүй буюу нэхэмжлэлд дурдсан газрыг шилжүүлээгүй байдаг. Нэхэмжлэлд дурдаж буй тус газар нь Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар бөгөөд мөн зүйлийн 28.1.3 дахь хэсэгт зааснаар Г ХХК-ийн нэр дээр тухайн газар нь шилжсэн тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлэх ёстой байсан байна. Гэвч нэхэмжлэгч иргэн Б.О нь газрын гэрчилгээг шилжүүлээгүйн улмаас үйл ажиллагаа хийгдээгүй байхад шүүх нэхэмжлэгчийг гурван талт гэрээ байгуулаагүй гэж буруутгах боломжгүй гэж үндэслэлгүй дүгнэлт өгчээ. Мөн нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн түрээсийн төлбөр олгох тухай гэрээний 1.3, 3.1.1-т заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч болох Г ХХК-аас шаардах эрхтэй байна. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүйгээр, хариуцагчийг тодорхой болголгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Огийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц, 16 248 600 төгрөгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүх хариуцагч Б ХХК-аас Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Т цогцолборын бүтээн байгуулалтын төслөөс 62,77 м.кв орон сууц болон түрээсийн төлбөр, алдангид 5 416 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 831 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрснээ бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой юм.

Нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюун-Эрдэнэ нар 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ ...Тус эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч Б.О нөгөө талаас хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюун-Эрдэнэ нар дараах нөхцлийг харилцан тохиролцож байгуулсан болно.

1.    Нэхэмжлэгч Б.Од нэхэмжлэлийн шаардлагын дагуу Сүхбаатар дүүргийн 00-р хороо Хангай хотхон-ны 522-р байрны 12 давхрын 000 тоотод байрлах 40,2 м.кв бүхий орон сууцыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан олгохоор болж харилцан тохиролцов.

2.    Нэхэмжлэгч Б.О нь түрээсийн төлбөр болон алдангиас татгалзаж байна гэжээ.

Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч Б.Од Сүхбаатар дүүргийн 00-р хороо Хангай хотхон-ны 522-р байрны 12 давхрын 000 тоотод байрлах 40,2 м.кв бүхий орон сууцыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан олгож, нэхэмжлэгч Б.О орон сууц болон түрээсийн төлбөр, алдангиас татгалзахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 150 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО