Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/493

 

 

 

 

 

 

  2024           4             25                                        2024/ДШМ/493

 

 

Б.Ж-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ж-д холбогдох 2303007440559 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн ...-ын Ж, 20.. оны .. дугаар сарын ..ны өдөр .......... төрсөн, .. настай, э..эгтэй, ........ боловсролтой, мэргэжил.., ............ ажилтай, ам бүл .., .......... нарын хамт ...... дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ................./.

Шүүгдэгч Б.Ж нь Сүхбаатар дүүргийн 11 дугаар хороо, Цагдаагийн гудамжны 9 дүгээр дэлгүүрийн урд замд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 20 минутын үед “Хонда асти” маркийн ..-.. УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Х-ыг мөргөж “биед баруун хөлийн дунд чөмөгний гандан хэсгийн далд зөрүүтэй хугарал, зүүн тохойд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгг зааснаар шүүгдэгч Б.Ж-аас нийт 18.721.000 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 421-58 тоотод оршин суух хохирогч Ц.Х /РД:.........../-т олгож, хохирогч Ц.Х нь хэлэлцээгүй орхисон эмчилгээний зардал гэх 704.300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын санд 48.000 төгрөг, хохирогчийн эмчилгээний зардалд 638.520 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын хохирлын хэмжээг тогтоосон хэсгийг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь, хохирогч Ц.Х нь явганаар гарцгүй газар зам дээр байсан, мөн ачаа ачиж зогсолт хийж байгаа бол Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийг илтэд зөрчиж, оврын гэрлийг таглаж, ослын гэрлийг асаагаагүй байдаг.

Өөрөөр хэлбэл, энэ зам тээврийн осол гаргасан шалтгаанд хохирогчийн буруутай байж болзошгүй нөхцөл байдал илэрхий байдлаар тогтоогдож байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хугацаа тогтоон шинжээч томилуулах ажиллагаа хийгээгүй нь хэргийн бодит байдлыг хөтөлбөргүй тогтоосон гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь, хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан эсэхээс хамаарч хохирлын хэрхэн хариуцах талаарх хууль зүйн дүгнэлт хийх бодит боломж үүсэх учиртай.

Хэдийгээр сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэж байгаа сайн практик тогтож байгаа боловч сэтгэцэд учирсан хохирлыг хэмжээг тогтоохгүйгээр шийдвэрлэсэн нь мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бус харин 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгосон байдаг бөгөөд ямар үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө буюу гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоосон талаараа тайлбарлаагүй байна.

Харин хохирогчид олох ёстой байсан орлогыг тодорхойлохдоо өвчтэй байсан 3 сар 15 хоногийн гэж тогтоосон нь ойлгомжгүй, энэ хугацаанд ажил төрөл эрхлэх боломжгүй байсан хугацааг ямар нотлох баримтад үндэслэсэн хугацааг тогтоосон нь тодорхойгүй.

Мөн нэг сарын орлого 6.634.639 төгрөгийг гагцхүү банкны хуулгаар тогтоосон байдаг. Гэтэл бодит байдал дээр хохирогч Ц.Х нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг гэх вакум цонхны үйлдвэрийг нүүлгэж байсан гэдэг нь үйлдвэрлэл хэвийн явагдаж байсан гэдэг үйл баримт үгүйсгэгдэнэ.

Түүнчлэн уг орлогоос 50-70 хувь нь үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг зарлага гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн байхад үүнийг шүүх анхаараагүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Ц.Х гэдэг хүний бодит орлогыг тогтоох бус харин вакум цонхны үйлдвэрлэлийн бодит орлогыг миний үйлчлүүлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтын бодит байдлыг тогтоох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй шийдвэр болсон гэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаар тогтоолын хохирлын хэмжээг багасгасан өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хөтөлбөргүй тогтоогддог. Хохирлын тухайд дансны хуулгаар буюу сар бүр тодорхой хэмжээний орлого олдог бөгөөд үүнийг дундажлан 6.634.639 төгрөгөөр тогтоосон учраас шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Ж нь Сүхбаатар дүүргийн 11 дугаар хороо, Цагдаагийн гудамж дахь 9 дүгээр дэлгүүрийн урд замд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 20 минутын үед “Хонда асти” маркийн ..-..УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Х-ыг мөргөж “биед баруун хөлийн дунд чөмөгний гандан хэсгийн далд зөрүүтэй хугарал, зүүн тохойд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /1 хх 3/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 5-10/,

хохирогч Ц.Х-ын “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хувиараа вакум цонхны үйлдвэр ажиллуулдаг бөгөөд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн гудамжны 9 дүгээр дэлгүүрийн урд замд тоног төхөөрөмж ачаад зогсож байсан чинь “Хонда асти” маркийн ..-..УБЕ улсын дугаартай автомашины жолооч ардаас ирж мөргөж биед гэмтэл учруулсан. ...эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин мөнгийг нэхэмжилнэ. ...” /1 хх 13/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Б-ын “...Би “Хонда асти” маркийн ..-..УБЕ улсын дугаартай автомашиныг 2019 онд өөрийн нэр дээр худалдан авсан 2022 оны 4 дүгээр сард бусдад худалдсан бөгөөд одоо надад хамаагүй. Автомашинтай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...Миний эзэмшлийн машин биш учраас бусад учруулсан хохирлыг төлж барагдуулахгүй жолооч өөрөө хариуцна. ...” /1 хх 24, 27/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Х нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 48.000 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /1 хх 35/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10486 дугаар шинжээчийн “...Ц.Х-ын биед баруун хөлийн дунд чөмөгний гандан хэсгийн далд зөрүүтэй хугарал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1 хх 39-40/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3356524 дугаар шинжээчийн “...зүүн болон баруун талын хол ойрын гэрлийн тусгалын хүч. ...стандартын шаардлага хангахгүй байна. ...” /1 хх 47-53/ гэсэн дүгнэлтүүд,

“Бодит үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...“Хонда Акти” загварын ..-..УАЕ улсын дугаартай автомашинд нийт 755.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /1 хх 59/ гэсэн тайлан,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /1 хх 15/,

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11781 дугаар мөрдөгчийн “...Жолооч Б.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.4. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Явган зорчигч Ц.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...” /1 хх 65/ гэсэн магадлагаа зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгч Б.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг, түүний үйл баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг тогтоосон хэм хэмжээний дотор хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Ж-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, энэ талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Хохирогч Ц.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Б.Ж-ын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.4. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг тус тус зөрчиж явган зорчигчийг мөргөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Б.Ж-ын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж-ын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдалд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очироос “...Хохирогчид олох ёстой байсан орлогыг тодорхойлохдоо өвчтэй байсан 3 сар 15 хоногийн гэж тогтоосон нь ойлгомжгүй, энэ хугацаанд ажил төрөл эрхлэх боломжгүй байсан хугацааг ямар нотлох баримтад үндэслэсэн хугацааг тогтоосон нь тодорхойгүй. Мөн нэг сарын орлого 6.634.639 төгрөгийг гагцхүү банкны хуулгаар тогтоосон байдаг. Гэтэл бодит байдал дээр хохирогч Ц.Х нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг гэх вакум цонхны үйлдвэрийг нүүлгэж байсан гэдэг нь үйлдвэрлэл хэвийн явагдаж байсан гэдэг үйл баримт үгүйсгэгдэнэ. Уг орлогоос 50-70 хувь нь үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг зарлага гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн байхад үүнийг шүүх анхаараагүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Ц.Х гэдэг хүний бодит орлогыг тогтоох бус харин вакум цонхны үйлдвэрлэлийн бодит орлогыг миний үйлчлүүлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтын бодит байдлыг тогтоох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй шийдвэр болсон. Иймд хохирлын хэмжээг багасгасан өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Ц.Х-аас эмчилгээний зардал 1.342.700 төгрөг, олох ёстой байсан орлого 3 сар 15 хоногийн 23.221.236 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 22 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 14.225.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд 10.000.000 төгрөгийг төлсөн байна.

Харин анхан шатны шүүх дээрх хохирлоос эрүүл мэндэд учирсан хохирол 704.000 төгрөгийг баримтаар нотлогдоогүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, олох ёстой байсан орлого 23.221.236 төгрөгийг Хаан банкны дэлгэрэнгүй дансны хуулгаар нотлогдсон гэж, мөн сэтгэцэд учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгийг тус тус хангаж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд олох ёстой байсан орлогыг зөвхөн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, хохирогч Ц.Х-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад, анхан шатны шүүх хохирогчийн орлого, зарлагыг бодитой тогтоож чадаагүй байх бөгөөд олох ёстой байсан орлого зөвхөн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоох боломжгүй, энэ талаар холбогдох нийгмийн даатгал болон татвар төлсөн баримтгүйгээр хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шүүгдэгч Ж.Ж-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд дараах зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыгИргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-аас нийт 5.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Х-т олгосугай.гэж, мөн 6 дахь заалтыг “Хохирогч Ц.Х нь хэлэлцээгүй орхисон эмчилгээний зардал 704.300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, олох ёстой байсан орлого 23.221.236 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-аас нийт 18.721.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Х-т олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-аас нийт 5.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Хт олгосугай.гэж,

6 дахь заалтыг “...Хохирогч Ц.Х нь хэлэлцээгүй орхисон эмчилгээний зардал 704.300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. ...” гэснийг “...Хохирогч Ц.Х нь хэлэлцээгүй орхисон эмчилгээний зардал 704.300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, олох ёстой байсан орлого 23.221.236 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ   

                                              ШҮҮГЧ                                            С.БОЛОРТУЯА

                                              ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР