Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01562

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01562

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02128 дугаар шийдвэртэй

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Дд холбогдох

Орон сууцнаас албадан чөлөөлүүлж, орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн болон ашиглалтын зардалд 6 160 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, түүний өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн өмгөөлөгч В.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Н ХХК-ийн төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Дүнжингаравын гудамж Санто смарт апартмент орон сууцыг 000-р байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тус байрны хууль ёсны өмчлөгч юм. Н ХХК нь иргэн Э.Стой 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 90 дугаартай Орон сууцны барилгыг худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан. Үүнд дээрх барилгын 83.1 м.кв хэмжээтэй 0000 тоот орон сууц багтсан. Э.С гэрээний үүргээ биелүүлээгүй орон сууцны үнийг төлөөгүй тул бид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 458 тоот гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлж Э.Стой байгуулсан гэрээг цуцалсан. Гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авснаа буцаан өгөх ёстой. Гэтэл тус 0000 тоот орон сууцад иргэн О.Д орж хууль бусаар эзэмшиж байна. Манай компани иргэн О.Д тус орон сууцны байрыг худалдах болон түрээслэх аливаа гэрээ хэлцэл байгуулж иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй, төлбөр мөнгө аваагүй. Манай байгууллагаас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу тус орон сууцын чөлөөлж өгөхийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 471, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 54, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 236 тоот албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэж шаардлага гаргасан. О.Д нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн баталгаа гаргах тухай бичгээр 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус байрыг чөлөөлж өгөх амлалтыг гаргасан боловч тус амлалтаа биелүүлээгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг тухайн орон сууцны жишиг үнэлгээгээр тооцож сар тутамд 1 500 000 төгрөг, амьдарсан хугацаанд нийт 6 000 000 төгрөг, ашиглалтын зардал 160 000 төгрөгийн хамт О.Дгаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Цагдаагийн байгууллага энэ байрны өмчлөл, эзэмшилтэй холбоотой ямар нэгэн асуудал шийдвэрлээгүй, шийдээгүй гэдэг нь Цагдаагийн ерөнхий газраас ирсэн тодорхойлолтоор О.Д гэдэг хүнийг ямар нэгэн хохирогчоор тогтоогоогүй, иргэний хариуцагчаар тогтоогүй. Н ХХК хэргийн холбогдогчоор татагдаагүй, яллагдагчаар татагдаагүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас тодорхойлж өгсөн, манай компани Э.Сд холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож 307 сая төгрөгийн хохирол шаардаж оролцож байгаа гэжээ.

Хариуцагч О.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2020 оны 10 сард эгч Д.Бгийн хамт Н ХХК-аас 2020 оны 10 дугаар 07-ны өдрийн 90 дугаартай Орон сууцны барилгыг худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдаж авсан гэх иргэн Э.Стой БЗД-ийн 00-р хороо 000-р байр 0000 тоот байрыг хүдалдан авахаар тохирч хямд зарж байгаа тул мөнгийг бэлнээр өгөөд түлхүүрээ авч байрандаа ор, өмчлөх эрхийн гэрчилгээг 14 хоногийн дотор гаргаж өгнө гэхээр нь 40 000 000 төгрөгийг бэлнээр өгч байрандаа орсон болно. Уг байрны ашиглалтын зардлыг сар бүр төлсөн бөгөөд энэ байрыг худалдаж авсан. Хууль ёсны өмчлөгч байсан Э.Сд байрны төлбөрийг төлсөн тул ямар нэгэн түрээс төлбөр төлөх боломжгүй. Нэхэмжлэгч Н ХХК нь иргэн Э.Стой орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаад тэр хүн нь бусдад хууль ёсны өмчлөгчийн баталгаа гэрээг үзүүлж төлбөрийг авсан асуудал нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч хөрөнгө мөнгө босгох шаардлагаас иргэн Стой хуйвалдаж иргэдийг хохироосон байх магадлал байгаа тул бид нэхэмжлэгчийг цагдаад холбогдогч болон иргэний хариуцагчаар өгсөн. Э.С компанитай гэрээ байгуулаад түлхүүрээ авсан учраас бид мөнгөө бэлнээр өгөөд байранд орсон. Орон сууцанд орсноос сарын дараа ус, цахилгааны хэрэглээг хязгаарлаж дарамталж байсан. 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлж өгнө гэж хэлсэн нь ус, цахилгаан хязгаарлаад өдөр болгон хүмүүс ирж дарамталж, хорио цээрийн үед 3 нялх хүүхэдтэй өвлийн хүйтэнд очих газаргүй байсан учир яах аргагүй бичиж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан байдлаар Н ХХК хохирсон, О.Д гомдлоо өгснөөрөө хохирогчоор тогтоогдсон байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэж байгаа учраас энэ маргааныг шийдэх боломжгүй, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 318 дугаар зүйлийн 318.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 000-р байр 0000 тоот хаягт байрлах, 83.1 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч О.Д /түүний гэр бүлийн гишүүдийн/-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, түрээсийн болон ашиглалтын зардалд 6 160 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183 710 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Дгаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч О.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Миний зүгээс иргэн Э.С нэхэмжлэгч Н ХХК-аас нийт 6 байр худалдан авсан гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүрэг 00-р хороо, Дүнджингаравын гудамж Санто смарт апартмент, 000-р байр 0000 тоотод орших 83.1 мк.в орон сууцыг 40 000 000 төгрөгийн урьдчилгаа өгөн хувь лизингээр худалдан авч удалгүй өөрийн гэр бүлийн хамт нүүж орсон. Нэхэмжлэгчийн зүгээс иргэн Э.Стой байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №90 Орон сууцны барилгыг худалдах худалдан аваг гэрээ-г байгуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Э.С-д шилжүүлэн өгснөө хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч нь Э.Стой байгуулсан Орон сууцны барилгыг худалдах худалдан аваг гэрээ-г цуцалсан эсэх нь тодорхойгүй нэхэмжлэгч үүнийг баримтаар нотлоогүй атал шүүхээс иргэн Э.Сд тус орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй, мөн шилжүүлэн авсан надад мөн өмчлөх эрх үүсээгүй хэмээн буруу дүгнэлт хийсэн байна. Хэрэв нэхэмжлэгч нь Э.Сог тус орон сууцыг өмчлөх эрх үүсч гэрээ байгуулсан талаар хүлээн зөвшөөрч байгаа ч тус гэрээг цуцалж одоо өмчлөх эрхгүй болсон буюу манайх үнэхээр өмчлөх эрхгүй этгээдтэй хэлцэл байгуулж тус орон сууцанд орсон эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй атал намайг тус орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагчийг хохирогч, сэжигтнээр татан мөрдөн байцаах ажиллагааг явуулаагүй иргэн Э.Сд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж миний түүнд өгсөн 40 000 000 төгрөгийг дамжуулан өгсөн эгч н.Бг гэрчээр татан эрүүгийн журмаар мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа болно. Уг эрүүгийн хэрэг нь уг орон сууцыг хэрхэн ашиглаж хэнийг залилсан эсэхийг одоогоор шалгаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь Э.Стой хамтран оролцсон хэмээн хамт яллагдах, бодит байдал дээр тус 40 000 000 төгрөгийн эх үүсвэрийг би гаргасан учраас хохирогчоор татагдах бүрэн боломжтой бөгөөд агуулгын хувьд дээрх орон сууцыг худалдан борлуулсан нь гэмт хэрэг мөн эсэхийг шалгаж байгаа тул эрүүгийн хэргийг эцэслэн шалгаж дуустал энэхүү маргааныг шийдвэрлэх боломжгүй байна. Гэвч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсгийг хэрэглээгүй буюу хэрэглэж ёстой хуулийг хэрэглээгүй байна. Анхан шатны шүүхээс гагцхүү хариуцагчийг өөрийн татгалзаж буй татгалзлыг нотлоогүй байна хэмээн үзсэн үндэслэлгүй байна. Хэдий шүүх талуудын тэгш эрхийг хангаж хөндлөнгийн байр сууринаас асуудалд хандах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдлыг тодруулах үүднээс нотлох баримтыг цуглуулах боломжтой атал шүүхээс хэргийг нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй гагцхүү нэхэмжлэгчийн байр сууринд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч О.Дд холбогдуулан түүнийг Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 000-р байр 0000 тоот хаягт байрлах, 83.1 м.кв талбай бүхий орон сууцнаас албадан чөлөөлүүлж, орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн болон ашиглалтын зардалд 6 160 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулгаас үзэхэд Н ХХК, ЦМС ХХК-ууд Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, 213 тоот хаягт байрлах, 14833,6 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх.7/

Хариуцагч О.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Э.С нь Н ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 90 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан бөгөөд Э.С орон сууц хямд зарж байгаа гэхээр нь би эгч Д.Бгийн хамт 2020 оны 10 сард орон сууцны үнэ 40 000 000 төгрөгийг бэлнээр өгч орон сууцыг худалдаж авсан гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан. Хариуцагч О.Д өөрийн эзэмшлийг хууль ёсны эзэмшиж байгаа болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

Хэргийн 24 дүгээр талд нэхэмжлэгч Н ХХК-аас хариуцагч О.Дд орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдэж байсан, түүнчлэн хариуцагч ...компаниас тавьсан шаардлагын дагуу 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор тус орон сууцаас гарч түлхүүрийг компанид гардуулан өгөхөө баталж байна гэсэн бичгийн баримтууд хэрэгт авагджээ. /хх.12, 14-17/ Хариуцагч О.Д Э.С гэх хүнтэй тохиролцон орон сууцанд орсон байж болох боловч уг орон сууцыг эзэмших эрхгүй болохоо мэдсэн үеэс түүнд буцаан өгөх үүрэг үүснэ. Тодруулбал, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж заасан.

Анхан шатны шүүх хариуцагч О.Дг Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 000-р байр 0000 тоот хаягт байрлах, 83.1 м.кв талбай бүхий Н ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлдээ ...эрүүгийн хэргийг эцэслэн шалгаж дуустал энэхүү маргааныг шийдвэрлэх боломжгүй байна гэж заажээ. Н ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Дд холбогдох иргэний хэрэгт иргэн Э.С хэргийн оролцогч биш байх бөгөөд Э.Сд үүсгэсэн эрүүгийн хэрэг нь талуудын хооронд үүссэн орон сууцыг эзэмшлээс чөлөөлүүлэх маргаанд шууд хамааралтай гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Н ХХК-ийн иргэн О.Дд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй байна.

Мөн хариуцагчийн ...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлүүлэхэд зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдлыг тодруулаагүй гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг тул шүүх санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийхгүй.

Харин шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 000-р байр 0000 тоот хаягт байрлах, 83.1 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч О.Д /түүний гэр бүлийн гишүүдийн/-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр, түрээсийн болон ашиглалтын зардал нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ц.ИЧИНХОРЛОО