Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2025/0612

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн соронзон резонанс томографи аппрат ******* дугаар тендерийн шалгаруулалтын Үнэлгээний хороо, Сангийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А*******гаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: С******* ХХК нь ******* ХХК-ийг хууль болон тендерийн баримт бичигт заагаагүй эрсдэлээ үүрээд сонгох шударга бус үнэлгээгээр үндэслэлгүй шалгаруулж, С******* ХХК-ийн тендерийг хянан үзэхгүй, ялгавартай хандсан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу шударгаар шийдвэрлэнэ гэдэгт найдаж, арга буюу Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон тус эмнэлгийн ******* дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Монгол Улсын Сангийн яаманд тус тус холбогдуулан 2025 оны 05 сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар 2025 оны 06 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Захиалагчийн шийдвэрүүд болон тендерийн гэрээний биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-т Дараахь төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ, 112.4.2-т төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан., 112.11-т Энэ зүйлийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг энэ хуулийн 80.2-т заасан үндэслэл болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар

хойшлуулах бол дараагийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдын саналыг харгалзан тогтоож, нэгээс илүүгүй удаа хойшлуулна" гэж тус тус заасны дагуу энэхүү хэрэг нь хуульд заасан тусгай журмаар шийдвэрлэх маргаан билээ.

Гэтэл 2025 оны 06 сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээс хойш өнөөдөр 2025 оны 09 сарын 04-ний өдрийн байдлаар /мөн өдөр товлогдсон хурал дахин хойшилсон/ 91 хоног өнгөрч, шүүх хуралдаан 5 удаа хойшилж, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаа 61 хоногоор хэтэрсэн боловч хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байх ба энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар "Соронзон резонанси томографын аппарат нийлүүлэх гэрээний үүрэг биелүүлэх хугацаа 2025 оны 08 сарын 31-ний өдөр мөн дууссан байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын ач холбогдол, нэхэмжлэгчийн эрх сэргэх бодит боломжгүй байдалд хүргэж байна.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44, 45 дугаар зүйлд зааснаар Захиалагч нь батлагдсан төсөвт туссан төсөл, арга хэмжээний хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг. Тиймээс одоогийн ******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, гэрээ нь хууль бус эсэхээс үл хамааран бодитоор хэрэгжвэл Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн тоног төхөөрөмжийг худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болох, эсхүл тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болох зэрэг тухайн тендер шалгаруулалтыг дахин хийхгүй байх хуулийн 30.5, 30.6-д заасан урьдчилсан нөхцөлийг үүсгэх төдийгүй, гуравдагч этгээд нь аппаратыг нийлүүлэхийн тулд эмнэлгийн аппарат суурилуулах өрөөг засварлах, тоног төхөөрөмжийг суурилуулсны хойно гэрээ илт хууль бус болоход нөгөө засвар, аппаратыг буцаах асуудал нь гуравдагч этгээд болон хариуцагчийн эд хөрөнгөд хохиролтой, тухайн өрөөг чөлөөлснөөр, хууль ёсны дагуу шалгарсан оролцогч аппаратыг нийлүүлэх асуудал үүсэх зэргээр маргааны сөрөг үр дагавар өргөн хүрээнд даамжрах, энэ нь нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй байдалд хүргэж болзошгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д "Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно" гэж заасны дагуу гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтэй байх тул холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч С******* ХХК-иас 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 615/25 дугаартай албан бичгээр нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Ц.*******г нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-иас Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн соронзон резонанс томографи аппрат ******* дугаар тендерийн шалгаруулалтын Үнэлгээний хороо, Сангийн яаманд тус тус холбогдуулан гаргасан Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн соронзон резонанст томографи аппарат /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг /******* дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 05 сарын 27-ны өдрийн 5/2025 дугаар тэмдэглэл /зөвлөмж/-ийн тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагаа хууль бус байсан болохыг тогтоолгож, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн №*******/02/02 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах; Улсын Нэгдүгээр Төв эмнэлгээс зарласан Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн соронзон резонанст томографи аппарат /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ ******* дугаар тендер шалгаруулалтаар С******* ХХК-ийн тендерийг дахин хянан үзэх, үнэлгээ хийхийг Захиалагч болон Үнэлгээний хороонд даалгуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын

тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР