| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00252/И |
| Дугаар | 315/ШШ2025/00202 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 315/ШШ2025/00202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуут гудамжны ... тоотод оршин суух, *******ын *******гийн
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Я.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Я.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1984 оны 07-р сарын 06-ны өдрөөс Хөдөө аж ахуйн яамны харьяа Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн 1-р бригадад тракторчноор ажиллаж байсан. 1985-1988 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1988 оны 06-р сарын 20-ны өдрөөс 1989 оныг дуустал Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан. Тиймээс миний 1984 оны 07 дугаар сараас 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11/221, 11/222 дугаартай лавлагаанууд, Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 07-р сарын 26-ны өдрийн 133 дугаартай, 1985 оны 07-р сарын 01-ний өдрийн 147 дугаартай тушаалууд, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Я.******* нь Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оныг дуустал тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Я.******* нь Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1984 оны 07-р сарын 06-ны өдрөөс 1985 оны 06-р сарын 08-ны өдрийг хүртэл, 1988 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Батлан хамгаалахын төв архивын Я.******* 1985-1988 онуудад цэргийн алба хаасан тухай лавлагаа, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 11/221 дугаартай Я.*******гийн 1984-1985, 1988-1989 онуудын цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 133 дугаартай Я.*******г тракторчноор ажилд томилсон тушаал, 1985 оны 147 дугаартай Я.*******г ажлаас чөлөөлсөн тушаал (хх 6, 8-10х),
5. Гэрч *******ын шүүхэд мэдүүлсэн: Я.******* 1984 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн 1-р бригадын 1-р салаанд тээвэрчнээр ажилд орсон. Би тухайн үед 1-р салааны ахлагчаар нь ажиллаж байсан. Тээвэрчин гэдэг нь боосон өвсийг трактороор зөөж, нуруулддаг. Тэжээлийн аж ахуй 1990 онд тарсан. Я.******* тэр болтол ажилласан. Ажиллаж байх энэ хугацаандаа дундуур нь 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. гэх мэдүүлэг, (хх-21х)
6. Гэрч *******ы шүүхэд мэдүүлсэн: Я.******* 1984 оноос Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн 1-р бригадын 1-р салаанд тээвэрчин хийдэг байсан. Би тус салаанд өвс хадагч хийдэг байсан. Хадлан 7-р сард ажилд гардаг байсан. Я.******* тэр үед ажилд орж байсан. 1990 онд хувьчлал бий болж Салхитын тэжээлийн аж ахуй тарсан. Я.******* бид хоёр тэр үед ажлаасаа гарсан. ******* ажиллаж байх хугацаандаа цэргийн алба хаасан. Хадлан бригад бол улирлын шинж чанартай. Бусад үед нь дугуйт трактор шаардлагатай бол тариа бригадад хөрс боловсруулалтад, өвөл нь уурын зууханд галч, тэжээлийн үйлдвэрт нормын ажилтан, тракторчин зэрэг ажлыг хийдэг байсан. Хадлан бригад зогслоо гээд ажилгүй, зүгээр байдаггүй байсан.. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-22х)
7. Иймд Я.*******гийн Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1984 оны 07-р сарын 06-ны өдрөөс 1985 оны 06-р сарын 07-ны өдрийг хүртэл, 1988 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгчийн 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчноор ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******ын *******гийн Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1984 оны 07-р сарын 06-ны өдрөөс 1985 оны 06-р сарын 08-ны өдрийг хүртэл, 1988 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Я.******* нь Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 09-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторчноор ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА