Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00428

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ********************,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ********************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1965 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Номгон хоршоонд ногоочноор, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Байдраг кино театрт кино механикчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар тушаал,  Байдраг кино театрын даргын 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаар тушаал, Байдраг кино театрын даргын 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тушаал, Байдраг кино театрын даргын 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 64 дүгээр тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Байдраг кино театрын даргын 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдийн 516 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Байдраг кино театрын даргын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн кино үзвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журам, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 13/561 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч ******* ХААТР-1 маягтын хуулбар, гэрч *********************нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ********************* 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Номгон хоршоололд ногоочноор, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдраг кино театрт жижүүр, кино механикчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991-1994 оныг дуустал хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч *************нь 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Номгон хоршоололд ногоочноор, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдраг кино театрт жижүүр, кино механикчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний ажилаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаар болон 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдийн 516 дугаар тушаал,  лавлагаанууд, ногоочноор ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар тушаал,  жижүүрээр ажилд томилсон тухай Байдраг кино театрын даргын 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаар тушаал, ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай Байдраг кино театрын даргын 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тушаал, шагнах тухай Байдраг кино театрын даргын 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 64 дүгээр тушаал, түүний хавсралт, зарим хүмүүсийн ажлыг өөрчлөх ба шилжүүлэх тухай Баянхонгор аймгийн Байдраг кино театрын даргын 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******************* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч **************талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 185 дугаар бүртгэлд: “овог, нэр-*********************, ажилладаг байгууллага- Хоршоолол, эрхэлдэг ажил-ногоочин, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Баянхонгор сум” гэж тэмдэглэжээ.

5. Харин хүсэлт гаргагч *************** 1991-1994 онуудад Байдраг кино театрт жижүүр, кино механикчаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас тус газарт ажиллаж байсан талаарх баримт болон цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Иймд хүсэлт гаргагч **************** 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Номгон хоршоололд ногоочноор, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдраг кино театрт жижүүр, кино механикчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991-1994 оныг дуустал хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ****************** 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Номгон хоршоололд ногоочноор, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдраг кино театрт жижүүр, кино механикчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991-1994 оныг дуустал хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ***************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА