| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2020/03435/И |
| Дугаар | 210/МА2021/01563 |
| Огноо | 2021-10-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2021/01563
| 2021 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2021/01563 |
Л.Оын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Л.Оын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мт холбогдох
369 140 350.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч Б.Баасанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгстөгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.О нь Б.Мтэй 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2016 оны сүүлч үе хүртэл долларын болон төгрөгийн зээл олгож байсан. Зээлдэгч Б.М нь зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлж байгаад 2016 оноос эхлэн зээлийн хүүг хугацаандаа төлөхгүй хойшлуулсаар өнөөдрийг хүртэл хугацаанд огт төлж барагдуулаагүй байна. 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар төлбөл зохих ам.долларын зээлийн задаргааг харуулбал:
2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 3 500 ам.доллар, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 350 ам.долларын хүү төлсөн бөгөөд 2014 оны 9 дугаар сарын 6-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 67 сарын хүү 11 725 ам.доллар, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2 500 ам.доллар сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 750 ам.долларын хүү төлсөн бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 6 250 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 100 ам.доллар сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 50 ам.долларын хүү төлсөн бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 250 ам.доллар, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 800 ам.доллар сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 200 ам.долларын хүү төлсөн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 54 сарын хүү 2 160 ам.доллар, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1 700 ам.доллар сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 595 ам.долларын хүү төлсөн бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 4 250 ам.доллар, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 850 ам.доллар сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 340 ам.долларын хүү төлсөн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 45 сарын хүү 1 912.50 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2 500 ам.доллар сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1 250 ам.долларын хүү төлсөн бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 49 сарын хүү 6 125 ам.доллар, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2 000 ам.доллар сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500 ам.долларын хүү төлсөн бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 49 сарын хүү 4 900 ам.доллар, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 915 ам.доллар сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 183 ам.долларын хүү төлсөн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 2 287.50 ам.доллар, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 500 ам.доллар сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500 ам.долларын хүү төлсөн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 49 сарын хүү 6 125 ам.доллар, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 010 ам.доллар сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 201 ам.долларын хүү төлсөн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 5 025 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2 500 ам.доллар сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 125 ам.долларын хүү төлсөн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 6 250 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 250 ам.доллар сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 112 ам.долларын хүү төлсөн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 49 сарын хүү 5 512.50 ам.доллар болж байна. Нийт 24 125 ам.долларын зээл олгосон ба 6 156.50 ам.долларыг зээлийн хүүнд төлсөн бөгөөд төлөгдөөгүй хүүгийн хэмжээ 62 772.50 ам.доллар байна. 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар төлбөл зохих төгрөгийн зээлийн задаргааг харуулбал: 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зээлийн хүүнд 1.250.000 төгрөг төлсөн бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 67 сарын хүү 8 375 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хүүнд 1 050 000 төгрөг төлсөн бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 67 сарын хүү 10 050 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 2 800 100 төгрөг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн хүүнд 1 400 050 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 7 000 250 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 6 766 600 төгрөг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн хүүнд 2 368 310 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 16 916 500 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн хүүнд 2 250 000 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 49 сарын хүү 12 250 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн хүүнд 175 000 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 46 сарын хүү 1 150 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн хүүнд 250 000 төгрөг төлсөн ба 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 49 сарын хүү 2 450 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 1 180 000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн хүүнд 236 000 төгрөг төлсөн ба 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 2 950 000 төгрөг болж байна. Нийт 22 746 700 төгрөг зээлдүүлсэн бөгөөд Б.М зээлийн хүүнд 8 979 360 төгрөг төлсөн ба төгрөгийн зээлийн төлөгдөөгүй хүүгийн хэмжээ 61 141 750 төгрөг байна. Монгол банкны 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн валютын ханш 2 763.69 төгрөг байсан ба зээлдэгч Б.Мээс 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ам.долларын үндсэн зээл 24 125 ам.доллар буюу 66 742 536.25 төгрөг, зээлийн хүү 62 775.50 ам.доллар буюу 173 662 004.42 төгрөг, нийт 240 404 540.67 төгрөг, төгрөгийн үндсэн зээл 22 746 700 төгрөг, зээлийн хүү 61 141 750 төгрөг, нийт 324 429 990.67 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг үндэслэн хариуцагч зээл болон хүүгээ гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги буюу нийт 44 710 360.6 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Алданги-долларын 12 062.5 ам.доллар 2763.69 төгрөг, 33 337 010.6 төгрөг. Алданги-төгрөгийн: 11 373 350 төгрөг, нийт 44 710 360.6 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Оыг таньдаг бөгөөд найз, нөхдийн харилцаатай байсан ба 2010 оноос өмнө мөнгө өгч, авалцаж байсан. Нэхэмжлэлд дурдсан 24 125 ам.доллар, 22 746 700 төгрөгийг би түүнээс авсан нь үнэн, үүнтэй маргах зүйлгүй болно. Ам.доллар болон төгрөгийн сарын хүүг сарын 5 хувь гэдгийг би Л.Отай амаар тохиролцож байсан. Би уг мөнгийг өөрөө хэрэглээгүй бөгөөд бусдад дамжуулсан ба сарын 5 хувийн хүүтэй авсан мөнгөө 5-10 хувийн хүүтэй бусдад зээлүүлж байсан. Гэхдээ цөөн тохиолдолд 10 хувийн хүүтэй зээлсэн. 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний дагуу дээрх мөнгийг аваагүй бөгөөд дээр дурдсан хугацаануудад цувуулж авсан ба уг гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээг бичгээр байгуулаагүй, сүүлд 2020 оны 2-4 сарын орчимд гэрээгээ цаасан хэлбэрт оруулсан. 2020 оны 2-4 сарын орчим Л.Оын төлөөлөгч Л.О ажил дээр ирээд тооцоогоо нийлье, баталгаажуулья гэсэн бөгөөд надаар 2, 3 хуудас баримт дээр гарын үсэг зуруулсан ба намайг шүүхэд өгөх гээд гарын үсэг зуруулсныг мэдээгүй. Би шүүхэд 2019 оны 10 сард Д.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 300 450 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба 2021 оны 3 сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би Д.Нд холбогдох хэрэгт энэ зээлтэй холбогдуулаад Л.Оын төлөөлөгчөөр оролцож байгаа Л.О, мөн н.Алтантуяа нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан. Мөн би Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Эрдэнэцэцэгт холбогдуулаад зээлийн гэрээний үүрэг 35 400 000 төгрөг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан боловч мөн л хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгосон. Л.От дээрх зээлийн гэрээний үүрэгт би нийт 99 065 920 төгрөгийг төлсөн ба өөрийн Хаан банк дахь 0000000000 тоот данснаасаа болон бэлнээр 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний хооронд түүний Голомт банк дахь төгрөгийн 0000000000 тоот данс, ам.долларын 0000000000 тоот данс, мөн түүний төлөөлөгчөөр оролцож байгаа Л.Оийн Худалдаа хөгжлийн банк дахь ам.долларын 000000000, төгрөгийн 000000000 тоот данснуудад төлсөн. 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримт 2 хувь байх ёстой ба надад хувь өгөөгүй, мөн нотариатаар батлуулаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд миний хувьд үндсэн мөнгийг буцаан өгсөн тул Л.Оын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Мээс 78 364 807 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 290 775 543 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 161 602 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мээс 549 774 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 сарын 8-ны өдрийн 18877 дугаар захирамжаар хариуцагч Б.Мийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 324 429 990.97 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгстөгөлдөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хариуцагч болох Б.М нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч болох Л.От 99 065 920 төгрөгийг төлсөн талаар дурдсан. Гэвч шүүхээс хариуцагч болох Б.Мийн шүүх хуралдаанд гарган өгсөн дансны хуулгаар нотлогдох 99 065 920 төгрөгийг нэхэмжлэгч болох Л.О болон түүнийг төрсөн эгч болох Л.О нарын дансанд шилжүүлсэн болохыг харгалзаж үзэлгүйгээр нотлох баримтыг буруу үнэлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тусгагдсан тооцоо нийлэх актад хариуцагчийн нэхэмжлэгчээс авсан мөнгөний нийт үнийн дүнгээр тооцоо нийлсэн байх бөгөөд буцаан төлсөн мөнгөний тухай тусгаагүй байна. Анхан шатны шүүх тооцоо нийлсэн актад үндэслэн 24 125 ам.доллар болон 22 746 700 төгрөг төлөөгүй гэж үзэж ам.долларын зээлийн тооцоо нийлсэн үеийн ханш болох 2 396.22 төгрөгт шилжүүлж 57 808 807.5 төгрөг болон төгрөгөөр зээлсэн дүн болох 22 756 700 төгрөг нэмж нийт 80 546 807 төгрөг үүнээс тооцоо нийлсэн үеэс хойшхи үед төлсөн дүн болох 2 200 000 төгрөгийг хасан нийт 78 364 807 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх уг хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч болох Б.М нь анх 24 125 ам.доллар, 22 746 700 төгрөгийг зээлсэн хэдий ч нийт 99 065 920 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн байхад ахин 78 364 807 төгрөгийг төлөхөөр байна. Улмаар хариуцагч нь 24 125 ам.доллар болон 22 746 700 төгрөгийн зээл авсан хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 78 364 807 болон өмнө нь төлсөн 99 065 920 төгрөг нийт 177 430 727 төгрөгийг төлөхөөр буюу 120 хувийн хүү төлөхөөр байгаа нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш байна. Түүнчлэн сарын 5 хувийн хүү нь ямар ч арилжааны банкны зээлийн хүүгээс харьцангуй өндөр байгаа нь зээлдэгч болох Б.Мийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байна. Анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна. Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч болох Л.Оаас зээлийн гэрээний дагуу зээлсэн 24 125 ам.доллар болон 22 746 700 төгрөгийг хувьдаа захиран зарцуулаагүй талаар дурддаг. Тус зээлсэн мөнгийг бусдад буюу Д.Н, Т.Эрдэнэцэцэг, Д.Байгалмаа нарт дамжуулан зээлдүүлсэн бөгөөд өөрөө хэрэглээгүй. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа бус зээлийн зуучлалын харилцаа үүссэн байсан болохыг анхаарах шаардлагатай. Хариуцагч болох Б.М нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөө бусдад дамжуулан зээлдүүлж байгааг Л.О нь мэдэж байсан тул талуудын хооронд анхнаасаа зээлийн зуучлалын харилцаа үүссэн болохыг нотолж байна. Анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон тэдгээрийн хоорондын харилцааг тодорхойлохдоо тус нөхцөл байдлыг үл харгалзан талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна хэмээн үндэслэсэн нь нотолбол зохих нөхцөл байдлыг нотлоогүй хэмээн үзэж байна. Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан гэх Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаас үзэхэд энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлсний үндсэн дээр хүчин төгөлдөр болох талаар талууд тохиролцсон болох нь тодорхой байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцэл гэдэгт зөвхөн хуульд заасан нотариатаар гэрчлүүлэхээр шаардлага бүхий хэлцлүүдээс гадна хэлцэл хийгч талуудын аль нэг нь хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхийг шаардсан тохиолдолд тухайн хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай нөхцөл байдлыг хамруулна. Иймд уг Зээлийн гэрээ-г нотариатаар гэрчлүүлээгүй нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн үзэх нөхцөл боломжийг бий болгож байна. Энэхүү асуудлыг анхан шатны шүүхэд тайлбарласан боловч хүлээн аваагүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Б.Мт холбогдуулан 369 140 350.67 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...зээлдэгч Б.Мээс ам.долларын үндсэн зээл 24 125 ам.доллар буюу 66 742 536.25 төгрөг, Монгол төгрөгийн үндсэн зээл 22 746 700 төгрөг, дээрх зээлүүдийн хүү алдангид болон үндсэн зээлд нийт 369 140 950.67 төгрөг гаргуулна гэж тайлбарласныг хариуцагч Б.М няцаан ...зээлийн гэрээний үүрэгт 2014 оноос хойш 99 065 920 төгрөгийг буцаан төлсөн гэсэн тайлбар гаргаж, шүүхэд нотлох баримтаар ХААН банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкны мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг ирүүлжээ. /1хх.13-45, 95-99 208-215, 2хх.48-69/
Зохигчид хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн дээрх мөнгөний үнийн дүнгийн талаар болон шилжүүлсэн мөнгө талуудын хооронд үүссэн, энэ хэргийн нэхэмжлэлд хамаарах зээлийн гэрээний төлбөр мөн эсэх асуудлаар маргажээ. Тодруулбал, хариуцагч ...зээлийн гэрээний үүрэгт төлсөн 99 065 920 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах ёстой гэж, нэхэмжлэгч ...2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хойш төлөгдсөн мөнгийг зээлийн төлбөрт тооцно гэсэн агуулгаар тус тус тайлбарласан байхад анхан шатны шүүх хариуцагчийг 24 125 ам.долларын хүүд 6 156 ам.доллар, 22 746 700 төгрөгийн хүүд 8 979 360 төгрөгийг төлснөө хүлээн зөвшөөрсөн тул өмнө хүлээн зөвшөөрч зээлийн хүүд төлсөн мөнгийг хасч тооцох боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна.
Мөн нэхэмжлэгч талаас ...2013-2020 оны хооронд хариуцагч 99 000 000 төгрөг төлсөн гэж байгаа боловч миний тооцооллоор 91 007 020 төгрөг болж байгаа гэсэн тайлбарыг гаргажээ. /2хх.139, 142/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.
Иймд анхан шатны шүүх зохигчдын тайлбар болон бичгийн баримтуудыг үндэслэн талуудыг маргааны үйл баримтыг хангалттай тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хариуцагчийн буцаан төлсөн мөнгө нь ямар хугацааны, ямар үүрэгт хамаарч байгаа, зохигчдын хооронд өөр үүргийн эрх зүйн харилцаа байсан эсэх асуудлыг тодруулж, талуудын хоорондын маргаанд хамааралтай үйл баримтыг зөв тогтоох шаардлагатай.
Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр зохигчдын гаргаж байгаа тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзэхэд 24 125 ам.доллар, 22 746 700 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, энэ зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авсан өдрөөс хойшхи хугацаанд буцаан төлөгдсөн мөнгө нь зөвхөн энэ зээлийн гэрээний үүрэгт эсхүл талуудын маргааны зүйл болж буй зээлийн гэрээний үүргээс тусдаа өөр төлбөр эсэхийг шүүх тодруулах нь талуудын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.
Хэргийн 10-11 дүгээр талд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөр огноологдсон 2014 оноос хойш Б.Мийн өгсөн мөнгөний жагсаалт, Б.Мээс авах мөнгөний жагсаалт гэсэн, хүлээн авсан Б.М, хүлээлгэн өгсөн Л.О гэж гарын үсэг зурсан дэвтрийн хуулбар баримт авагдсан байна. Б.Мээс авах мөнгөний жагсаалт-д нийт 12 125 ам.доллар буюу 22 756 700 төгрөг гэж бичжээ.
Дээрх бичгийн баримтад ...тооцоо нийлсэн гэж бичсэн байгаа боловч зээлийн гэрээний нийт үүргээс хэдэн төгрөг төлсөн, хэдэн төгрөгийн үүрэг үлдсэн болох нь тодорхойгүй, зөвхөн зээлсэн мөнгөний үнийн дүнг бичсэн байна.
Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг анхан шатны шүүх тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Хариуцагч Б.М нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөө бусдад дамжуулан зээлдүүлж байгааг Л.О нь мэдэж байсан тул талуудын хооронд анхнаасаа зээлийн зуучлалын харилцаа үүссэн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээ нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх гэрээ бөгөөд хариуцагч Б.М зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болохоо илэрхийлж гарын үсэг зурсан, өөрийн өмчлөлд авсан мөнгөн хөрөнгийг цаашид хэрхэн захиран зарцуулах нь өмчлөгчийн эрх юм. Иймд хариуцагчийн эзэмшилд өгсөн мөнгийг захиран зарцуулсан өмчлөгчийн эрхийн асуудлыг зуучлалын харилцаа гэж үзэхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/02302 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 549 774 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ц.ИЧИНХОРЛОО