| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2334001510292 |
| Дугаар | 2024/ДШМ/34 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ДШМ/34
С.Р-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Л.Наранхүү,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чинзориг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа,
Шүүгдэгч С.Р,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Х.Даваахүү,
Нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Р, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.Рд холбогдох эрүүгийн 2334001510292 дугаар хэргийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Увс аймгийн .................... суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1463 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, С.Р. регистрийн дугаар: ............
2. Шүүгдэгч С.Р нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хонда фит маркийн 26-58 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаap багийн нутаг "Хар хошуу" гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт " Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчиж Тоёота Карина маркийн 71-42 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган иргэн Т.Нн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Ч.Насанжаргалын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн прокурорын газраас С.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч С.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч С.Рд энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1463 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн хоёр зуун дөрвөн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нийт 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Рд оногдуулсан 3 /гурав/ жил 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ргийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж,
Эрүүгийн 2334001510292 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Р нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Б.Б, Т.Н нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч ОП... дугаарын регистртэй, С.Ргээс нийт 101.140.386 /нэг зуун нэг сая нэг зуун дөчин мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч МЮ71111575 дугаарын регистртэй, Д.Ч 96.140.386 /ерэн зургаан сая нэг зуун дөчин мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ........... дугаарын регистртэй Д.М-д 5.000.000 /таван сая/ төгрөгийг тус тус олгож,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чнь эд хөрөнгийн хохирлын шууд бус зардал болох тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч С.Ргээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч С.Р давж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 1.Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй талаар: Анх хэргийн газрын үзлэгт авсан мөргөлтийн А цэгийг нөгөө машины жолооч Ч.Цгээр заалгаж өөрийнх нь зорчиж явсан урсгалд нь А цэгийг авч, намайг юу ч дуугараагүй, юу ч хэлээгүй, толгой дохиж хүлээн зөвшөөрсөн гэж үзэн Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан заалтаар урсгал сөрсөн гэсэн үндэслэлээр буруутгасан. Мөргөлдсөн 2 машины эвдрэл нь өөр хоорондоо адилхан, зүүн урд болон хойд хаалга, зүүн урд карлан хэсгээр мөргөлдсөн байхад намайг буруутгасан. Дүгнэлтээр мөргөлтийн А цэгийг үндэслэлтэй эсэх талаар ямар нэг дүгнэлт огт гараагүй байхад гэм буруутай гэж хэргийн газрын үзлэг хийхээс өмнө тогтоож, нөгөө талд илт давуу байдал олгож шалгасан. Хэргийн газарт очсон мөрдөгч А цэгийг жолооч Ч.Цгийн зааж өгсөн газраар авсан. Мөргөлтийн дараа машины эд ангиуд хаашаа ч бутарч цацарч, гоожиж болно. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд схем зурагт миний машиныг онхолдсон, өнхөрсөн талаар ямар ч А1 цэг гэж аваагүй. Хоёр машин мөргөлдөөд хоорондоо ямар зайтай байгааг тодорхойлж өгч чадаагүй. Мөргөлдсөн хоёр машины бодит жин харьцангуй ойр бөгөөд хүнд жинтэй 71-42 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдөх үйлдэл хийх явцад түүний машины тос масло, тоос шороо уг машины ойролцоо унах боломжтой.
2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Миний жолоодож явсан машин “Цэгц хөрөнгө” Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн компанийг иргэний хариуцагчаар татаагүй. Хэрэг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болсон. Харин энэ хэрэгт 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар тогтоол болох сэтгэл санаагаар хохирсон хохирлыг мөнгөн хэлбэрээр тогтоох тогтоолыг гаргаж эрх зүйн байдлыг дордуулсан. Учир нь хуулийг буцаан хэрэглэхгүй байх байсан.
Шинжээчид гомдол гаргах хугацаа гаргаж өгөөгүй. Шинжээчийн дүгнэлт хуулийн дагуу гараагүй, хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн. Эрх бүхий албан тушаалтан 10.3 дугаар зүйлээр буруутгаж байгаа боловч 10.6 зүйлээр буруутгах боломжтой гэж харж байна. Эрх бүхий албан тушаалтан Б.Бат-Очир нь Шинжээч томилох тогтоолд түүний нэр албан тушаал бичигдээгүй, түүнийг дүгнэлт хийх даргын ямар нэгэн шийдвэр гараагүй байхад мөрдөгч О.Оюунболд нь танил талаа харж дүгнэлт гаргасан.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Төв аймгийн Эрдэнэсант суманд 2023 оны 02 дугаар сарын 17-ны 20 цагийн үед надаас байцаалт авсан ба тухайн байцаалтыг авахдаа ахмад О.Оюунболд надтай зүй бусаар харьцаж “хүний амь нас эрсэдчихээд байхад чи гэм буруугаа хүлээхгүй юм уу “, “хүнээ алдсан хүмүүсийн сэтгэл санаа хэцүү байгаа ш дээ” гэх тулгасан хэлбэрээр байцаалт авсан. Байцаалтын үеэр толгой тус газар гар утсаараа цохиж байсныг надтай хамт зорчиж явсан Т.Батхүү харсан. Тухайн үед би цочирдсон байдалтай байсан болохоор хэнд, хаана хандахаа мэдэхгүй байсан.
Би эрх бүхий албан тушаалтны дүгнэлттэй танилцах, гомдол гаргах, шинжээчид асуулт тавих, түүнээс татгалзах, дахин дүгнэлт гаргуулах эрхийг хязгаарлаж зөвхөн жолооч Цэрэвсүрэнгийн зааж өгсөн А цэгээр намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Мөн эрх бүхий албан тушаалтан цагдаагийн ахмад Б.Бат-Очир нь хоёр тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын дүгнэлт гараагүй байхад юуг үндэслэж буруутгасныг ойлгохгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
6. Шүүгдэгч С.Ргийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...1.Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа талаар:
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13:00 цагт Төв аймгийн Заамар сумын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Оюунболд нь зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Мягмаржав, шинжээч цагдаагийн дэслэгч Л.Гантогтох нарыг байлцуулан хэргийн газрын үзлэг хийхдээ"... мөргөлтийн анхны цэгийг засмал замын урд хэсгийн тээврийн хэрэгслийн хагарсан эд зүйл, цацарсан болон засмал зам дээр тээврийн хэрэгслээс үүссэн буюу асгарсан тос, тосолгооны шингэнээр засмал зам бохирдсон зэргийг үндэслэж А үсгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. А цэгийн талаар үзлэгт оролцож байгаа 2 тээврийн хэрэгслийн талаар асуухад жолооч Д анх яг энд мөргөлдсөн гэж хэлээд А цэгийг заав. Харин жолооч Р нь ойлголоо гэж толгой дохиод санал хүсэлт байхгүй гэв..." гэж А цэгийг асфальтан замын ирмэгээс 2.75, асфальтан замын өргөн 7,2, А цэгээс Хондо пит маркийн 26-58 УАО дугаартай тээврийн хэрэгслийн дугуй хүртэл 11.20, 12.25, Т.Карина маркийн 71-42 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүртэл 5.35, 2.80, 2.75, гэж тэмдэглэсэн боловч хоёр тээврийн хэрэгслийн хоорондох зайг хэмжээгүй, зүг чиг нь ямар байдалтай байгаа зэрэг нь ойлгомжгүй байхад Т.Карина маркийн тээврийн хэрэгслээс асгарсан тос тосолгооны зүйлээр А цэгийг авсан нь үндэслэлгүй бөгөөд Хонда Пит маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байхад онхолдсон гэх цэгийг огт аваагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоож нотолж чадаагүй гэж үзэж байна.
2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: С.Ргийн жолоодож явсан Хонда Пит маркийн 26-58 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь "Цэгц Хөрөнгө” Банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татаж оролцуулах байтал Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр татаж оролцуулсан нь ойлгомжгүй байна. /хх-ийн 21 дүгээр хуудсанд тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/
Төв аймгийн Заамар сумын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Оюунболд нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол үйлдэж шинжээчийн дүгнэлтийг хаана даалгаж гаргуулж байгаа нь ойлгомжгүй байхад ямар даргын шийдвэрээр Лүн суманд зохицуулагчаар ажиллаж байсан цагдаагийн ахмад Б.Бат-Очир гаргах болов.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “...Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ...”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т "..Шинжилгээний байгууллага нь шинжилгээг шинжилгээний төрөл тус бүрээр урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах программ хангамж ашиглан шинжээч, эсхүл шинжээчдийн багт хуваарилна...", мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээд энэ хуулийн 8.4-т заасан жагсаалтад хамаарах шинжилгээг хийнэ..." мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3, 11.4 гэсэн заалтуудыг, мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6.-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө " гэсэн заалтуудыг шүүх анхаарч үзсэнгүй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй." гэж заасны дагуу хэргийн газрын үзлэгт жолооч С.Рг шууд буруутай гэж үзэж үзлэг хэмжилт хийж шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйл, 27.8 дугаар зүйлд зааснаар оролцогчийн эрхийг хангаагүйд гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...." гэх боловч тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №1463 дугаар шийтгэх тогтоолд оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн хоёр зуун дөрвөн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нийт 25/хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосон гэх боловч хавтас хэргийн материалд тогтоолын хуулбар байдаггүй тул дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
7. Шүүгдэгч С.Ргийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Тус шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Ргээс сэтгэл санааны хохирол 82.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол эмгэгийг сэтгэцийн шинжээчээр тогтоосон байхыг шаарддаг. Гэтэл хэрэгт энэ тухай нотлох баримт байхгүй байдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйл заалт нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаа тул хуулийг буцаан хэрэглэхгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна..” гэв.
8. Прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Ргээс ослын А цэг буруу авсан, тоормосны мөр авч үзээгүй, хэргийн газрын үзлэг буруу хийсэн гэж гомдол гаргасан байна. Тухайн зам дээр олон тооны машины тоормосны мөр үүссэн байдаг тул тоормосны мөрийг авч үзээгүй. Ослын А цэг тогтоохдоо тухайн мөргөлдсөн машины эд анги тээврийн хэрэгслээс үлдсэн тосны мөр зэргийг үндэслэж А цэгийг тогтоосон. Хоёр жолоочийг үзлэг хийхэд байлцуулсан. Шүүгдэгч С.Ргээс А цэгтэй холбоотой санал хүсэлт гаргаж байгаагүй, зөвшөөрч байсан. Мөн С.Р хэргийн газрын үзлэг болон шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гаргаагүй мөртлөө миний эрхийг хязгаарласан, шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй гэж гомдол бичсэн байна. Энэ нь үндэслэлгүй юм.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан хэргийн газарт үзлэг хийсэн фото зурагт тоормосны мөр гарсан байна, үүнийг дүгнэлтэд тусгаагүй гэж байна. Тухайн мөр уг машиных биш байсан тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж тусгаагүй. Шинжээчид хууль сануулж уг дүгнэлтийг гаргуулсан нь хууль зөрчөөгүй.
“Цэгц хөрөнгө” банк бус санхүүгийн байгууллагыг иргэний хариуцагчаар татаагүй гэж байна. С.Ргийн хувьд “Цэгц хөрөнгө” банк бус санхүүгийн байгууллагаас 5.000.000 төгрөг зээлж зээлийн барьцаанд тээврийн хэрэгслээ шилжүүлсэн байдаг. Иймд “Цэгц хөрөнгө” банк бус санхүүгийн байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр татсан.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Рд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн баримтыг шүүгдэгчийн талаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.
Сэтгэл санааны хохирлын тухайд шүүхээс шинжээч тогтоолгүй гаргасан нь үндэслэлгүй гэсэн. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д болон Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн нийт шүүгчдийн 25 дугаар тогтоолоор шинжээчийн дүгнэлт гаргахгүй шүүх тогтоох боломжтой байдлаар журамласан байгаа. Иймд давж заалдах гомдлууд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чтус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Надад хэлэх зүйл байхгүй” гэв.
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...1.Хавтаст хэргийн 9-24 дугаар талд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Уг тэмдэглэлд А цэгтэй холбоотой санал хүсэлт 2 жолоочид байгаа эсэхийг асуухад ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэсэн. Шүүгдэгч С.Р танилцаад хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан байдаг. Энэ талаар аль ч шатанд гомдол гаргаагүй.
Мөн мөрдөгчийн шинжээч томилсон 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг шүүгдэгчид танилцуулсан байсан. Үүнээс гадна эрх бүхий албан тушаалтны дүгнэлт болон бусад шинжээчийн дүгнэлтүүдийг танилцуулсан баримт хэрэгт байгаа. Иймд түүний тайлбар үндэслэлгүй юм.
2.Мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж байна. Өмгөөлөгчийн хувьд нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон гэж үзэж байна.
3.Иргэний нэхэмжлэгчээр “Цэгц хөрөнгө” банк бус санхүүгийн байгууллагыг томилсон нь хуульд заасан үндэслэлд хамаарна. Харин хариуцагчаар татах үндэслэлгүй. Хохирлыг төлөх үүрэг бүхий этгээд бол банк бус санхүүгийн байгууллага биш.
4. Ял нэмж нэгтгэх асуудал дээр өмнө нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр цагдан хоригдсон хугацааг хасаад нэмж нэгтгэсэн нь ойлгомжгүй зүйл байхгүй.
5. Сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудал байгаа, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн заалт хэрэглэсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийн заалт шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тайлбарлаж хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Рд холбогдох эрүүгийн 2334001510292 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Р, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бүрдэх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэнээр шийдвэрийг хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзнэ.
2. Давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалт, прокурорын шатанд цуглуулж бэхжүүлсэн, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтаас дүгнэвэл,
Шүүгдэгч С.Р нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдааны шатанд урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1463 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, цагдан хоригдсон 12 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, хоёр зуун дөрвөн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн баримтыг гаргаж өгсөн байна.
Харин уг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон эсэх, оногдуулсан ялаас эдэлсэн эсэх, мөн шүүгдэгч С.Ргийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх нөхцөл байдал тодорхойгүй буюу хэргийг шийдвэрлэхэд бусад нотлох баримтын хүртээмж хангалтгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч С.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1463 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хоёр зуун дөрвөн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нийт 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 3 жил 25 хоног гэж тогтоосныг хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэх боломжгүй.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн холимог хэлбэр бөгөөд санаатай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хүндэвтэр хохирол болон амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна гэж үзсэн атлаа гэм буруутайд тооцохдоо “ ...Авто тээврийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...” гэх зөрүүтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
4. Мөн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр /Шинэчлэн найруулга хийсэн/ Эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж ...” гэсэн заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж ...” гэж өөрчлөн найруулсан ба 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийн аль хэсэгт үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн аль Эрүүгийн хуулийг хэрэглэж шүүгдэгч С.Рд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан нь ойлгомжгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул шүүгдэгч С.Ргийн "...хэргийн газрын үзлэг хийхдээ хохирогч талаас асууж А цэгийг тогтоосон, хэрэг гарсан байдал, нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоож чадаагүй, мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүсэн..." гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй...” гэх, Х.Даваахүүгийн гаргасан “...сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх үнэлээг шинжээч гаргаагүй байхад хохирол гаргуулсны эс зөвшөөрсөн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад дүгнэлт хийгээгүйг, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Рд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
З.ТҮВШИНТӨГС