| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2021/00962/И |
| Дугаар | 210/МА2021/01564 |
| Огноо | 2021-10-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2021/01564
| 2021 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2021/01564 |
Т.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Т.Бын нэхэмжлэлтэй хариуцагч В ХХК-д холбогдох
ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27 240 721 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс В ХХК-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах ажилтнаар 20/10, 14/7 ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн дугаар 102/ШШ2019/0261 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтны ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 792 439 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч гомдол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 2075 магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянаж 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 001/ХТ2020/00497 тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч В ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж, хариуцагч компани 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажилд нь эргүүлэн томилох тушаал гаргасан. Хариуцагч тал шүүхийн шийдвэр эцэслэн хуулийн хүчин төгөлдөр болоогүй, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тайлбарлаж байгаа боловч хуульд шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болно гэж заасан. Мөн шүүхийн шийдвэрт гомдол гаргах эсэх нь өөрсдийн нь эрх бөгөөд нэхэмжлэгчийг ажилд авсан тушаал гаргаж ажиллуулж байх явцдаа шүүхийн шийдвэрт гомдол гарган шийдвэрлүүлж, ажилд эргүүлэн тогтоосон нь үндэслэлгүй бол ажилласан хугацааны цалинг хохиролд тооцон нэхэмжилж болох байсан. Т.Б нь олон сар ажилгүй, дээр нь ар гэрээ авч явах шаардлагатай тул өөр газар ажилд орсон. 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажилгүй байсан нэг өдрийн цалинг өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн 80 833 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэгч Т.Бын ажилгүй байсан хугацаа буюу шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ажилд эргүүлэн томилсон тушаал гарсан өдөр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 337 хоногийн цалинтай тэнцэх олговорт 27 240 721 төгрөг гаргуулж энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Бт холбогдох хөдөлмөрийн маргаан 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хяналтын шатны шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд уг тогтоолтой холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.1-т зааснаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд гомдлын хариу 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэрлэгдэж хариуцагч талд танилцуулагдсан. Уг хугацаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа бөгөөд компанийн үйл ажиллагаа зогсонги байсан тул шүүхийн шийдвэрийг шууд биелүүлэх боломжгүй цаг хугацаа байсан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр цуцлагдсан бөгөөд хөл хорио цуцлагдсан дариуд компанийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчтэй уулзан төлбөр төлөх хуваарь гаргаж өгч, нэхэмжлэгч Т.Бтой уулзан ажилд эргүүлэн томилж, нийгмийн болон эрүүл мэндийн нөхөн бичилтийг хийн шүүхийн шийдвэрийг зохих хэмжээнд хэрэгжүүлж ирсэн байдаг. Шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байсан хугацаа болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уг шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан цаг хугацааны цалин хөлсийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Манай компанийн уурхайн үйл ажиллагааг 2020 оны 2 дугаар сараас эхлэн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл зогсоосонтой холбоотой уг хугацаанд манай компани бүрэн хэмжээнд зогсолт хийн үйл ажиллагаа явуулаагүй байдаг. 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаа эхэлсэн боловч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор хэвийн 20/10 ээлжийн хуваариар ажиллах боломжгүй болсноос үүдэн нийт хүчин чадлынхаа 50 хувиар ажиллан 50 хувьтай тэнцэх ажилтан нараа мөн сул зогсоосон байдаг. Энэхүү нөхцөл байдал 2021 оны 5 дугаар сар хүртэл үргэлжилсэн. Иймд шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байсан хугацаа болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уг шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан цаг хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан байдаг. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрийн дагуу Т.Быг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тайлагнасан боловч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Т.Бын нийгмийн даатгал нь үндсэн ажилтнаар тайлагнагдсан учир давхардуулж тайлагнах боломжгүй гэсэн хариу ирсэн тул тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд хүндрэл үүссэн. Мөн шүүхийн шийдвэр хянагдаж байх хугацаанд өөр газар ажилд орсон байсан тул давхардуулж төлөх боломжгүй нөхцөл үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч В ХХК-наас 13 256 612 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож, үлдэх 13 984 109 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бын эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч В ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 153.61 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч В ХХК-иас 224 233 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх нь талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлсон боловч үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Т.Бын ажилгүй байсан хугацааг ажил олгогчийн хууль бус тушаал гарч, ажилтан ажиллаагүй үеэс ажилд эгүүлэн тогтоолгох хүртэл хугацаагаар тодорхойлж ажилд эгүүлэн тогтоосон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал гаргасан өдөр хүртэл тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд нийцнэ гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацаа гэдэг нь ажилтныг ажлаас халсан өдрөөс эхлэн бодитойгоор ажилд нь эгүүлэн авч ажиллуулсан өдрийг хүртэл гэж тодорхойлохоор байна. Нэхэмжлэгчийн хувьд энэ өдрийг хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал гарснаар өөрийн хөдөлмөрлөх эрх нь сэргэсэн гэж тодорхойлсон бөгөөд ажилд нь эгүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч түүнийг бодитойгоор ээлжийн ажилд явуулахгүй, мөн төлбөртэй эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хувцас хэрэгслийг өөрийн зардлаар авах зэрэг хууль бус шаардлага тавьж байсан тул Хөдөлмөрийн гэрээг Т.Бын санаачилгаар 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр цуцалсан байдаг. Ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд олгох олговрын хэмжээг хууль тогтоогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх заалтаас өөрөөр зохицуулаагүй. Энэ заалтын агуулгад ажилгүй байсан цаг хугацаанд ажилтан өөр хуулийн этгээд, байгууллагад ажилласан байхыг үгүйсгээгүй. Мөн Т.Бын хувьд хариуцагч В ХХК-д цалин хөлс буурсан ажил, албан тушаалд ажиллаагүй байхад шүүх ...зөрүүг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд өөр ажил эрхэлсэн нь хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд өөрийнхөө хөдөлмөрөөр, өөр эх үүсвэрээс төлөгдөж байгаа цалин, орлого юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч В ХХК-аас 27 240 721 төгрөг гаргуулж Т.Бт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч В ХХК-д холбогдуулан ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27 240 721 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. /хх.1-2, 46-47, 104, 126-128/
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 102/ШШ2019/02610 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Т.Быг В ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас олговорт 14 792 439 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бт олгож шийдвэрлэжээ. /хх.5-16/ Хүчин төгөлдөр уг шийдвэрээр нэхэмжлэгч Т.Быг тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын үндсэн цалин 1 616 667 төгрөг /1 өдрийн 80 833 төгрөг/-ийн цалин авч байсныг тогтоож, холбогдох олговрын хэмжээг тодорхойлсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсний хэмжээ нь дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Бт Про Аурум ХХК-аас 2019 оны 10 дугаар сард 2 103 348 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард 1 100 000 төгрөгийн цалин, Монфрукт ХХК-аас 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл сар бүр 2 200 000 төгрөгийн цалин тус тус олгогдож, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, 2020 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын дуустал сайн дурын даатгал төлсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэж хариуцагч В ХХК-аас 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны ажилгүй байсан 164 хоногийн олговорт 13 256 612 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хууль буруу хэрэглэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан бөгөөд ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн тогтоох хүртэл хугацааны олговрыг төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй.
Нэхэмжлэгч Т.Бын ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон Улсын Дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00497 тоот тогтоол гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилуулах тушаал гарсан 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тооцон хариуцагч В ХХК-аас 27 240 721 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бт олгохоор шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч В ХХК нь нэхэмжлэгч Т.Бын ажилгүй байсан хугацаа буюу шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ажилд эргүүлэн томилсон тушаал гарсан өдөр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 337 хоногийн цалинтай тэнцэх олговорт 27 240 721 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/02277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 27 240 721 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бт олгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дах заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 27 270 721 төгрөгийг олгохдоо хуульд заасан зохих шимтгэлийг суутган, нэхэмжлэгч Т.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 153 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 294 153 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 227 870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
Ц.ИЧИНХОРЛОО