Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/21

 

 

 

 

 

  2024       03         27                                        2024/ДШМ/21

 

       Ө.Тэд холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Уламбаяр,

Шүүгдэгч: Ө.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.Э, Б.Г, Л.Ц,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Ө,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ж.Э, Б.А,

Нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э, Б.Г, шүүгдэгч Ө.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор Ө.Тэд холбогдох 2238000000514 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,Ө овогт Өын Т, …. оны …. дүгээр сарын ….-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ….. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …. дугаар баг …....... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн …. оны …. дугаар сарын ….-ны …. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн …. дүгээр зүйлийн …....... дэх хэсэгт зааснаар …. жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж, …. оны 06 дугаар сарын …..-ний өдөр 2 жил 1 сар 27 хоног тэнсэн суллагдсан  /регистрийн дугаар ..................../.

Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт Б.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, сарвуунд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Өвөг овогт Өын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өын Тийг 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тид оногдуулсан 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тийн цагдан хоригдсон 256 (хоёр зуун тавин зургаа) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Тээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 4,978,000 (дөрвөн сая есөн зуун далан найман мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, сэтгэцэд учирсан хохирол 212,164,062 (хоёр зуун арван хоёр сая нэг зуун жаран дөрвөн мянга жаран хоёр) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өэд тус тус олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө нь төрийн банкны цалингийн зээл 22,726,477 (хорин хоёр сая долоон зуун хорин зургаан мянга дөрвөн зуун далан долоо) төгрөг, Инвесткор ББСБ-ын зээлийн үлдэгдэл 13,335,452 (арван гурван сая гурван зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин хоёр) төгрөгийн хохирол, оршуулгын зардал 4,219,074 (дөрвөн сая хоёр зуун арван есөн мянга далан дөрөв) төгрөг нийт гэм хорын хохирол 40,281,003 (дөчин сая хоёр зуун наян нэгэн мянга гурав) төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ө.Тээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн 2238000000514 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины урд талын суудлын бүрээс тус бүр нэг ширхэг, нийт 2 ширхэг бүрээс (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон) суудлын дэрний бүрээс 2 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооч талын суудлын дэр 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооны хүрдний дээд талын нарны хаалт 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), бариулгүй төмөр хутга 1 ширхэг, 225/60R17 хэмжээтэй, хоёр хэсэг газарт зах ирмэг тэгш бус цооролттой дугуй 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Т давж заалдах гомдолдоо:  “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж гэм буруугаа бүрэн ухамсарлаж байна. ...Би тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Дтай үл ялиг шалтгааны улмаас маргалдаж, түүний биед халдаж хүнд гэмтэл учруулсан. Үүний улмаас хохирогч нас барсанд маш их гэмшиж байна. Би тухайн үед ийм байдалд хүргэнэ гэж огт бодоогүй, хоромхон зуурт болоод өнгөрсөн. Миний буруутай үйлдлээс болж Дын амь нас хохирч, бага насны 4 хүүхдийг өнчрүүлж, аав, ээж, ах, дүүд нь нөхөж баршгүй хүнд гарз хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Би бага насны 4 хүүхдийн ирээдүйд маш их санаа зовж байна.

Иймээс би ял шийтгэлээ хурдан эдэлж нэг хоногийн өмнө ч гэсэн суллагдаж, дээрх хүүхдүүдэд байр авч өгье гэж бодож байгаа. Эрхэм шүүгч та бүхнээс оногдуулсан ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн зүйлийг зөрчсөнийг дараах байдлаар тайлбарлавал: Үүнд:

Шүүх шүүгдэгч Ө.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Ө.Т нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай шүүгдэгч Ө.Тийн өмгөөлөгч нарын шүүхийн мэтгэлцээний явцад тавьсан байр суурь, хууль зүйн дүгнэлтэд шүүх дүгнэлт хийсэнгүй ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-ийн 1.1, 1.2, 1.3-т заасныг зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэснийг зөрчиж хэрэглэсэн байна.

...Амь хохирогчид цаг алдалгүй хагалгаанд оруулж тусламж үзүүлсэн бол хохирогчийн амь насыг аврах боломж байсныг үгүйсгэхгүй ба амь насыг аврах боломжтой байсан талаар ч шүүх эмнэлгийн дүгнэлтэд, шинжээч эмч М.Дийн мэдүүлэгт дурьдсан байна. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 6207 дугаартай өвчний түүхэнд тэмдэглэснээр талийгаач нь 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 1000 минутад нас барсан гэсэн байна /3-р хх 119- 125/. Гэтэл амь хохирогчид гэмтэл авснаас хойш яаралтай тусламж үзүүлээгүйн улмаас нас барсныг энэ цаг хугацаанаас харж болно.  Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нотолбол зохих байдал гэмт хэргийн сэдэлт, зорилго нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй тохирохгүй байх бөгөөд шүүгдэгч Ө.Т нь амь хохирогчийг алах санаа зорилго агуулаагүй гэж үзэж байна.

...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүнийг алах гэмт хэргээс гэмт хэргийн обьектив талын шинж болох хохирол, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субьектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай байдаг.

...Шүүгдэгч Ө.Т нь амь хохирогчийг алах санаа зорилго байхгүй байсан бөгөөд амь хохирогч хэвлийн битүү гэмтэл авснаас хойш гэрч Д.Тийнд очиж тусламж хүссэн, сумаас бага эмч Н.Аззаяа ирж эмнэлгийн анхны тусламж үзүүлж буй үйл явдал, сумын эмнэлгийн их эмч Б.Бямбасүрэнд хүлээлгэж өгсөн, сумаас Мөрөнгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт шүүгдэгч Ө.Т тээврийн хэрэгсэл олж хүргэсэн, Мөрөнгийн Нэгдсэн эмнэлэгт ирсний дараа хагалгаанд орсон зэрэг үйл явц зэргээс үзэхэд амь хохирогч нь хүнд гэмтэл авснаас хойш хэдий хугацааны дараа нас барсан нь харагдаж байна.

Шүүгдэгч Ө.Т нь амь хохирогчид тусламж үзүүлж сумаас Мөрөнгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэн өгч, шаардлагатай эм тариа болон бусад тусламжийг үзүүлж байсан нь хэрэгт авагдсан түүний мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтаар тогтоогддог ба энэ нь түүний хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг нотолно.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, тайлбар, хохирлыг сайн дураараа төлсөн болон бусад нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

Шүүгдэгч Ө.Т нь оршуулгатай холбоотой хохирлыг сайн дураараа бүрэн төлж барагдуулсан байдал, хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзсэнгүйгээр шүүгдэгчид 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж дээрх ялыг оногдуулсан гэсэн дүгнэлт хийсэн нь хувийн байдал гэж юуг дурьдаад байгаа нь тодорхойгүй, хохирлыг сайн дураараа төлсөн нөхцөл байдал, хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь ял шийтгэл оногдуулахад хувийн байдалд нөлөөлөх боломжтой тул үүнд дүгнэлт хийсэнгүй.

... Шүүгдэгч Ө.Т нь сайн дураараа хохиролд 40,000,000 төгрөгийг төлсөн. Шүүх хохирогчийн 73,945,065 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан баримтаар 32,164,062 төгрөгийн хохирол тогтоогдож байна гэж шүүх үзсэн. Өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, оршуулгын зардлаас 4,219,074 төгрөгийг хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй, оршуулгатай холбоотой баримт болох нь тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр үнэлээгүй болно. Мөн амь хохирогчийн цалингийн зээл 22,726,477 төгрөг, Инвестер ББСБ-ын зээлийн үлдэгдэл 13,335,452 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ө.Тээс нэхэмжлэх эрхтэйг болохыг дурьдсан нь үндэслэлгүй бөгөөд энэ нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй болно.

Шүүх сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 220,000,000 төгрөгийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэснийг зөрчсөн.

Үндэслэл нь: Тус гэмт хэрэг нь 2022 оны 07 сарын 17-ний орой үйлдэгдсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлалын 3 дугаар зүйлийн 3.3-т заасан нь тогтоогдож байгаа боловч цаг хугацааны хувьд тус тогтоолыг хэрэгжихээс өмнө гарсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ө.Тээс 220,000,000 төгрөг гаргахаар шийдвэрлэсэн нь Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн ерөнхий зарчмыг зөрчсөн нь үндэслэлтэй байна.

Иймд ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлд өөрчлөлт оруулж, ялын хэмжээг багасгаж, хаалттай хорих байгууллагад ял эдлэхийг нээлттэй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: ...Ө.Тийн хувьд амь хохирогч Б.Дыг алах санаа зорилго агуулаагүй, харин тухайн цаг хугацаанд Ө.Т нь амь хохирогчтой хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас түүнийг зодож биед нь “Хүнд” зэргийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогддог.

...“Хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Мөн гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол шүүгдэгч Ө.Тийн хувьд амь хохирогчийн амь насыг хохироох ямар нэг санаатай үйлдэл гаргаагүй харин хохирогчийг зодож биед нь “Хүнд” гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтаар тогтоогдож байна.

Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 550 тоот тогтоолд “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа, зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай гэж заажээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүнийг алах гэмт хэрэгтэй объектив талын шинж болох хохирол, субъектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субъектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай. Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байдаг талаар тайлбарласан.

Улсын дээд шүүхийн уг тайлбарыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа баримтлалгүй зүйлчлэлийг зөвтгөлгүйгээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна.

...Иймд шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг журамлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Э давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт Б.Дтай хэрүүл маргаан үүсгэж маргалдан зодож биед хүнд гэмтэл учруулсан бөгөөд үйлдэл, хохирол шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ө.Т нь амь хохирогчийн бие махбодид гар болон хөлөөрөө олон удаагийн үйлдлээр халдахад үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 110,000,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж 220,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Тээс гаргах нь зүйтэй гэж үсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Ө.Тээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 220,000,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өэд олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-д “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр гомдол гаргаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Т болон түүний өмгөөлөгч Я.Э нарын гомдлыг хангахгүй орхино уу.” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Ө.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...Хүнийг санаатай алах гэсэн  хэргийн зүйлчлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь надад хүнийг алах санаа бодол, зорилго байгаагүй тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.Э, Б.Г, Л.Ц нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ...Иймд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд маш их гомдолтой байгаа бөгөөд  хохирогчийг санаатай алсан гэж би үзэж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ж.Э, Б.А нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... шүүх хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид тохирох шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт нь гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Уг зорилтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг … яллах ба цагаатгах, ял хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зохицуулсан.

Прокуророос Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт Б.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, сарвуунд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хянаж, Ө.Тийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Тийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Дыг алах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

1.Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хүнийг алахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг. Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд энэ нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болно. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч тэр даруйдаа, эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан нь нөлөөлөхгүй бөгөөд хохирогчийн амь нас хохирсноор хүнийг алах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Шүүгдэгч нь  гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд “нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт ...бүхий” хүнд гэмтэл учруулж, хохирогчийг алсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн  дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч нь олон удаагийн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд санаатай халдсаны улмаас хохирогч нас барсан хор уршигт хүргэсний зэрэгцээ учруулсан гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгт тодорхой тусгагдсан байх  тул шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж зүйлчлэх үндэслэлгүй.

2.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй.” гэж, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж  тус тус зааснаар хохирогч, түүний төлөөлөгч өөрт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээр шаардах, шүүх нөхөн төлүүлэх төлбөрийг тооцох, тогтоох эрх нээлттэй. Түүнчлэн  сэтгэцэд учирсан хор уршгийг хэрхэн тооцох аргачлал, хэмжээг зохицуулсан Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс буюу шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж  эхэлсэн.

Иймд анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтуудад  нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаар  шийтгэх тогтоолд тодорхой тусгасан байх ба дээрх байдлын талаар дүгнэлт хийгээгүй гэх өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

4.Шүүгдэгч Ө.Тийн гэмт үйлдлийн улмаас 6-15 насны 4 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдарч байсан хохирогчийн амь нас хохирсон нь тогтоогдсон тул түүний улмаас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нээлттэй үлдээсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутган дүгнэх үндэслэлгүй.

5.Анх шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан хэргийг зүйлчилж, шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, оногдуулсан ялын хэмжээг багасгах, хорих ялыг нээлтэй байгууллагад эдлүүлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАЯРХҮҮ

                   ШҮҮГЧИД                                        Л.ЭРДЭНЭБАТ

                                                                    Б.СОСОРБАРАМ