| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0003/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2018-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 58
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Б.Б-д холбогдох эрүүгийн 1804000510056 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Хохирогч: Э.З-
Шүүгдэгч Б.Э- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..аймаг .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа “...” ам бүл .., эхнэр Б.О, насны .. хүүхэд нарын хамт .. дугаар хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Г- овгийн Б-н Э-
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:
Б.Э-г хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.З-гийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, заамдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүхээс Б.Э-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд.
Хохирогч Э.З-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“... бид 2018 оны 02 сарын 21-ний өдөр 18-19 цагийн үед тавуулаа Улаанбаатараас гарч Бурхан халдун явж байгаад оройтсон тул бид Багануурт хонохоор болсон, бид замдаа хүн тус бүр 3 пиво уусан тул буусан буудлаас гарч “Их суудал” бааранд суусан. Манай бусад хүмүүс буудал руугаа явж Э- ах бид хоёр үлдсэн бөгөөд би явъя гээд дохихдоо нүүрийг нь гараараа шүргэх шиг болоход Э- ах миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Цамцны захыг барьж шахсан. Тэгээд намайг орхиод явсан байсан.Тэр үед би гомдоод цагдаад мэдэгдсэн юм. Миний нүүр, хамар, уруул хавдаад хоёр нүд, хүзүү улайсан. Э- ах эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг надад төлсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Б.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...би бааранд сууж байхдаа З-той маргалдаж толгой нүүр лүү нь 2-3 удаа цохиж, цамцны захаар хоолойг нь шахсан байсан. Согтуу байсан болохоор юунаас болж маргалдснаа санахгүй байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Заримдаа нойргүй хонодог” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч М.Д-гийн мөрдөн байцаалтын үед өгсөн:
“... манай бааранд Хэнтий аймгийн Бурхан халдун уул руу явж байгаа гэсэн хэдэн үл таних залуус орж үйлчлүүлж байгаад, хоёр залуу нь үлдсэн. Хоёр залуугийн нэг нь машин зардаг ченж гэсэн. 2018 оны 2 дугаар сарын 22-ний шөнө 01 цагийн үед машин зардаг гэх залуу нь нөгөө залуугаа зодоод, нүүр лүү нь цохиод байсан. Яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Гэрч Э.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“... намайг цагдаа Г-ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байхад “Их суудал” баарны орчимд Э.З- гэгч нь найз Э-д зодуулсан гээд зогсож байсан. Э.З- нь согтуурлын хэмжээ нилээдгүй их, нүүрний хэсэгт нүд, уруул хавдсан байсныг цагдаагийн хэлтэст хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
Шинжээчийн
“Э.З-гийн биед зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны салст, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, улайлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн 09шэ/102 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/
Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.Э- нь 2018 оны 02 дугаар сарын 22-ний шөнө 01 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их суудал” бааранд согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан үедээ иргэн Э.З-гийн нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа гараараа цохиж, заамдах зэргээр Э.З-гийн зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны салст, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, улайлт бүхий гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Нотлох баримтын талаархи дүгнэлт
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд нотолсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Э- мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “согтуурсны улмаас юунаас болж хэрхэн маргаж яаж зодсоноо сайн санахгүй байна” гэж мэдүүлсэн, гэрч, хохирогч нар түүнийг архи хэрэглэснийг мэдүүлж байгаа зэргээс дүгнэхэд өөрийн үйлдлийг хянах чадваргүй болтлоо согтуурсан байна. Б.Э- нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэвэл үйлдлээ хянах чадваргүй болно гэдгийг мэдсээр байж хүсэж хэрэглэсэн тул ямар ч үйлдэл хийж, ямар хохирол учрах нь хамаагүй гэсэн санаа сэдэлттэй байсан гэж үзнэ. Иймд Б.Э-г үйлдэлдээ санаатай хандсан гэж дүгнэв. Түүний үйлдэл нь хохирогчийг бие махбодийн гэмтэлд хүргэжээ.
Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул Б.Э-г хэрэг хариуцах чадвартайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Б.Э-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/95 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Э-гийн үйлдэл нь иргэн Э.З-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг тус тус зөрчжээ.
Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг буюу прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.
Б.Э- нь эмчилгээний зардалд хохирогч Э.З-д 500.000 төлсөн. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Иймд Б.Э-г прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын хамгийн бага хэмжээний торгуулийн ял болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 2; 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ