Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/35     

 

 

 

 

 

   2024          4             18                                                2024/ДШМ/35                                      

 

                                         Ш.Т-т холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Л.Наранхүү,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О/цахим/, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /цахим/,

Иргэний хариуцагч “ТЧ” ХХК-ний төлөөлөгч З.Мөнхболд, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

Шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, Х.Даваахүү,

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, Х.Даваахүү, иргэний хариуцагч “ТЧ” ХХК-ийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын тус тус гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ш.Тт холбогдох эрүүгийн 2234006780562 дугаар хэргийг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ТЧ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, охин, зээ нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг .................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ш.Т, регистрийн дугаар .............

2. Шүүгдэгч Ш.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 23 цагийн үед Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 157-158 дахь километрийн шонгийн хооронд “North benz” маркийн 02-75 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, мөн дүрмийн 9.3-т “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ" 9.3б-д "түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд мөн дүрмийн 9.5-д "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж түр зогсоосны улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож байсан "Тоёота Бладе" маркийн "93-53 УНЕ" улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.Амөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. Төв аймгийн прокурорын газраас Ш.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тын цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлүүлэх хугацааг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан иргэний хариуцагч "ТЧ" ХХК-аас 46.915.034 төгрөгийг гаргуулж, хохирогч Ө.Анхболдод, 12.681.890 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Бтус тус олгож,

хохирогч Ө.Анхболд, түүний хууль ёсны төлөөлөгч П.Онар нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

эрүүгийн 2234006780562 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ш.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлбөргүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдаж,

Ш.Тын 567054 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц холбогдох байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч Ш.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хохирогч машины араас мөргөсөн нь жолоочийн санамсар болгоомжгүй болон нойр дутуу явснаас болсон гэж үзэж байна. Учир нь жолооч Ө.Анхболдын эхнэр Б.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэхдээ “тухайн үед харанхуй болоогүй байсан, харий бүрий болж байсан, тэр дээр том дугуй харагдаж байсан, тэгээд дугуй гэж хэлээд л осол болсон” гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд, жолооч Ө.Асанамсар болгоомжгүй явсныг нотолж байна. Мөн 93-53 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь мөргөхдөө тоормос гишгэж дугуй чирэгдсэн мөр огт байгаагүй.

2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №22/160 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Тухайн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй” гэсэн байсан. Тухайн осол болсон өдрийн цаг минут нь Ш.Т миний өгсөн мэдүүлэг болон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэх П.Онарын мэдүүлгийн цаг нь “21-22” цаг гэж таарч байгаа. Харин шүүх авч үзэхдээ “23” цаг гэсэн байна.

Үүнээс гадна шийтгэх тогтоол дээр хууль ёсны төлөөлөгч П.Оюунчимэгийг өмгөөлөгч гэж, Шийтгэх тогтоолд хохирогч Ө.Анхболдын нэрийг Ө.Ганболд гэж, цагдан хоригдсон 18 хоногийг цагдан хоригдсон хоноггүй, цагдан хоригдсон 83 хоног гэж бичсэн зэргийг ойлгохгүй байна.

Хохирогч гэх Ө.Аболсон хэргийн талаар өөрийн биеэр үнэн зөв мэдүүлэг өгөөгүй байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Омэдүүлэг болон Б.Болорхорлоогийн мэдүүлгээр яллаж байгаад гомдолтой байна.

Мөн би тухайн осол болохоос өмнө машиныхаа урд болон ард нь ослын гурвалжин байрлуулсан байсан. Тоёота Бладе маркийн авто машины хурдыг тогтоох боломжгүй гэж шүүх үзсэнийг сайн ойлгохгүй байна. Тухайн машиныг би маш их хурдтай явсан гэж бодож байна. Яагаад гэвэл миний унаж явсан Норд бенз маркийн хүнд даацын машин болон ачаа нийлээд 70 тн кг жинтэй байсан. 93-53 УНБ улсын дугаартай Блед маркийн машин нь миний машины араас маш хүчтэй мөргөж жолооч талын хойно байрлах 3-р тэнхлэгийг мөргөж нумын стермэн тасарч, 2-р тэнхлэг 3-р тэнхлэгийн хооронд нийлснээс харахад жолооч Ө.Ань маш их хурдтай явсан. 40 тн ачаатай чиргүүлийн дугуй нийлтэл мөргөнө гэдэг бол тухайн машин хурд хэтрүүлж явсныг илтгэж байна. Хэрэв араас мөргөсөн машин нь дугуй мөргөөгүй араас чигээрээ мөргөсөн бол өдийд машинд явсан хүмүүс амь нас хохирох байсан. Дугуй мөргөж, хийтэй дугуй машиныг буцааж түлхсэнээр тухайн хүмүүс амьд үлдэхэд маш их ач холбогдол өгсөн гэж бодож байна. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

6. Шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч М.Мэндсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Цагаан шонхор жигүүр” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын шинжээч Т.Түвшинбаатарын гаргасан 22/160 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн энэ хэргийг шийдвэрлэсэн.

            Шинжээчийн дүгнэлт нь илт нэг талыг баримталсан, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон нотлох баримтуудтай огт тохирохгүй, зөвхөн ямар нэгэн аргаар том тэрэгний жолооч болох Ш.Тыг буруутгаж, хохирогч Ө.А“Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн гомдлыг прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүүд, Аймгийн ерөнхий прокурорт гаргасан боловч хүлээж аваагүй. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч хариу ирээгүй байгаа.

            2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцэхдээ “...миний гаргасан дээрх агуулга бүхий хүсэлтүүдийг шийдвэрлэх боломжтой, зарим нь ач холбогдолгүй...” байна гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн мөртлөө уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

  1. Ш.Тыг “ТЧ” ХХК-д ажиллаж байхдаа буюу Норд бенз маркийн 02-05 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 “Хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэж буруутгасан. Харин шинжээчийн хэлээд байгаа хориглосон тэмдэг хаана ч байгаагүй. Түр, зайлшгүй, удаан зогсолт гэдгээ зөв тодорхойлж чадаагүй. Мөн 44 тонн ачаа ачсан өөрийнх нь бүх жин нэмэгдээд 70 шахам тонн машиныг жолооч яаж нэн даруй зайлуулах юм бэ? Осол болонгуут шууд байгууллагадаа мэдэгдсэн байдаг, энэ том оврын машин засагдахаас нааш хөдөлгөх ямар ч боломж байхгүй.

                 Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 “...ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ”, “...түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд” гэж буруутгасан. Энэ нь түр зогсох газар мөн үү, тэнд энэ машин 6 хоног зогссон, 6 хоног ослын дохионы гэрлийг анивчуулж зогсох боломж байх уу. Мөн дүрмийн 9.5 “ослын зогсолтын тэмдгийг...байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Ослын зогсолтын тэмдгийг машины хойно, урд 2 газар байрлуулсан байдаг. Ямар зай хэмжээнд байсан талаар миний хүсэлт гаргасан гэрчүүд мэдүүлэх байсан. Ослын тэмдгээс болж энэ осол гараагүй гэж үзэж байна.

  1. Жолооч Ө.АЗамын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Том оврын машин ард зам дээр хэргийн газрын үзлэгээр 18м зайд ослын зогсолтын тэмдгийг тавьсан байсан. Дугуй дотор чулуу хийгээд хүрз босгон ишинд нь скочоор ослын гурвалжныг бэхэлж босгосон байсан. Энэ талаар хэн ч маргадаггүй. Нотлох баримтууд нь хэргийн газраас олдсон. Гэтэл үүнийг бут мөргөөд машины арын дугуйг очиж мөргөсөн байдаг. Том машины стерменүүд тасарч /энэ нь маш бүдүүн төмөр байдаг/ арын 2 дугуй хоорондоо нийлсэн зураг хэрэгт байгаа. Мөн мөргөсөн машин дугуйнаас 6,50 см шидэгдэж эсрэг урсгалд орж зогссон. Өмнөговь болон Дундговь аймгаас гарсан цаг хугацаа, машины эвдрэл, ослын зогсолтын тэмдгийг бут дайраад машины дугуйг мөргөж 6,50 см зайд шидэгдсэн зэрэг нь жижиг машин ямар их хурдтай явсныг шууд нотолж байгаа, энэ нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон гэж үзэж байна.
  2. Том оврын машиныг замаа бүрэн чөлөөлөөгүй гэж буруутгаж байгаа. Гэтэл хэргийн газрын үзлэгээр урд дугуй замын захын хөвөөний захаас 50см гэсэн. Энэ нь ердөө 2 төө зай, мөн хойд дугуй 70 см буюу 3төө зайтай байрласан байна гэдгийг тогтоосон. Том оврын хүнд жингийн ачаатай /44 тонн/ машин замын захын шороо хөвөө буюу даланд үүнээс илүү шахаж зогсох боломжгүй. Хэрэв үүнээс илүү шахсан тохиолдолд хөвөө нурах аюултай. Үүнээс гадна машины тэвшний ар талд гэрэл тусахад цацардаг гэрэлтүүлэгч наалттай байсан, жолооч цацруулагчийг харах боломжтой байсан. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Ш.Тыг цагаатгаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

 

            7. Шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

            1. 1-р хх-ийн 11, 23, 40, 42, 43, 222-р хуудаснуудад гэрч, хохирогч нарыг хууль сануулж мэдүүлэг авахдаа өөрчлөлт орсон, хүчингүй болсон хууль сануулсан.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “ шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина” гэснийг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Учир нь:

            Хохирогч Ө.Ашинжээчид үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр П.Оюунчимэгийг оролцуулсан нь үндэслэлгүй.

            3. Ослын шалтгаан нөхцөлийг тогтооход чухал ач холбогдолтой, нотлох баримт болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл схем зураг, фото зургийн үзүүлэлтээс үзэхэд, хохирогч Ө.Анхболдын тээврийн хэрэгслийн тооромзны мөр огт байхгүй байгаа мөн ослын зогсолтын тэмдэг дайрч, 20м яваад зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэслэл байна.

            4. Дээрх байдлуудыг шинжээч Т.Түвшинбаатар дүгнэлтдээ огт тусгаагүй, тээврийн хэрэгслийн хурдыг энергийн хадгалах хууль болон тээврийн хэрэгслийн эвдрэлээр хурдыг тогтоодог. Гэтэл дүгнэлтэд эдгээрийг тусгаагүй байна. Мөн “Цагаан шонхорын жигүүр” гэдэг байгууллага шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй, Цагдаагийн ахмад болох тэтгэвэртэй гарсан эрх ашгийг хамгаалдаг ашгийн бус байгууллага тул тухайн дүгнэлтүүд шинжлэх ухааны үндэслэлтэй бодит байдалд нийцээгүй дүгнэлт гэж үзэж  байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар өөр шинжээчид даалгах.

             5. Ш.Тын хувьд жолоодож явсан тээврийн хэрэгсэлд эвдрэл учирч хроп нь эвдэрсэн. Иймд хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-14-д зааснаар зайлшгүй зогсолт хийсэн байдаг. Схем зургаас харахад хөвөө рүү шахаж зогссон, ачиж явсан ачааны жин 44тн, тээврийн хэрэгслийн бодит жин 25тн, бүгд 69тн байсан тул үүнээс илүү шахаж зогсох боломжгүй, онхолдох аюултай байдал харагддаг. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-ийг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай” гэв.

                

    8. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналын агуулга: “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т нь "ТЧ" ХХК-д ажилладаг тул тус компанийг иргэний хариуцагчаар татсан. "ТЧ" ХХК  нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн "Тээвэрлэлтийн гэрээ"-ний 4.1.1, 4.1.2, 4.1.7 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдэд учирсан хохирлыг бүрэн хариуцах үүрэгтэй ч жолооч Ш.Т зам тээврийн осол гарахад буруутай үйлдэл байхгүй. Гэтэл  анхан шатны шүүх тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч "ТЧ" ХХК-аас гаргуулахаар дүгнэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ошаардсан эмчилгээний зардал 16.565.634 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.349.400 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 23.520.000 төгрөг нийт 70.435.034 төгрөгөөс эмчилгээний зардал 16.565.635 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.349.400 төгрөг нийт 46.915.034 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Гомдлуудтай танилцсан. Тухайн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоосон гэж үзэж хэргийг шийдсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Цагаан шонхорын жигүүр” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын гаргасан шинжээчийн дүгнэлт дээр маргадаг. Өнөөдрийн байдлаар оролцогчдын гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй. Харин ч боломж олгосон. Энэ хэрэг нь хэргийн газрын үзлэг, фото зургийн үзүүлэлтээр хангалттай нотлогдсон. Осол болох шалтгаан нөхцөл нь замыг чөлөөлж зогсоогүй, замын голд зогссоноос болсон. Гэмт хэргийн үндсэн шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Машинаа замын хөвөө хэсэгт байршуулсан бол энэ осол гарахгүй байсан. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т “Эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл зоригийг илэрхийлж чадахгүй тохиолдолд” гэж зааснаар хохирогч Ө.Аэрүүл мэндийн шалтгааны улмаас мэдүүлэг өгөх боломжгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Энэ хүн нэг сар ухаангүй байсан. Хууль зөрчсөн асуудал байхгүй. Гэтэл шүүгдэгч талаас өнөөдрийг хүртэл хохирол төлбөр төлсөн зүйлгүй байна”  гэв.

 

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Отус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүний эрүүл мэндийн асуудлыг яагаад дурдахгүй байгаа юм бэ? би гомдолтой байна. Өнөөдөр миний хүүхэд зүүн тархиа бүтэн авхуулсан байхад энэ хүмүүс миний хүүг эрэмдэг болгосноо хүлээн зөвшөөрөхгүй, уучлалт гуйхгүй байгаад гомдолтой байна.  Би бүх хохирлоо компаниар төлүүлнэ гэж бодож байна” гэв.

 

11. Иргэний хариуцагч “ТЧ” ХХК-ийн төлөөлөгч З.Мөнхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Яагаад шүүх, прокурор, цагдаа нар бид нарын гаргасан хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэхгүй зөвхөн нэг талд үйлчлээд байгаа юм бэ?. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна”  гэв.

 

12. Прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэргийн оролцогч нарын хүсэлтээр энэ хэрэгт хоёр удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шүүх хуралдаан хойшлуулж зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор дахин нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг шинжээчийн дүгнэлтээр жолооч Ш.Тыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн гэсэн. Энэ нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото гэрэл зургууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Ш.Тын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Ослын тэмдгийг 18 метрийн зайд байрлуулсан байдаг. Мөн уг машин зам дээр эвдэрч 6 хоног хоносон нь иргэний хариуцагчийн мэдүүлэг, Ш.Тын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогддог тул Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т “хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс гадна Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т “замын баруун гар талын хөвөөг шахаж зогсоно” гэх заалтыг зөрчсөн болох нь тогтоогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн ээж П.Оюунчимэгийг тогтоож мэдүүлэг авсан. Хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тт холбогдох эрүүгийн 2234006780562 дугаар хэргийг шүүгдэгч Ш.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн, Х.Даваахүү, иргэний хариуцагч “ТЧ” ХХК-ний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын тус тус гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

         1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” хэмээн хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан болно.

 

            2. Төв аймгийн прокурорын газраас Норд Бенз маркийн 02-75 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан жолооч Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 157-158 дахь километрийн шонгийн хооронд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ослын зогсолт хийж зогссон, эгнээ байрандаа замын хөдөлгөөнд оролцож явсан Тоёота Блед маркийн 93-53 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт шүүдэгч Ш.Тыг холбогдуулан шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг батлан мөрддөг ба энэхүү хууль тогтоомжийг зөрчих нь Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгохоор хуульчилсан.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөний улмаас гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтооход тусгай мэдлэг мэргэжил бүхий этгээдийн магадалгаа болон шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол болсон талаарх хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг учралын газрын схем бүдүүвч зэрэг бусад үйл баримтууд үндэслэл болох юм.

 

Иймд мөрдөгч, прокурор, шүүгч нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг тогтооход тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн  8, 9 дүгээр зүйлд зааснаар шүүх шинжилгээний байгууллагаар, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшдэг бусад этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулах эрхийг эдэлдэг болно.

3. Хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, Ш.Тт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ыг, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор нэмэлт шинжилгээ хийлгэхээр “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ыг шинжээчээр томилсон, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 22/160 дугаар, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 22/117 дугаар дүгнэлтүүдийг шинжээчээр томилогдсон “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ гаргасан байна. /1 дүгээр хавтас 49-51, 2 дугаар хавтас 63-65/

Харин шинжээчийн дүгнэлтэд гарын үсэг зурсан Т.Түвшинбаатар шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшдэг, эсхүл “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ нь эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээд мөн эсэхтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байгаа тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3-т заасан холбогдох баримтыг цуглуулж хэрэгт нотлох баримтаар авах нь зүйтэй.

 

4. Шинжээч нь эрх бүхий албан тушаалтнаас тавьсан асуултад хариулахдаа уг дүгнэлтэд хүрэх болсон шинжлэх ухааны үндэслэл, үйл баримтын талаар дэлгэрэнгүй, ойлгомжтой, эргэлзээгүй тайлбарлах үүрэгтэй.

 

Гэтэл шинжээчээр томилогдсон “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээч Т.Түвшинбаатар 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 22/160 дугаар дүгнэлтийн 3 дахь асуултад  “...уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна” гэж хариулсан мөртлөө осол болох үед үзэгдэх орчин ямар байсан үйл баримтын талаар дүгнэлт бичээгүй, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 22/117 дугаар нэмэлт дүгнэлт гаргахдаа мөн үзэгдэх орчин ямар байсан үйл баримтын талаар дүгнэлгүй “...хэргийн материалд жолооч Ө.Анхболдоос мэдүүлэг аваагүй байх тул ... нүд гялбасан гэдгийг тогтоох боломжгүй...” хэмээн хариулсан,

 

 Мөн осол гарсан газар нь суурин, суурин газрын гаднах, эсхүл тууш замын алинд хамаарч байгаа нь тодорхойгүй байхад шинжээчийн дүгнэлтүүдэд “...шүүгдэгч Ш.Тыг ...Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ" 9.3б-д "түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд” мөн дүрмийн 9.5-д "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна"... гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй” гэсэн зэрэг нь эргэлзээ төрүүлэхүйц байна.

 

5.Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ" 9.3б-д "түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд” мөн дүрмийн 9.5-д "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна" гэсэн зохицуулалт нь энэ дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасан тээврийн хэрэгслийн хурднаас хамааралтай тогтоогдсон болно.

 

Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол гаргахгүй байх нөхцөл нь ослын зогсолтын тэмдэг байршуулсан зай болон аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх тээврийн хэрэгслийн хурдны аль алинаас хамаарах юм.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас үзвэл, 93-53 УНБ улсын дугаартай Блед маркийн машиныг жолоодон явж байсан Ө.Ань “North benz” маркийн 02-75 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад ослын зогсолт хийж зогсож байсан шүүгдэгч Ш.Тын машины чиргүүлийн зүүн хойд талын булан хэсгийн араас мөргөснийг газарт буулгасан А1 цэгээс анх зам дээр байсан тэмдэг, чулуу, хүрз байсан гэх газар буюу А цэг хүртэлх зай 18м байсан гэж тэмдэглэгдсэн. Харин уг зайд машины тоормозны мөр гарсан талаар огт тусгагдаагүй байна.

 

Иймд Ш.Тын жолоодож явсан “North benz” маркийн, 02-75 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл /чиргүүлийн төмөр хэсэг нь зурагдсан байх ба зүүн талын гэрлэн дохио хагарч унасан, шаврын хаалт болон зүүн хойд талын дугуй урагш түрэгдэж орсон байх ба нумын стермэн хугарсан байдалтай/ нь ямар хүчин зүйлс /хурд, хүчний үйлчлэл/-ийн нөлөөллөөс үүсэж болох шалтгаан нөхцөлийг тогтоолгох,

 

Мөн 93-53 УНБ улсын дугаартай Блед маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан Ө.Ань хэдэн км/цагийн хурдтай явсан тохиолдолд А цэгээс А1 цэг хүртэл 18м зайд зогсож байсан “North benz” маркийн 02-75 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийг мөргөхгүй зогсох, эсхүл тухайн саадыг тойрон гарах боломжтой эсэх талаарх дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангасан шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр дахин шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

 

6.Үүнээс гадна хохирогч Ө.Ань тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх, шүүгдэгч Ш.Т урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан Цагдаагийн Ерөнхий газрын ял шалгах хуудсанд “Тийм” гэсэнтэй /1хх-ийн 151/ холбоотой үйл баримтууд хэрэгт авагдаагүй буюу хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмж хангалттай бүрдээгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Тын гэм буруутай байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэсэн дүгнэлт хийж, гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэх үндэслэл болов.

 

Иймээс давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, Х.Даваахүү нарын гаргасан “...шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Тт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

7.Харин иргэний хариуцагч “ТЧ” ХХК-ний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг, шүүгдэгч Ш.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болохыг дурдав.

8. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон П.Оюунчимэгийг өмгөөлөгч гэж, мөн тодорхойлох хэсэгт хохирогч Ө.А Ө.Г гэж буруу бичсэнийг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    М.МӨНХДАВАА

 

                         ШҮҮГЧИД                                        А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                  З.ТҮВШИНТӨГС