| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Мөнхзул |
| Хэргийн индекс | 122/2025/0009/З |
| Дугаар | 122/ШШ2025/0021 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 122/ШШ2025/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн иргэн Х.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
******* аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/737 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэгж талбарын дугаартай 0.08 га газрын хүсэлтүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг маргаан бүхий газрыг надад өмчлүүлэхийг ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, гуравдагч этгээд Н.Ган-Очир (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнээс ******* аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/737 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэгж талбарын дугаартай 0.08 га газрын хүсэлтүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг маргаан бүхий газрыг надад өмчлүүлэхийг ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан “... ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн “*******” 14 дүгээр гудамжны баруун үзүүрт бусдад эзэмшүүлж, өмчлүүлээгүй хоосон газар байгаа тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр ... надад олгож өгнө үү.” гэх хүсэлтийг, мөн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр газрын цахим системээр “******* 1400 дүгээр эгнээний баруун үзүүрийн задгай талбайг ахуйн хэрэгцээнд хувьчлан авах” гэж төлөвлөгөөний саналыг тус тус гаргажээ.
2.2.Нэхэмжлэгчээс ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэгж талбарын дугаартай 0.08 га газрыг өмчилөхөөр ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гаргажээ.
2.3.******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэгж талбарын дугаартай 0.08 га газрыг ******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/737 дугаартай захирамжаар иргэн Н.Ган-Очирт өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.
2.4.******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/230 дугаартай албан бичгээс уг маргаан бүхий газрыг аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/737 дугаартай захирамж гарч иргэн Н.Ган-Очирт өмчлүүлсэн талаар нэхэмжлэгч анх мэджээ.
2.5.Нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ нь ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/230 дугаартай албан бичигтэй танилцаад уг шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын 3 дугаар багийн иргэн Х.Бат-Эрдэнэ миний бие “******* сумын 3 дугаар баг ******* 14 дүгээр гудамжны баруун талын үзүүрийн хоосон газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, иргэн Х.Бат-Эрдэнэ надад олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг ******* аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бичгээр гаргаж байсан. Уг хүсэлтийг дагуу тус газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж баталсан. Ингээд миний бие хүсэлтээ хэрхэн өгөх талаар газрын албаны мэргэжилтэн болон газрын албаны дарга Э.*******өөс асуухад “цахимаар хүсэлтээ өг” гэдэг хариултыг өгч байсан. Үүний дагуу https://www.egazar.gov.mn/ сайтад хандаж 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүсэлтээ өгсөн. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүсэлтийг цахимаар биш, бичгээр авч байгааг мэдэж тухайн өдрөө бичгээр хүсэлтээ өгсөн. Уг хүсэлт, өргөдлийг тухай үед газрын албаны мэргэжилтэн Алтангэрэл гэх хүн хүлээн авсан. Тухайн мэргэжилтнээс программд бүртгэхийг хүсэхэд программ ажиллахгүй, гацаад байна гэж хэлээд бүртгээгүй. Тэгэхээр нь “энэ газар дээр өөр ирсэн хүсэлт байгаа юу” гэж асуухад “миний гар дээр ирсэн хүсэлтүүдэд энэ газартай холбоотой хүсэлт байхгүй байна би программ зүгээр болохоор бүртгээд авъя” гэж хэлсэн.
Үүнээс хойш ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас надад албан ёсоор нэг ч удаа хариу, тайлбар өгөөгүй. Тиймээс миний бие 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор бичгээр хандаж хариу тайлбар авахад уг газрыг иргэн Н.Ган-Очирт олгосон талаар хариу өгсөн.
Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлүүлнэ, 5 дугаар зүйлийн 5.1.2 дах хэсэгт иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох зарчмыг баримтална, 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх хэсэгт Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-т заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах эрхтэй гэж заасан байна.
******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь аймгийн Засаг даргын харьяаны байгууллага учраас миний төлөвлөгөөнд оруулж, надад олгохыг хүсэж гаргасан өргөдлийг Засаг даргад хандан гаргасан гэж үзэхээр байгаа бөгөөд уг газрыг миний хүсэлтийн дагуу газрын төлөвлөгөөнд оруулсан бөгөөд үүнээс өмнө нь тухайн газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй байсан. Энэ талаарх нотлох баримтыг анх газрыг хүссэн хүсэлтээ хавсаргаж өгсөн.
******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/737 дугаартай захирамж, ******* аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын шийдвэрийн улмаас миний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.
Миний хувьд 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр газрын албанд хүсэлт өгч, уг хүсэлтийг хариуг ******* аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хариуг өгснөөр ******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/737 дугаартай захирамжийг мэдсэн.
Иймд ******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/737 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэгж талбарын дугаартай 0.08 га газрыг иргэн Х.Бат-Эрдэнэ надад олгохыг ******* аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү.
... Миний хувьд тухайн газар дээр анх хүсэлтийг гаргасан этгээд гэж өөрийгөө ойлгож байгаа. Газрын албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1.4-т Сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах эрхтэй гэж заасан байдаг. ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас манай Засаг даргын Тамгын газарт ийм хүсэлт өгөөгүй гэдэг. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь өөрөө Засаг даргын тамгын газрын удирдлага, чиг дор явдаг, үүнээс гаргасан санал, төлөвлөгөөний дагуу Засаг дарга баталж, захирамж гаргадаг. Тиймээс шууд Засаг дарга биечлэн өгөөгүй ч гэсэн холбогдох, дамжуулах ёстой анхан шатын байгууллагаар нь хүсэлтээ дамжуулж өгсөн гэж үзэж байна.
Н.Ган-Очир гэх иргэний хүсэлт өгсөн цаг хугацааны хувьд нэлээд маргаантай. Н.Ган-Очир гэх иргэн хүсэлтээ 7-ны өдөр өгсөн, миний хүсэлтийг 8-ны өдөр өгсөн гэдэг. Гэтэл нотлох баримтууд судалж үзэхэд Ган-Очир нь 7-ны өдөр хүсэлт өгсөн гэдэг нь нотлогддоггүй. Газрын албанаас ирсэн хүсэлтийг харахад 9-ний өдөр бүртгэсэн байгаа. Ингэхдээ программ дээр 7-ны өдөр өргөдөл өгсөн гэдгээр шивэлт хийж бүртгэсэн гэсэн мэдээлэл ирж байна. Энэ байдал нь газрын алба өөрсдийн давуу байдал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хожуу өгсөн өргөдөл, хүсэлтийн хугацааг өөрчилж бүртгэсэн. Өөрөөр хэлбэл 2 хоногийн дараа бүртгэсэн байгаа нь яалт ч үгүй хардах үндэслэлтэй байна. Нотлох баримтыг харахад энэ иргэнд давуу эрх олгохын тулд зохиомол байдлаар огноог 7-ны өдөр гэж өөрчилж бичсэн гэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын иргэний өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хууль гэж байдаг. Тус хуульд албан байгууллага иргэнээс ирсэн гомдол, хүсэлтийг бүртгэж аваад, гомдлын шаардлага хангаж байгаа, хангахгүй байгаа эсэх талаар албан бичгээр хариу тайлбар өгөх үүргийг хүлээлгэсэн байдаг. Гэтэл газрын албаны зүгээс миний өгсөн хүсэлттэй холбоотой бүтэн жил гаруй хугацаанд нэг ч удаа хариу тайлбар өгөөгүй. Тухайн хүсэлт болж байгаа, болохгүй байгаа талаар мэдэгдэл өгдөггүй. Энэ байдлыг харахад захиргааны албан хаагч, захиргааны байгууллага санаатайгаар эс үйлдэхүй хийсэн байна гэж үзэж байна. Захиргааны албан хаагчийн хувьд эс үйлдэхүй хийж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй, шийдвэр хүчингүй болгох үндэслэл тогтоогддог.
Өргөдөл гомдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт амаар, биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч өргөдөл гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна, гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ гэж заасан байдаг. Би газрын албанд тухайн хүсэлтийг өгөхөд Алтангэрэл гэх хүн хүлээж авсан. Би хүсэлтээ өгөхдөө би энэ газар дээр хүсэлт өгч байгаа юм аа, энэ газар дээр өөр хүн хүсэлт өгсөн бүртгэл байгаа юу? гэж асуухад “одоогийн байдлаар надад 10 гаран өргөдөл байна” гээд шургуулгаасаа тухайн өргөдлүүдийг гаргаж ирээд, нэг бүрчлэн хараад таны хүсэлт өгсөн газар дээр өөр хүсэлт өгсөн иргэн байхгүй байна, программ гацаад байгаа учраас ажлын цаг дуусахаар бүртгэчихье гээд, миний хүсэлтийг авч үлдсэн боловч маргааны явцад өмнө нь өөр хүн хүсэлт өгсөн бүртгэл гарч ирсэн.
Газрын албанд өргөдөл, хүсэлт хүлээж авдаг программын ажиллагааны функцүүд байдаг юм байна. Үүнээс харахад Х.Бат-Эрдэнэ гэх хүнд 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр бүртгэл үүсэж, тэр өдөртөө суурин судалгаа гэх зүйлийн хийсэн байдаг. Гэтэл Н.Ган-Очирын хүсэлтийг 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээж аваад, суурин судалгааг 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл миний хүсэлт түрүүлж ирсэн учраас суурин судалгаа хийж эхэлсэн гэж үзэж байна. Н.Ган-Очирын хүсэлт сүүлд ирсэн учраас суурин судалгаа хийгээгүй байсан. Ингээд ямар нэгэн байдлаар ашиг сонирхол, лобби орсон учраас миний суурин судалгааг хийхийг зогсоогоод, 11 дүгээр сарын 1-ний өдөр Н.Ган-Очир гэх иргэний бүх судалгааг тэр өдрөө багтааж хийсэн байдаг. Үүнээс харахад цаг хугацааны дарааллын хувьд Н.Ган-Очирынх сүүлд ирсэн гэх логик гарч ирж байгаа юм. Эхэлж ирсэн хүнийх дээр суурин судалгаа хийж байгаад Н.Ган-Очир хажуугаар нь сүүлд орж ирсэн учраас миний судалгааг зогсоогоод 11 дүгээр сард Н.Ган-Очирын судалгааг хийсэн байна гэж үзэж байна.
Миний хүсэлтийг 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээж аваад, 9-ний өдөр программд бүртгэсэн байгаа. Гэтэл Н.Ган-Очирынхыг 7-ны өдөр хүлээж аваад 9-ний өдөр бүртгэсэн гэх баримт бичиг ирсэн байна. ******* мэргэжилтний хэлж байгаагаар “манайх хүлээж аваад, программ гацаж байгаа тохиолдолд ажлын цаг дуусахаар орой сууж, мэргэжилтэн бүртгэж авдаг” гэсэн тайлбарыг өгч байсан. Харин өнөөдрийн нотлох баримтаар 7-ны өдөр хүлээж авчхаад 9-ны өдөр бүртгэж, дунд нь бүтэн 1 өдөр, ажлын цагийг нь бодвол бүтэн 2 өдрийн дараа Н.Ган-Очирынхыг бүртгэсэн байгаа юм. Энэ нь Н.Ган-Очирынхыг 9-ний өдөр ирсэн байхад 7-нд өгснөөр бүртгэж, ажиллагаа хийсэн байна гэх хардалт үүсэж байна.
Тус газартай холбоотой хүсэлтийг миний бие газрын албанд анх 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн. Гэхдээ газрын албанаас үүнийг юу гэж няцаадаг вэ гэхээр “төлөвлөгөөнд оруулах хүсэлт гаргасан нь газрыг олгож өгнө үү гэсэн хүсэлт биш ээ” гэсэн хариулт өгдөг. Харин миний анхны буюу 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хүсэлт дээр “******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, Тэмүүллийн 14 дүгээр гудамжны баруун үзүүрт бусдад эзэмшигдээгүй, хоосон газар байгаа тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7.1-д заасан хэмжээгээр уг газрыг Х.Бат-Эрдэнэ надад олгож өгнө үү” гэсэн байдаг. Энэ нь төлөвлөгөөнд оруулж өгнө үү гэх хүсэлт биш юм. Төлөвлөгөөнд оруулаад, надад олгож өгөөч ээ гэдэг давхар хүсэлттэй хүсэлт байсан. Гэтэл газрын алба миний энэ хүсэлтийг шийдвэрлээгүй. Өргөдөл, гомдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар “өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ, шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно, хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэсэн байгаа. Нийтдээ 60 хоногийн хугацаа явах нь ээ. Гэтэл 2023 оны 8 сарын 14-ний өдрөөр тооцвол 60 хоногийн хугацаа нь 10 дугаар сарын 14-ний өдөр дуусна. Энэ хугацаанд надад нэг ч удаа хариу тайлбар өгөөгүй. Өргөдөл, гомдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “өргөдөл, гомдол нь 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд, уг гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаана гэж заасан байгаа. Гэтэл тус өргөдөл, гомдлыг надад буцааж өгөөгүй. Буцааж өгөөгүй байгаа нь миний өргөдөл гомдол өргөдөл гомдлын шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Үнэхээр боломжгүй байсан бол таны өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байна гэх байдлаар Газрын албаны зүгээс надад 3 хоногийн дотор хариу тайлбар өгч, мэдэгдэх байсан гэж үзэж байна. Газрын алба надтай юу гэж ярьдаг вэ гэхээр “та хүсэлтээ цахимаар өгчих” л гэдэг.
Миний бие Газрын албаны цахим хуудаст хандаж 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр цахимаар хүсэлтээ өгсөн байдаг. Гэтэл газрын алба цахимаар биш цаасаар авдаг байж таарсан. Би цаасаар авахыг нь мэдээд 8-ны өдөр өөрийг биеэр очиж хүсэлтээ өгсөн байдаг. Газрын албанаас энэ газрыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн Засаг даргын захирамжаар иргэн Н.Ган-Очирт олгосон боловч тус захирамж гарсан талаар мөн надад мэдэгдээгүй. Тэгэхээр нь би газрын албанд өөрөө хандаж байж тус захирамжийг олж авсан. “Би Захиргааны хэргийн шүүхэд хандах гээд байна, газрын системээс харахад энэ газар өөр хүний өмчлөлд байгаа нь харагдаж байна, надад энэ захирамжаа албан ёсоор гардуулж өгөөч ээ” гэж гуйж байж тус захирамжийг олж мэдсэн байдаг юм.
Н.Ган-Очир гэх хүн 7-ны өдөр өөрийн биеэр очиж хүсэлтээ өгсөн гэж тайлбарладаг. Гэсэн хэдий ч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хаана байдгийг мэддэггүй, тухайн өдөр хүсэлтээ ямар хүнд өгснөө мэддэггүй, аль өрөө рүү орсноо мэддэггүй зэрэг эргэлзээтэй байдлууд үүсэж байгаа. Иймд Н.Ган-Очир гэх хүн хүсэлтийг өөрийн биеэр өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мэдээж хүн өөрөө ажилтай байж болно, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж хүсэлтээ өгөх боломжтой. Энэ тухай Газрын албаны маягт гэж байгаа. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маягт нь хоосон байдаг. Н.Ган-Очир өөрийн биеэр өгсөн гээд байдаг. Гэтэл өөрийн биеэр өгсөн юм уу гэхээр хэзээ өгснөө мэддэггүй, хэдэн цагт өгснөө мэддэггүй, газрын алба нь хаана байдгаа мэддэггүй, ямар хүнд өгснөө мэддэггүй ийм нөхцөл байдал байгаа. Шүүхэд аливаа этгээд үнэн зөв тайлбар, мэдүүлэг гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Н.Ган-Очирын хувьд мэдэн будилсан байдлаар, санаатайгаар худал мэдүүлэг өгч байна гэж би харж байна. Иймд өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дээрх үндэслэлүүдээр дэмжиж оролцож байна гэв.
3.2. Хариуцагч аймгийн Засаг дарга М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн иргэн Х.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
1. Нэхэмжлэлд “... ******* сумын 3-р баг, ******* 14-р гудамжны баруун талын үзүүрийн хоосон газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, иргэн Х.Бат-Эрдэнэд олгож өгнө үү” гэх хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бичгээр гаргаж, уг хүсэлтийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж баталсан”, “миний хүсэлтийн дагуу газрын төлөвлөгөөнд оруулсан бөгөөд үүнээс өмнө тухайн газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй байсан”, мөн үүний дагуу https://www.еgazаг.gov.mn сайтад хандаж 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүсэлтээ өгсөн” гэх тайлбарын тухайд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Монгол Улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг тогтоох тухай 137 дугаар тогтоолоор ******* аймагт өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталсан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх тухай” 1/1011 дугаар бүхий албан бичгийн 1 дүгээр хавсралтад нэхэмжлэгчийн маргаж буй ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын мэдээллийг тусгажээ.
Тодруулбал: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1-т зааснаар иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргахаар хуульд заасан байхад нэхэмжлэгч нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй байхад газар өмчилж авах хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан нь хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан гэж үзэхээр байна.
Мөн иргэн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах санал гаргаснаар тухайн газрыг санал гаргасан иргэнд өмчлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй болно.
2. “...2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүсэлтийг цахимаар биш бичгээр авч байгааг мэдэж тухайн өдрөө бичгээр хүсэлтээ өгсөн” гэх тайлбарын тухайд нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүсэлтээ гаргасан гэдэг нь өөрийнх нь нэхэмжлэлд дурдсан болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан газар өмчлөх тухай бичгээр өгсөн хүсэлтээс харагдаж байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар газар өмчлөн авах иргэн нь “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыгхүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах” эрхтэй гэж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай 110 дугаар тогтоолд тус тус заасны дагуу маргаан бүхий газрыг өмчилж авах хүсэлтийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт иргэн Н.Ган-Очир 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус тус гаргаж, хүсэлтийг тус газрын даамал нь тухайн хүсэлт ирүүлсэн өдрийн дарааллаар Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэсэн бөгөөд хүсэлт гаргасан дарааллын дагуу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүсэлтээ гаргасан иргэн Н.Ган-Очиртуг газрыг өмчлүүлсэн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.3. Хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн Х.Бат-Эрдэнэ нь хүсэлт гаргасныг хүлээн авч хянан 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул олгох боломжгүй. 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх боломжтой гэсэн хариу өгч байсан.
Саналын дагуу 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэн Н.Ган-Очир түрүүлж өргөдөл өгч газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэний дагуу шийдвэрлэсэн байна гэжээ.
3.4. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* сумын 3-р баг, ******* 14-р гудамжны баруун талын үзүүрийн хоосон газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, иргэн Х.Бат-Эрдэнэд олгож өгнө үү” гэх хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бичгээр гаргаж, уг хүсэлтийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж баталсан”, “миний хүсэлтийн дагуу газрын төлөвлөгөөнд оруулсан бөгөөд үүнээс өмнө тухайн газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй байсан”, мөн үүний дагуу https://www.еgazаг.gov.mn сайтад хандаж 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүсэлтээ өгсөн” гэх тайлбарын тухайд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Монгол Улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг тогтоох тухай 137 дугаар тогтоолоор ******* аймагт өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталсан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх тухай” 1/1011 дугаар бүхий албан бичгийн 1 дүгээр хавсралтад нэхэмжлэгчийн маргаж буй ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын мэдээллийг тусгажээ.
Тодруулбал: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1-т зааснаар иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргахаар хуульд заасан байхад нэхэмжлэгч нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй байхад газар өмчилж авах хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан нь хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан гэж үзэхээр байна.
Мөн иргэн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах санал гаргаснаар тухайн газрыг санал гаргасан иргэнд өмчлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй болно.
2. “2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүсэлтийг цахимаар биш бичгээр авч байгааг мэдэж тухайн өдрөө бичгээр хүсэлтээ өгсөн” гэх тайлбарын тухайд нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүсэлтээ гаргасан гэдэг нь өөрийнх нь нэхэмжлэлд дурдсан болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан газар өмчлөх тухай бичгээр өгсөн хүсэлтээс харагдаж байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар газар өмчлөн авах иргэн нь “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах” эрхтэй гэж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай 110 дугаар тогтоолд тус тус заасны дагуу маргаан бүхий газрыг өмчилж авах хүсэлтийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт иргэн Н.Ган-Очир 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус тус гаргаж, хүсэлтийг тус газрын даамал нь тухайн хүсэлт ирүүлсэн өдрийн дарааллаар Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэсэн бөгөөд хүсэлт гаргасан дарааллын дагуу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүсэлтээ гаргасан иргэн Н.Ган-Очирт уг газрыг өмчлүүлсэн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2/3318 дугаартай Газар зохион байгуулалт, барилга, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгээр өргөдөл гаргасан огноог цаг минуттай нь тус тус тодруулж ирүүлсэн байна. Иймд ******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/731 дугаартай захирамж хуульд заасан системийн дагуу гарсан гэж үзэж байна гэв.
3.5. Гуравдагч этгээд Н.Ган-Очир шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн Баруун- Урт сумын 7 дугаар багийн иргэн Н.Ган-Очир миний бие ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн иргэн Х.Бат-Эрдэнийн, ******* аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан " ******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/737 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэгж талбарын дугаартай 0.08 га газрыг надад өмчлүүлэхийг ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1. Миний бие 2024 оны 05 дугаар сарын эхээр ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын цахим хаягаар орж тухайн онд ******* суманд олгохоор төлөвлөгдсөн газруудын байршлыг үзэж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1. Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ: 4.1.1. гэр бүлийн хэрэгцээний гэсний дагуу ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэгж тапбарын дугаартай 0.08 га газрыг өмчлөх тухай хүсэлт, өргөдөл, цахим сангийн зураг зэрэг баримтыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт биеэр очиж өгсөн. Тус газрын ажилтан Алтангэрэл гэгч хүн хүлээн авсан бөгөөд би өргөдөл, хүсэлт хүлээн авсан баримт өгөх үү гэхэд тийм баримт өгдөггүй, програмд бүртгээд авна гэж хэлсэн.
Өргөдөл өгснөөс хойш 7 сарын сүүлчээр Газрын албан дээр ирж асуухад Алтангэрэл гэдэг хүн шилжээд явчихсан гэсэн миний өргөдөл Дарханбаяр гэдэг хүн дээр байгаа гэхэд нь уулзахад газар өмчлөх өргөдөл хэд хэдэн үе шаттай явагддаг, өргөдлийг цахим системд бүртгэгдсэн, эхний шатанд явж байна, шийдвэрлэж дуусахаар хариу хэлнэ гэсэн.
2025 оны 03 дугаар сард цагаан сарын битүүний өмнөх өдөр аймагт байхдаа утсаар нь асуухад өргөдлийг шийдвэрлэсэн, Засаг даргын захирамж гарсан гэж хэлж байсан. Олон хоног амралтын өдөртэй байсан тул газрын гэрчилгээгээ авч чадаагүй явсан. Одоог болтол аваагүй байна.
2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.4. Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх;
5.1.5 иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ
5.1.5.1. Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх, 5.1.5.2. Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан телевлегее, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэхээр заажээ.
2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр намайг өргөдөл өгөх үед ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын цахим хаягт тухайн газар нь иргэдэд өмчлүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан газарт хамаарч байсан, тэр утгаараа тухайн газрыг өмчлүүлэхээр нийтэд нээлттэй байршуулсан байсан гэж бодож байна.
Иргэн Х.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан өргөдөлдөө тухайн газрыг өмчлөх хүсэлтээ 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өгсөн гэсэн байна.
Moнгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.5.1 Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх, 5.1.5.2. Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлегее, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх; гэж заасныг үндэслэвэл, миний бие тухайн газрыг өмчлөх хүсэлтийг нэг хоногийн өмнө өгсөн байх тул хуулийн дээрх заалтын дагуу тэргүүн ээлжинд өмчлэх эрх үүссэн гэж үзэж байна.
3. Мөн Х.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан өргөдөлдөө “******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь аймгийн Засаг даргын харъяаны байгууллага учраас миний төлөвлөгөөнд оруулж, надад олгохыг хүсэж гаргасан өргөдлийг Засаг даргад хандан гаргасан гэж үзэхээр байгаа бөгөөд уг газрыг миний хүсэлтийн дагуу газрын төлөвлөгөөнд оруулсан бөгөөд үүнээс өмнө нь тухайн газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй байсан”... гэжээ.
Иргэн, хуулийн этгээд сумын газар төлөвлөлтөнд санал, төлөвлөгөө өгөх эрх нээлттэй бөгөөд энэ санал гаргасан байдал нь тухайн газрыг тэргүүн ээлжинд өмчилж авах эрхийг үүсгэхгүй болох нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.1.4. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах; 20.5.Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаархи зохих шийдвэр гарсны дараа иргэдээс газар өмчилж авах тухай хүсэлтийг хүлээн авна,
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.1.1. энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах; гэсэн заалтаар тодорхойлогдож байна.
Мөн Х.Бат-Эрдэнийн сумын газар төлөвлөлтөнд санал өгсөн хугацаанд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй, уг газар төлөвлөгөөнд ороогүй байсан хийгээд хуулиар иргэн нь иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг гаргах бөгөөд харин нэгэнт шийдэгдээгүй, ирээдүйд болох, болох нь тодорхойгүй үйл явдалд үндэслэн газар өмчлөх өргөдлөө өгсөн дээрх зохицуулалтанд нийцэхгүй юм.
4. Миний ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэгж талбарын дугаартай 0.08 га газрыг надад өмчлүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагад, ******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/737 дугаартай захирамжийг хууль зүйн үндэслэлтэй, иргэн Х.Бат-Эрдэнийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.
Миний хувьд тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газар өмчлүүлэх хүсэлт гаргахдаа цахим сангийн болон бусад бүх материалаа өгсөн тус газраас гаргуулж авна уу.
Би www.еgazаг.gov.mn гэх газрын албаны сайтаас 2024 оны газрын төлөвлөлтөд орсон, гэр бүлд өмчлүүлэх газрыг газрын зургаар нь хараад материалаа бүрдүүлээд энэ газрыг авъя л гэж газрын албанд 5 дугаар сарын 7-ны өдөр хүсэлтээ өгсөн. Газрын албан дээр очоод материал хаана өгөх вэ? гэж асуухад баруун талынх нь өрөөнд 2 билүү 3 хүн сууж байсан. Тэр хүмүүсийн голынх нь хүнд хүсэлтээ өгсөн. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, бусад хэргийн оролцогчдын тайлбар, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтуудад дараах хууль зүйн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан “... ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн “*******” 14 дүгээр гудамжны баруун үзүүрт бусдад эзэмшүүлж, өмчлүүлээгүй хоосон газар байгаа тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр ... надад олгож өгнө үү.” гэх хүсэлтийг[1], мөн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр газрын цахим системээр “******* 1400 дүгээр эгнээний баруун үзүүрийн задгай талбайг ахуйн хэрэгцээнд хувьчлан авах” гэж төлөвлөгөөний санал[2] өгсөн байна.
2.Нэхэмжлэгчээс дээрх хүсэлтүүдийг өгөх үед буюу 2023 онд тухайн маргаан бүхий газар нь ******* аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, харин 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан болох нь хариуцагч ******* аймгийн Засаг дарга болон тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хариу тайлбараар тогтоогдох бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
3.Тухайн маргаан бүхий газарт гуравдагч этгээд Н.Ган-Очир 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр газар өмчлөх хүсэлт гаргасныг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 34 минутад, нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр газар өмчлөх тухай хүсэлт гаргасныг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18 цаг 18 минутад газрын кадастрын цахим системд бүртгэсэн болох нь шүүхээс газрын цахим системд хийсэн үзлэг[3] болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2/3318 дугаар албан бичгээр[4] тогтоогдож байна.
4.Улмаар ******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” А/737 дугаар захирамжаар иргэн Н.Ган-Очирт ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбарын дугаартай 0,08 га газрыг буюу тухайн маргаан бүхий газрыг өмчлүүлжээ.
5.Маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн газар өмчлөх хууль ёсны ашиг сонирхол үүссэн эсэх тухайд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална: ... 5.1.2.иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох;”-оор, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаархи зохих шийдвэр гарсны дараа иргэдээс газар өмчилж авах тухай хүсэлтийг хүлээн авна.” гэж тус тус хуульчилсан.
6.Нэхэмжлэгчийн хувьд 2023 онд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт цаасаар болон цахим системийн төлөвлөгөөний саналаар газар өмчлөх тухай хүсэлтийг гаргах үед маргаан бүхий газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүйг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар хүсэлт гаргаж байсан гэх тайлбарыг нэхэмжлэлийн үндэслэлдээ болон шүүх хуралдааны үед гаргадаг.
7.Тиймээс 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд өмчлүүлэхээр тусгагдаагүй газрыг өмчилж авахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг газар өмчлөх хууль ёсны ашиг сонирхол Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу үүссэн гэж үзэхгүй.
8.Харин нэхэмжлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн газар өмчлөх хүсэлт нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18 цаг 18 минутад буюу энэ нь гуравдагч этгээдийн газар өмчлөх хүсэлтийн дараа газрын кадастрын цахим системд бүртгэгдсэн байна.
9.Газар өмчлөн авах эрх бүхий иргэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах;” эрхтэй.
10.Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн газар өмчлөх хүсэлт нь гуравдагч этгээдийн дараа бүртгэгдсэн болох нотлох баримтаар тогтоогдсон тул “... хүсэлт гаргасан дарааллын дагуу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүсэлтээ гаргасан иргэн Н.Ган-Очирт уг газрыг өмчлүүлсэн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй ...” гэх хариуцагч ******* аймгийн Засаг даргын тайлбарыг шүүх хүлээн авсан.
11.Иймд ******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/737 дугаар захирамж болон ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүйн улмаас улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.5 дахь заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнийн ******* аймгийн Засаг дарга болон, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/737 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэгж талбарын дугаартай 0.08 га газрын хүсэлтүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг маргаан бүхий газрыг надад өмчлүүлэхийг ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.МӨНХЗУЛ