Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 79

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч  П.Дд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/00665 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Эгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: П.Дд холбогдох

“Гэм хорын хохирол 8.641.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.Эгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч П.Д, нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.  

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Б.Э Булган аймгийн Булган суманд амьдардаг байсан. 2020 оны 04 дүгээр 15-ны өдөр өөрийн Пруис-41 маркийн ........... БУА улсын дугаартай автомашиныг худалдан авч, өөрийн эзэмшилд ашиглаж байсан. 2021 оны 01 сард миний ахын бие муудаж түүнийг сахихаар Орхон аймагт ирсэн байхад миний нөхөр З.Мд нь өөрийн дотно харилцаатай /нууц амраг гэх/ эмэгтэй П.Дтэй хамт байх үедээ 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт автомашиныг унаж яваад онхолдуулсан. Тухайн автомашиныг унагасны дараа хэргийн газраас уг эмэгтэй зугтсаныг цагдаагийн ажилтнууд хэлж байсан ба миний нөхөртэй амрагийн харьцаатай байснаа надад мэдэгдэхгүй нуух зорилгоор энэхүү үйлдлийг гаргасан гэж сонссон. Тухайн үед автомашиныг П.Д нь унаж яваад онхолдуулсныг Цагдаагийн байгууллагаас тогтоосон ба автомашины гэмтлийг Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 6.356.000 төгрөг гэж тогтоосон боловч засварын газарт засуулахад зарим эвдрэлийг үнэлгээний байгууллага орхигдуулсан, засварын зардлын үнэ нэмэгдсэн зэрэг шалтгаанаар нэмэлт зардал гарч 8.115.000 төгрөгийн зардал гаргаж, автомашинаа засварласан. Харин энэхүү зардлыг П.Д төлөх боломжгүй гэсэн тул өөрөөсөө төлбөрийг бүрэн гаргаж засварлуулсан. Иймд автомашинд учруулсан хохирол 8.115.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр энэ хэрэг болсон. Би 2021 оны 01 сард миний ахын бие муудаж түүнийг сахихаар Орхон аймагт ирсэн байхад манай нөхөр З.Мд Булган аймагт гэртээ үлдсэн. 2021 оны 02 дугаар сарын 01-ний орой 20 цагт Булган аймгийн Цагдаагийн газраас утасдаад танай машин унасан байна, тэгээд хүн байхгүй байна, ямар хүн барьж явсан юм бэ гэж ярьсан. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ залгасан утсаа аваагүй, нөхрийнхөө дүү рүү яриад юу болоод байгаа юм бэ цагдаагаас ярьж байна гэсэн ах машинаа барьж явж байгаад унагаачхаад хаяад явсан байхаар нь би танай машин дээр ирээд өргөгч кран дуудаад машиныг чинь босгох гээд байж байна гэж яриад орой нь манай нөхрийн эгчийнх нь нөхөр машиныг чинь босгох гэсэн чинь нэг хүүхэн машиныг чинь онгойлгосон зогсож байхаар нь чи юун хүн юм бэ, хүний машин онгойлгоод юу хийгээд байгаа юм бэ гэсэн чинь би энэ машиныг унаж явж байгаад унагаасан юм, би юмаа авах гээд эргээд ирсэн байна гэж хэлсэн гээд надад утсаар ярьж хэлсэн. Ямар хүн байна гэсэн ямар ч байсан Булганы хүн бол биш гээд ямархуу царайтай хүн болохыг нь хэлсэн. Тэгээд нөхөр лүүгээ залгасан утсаа аваагүй, тэгээд энэ хүнийг мөн юм байна гээд дотроо бодсон. Яагаад гэвэл энэ хүн, манай нөхөр хоёр миний мэдэхийн 1 жил гаруй нууц харилцаатай байгааг нь тухайн үедээ мэдсэн байсан ч гэсэн яг өөрийн биеэр таарч байгаагүй болохоор хүнийг хардаад яах вэ гэж бодоод зүгээр өнгөрөөсөн. Энэ хүний фейсбүүкээс нь зургийг нь татаж аваад хүргэн ах руу нь явуулсан мөн байна гэж хэлсэн. Юу болсон талаар мэдэх гээд энэ хүн рүү залгатал миний дугаарыг 2-3 хоног блоклоод надтай холбогдоогүй. Тэгэхээр нь би машин барьж яваад унагаасныг чинь мэдэж байна гэж мессеж бичээд үлдээсэн. Тэгсэн 3-4 хоногийн дараа холбогдоод яаж машины хохирлыг барагдуулах вэ, надад хугацаа өг гээд, юм ярихаар чи төмрийн сэгэндээ үхлээ юу гээд урдаас хэл амаар доромжилсон өнгө аястай яриад байхаар нь Булган аймгийн Цагдаагийн газар өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед Цагдаагийн газар миний өргөдөл гомдлын дагуу дуудах хүмүүсийг нь дуудаж мэдүүлэг байцаалт авч, прокурорын шатанд шийдвэрлээд энэ хүнийг Зөрчлийн хуулиар торгоод хэргийг хаалаа, та иргэний журмаар шүүхэд гомдол гаргаж болно гэж надад тайлбарлаж хэлээд хэргийг хаасан. Хэрэг болсноос хойш энэ хүн хохирлыг чинь барагдуулъя гэж нэг ч удаа яриагүй, тэр хугацаанд би 2-3 удаа мөнгөө авч машинаа засуулмаар байна гэж залгахад өгнө гээд, үг хэлээ ололцоогүй. Нөхөртөө тэр хүндээ хэлж мөнгөө авч машинаа янзлуулъя гэхээр тэр хүн чинь надад ямар ч хамаагүй, чи өөрөө нэхэж авахгүй юу гээд ерөөсөө тоосон шинжгүй хаячихсан. 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш би 2 хүүхдээ аваад нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа. Зөвхөн хүний эд хөрөнгийг эвдэж, гэмтээгээд сүйтгэхгүй, гэр бүлийг маань ийм байдалд хүргэсэн. Ээжийнхээ байшин, хашааг ББСБ-д тавиад зээл аваад, мөн ээжийнхээ тэтгэврийн зээлийг авахуулаад машинаа янзлуулсан. Машин янзлуулсан мөнгө болох 8.115.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр 6.356.000 төгрөг гэж тогтоогдсон байгаа. Хөл хорионы үед байсан болохоор эндээс сэлбэг олдоогүй бүгдийг нь Улаанбаатар хот руу захиулж авч ирүүлсэн, засварын хөлс орж байгаа. Мөн засуулж байх явцад мотор нь доогуураа хагарч цоороод хамаг масло нь гоожчихсон байсан учраас давхар мотор солиулж тавьсан, моторын хөлс болон засуулж тавьсан засварын хөлс орсон байгаа. Тэрнээс өөр масло, тос зэрэг бусад жижиг зардлууд ороогүй. Машинаа Вьетнам авто засварын газраар 3.200.000 төгрөгөөр засуулсан гэв.

Хариуцагч П.Д шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

Миний бие 2020 оны 2 дугаар сарын 01-нд Булган аймаг явахаар хоёр хүүхэдтэйгээ замын машинд дайгдан явсан. Төвд буугаад ачаа ихтэй явсан тул такси авахаар зогсож байтал ........... БУА дугаартай машин ирж зогссон нь арван жилийн нэг төгсөлтийн залуу 3.Мд байсан. Уг залуугийн машинд суугаад хөдлөөд удаагүй байтал толгой эргээд, дотор муу байна чи бариад явчих, тэгэх үү гэхээр нь зөвшөөрсөн юм. Жолоо солиход машины зүүн толь хагарсан, зүүн талын 2 хаалга, зүүн урд хойд буфер, зүүн крыло зэрэг нь урагдаж зурагдсан байсныг асуухад грашны хаалга саваад ийм болгочихсон гэж хэлсэн. Машиныг би бариад явж байтал маш их гулгаа ихтэй тойрог замд гулгаж тормоз гишгэсээр байгаад замын хажуу руу унасан юм. Тухайн үед хурд маш бага явсан болохоор бид биедээ гэмтэл аваагүй. Ойрхон явж байсан залуус ирж зүгээр үү гулгасаар байгаад орчих юм гэж хэлж урд талын суудлын 2 бүсийг тайлж өгч биднийг гаргасан. Уг залуус өргөгч крантай хүний дугаар өгч холбогдоход маргааш болъё гэхээр нь аймгийн онцгой байдлын газар руу очиж татах, өргөх хүн хүч дуудахаар очиж уулзсан боловч байхгүй гээд зөвшөөрөөгүй. Эргэн ирэхэд жолоочийн хүргэн гэх залуу ирчихсэн байсан. Машины эзэн 3.Мд уулзаж ярилцаад хүн олоод гаргачихъя гэж байна чиний бие зүгээр үү явж чадах уу гэхээр нь би явсан. Тэр өдөр маш хүйтэн голдоо ортол даарч чичирч зогсохын аргагүй байсан учир би явсан. Уг нэхэмжлэгчийн хэлснээр нөхөртэй нь янаг амрагийн харилцаа байхгүй арван жилийн нэг төгсөлтийнх бие биенээ таньдаг болоод жил орчим л болж байсан. Машиныг унагаад хэргийн газраас оргон зайлаагүй болно. Маргааш нь буюу 02 дугаар сарын 02-нд машинд нь үлдсэн миний ачаа болох notebook, өнгөт принтер, цүнхтэй хувцас, хүний дайвар \2 сая төгрөгийн үнэтэй бараа\ зэрэг алга болсон байсан. Сураг гаргахад нэхэмжлэгч эмэгтэйд нөхрийнх нь дүү аваачин өгч сар гаран нуун дарагдуулж өгөөгүй. Энэ хугацаанд өнгөт принтерийн хор хатаж ажиллагаагүй болсон. 2020 оны 02 дугаар сарын 10-нд Булган аймгийн Цагдаагийн газраас ирж мэдүүлэг өгнө үү гэсний дагуу очиж болсон зүйлээ хэлсэн. Ахин очиход машины эзний мэдүүлгийг үзүүлэхэд жолооч бие муу байсан, би өөрөө барьчих гэж гуйсан болохоор машины эвдрэлд гомдолгүй гэсэн байсан. Машины бичиг баримт нь 3.Мдийн нэр дээр байсан. Машиныг Орхон аймгийн Ашид билгүүн ХХК-нд үнэлүүлж хохиролын үнэлгээ 7.878.000 төгрөг гарсан байсныг нөхрийнх нь эвдсэн зүйлийг хасуулж байж 6.356.000 төгрөг болгосон. Нэхэмжлэгч эмэгтэйтэй нэг бус удаа утсаар холбогдон машиныг чинь засварчинд үзүүлээд би засуулаад өгье гэхэд үгүй заавал мөнгөө авна 2 хоногийн дотор өг гэж ярилцахыг хүсээгүй. Би яг одоо өгөх мөнгө байхгүй байна, хугацаа өгөөч ээ мөнгийг чинь заавал өгнө гэсэн боловч үг тайлбар сонсоогүй. Би таньдаг засварын газар, сэлбэгийн дэлгүүрээс эвдрэлийн засвар үйлчилгээг асуухад яагаад ч 6 сая болохгүй ээ, аваад ир, үнэ хөлсөө тохироод заримыг нь үнэгүй засаад өгье гэсэн. Миний хувьд уг мөнгийг өгөхийн төлөө байгаа хэдий ч оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулж авсан цалингийн зээлтэй, Ард кредитээс зээлтэй, хувь хүмүүсээс хүүтэй мөнгө авсан тул цалингаас өгөх боломжгүй байгаа. Мөн өөрийн гэсэн зарах үл хөдлөх хөрөнгөгүй юм. Иймээс найз нөхөд ах дүү нараасаа мөнгө асууж өгөх хүсэлтэй байгаа. 3.Мд гомдолгүй гээд байхад нэр дээр нь байсан машины бичиг баримтыг яаж Э өөрийнхөө нэр дээр шилжүүлээд, өөрөө засуулаад уначихсан, өөрийн эзэмшлийн машин гээд байгаа нь, Булган аймгаас Эрдэнэт рүү машин өөрөө асаж ирсэн байхад мотор сольсон гэдэгт, би засуулъя гээд байхад эсэргүүцээд байсан зэрэгт би гайхаж эргэлзэж байна. Засуулсан машины төлбөр нь 8.115.000 төгрөг болсонд нь итгэхгүй байна. Ямар ч засварын газар танил талаараа дуртай үнэлгээ гаргуулаад авчих байх л даа. Энэ нь өөрөө бага өртгөөр засуулж надаас мөнгө нэмж авах гэсэн шуналын сэдэлтэй байна гэж харж байна. Мөн Эгийн өмнөх Булган аймагт өгсөн гомдол нэхэмжлэл доторх үг хэллэг зөрсөн байгаа нь сэжигтэй байна. Миний хувьд би өөрөө барья гэж гуйж бариагүй, эрүүл, хурдгүй явсан учраас төлбөр төлөхөд урт хугацаа хэрэгтэйгээс гадна уг 6.356.000 төгрөгийн төлбөрийг 3.Мдтэй хувааж төлөх хүсэлтэй байгаа. Мөн 3.Мдээс мэдүүлэг авч тодруүлга хийж өгнө үү. Тухайн өдөр машиныг унагаагаад Онцгой байдлын газар луу такси бариад хамт явсан. Тэр хооронд дүү нь гээд залуу ирсэн. Тэгэхэд би машин дотроос нь юмаа авах гэж онгойлгосон. Тэгсэн нэг залуу чи хэн юм бэ, яах гээд хүний машин онгойлгоод байгаа юм бэ гэхээр нь миний юм байгаа юм тэрийгээ авах гэсэн юм гэсэн. Энэ хүний дугаарыг блоклоогүй, тухайн үед холбогдож байсан. Энэ хүн ярихдаа 3 хоногийн дотор миний машин ямар байсан яг тийм болгож өг, тэгэхгүй бол шүүх цагдаад өгнө гэхээр нь хөл хорионы улмаас зам хаагдсан, хорио цээр тавигдахаар засуулж өгье, засуулж өгөхгүй ч гэсэн хотоос захиулж авч өгье гэхээр цаг хугацааны асуудал болчихоод байна, цаг хугацаа өг гэж хэлсэн. Хэд хэдэн удаа залгаж ярихад нь хэл амаар бол доромжлоогүй, харин энэ хүн өөрөө миний тайлбарыг сонсоогүй, би өгөхгүй гэж хэлээгүй өгнө, гэхдээ надад хугацаа өгчих хорио цээр дуусгаад, засах хугацаа байна гэсэн үгүй 3 хоногийн дотор засаж өг эсхүл цагдаад өгнө гэсэн. Хорио цээр тавигдсаны дараа машинаа Булганаас оруулж ирээд засуулсан байсан. Тэр үед намайг цагдаад өгсөн байсан. Тэгэхээр нь би нэгэнт цагдаад өгч надад хугацаа өгөөгүй, харилцан тохиролцоогүй, цагдаагаар шийдүүлэх гэж байгаа юм байна гээд мөнгийг нь өгье гэж бодоогүй, цагдаа юу гэж шийдэх бол гээд хүлээлттэй байсан. Хариу тайлбар сонсдоггүй, чамайг ажилгүй, нүдний булай болгоно, фейсбүүкээр цацна гээд сэтгэл зүйн дарамт учруулж байсан. Хохирлыг үнэлгээний газарт очиж үнэлүүлэхэд хамт очсон. Нөхөр нь тэр өдөр өөрийнхөө машины зүүн талыг тэр чигт нь гараашныхаа хаалганд зурсан байсныг нь хэлж хасуулаад 6.356.000 төгрөг болгуулсан, мотор гээд байгааг нь сайн ойлгохгүй байна, үнэлгээний газар үнэлсэн байх гэж бодож байна. Сүүлд нь ямар үнэлгээ гаргаж ирснийг нь мэддэг газраар нь тайлбарлуулж болох байх. Үнэлгээг тийм их гарна гэж бодоогүй, их гарсных нь дараа таньдаг 2-3 засвар, сэлбэгийн газрын хүмүүсээс асуухад 6.000.000 төгрөг болохгүй байх машиныг нь аваад ир засаад өгье, үзье гэхээр нь зургийг нь аваад засварын газарт үзүүлье гэсэн үзүүлэхгүй, очуулахгүй мөнгө л өг гэсэн шаардлага тавьсан. Миний бодлоор өөрөө танил засварын газартай тэндээ засуулчхаад нэмж мөнгө авах гээд байгаа юм болов уу гэж би бодсон. Надад бол хямдхан засуулах боломж байсан, энэ хүн өөрөө үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. 8.115.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 6.356.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Нууц амрагийн харилцаатай гээд байгаа, тийм зүйл байхгүй, бид нар нэг төгсөлтийн нэг үеийн таньдаг хүмүүс учраас ангийн групп чатаар хоорондоо харилцдаг байсан. Тэр өдөр таарсан, энэ хүн ингэж бодоод байх шиг байгаа юм гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/00665 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч П.Дгээс 5.680.500 /таван сая зургаан зуун наян мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.434.500 /хоёр сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.800 /нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Дгээс улсын тэмдэгтийн хураамж 105.838 /нэг зуун таван мянга найман зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Э давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Дд холбогдох иргэний хэрэгт Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 06 дугаар 30-ны өдрийн 142/ШШ2021/00665 шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 497 р зүйлийн 497.1, 510 р зүйлийн 1, 514-р зүйлийн 514.1-т заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагаас 2.434.500 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 514-р зүйлийн 1 дүгээр заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн ба өмнөх өмчлөгчийн /З.Мд/ буруутай үйлдэл байгаа мэт дүгнэлт хийж нэхэмжлэгч намайг хохироолоо. Учир тус ослын хэргийг шалгасан цагдаагийн байгууллага болон бусад байгууллагаас өмнөх өмчлөгч байсан З.Мдийг буруутай гэж тогтоогоогүй байхад ослын хэрэгт буруутай мэт дүгнэлт хийж уг дүгнэлтээ үндэслэн хохирлыг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мд өмнө нь автомашины хаалгыг сэвтүүлсэн байсан гэж нотлогдоогүй буюу сэвтүүлсэн гэх гэрчийн үгийг үндэслэн хохирлыг хассан нь үндэслэлгүй. Тухайн ослын улмаас ямар, ямар эд анги эвдэж гэмтээснийг шинжээч тогтоосон бөгөөд шинжээчийн ослын улмаас гэмтсэн байна гэх эд ангийн эвдрэлийг өмнө сэвтүүлсэн гэх үгээр буруутган хохирлыг хассан нь үндэслэлгүй. Өмнө сэвтүүлсэн гэх байдал нь зайлшгүй засах шаардлагатай байсан эсэх , засварласан бол хэдий хэмжээний зардал гарах эсэхийг тогтоосон баримт хариуцагчид байхгүй байхад ослын улмаас зайлшгүй засварлах шаардлагатай болж, засварласан, сольсон автомашины эд ангийн эвдрэл, засварын хохирлыг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.Тухайн автомашиныг засварлан хохирлыг бусдаас шаардах зорилгоор өмчлөгчийг сольсон гэж шийдвэрлэсэн. Тухайн автомашиныг хохирол нэхэмжлэх зорилгоор өмчлөгчийг солиогүй бөгөөд тухайн автомашины өмчлөгч эсэхээс үл хамаарч би өөрийн зардлаар өөрийн өмчлөлийн автомашиныг засварласан байгааг анхан шатны шүүх анхаарч шийдвэрлээгүй. Анхан шатны шүүх хурал дээр Нөхөр З.Мд нь өөрийн нууц амраг нөхөр өөрөө хэлсэн / гэх Д.Дгийн ашиг сонирхлыг хамгаалах гэж зориуд худал мэдүүлэг өгч, хариуцагчийн ярьж байгаа үг хэлтэй нэг утгатай мэдүүлэг өгч байгаа нь илт мэдэгдэж байсан.Энэ хоёр хүн ослын хэрэгт гэж цагдаагийн газраас мэдэгдэж байсан. Ослын газрыг орхин зугтаж, бусдын өмчлөлийн автомашиныг эзэнгүй хаяж, их хэмжээний хохирол учруулахуйц байдал үүсгэсэн байсан бөгөөд цагдаагийн байгууллага автомашины эзнийг тогтоох ажиллагаа хийж намайг Орхон аймгаас дуудан очиход жолоо барьж явсан этгээд болох П.Д нь оргон зайлж Орхон аймагт ирсэн байсныг цагдаагийн байгууллага тогтоосон хэрэг билээ. Гэтэл одоо бусдыг буруутай байсан мэт хохирол төлөхөөс зайлсхийсэн байдлыг шүүх анхааралгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар 30-ны өдрийн 142/ШШ2021/00665 шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Д шүүхэд өгсөн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлтэй хариуцагч миний бие П.Дд холбогдох иргэний хэрэгт Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-06-30-ны өдрийн 142/ШШ2021/00665 шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдолд хариу тайлбар гаргаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагаас 2.434.500 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг зөв гэж үзэж байгаа. Дээрх заалтыг үндэслэн миний хүнд итгэж болгоомжгүй байдлаас үүдсэн болохыг шүүх тогтоосон. Мөн би өөрийн гэм буруугүй болохоо нотолж хариуцлагаас хөнгөлүүлсэн. Уг машины өмнөх өмчлөгчийн. Мд нь гэм буруутай болон хохиролд гомдолгүй гэснээ өөрийн мэдүүлэгтээ дурдсан байгаа. Мдийн гэм буруутай байсныг нотлох гэрч гэх хүмүүс байгаа болно. Нэхэмжлэгчийн 2 дугаар хэсэгт бичсэн зүйл ойлгомжгүй бөгөөд шүүхийн гаргасан шийдвэрийг ч ойлгоогүй байгаа нь харагдаж байна. 3. Мд машиныхаа зүүн талыг тэр чигт нь өөрөө эвдэж сэвтүүлснээ мэдэгдсэн. Мөн гэрчийн үгийг үндэслэн гэж байгаа нь худал зүйл бөгөөд ямар ч гэрчээс мэдүүлэг аваагүй. Харин би өөрөө уг машинд суухдаа тэр эвдрэлийг хараад яагаад ийм болгочхов гэж асууж байсныг мэдүүлэгтээ дурдсан бөгөөд тухайн үед хамт явж байсан 3. Мд болоод манай хүүхдүүд гэрчилнэ. Үнэлгээний газарт өмнө сэвтүүлж эвдсэн зүйлийг хэлээгүйн улмаас машины бүх эвдрэлийг үнэлсэн байсан. Уг үнэлгээнээс нэхэмжлэгчтэй хамт байлцаж нөхөр лүү нь утсаар яриулж өөрийн эвдсэн болохыг асууж мэдсэнээр эвдрэлийн хэмжээг хасуулж эцсийн үнэлгээ гаргуулж авсан. Уг эвдрэлийг засуулсан хөлс нь нэхэмжлэлийн шаардлагад орсон байгаа гэж нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдааны үеэр шүүгчид хэлсэн байгаа нь протоколд тэмдэглэгдэн үлдсэн байгаа. Тиймээс шүүх уг хөлсийг хассан шийдвэр гаргасан нь зөв гэж үзэж байна. Тухайн авто машиныг нэхэмжлэгч нөхрөөсөө худал хэлэн засуулахгүй шууд зарах гэж байна гэж хэлээд эзэмшлээ солиулсан болохыг би нөхөр Мдээс нь асууж мэдсэн юм. Би 3. Мд рүү залгаад би эхнэртэй чинь яриад засуулаад өгье эсвэл хохирлыг удаан хугацаанд л өгөх боломжтой байна гэж хэлэхэд хүлээн зөвшөөрөхгүй ярих ч үгүй байна чиний шийдийг сонсмоор байна гэхэд эхнэр надтай ерөөсөө ярихгүй байгаа утсаа ч авахгүй мсж бичихээр хариу өгөхгүй байна. Би удахгүй уурхайн ажилд явна гэж хэлэхэд машинаа зарна чиний нэр дээр байгаа юм чинь чамайг явчихаар нэр шилжүүлэхэд төвөгтэй болно. Тиймээс өөр дээрээ шилжүүлээд авч зарахад амар гээд Булганд ирээд шилжүүлээд аваад явчихсан. Тэр үнэлгээнээс гарсан хэмжээний мөнгөөр засуулсан, тийм мөнгөөр хямд зарсан хоёр ав адилхан тул зарахаар болсон. Тийм болохоор чи засуулах шаардлагагүй харин үнэлгээний газраас гарсан шийдвэрийг л гаргуулж авах байхдаа гэсэн. Үүнийг нөхөр нь гэрчлэх байх. Нэхэмжлэгч Э нь харин нөхрөөсөө нуун хямд засуулаад надаас нэмж их төлбөр гарсан мэтээр хохирлоо төлүүлэх гэж оролдож байна. Мд нь миний ашиг сонирхлыг хамгаалах гэж надтай үг хэлээ нийлүүлж үгсэн хуйвалдаж буруу худал мэдүүлэг өгөөгүй болно. Булган аймгийн цагдаагийн газраас дуудаад мэдүүлэг авсан байсныг надад уншуулж танилцуулаад үнэн зөв мэдүүлсэн болохыг баталгаажуулсан. Тухайн үед би цагдаад хамт явсан хүүхдүүдээс шаардлагатай гэвэл мэдүүлэг авч болно гэхдээ өсвөр насны хүүхдүүдийг цагдаа шүүхийн хаалга татуулмааргүй байна гэж хэлсэн. Хэрэв Мд эхнэрийнхээ болоод өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн миний эсрэг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэж би өөрийн хийсэн зүйлээ нотлох гэж заргалдана биз дээ. Нэхэмжлэгч намайг нөхрийнхөө нууц амраг гэж удаа дараа нэр төрд халдаж ажлын газрын удирдлагууд руу ярьж байгаад гомдолтой байна. Намайг шүүхийн өмнө үзэн ядуулж гэм буруутай мэт харагдуулах гэсэн нэхэмжлэгчийн далд санаа. Нөхөр нь өөрөө нууц амраг гэж хэлсэн гэдэгт би итгэхгүй байна. Нөхрөөс нь шүүх хурлын үеэр дуудан асууж болно. Бид нэг нутгийн нэг төгсөлтийн хүмүүс тул хаяа нэг төгсөлтийн нэгдсэн групп хувь чат гэх мэт зүйлсээр хаяа холбогддог байсан. Энэ асуудал машины хохирлын асуудалд хамаагүй зүйл болохыг шүүх мэдэх байх. Ослын үед машиныг би барьж явсан юм чинь 3. Мдэд буруутай зүйл тогтоогдохгүй байх нь аргагүй шүү дээ. Харин өөрөө зөвшөөрч машинаа бариулсан учраас хохиролд гомдолгүй гэснийг шүүх шийдвэртэй харгалзан үзсэн байх. Тухайн осол болсон газрыг орхин зугтаагүй болохыг тэр үед машинаас суудлын бүс тайлж гаргаж өгсөн хүмүүс хамт байлцаж өргөгч краны жолоочийн дугаар олж ярьж өгч нэлээн удаан хамт байсныг гэрчилнэ. Маш хүйтэн хүүхдүүд чичрээд осгох байдалтай байсан тул хүүхдүүдээ замын машинд суулгаад явуулсан юм. Тэр хүмүүсийг явсны дараа бид 2 замын такси барьж аймгийн онцгой байдал руу явж тусламж хүсэж очсоныг тэр үед гарч байсан албан хаагч нар гэрчилнэ. Мөн ослын газрын дэргэд камер байсан тул бичлэгээс ч харж болно. Удалгүй эргэж ирээд машинаас нь 3. Мдийн утсыг авах гэж хайж байхад нэг залуу ирээд чи яагаад хүний машин ухаад байгаа юм наад машин чинь манай хадам дүүгийн машин гэж хэлж байсан. Хажуудах такси дотроос 3. Мд гарч ирж тэр хүнтэй уулзаж ирээд надад чи бэртэж гэмтээгүй биз гайгүй бол явдаа энэ манай хүргэн цагдаа хийдэг юм кран олоод гаргачих байх хэлчихлээ гэж хэлж байсан юм.

Удалгүй машиныг авч ирээд грашийн гадаа тавьчихлаа санаа зоволтгүй гэж ярьсан. Нэхэмжлэгчийг цагдаагийн газраас автомашины эзнийг тогтоох гэж дуудсан гэдэг нь худлаа. Дуудах ч шаардлага байгаагүй. Яагаад гэвэл цагдаагийн алба хашдаг хүргэн нь тэр машиныг босгосон мөн хамт босголцсон сумын хэсгийн төлөөлөгч хийдэг цагдаа төрсөн дүү нь бас хамт байж машин доторх миний ачаа эд зүйлийг Орхон аймаг руу аваачиж нэхэмжлэгч Эд өгсөн байсан. Цагдаа хүргэн ах нь Э руу залгаж учир байдлыг хэлж хоорондоо ярьж байснаа нэхэмжлэгч шүүх хурлын үеэр хэлж протоколд тэмдэглэгдсэн. Иймээс ирээгүй нь нотлогдож байгаа юм. Цагдаад өргөдөл гомдлоо өгөх гэж очсон байж болох юм. Тэр үед би хүүхдүүдээ Булганд үлдээж 7 хоногийн дараа буцаж явсан. Явсан шалтгаан нь Орхон аймагт ажиллаж амьдардаг. Онлайнаар ажлаа хийж хаяа ажил дээрээ очих шаардлагатай байдаг учир харьсан явдал юм. Үүнийг оргон зайлж Орхон аймагт ирсэн гэж үзэхгүй байх. Гэрт байхад цагдаагаас яриад ирж мэдүүлэг өгөх шаардлагатай байна гэхэд очих боломжгүй байна онцгойд бүртгүүлээд гарвал очно гэж хэлээд удалгүй очиж мэдүүлэг өгч байсан. Тэр үед хорио цээрийн өндөржүүлсэн байдалд шилжээд орон нутгийн хүн машины хөл хорио тогтоосон байсныг бүгд мэдэж байгаа байх.

Бусдыг би хэзээ ч буруутгаагүй үнэн зөв мэдүүлэг өгч түүнд үндэслэн шүүх шийдвэрлэж өгөхийг л хүссэн, хохирлоос зайлсхийгээгүй. Харин ч хохирлыг боломжоороо төлнө гэдгээ нэхэмжлэгчид анхнаасаа хэлж байсан. Уг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсаныг уншиж байхад илтэд намайг буруутгах гэсэн худал үг хэллэг хэрэглэн шүүгч нарыг төөрөгдүүлж хуурамч хохирлоо бүрэн авах гэсэн шуналын сэдэлтэй, нөхрийнхөө буруутай үйлийг нуусан, өмнө нь гаргаж байсан гомдлууд, мэдүүлгийнх нь үг хэллэг маш их зөрүүтэй, шүүхийн гаргасан шийдвэрийг сайн ойлгоогүй байгаа нь ажиглагдлаа. Мөн нэхэмжлэгч ээжийнхээ тэтгэврийн зээл, хашаа байшингийн зээл хийлгэж машинаа засуулсан гэж байгаа хэдий ч тэдгээрээ нотлох бичиг баримт гэрээгээ хавсаргаагүй байсан. Мөн хотоос сэлбэг захиулж авчирсан гэсэн нь бас нотлох баримтгүй ямар нэгэн сэлбэгийн худалдааны газрын данс хоорондын гүйлгээ байхгүй байгаа нь надаас нэхэмжилж байгаа мөнгө нь хуурамч болох нь ойлгомжтой байна. Ямар ч засварын газраас таньдаг хүнээ ашиглан падан дээр дурын үнэлгээ бичүүлж болох талтай. Нэхэмжлэгчийн таньдаг хүн нь вьетнам засварын газарт ажилладаг болохыг би олж мэдсэн тэнд засуулсан нь тодорхой. Би ч гэсэн таньдаг 2 ч засварын газраас эвдрэлийн хэмжээг хэлээд зургийг нь үзүүлж үнэлүүлэхэд яавч 6 сая гаран төгрөг болохгүй аваад ир засаад өгье гэж хэлж байсан удаатай. Энэ давж заалдах шатны шүүх хуралд би нэгэн зүйлийг ил болгож удаа дараагийн мэдүүлгээс нууж байсан зүйлээ илчлэн хэлэхээр шийдлээ. Учир нь би хүний машиныг унаж яваад эвдчихсэн юм чинь машины чинь хохирлыг төлнө. Давхар чамайг бас хохироож хүний амьдралд гай болоод яах вэ согтуу явсан гэж хэлэхгүй ээ гээд машины эзэмшигч хамт явж байсан 3. Мдийн согтуу явсныг хэлээгүй явдал юм. Намайг машинд суухад урд хажуугийн салхины шилнүүд бүгд маш их цанталттай байсан юм. Мэдүүлэхдээ согтуу байсныг нь бие муу байна гэсэн үгээр илэрхийлсэн болно. Аз болоход Мдийн цагдаа хүргэн ах, дүү нар нь тэр үед ирсэн нь цагдаад согтуу байсан нь илчлэгдээгүй байх. Согтуу байсныг энэ 2 хүн бас гэрчлэх байх. Хэрэв би бусдыг буруутгаж хохирол төлөхөөс зайлсхийсэн бол энэ зүйлийг нуух шаардлагагүй байлаа. Учир юу вэ гэвэл жолооч хүн эрхээ хасуулж дээр нь жолоо шилжүүлсэн гэдгээр торгуулах байсан. Энэ байдлыг үнэн зөвөөр хэлсэн бол өдийд би ийм их төлбөр төлөх шаардлагагүй байх байсан болов уу гэж бодож байна. Үгүй дээ гэхэд 50, 50%-иар, эсвэл бүр төлөх ч үгүй байх. Гагцхүү миний хүн чанар, хүнийг хохироохгүй байх сэтгэл нөлөөлсөн юм.Иймд шүүх энэ байдлыг харгалзан үзэж зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэжээ.

                                                     ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч П.Дд холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 8.115.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч П.Дгээс 5.680.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.434.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Хариуцагч П.Д нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар  багийн нутаг дэвсгэрт ........... БУА улсын дугаартай Тоёото Приус маркийн автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинд эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох  баримтуудаар тогтоогджээ.

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 721 дугаар хохирлын үнэлгээгээр зам тээврийн ослын улмаас Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэлд 6.356.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгч нь хохиролд нийт 8.115.000 гаргуулахаар нэхэмжилжээ.

Анхан шатны шүүхийн 5.680.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.434.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч биш этгээдийн гэм бурууд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 721 дугаар хохирлын үнэлгээг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53.902 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/00665 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч П.Дгээс 5.680.500 /таван сая зургаан зуун наян мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.434.500 /хоёр сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч П.Дгээс 6.356.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлээс шаардлагаас 1.759.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.800 /нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Дгээс улсын тэмдэгтийн хураамж 105.838 /нэг зуун таван мянга найман зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.д-зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Дгээс улсын тэмдэгтийн хураамж 116.646 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53.902 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР