Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/02

 

 

 

 

 

 2024        01         10                                         2024/ДШМ/02

 

     О.С холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Т,

Шүүгдэгч: О.С /онлайн/,

Нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн давж заалдах гомдлоор О.Сд холбогдох 2338000000347 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Чонос овогт Оын С, ….... оны … дүгээр сарын ….-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, …. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт Улаанбаатар хот, .......... дүүрэг, .... дүгээр хороо, ............тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ….. оны …. дугаар сарын 06-ны өдрийн ….. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа /Регистрийн дугаар ........................./.

О.С нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Ж тосгоны Ж гэх газарт хохирогч Р.Этой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний биед уруулд цус хуралт, шарх, баруун дээд 1-р үүдэн шүдэнд сулрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Чонос овогт Оын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгч Оын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 (долоон зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 718 (долоон зуун арван найм) цаг, 30 (гуч) минутын нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 958 (есөн зуун тавин найм) цаг, 30 (гуч) минутын хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Т эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 (долоон зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 718 (долоон зуун арван найм) цаг, 30 (гуч) минутын нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 958 (есөн зуун тавин найм) цаг, 30 (гуч) минутын хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно. ...” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасан заалтуудыг зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 346 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч О.С давж заалдах гомдолдоо: “ ...миний холбогдсон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь О.С миний бие бага насны буюу 1-3 насны 2 хүүхэдтэй бөгөөд эхнэрийн хамтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 22б-155 тоот хаягт 2023 оны 09 дүгээр сараас эхлэн өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлсэн бөгөөд эхнэр маань өдөр өнжүүлэхэд ирсэн хүүхдүүдээ асрах, хүмүүжүүлэх, хичээл даалгавар давтуулах, чөлөөт цагаар нь дасгал хөдөлгөөн хийлгэх, хөгжөөнт тоглоом тоглуулах зэрэг ажлуудыг, миний бие тус төвийн цэвэрлэгээ үйлчилгээ, хоол, цайны бүхий л ажлыг хийж гүйцэтгэж байна. Миний зүгээс өмнө нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 720 цагийн нийтэд тустай хийлгэх ял авсан бөгөөд энэ ялыг эдлэж, нийтэд тустай ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн байгаа. Гэвч үүн дээр нэмж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд хүндрэлтэй нөхцөлд байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

...Миний зүгээс бусдын ёс зүйгүй үйлдлээс улбаатай асуудалд хариу үйлдэл гаргахдаа тэрхэн зуурын хор шар, тэвчээргүй байдлаасаа болж хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж, өөрийгөө буруутгаж байгаа бөгөөд дахиж ийм байдал үүсэхэд аль болох эелдгээр, ухаалгаар, тэвчээртэйгээр асуудалд хандана гэдгийг ухаарч, ийм зан байдлыг өөртөө төлөвшүүлнэ гэсэн хатуу бодолтой байгаа.

Иймд надад ажил үйлчилгээгээ тасалдуулахгүй эрхлэх боломжийг олгож анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулын ялаар сольж  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ажлынхаа хажуугаар гэр бүлийнхээ хүний хамт өдөр өнжүүлэх ажиллуулдаг. Өглөөнөөс орой болтол хүүхдүүдтэй хамт байдаг болохоор нийтэд тустай ажил хийхэд хүндрэлтэй байх тул  надад оногдуулсан ялыг торгох ял болгож өөрчилж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч О.С нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Ж тосгоны Ж гэх газарт хохирогч Р.Этой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоожээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохдоо хуулиар тогтоосон хэмжээнээс хэтрүүлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3-т “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.” гэж ,  мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т  “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно.” гэж тус тус зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор “...нийт 958 цаг 30 минут нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргаж, шүүх уг хэмжээгээр шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, хуульд заасан хэмжээнээс хэтрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн шүүгдэгч О.С нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ болох 720 цагийн  ялаас 1 цаг 30 минутын ялыг биелүүлж, 718 цаг 30 минутын ялыг эдлээгүй байхад түүний Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцээгүй, шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй байна.

Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй.

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг “торгох” ялаар солих боломжгүй тул шүүгдэгчийн “...шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар солих”-ыг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” эрхтэй ба харин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх өөрчлөлт шийтгэх тогтоолд оруулах эрхгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч О.Сын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Сд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                            Б.СОСОРБАРАМ