Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 23

 

109/2016/0010/З                               2016-09-29                              №23

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Б.Бавуугарьдын нэхэмжлэлтэй 
    Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны даргад хариуцагдах 
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бавуугарьд, хариуцагч О.Жавзансүрэн, шинжээч С.Чулуунпүрэв шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
    
Нэхэмжлэгч Б.Бавуугарьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшүүлэх материалаа хүргүүлсэн. Гэвч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэнд миний гарын үсгийг биш байна гэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан уг хүсэлтэнд би гарын үсэг зураагүй өөрийн нэрийг бүтнээр Бавуугарьд гэж бичсэн. Уг хүсэлтийн дагуу Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Мөн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 тоот захирамжаар түр томилогдсон төрийн захиргааны жинхэнэ албан хаагч биш юм. 
Би 2016 оны 03 дугаар сарын 30-ний өдөр хүсэлтээ өгч чөлөөлөгдөхдөө 2 хүсэлт гаргаж байсан. Энэ 2 хүсэлт нь нэг нь аймгийн ИТХ-д нэр дэвших хүсэлт, нөгөө нь сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшүүлэх хүсэлт. Тухайн үед би өмнө нь бичиж байсан хүсэлт хэрэгтэй болчихлоо гээд өөрөө гараараа бичээд нотариатчаар баталгаажуулсан. Би энэ хүсэлтэндээ гарын үсгээ зураагүй, нэрээ бичсэн. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо надаас гарын үсгийн баталгаа аваагүй. Миний өмнөөс миний хүсэлтийг мөн, биш гээд тодорхойлоод байгаа нь эргэлзээтэй байна. Хэрвээ миний хүсэлтийг хуурамч гэж үзээд байсан юм бол Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны дарга О.Жавзансүрэн тухайн үед аймгийн Сонгуулийн хорооны гишүүн байх үедээ яагаад асуудал болгож тавьж байгаагүй юм. Өмнө нь аймгийн ИТХ-д нэр дэвшихэд хүсэлтийг хуурамч гэж хэлээгүй байж яагаад сумын ИТХ-д нэр дэвших гэхээр хуурамч гэдэг зүйл тавиад байгаа юм. Төрийн албаны тухай хуульд төрийн захиргааны жинхэнэ алба хаах болзол гэж байдаг. Энэ болзолын дагуу сонгон шалгаруулалт зарлаад сонгон шалгаруулалтад орж нэгээр гарч тэнцсэн хүнийг эрх бүхий албан тушаалтан
 томилж төрийн жинхэнэ албан хаагч болдог. Миний хувьд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэбулган сумын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Надад бол ямар ч хүсэлт гаргах шаардлагагүй байсан. Миний сонгуульд нэр дэвших материалд огт хамааралгүй материал байсан.
Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Жавзансүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч Б.Бавуугарьд Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, миний биеийг нэр дэвшигчээр бүртгүүлгэхээр даалгаж өгөхийг хүссэн нэхэмэжлэл шүүхэд гаргажээ. Сонгуулийн хороо нэхэмжпэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.Бавуугарьд нь төрийн жинхэнэ албан хаагч гэдгээ хүлээн зөвшөөрч Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасны дагуу .... ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, ажлаас чөлөөлөгдсөн захирамжаа, 157 дугаар зүйлийн 157.2.7 заасны дагуу ... ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарын хамт нэр дэвшигчийн бүрдүүлэх бичиг баримтанд ирүүлсэн байна. Сонгуулийн хорооны гишүүд Б.Бавуугарьдын ирүүлсэн материалыг нягтлан шалгаж Сонгуулийн тухай хуулийн 158.1.2 дахь заалт буюу нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, 158.1.3 дахь заалт буюу нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалсан. Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан үндэслэл нь:
Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дэх заалтад заасан “гарын үсэг хуурамчаар үйлдэх”, 3.1.9 дэх заалт буюу “хуурч мэхлэх” гэсэн үйлдлийг гаргасан. Энэ үйлдэл нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Бавуугарьдын 2016 оны 03 сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү, мөн сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвших болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн 2 өргөдөл гаргасан байдаг. Энэ 2 өргөдлийг цаг хугацааны хувьд нэг өдөр гаргасан гэх боловч бичвэр болон гарын үсэг нь хоорондоо тохирохгүй байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 06- ны өдрийн 14А/61 тоотоор тогтоогдсон. Мөн нотариатаар батлуулсан 2 өргөдлийн он, сар, өдрийн дардас нь хоорондоо өөр /нэг нь зориулалтын штамаар огноо дарсан, нөгөө нь гараар бичсэн/, өрөгдлийн нотариатын бүртгэлийн дугаарууд нь №059, №2643 буюу хоорондоо 2584 зөрүүтэй, нотариатын 2016 оны 03 сарын 30-ны өдөр бүртгэсэн гэх №2643 дугаараар 2016 оны 09 сарын 01-ний өдөр Б.Бавуугарьдын иргэний үнэмлэхийг бүртгэсэн зэрэг нь илт хуурамч бичиг баримт болох нь харагдаж байна. Нөгөө талаар энэ үйлдэл Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт буюу нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар, өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтайдодорхой бичнэ, 26.4 дэх заалт буюу нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна, 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх заалт буюу үйлчлүүлэгч ... нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх гэсэн заалтуудыг мөн Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйл буюу Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах, 253 дугаар зүйл буюу нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх, 254 дүгээр зүйл буюу худал мэдүүлэг өгөх, 271 дүгээр зүйл буюу албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх гэсэн заалтуудыг санаатайгаар зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

    Шинжээч С.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан шинжээчийн дүгнэлтдээ: Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 045 дугаар шинжээчийн дүгнэлтэд 2016 оны дугаар сарын 30-ний өдөр нэхэмжлэгч Б.Бавуугарьдаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Э.Оюунчимэг танаа хүсэлт гаргах тухай хүсэлтийн өргөдөл гаргасан Б.Бавуугарьд гэх хэсэгт зурагдсан гарын үсэг нь Б.Бавуугарьдын гарын үсэг мөн гэжээ.

    Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, нарын тайлбарыг шинжлэн судлаад 
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бавуугарьдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1. Уг маргаан гарах болсон үйл баримтаас үзэхэд: Архангай аймгийн Эрдэнэбулган Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэхэмжлэгч Б.Бавуугарьд нь Ардчилсан намаас нэр дэвшиж 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр  Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн байна. /х.х-23-40/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа нэр дэвшигч нараас ирүүлсэн материалыг нягтлан үзээд нэхэмжлэгч Б.Бавуугарьдын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөгдөх талаар гаргасан хүсэлтэнд бичигдсэн гарын үсэг нь Б.Бавуугарьдын гарын үсэг биш гэж үзээд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албанд бичгийн хэв гарын үсгийн баталгаа тогтоолгохоор албан бичиг хүргүүлжээ. /х.х41-49/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 14А/61 дугаартай албан бичгээр Б.Бавуугарьдын гарын үсэгт хийсэн шинжилгээний хариуг үндэслэн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсгийн 157.2.7 дахь заалтыг үндэслэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 05 дугаар тогтоол гаргаснаар уг маргаан үүсчээ. /х.х 5, 63-66/, 

Маргаан бүхий захиргааны актыг /05 дугаар тогтоол/ хянаж үзэхэд: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.....” , 
Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. 

Учир нь: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.5 дахь хэсэгт “ ..., үндэслэлтэй, хуулийн хүрээнд” зааснаар сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчмийг зөрчжээ.

Түүнчлэн хуульд заасан үндэслэл, журмаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй зөвхөн албан бичгээр ирсэн хариу тайлбарт дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хавстаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо. /хх.63-66/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна, шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно, шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна, шинжилгээ хийхэд шаардлагатай харьцуулан шинжлэх хэв хэлбэр авах хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй байх тул Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 14А/61 дугаар албан бичгийг үнэлэх боломжгүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзлээ.  
Нэхэмжлэгч Б.Бавуугарьд нэр дэвшигчийн бүрдүүлсэн баримт бичиг нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7 дахь зааснаар ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг шалгахад бүрэн байсан гэж шүүх хуралдаанд хариуцагч тал тайлбарласан болохыг тэмдэглэв.  
    Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтыг зөрчсөн гэж шүүх хуралдааны үед хариуцагч талаас маргаж байгаа боловч маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 05 дугаар тогтоолдоо уг хуулийн заалтыг үндэслээгүй, хэрэглэх ёстой хуулийг заалтыг баримтлаагүй байх тул шүүх дээрхи хуулийн заалтыг зөрчсөн эсэхэд үнэлэх, дүгнэлт хийх боломжгүй.

    Түүнчлэн хариуцагч талаас нотариатч, шүүхийн шинжилгээний байгууллага, шинжээч, шүүх хууль бус ажиллагаа хийсэн гэж үзвэл эрүүгийн журмаар гомдол гаргах болон тухайн байгууллагын дээд шатны байгууллагад нь гомдол гаргах эрхтэйг дурдав.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсгийн 106.3.1, 106.3.4, 107 дугаар 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:
1. Сонгуулийн тухай хуулийн 5 дуаар зүйлийн 5.1.5, 34 дүгээр зүйлийн 34.1.8, 157 дугаар зүйлийн 157.1, 157.2 дах хэсэгт заасныг баримтлан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Б.Бавуугарьдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооноос 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бавуугарьдад олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА