| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/00372/И |
| Дугаар | 191/ШШ2025/05714 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/05714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, дугаар байранд оршин байрлах, ******* ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , тоотод оршин суух, Харчин овогт ийн ******* /рд:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч С.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэрэгэ Системс ХХК-д С.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны хооронд Төслийн удирдагч, бизнес хөгжлийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан. С.******* нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр компаниас 20,000,000 төгрөгийг зээлж, өөрийн худалдаа хөгждийн банкны ******* тоот дансаараа дээрх мөнгийг шилжүүлэн авсан. Зээл авсанаас хойш зээлээ огт төлөөгүй бөгөөд төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад хоног хугацаа зааж, шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Уг мөнгийг манай компани ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор сууршилтай ажиллуулах зорилгоор хүүгүйгээр зээлсэн боловч, бидний итгэлийг эвдэж зээлээ эргэн төлөхгүй өдийг хүрсэн.
Иймд С.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2007 оноос эхлэн ******* группын харьяа ******* ХХК-д төслийн ажилтан, зохицуулагчаар цаашлаад /компанийн нэр нь өөрчлөгдөөд Ай Ти Зон ХХК-д/ бизнес хөгжлийн менежер албан тушаалыг хашин тасралтгүй 10 гаруй жилийн тогтвор суурьшилтай амжилттай карьейрыг бүтээгээд ажиллаж байсан билээ.
Эрхэм хадагтай ******* захирлыг өмнө нь ******* группын харьяа Интерпресс хэвлэлийн компанийн удирдлагын багт ажилладаг байхаас таньдаг байсан. Ингээд 2018 оны 11 сарын 02-ны өдөр ******* /тухайн үед Гэрэгэ Системс ХХК-н ТУЗ-н дарга, зөвлөх байсан/ захирлын урилга, менежментийн багт оруулна менежментийн багийнхандаа урамшуулал олгох амлалтын дагуу өөрийн 10 гаруй жилийн тогтвор суурьшилтай карейрыг орхин Гэрэгэ Системс ХХК-д компанийн удирдлагын багт орж, төслийн менежерээр цаашлаад бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажилласан. Ингээд ажиллах хугацаанд Гэрэгэ Системс ХХК нь сард 1 удаа хөдөлмөрийн хөлсийг олгох дотоод дүрмийг зөрчин хэдэн сараар цалинг хоцроох, амьжиргааны анхан шатны зардал болох хоол унаа тээвэр, банкны зээл төлөх боломжгүй хүнд байдалд удаа дараа ажилтнуудыг оруулдаг байсан. Мөн ажилтнуудын нийгмийн даатгалын төлбөрийг төлөөгүй нөхцөл байдал тухайн үед үүссэн байсныг миний бие амьжиргаагаа залгуулахын тулд цалингийн зээл хөөцөлдөж материал бүрдүүлж байхдаа мэдэж байсан.
Ингээд ажиллаж байх хугацаанд ******* /ТУЗ-н дарга/, Ц.******* /Гүйцэтгэх захирал/ нарыг түр ажлаар Америк явсан хойгуур гүйцэтгэх захирлын гарын үсгийг түр орлох эрхийг авсан Санхүү хариуцсан захирал О.******* нь миний биеийг ажлаас халах тушаал гарган "Менежментийн багт олгох урамшууллаа авсан" гэх шалтгаанаар албан тушаалаа урвуулан ашиглан миний биеийг ажлаас халсан ба тухайн үеийн удирдлагуудад компанийн санхүүгийн нөхцөл байдалд хэмнэлттэй гэж танилцуулан намайг халж миний сэтгэл санаа, эдийн засагт гэнэтийн хүндрэл хохирлыг учруулсан учраас миний бие дээрх нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 20,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт аваагүй, харин надад урамшуулал болгож өгсөн. Иймд урамшуулал болгож өгсөн цалинг буцаан төлөх үндэслэлгүй. Зээлийн гэрээний үүрэг гэж шаардаж байгаа бол үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, дансны хуулга, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны дугаар сарын 04-ний өдрийн 9606 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, анкет, ажилд орох өргөдөл, тойрох хуудас,
3.2 хариуцагчаас гаргасан ирээдүйд хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, хөдөлмөрийн гэрээ, нууцлал ба оюуны өмчийн эрхийн гэрээ, Гэрэгэ Системс ХХК-ийн захирлын тушаал, хавсралт,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С.******* нь манай компанид ажиллаж байх хугацаандаа 2019 оны 05 сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөг зээлж авсан. Уг мөнгийг буцалтгүй тусламж, урамшуулал хэлбэрээр олгоогүй. Зээлийн гэрээний дагуу олгосон ба зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул гаргуулна гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Би компаниас 20,000,000 төгрөгийг зээлж аваагүй. Надад урамшуулал болгож өгсөн. Урамшуулал цалинд өгсөн мөнгийг буцаан төлөхгүй. Мөн уг мөнгийг буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарлаж маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
Хариуцагч С.******* нь ******* ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл төслийн менежер албан тушаалд ажилласан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Уг үйл баримт нь хөдөлмөрийн гэрээ, нууцлал ба оюуны өмчийн эрхийн гэрээ, тойрох хуудас зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 404230754 тоот данснаас 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг ******* зээл гэх гүйлгээгээр хариуцагч С.*******д шилжүүлсэн байна. Хариуцагч С.******* уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй.
4. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх журамтай. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгөө буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хариуцагч С.******* нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй боловч уг мөнгөн хөрөнгийг зээлийн зориулалтаар биш ажил олгогчоос урамшуулал цалингийн зориулалтаар өгсөн, уг мөнгийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.
Нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг шаардаж байх тул энэ хүрээнд шүүх дүгнэлт хийх нь зүйтэй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус заасан. Зээлийн гэрээний үүрэг шаардахад хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст С.*******д холбогдуулан 2024 оны 11 дүгээр сард ...20,000,000 төгрөг зээлсэн боловч өгөхгүй байна гэх гомдлыг гаргасан болохоо шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Уг гомдлыг шалгаад Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны дугаар сарын 04-ний өдрийн 9606 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргахаас өмнө хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан талаарх баримтаа хэрэгт гаргаагүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...С.*******тэй утсаар холбогдож зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.
2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр олгосон зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байна.
Иймд хариуцагч С.*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******д холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн0 дугаар зүйлийн0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ