Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/03

 

 

 

      Ж.Бт холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Г,

Нарийн бичгийн дарга: Д.У нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Бт холбогдох 2338000000390 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хариад овогт Жгийн Б, …. оны …. дугаар сарын ….-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн .... дүгээр байр, ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............/.

Ж.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн хашаанд хохирогч Б.Бтэй цалингийн асуудлаас болж маргалдан нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, биед нь зүүн дээд 1-р үүдэн шүдэнд булгаралт, үүдэн шүдэнд сулрал, уруулд язралт, зүүн хацарт няцралт зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолоор  Хариад овогт Жгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жгийн Быг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ж.Быг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 2 (хоёр) сарын хугацаагаар хязгаарлаж, шүүгдэгч Ж.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: “1. ...Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох тохиолдлуудыг хуульчилж өгсөн ба шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Бийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б” ХХК дээр очиж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан агсам согтуу тавьж, бусдыг хэл амаар доромжилж хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэм хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Гэтэл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлж байгаа нь Ж.Бын өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа нэг хэлбэр учир хуульд заасан шүүгдэгчид ашигтай заалтыг хэрэглэх үндэслэлтэй, зорчих эрхийг хязгаарлах ял шүүхээс оногдуулж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна.

2.Шийтгэх тогтоолд шүүгдэгч Ж.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн дүгнэлтийг тодорхойлон гаргасан өмгөөлөгч миний саналыг огт дурьдаагүй, өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн талаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж шийдвэрлүүлэх саналыг тус хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хуулийн хүрээнд шүүхэд гаргасан атал дээрх саналын алийг нь ч хүлээн аваагүй. Шүүх дээрх заалтуудыг хэрэглэх боломжгүй гэдгээ ямар баримтаар хэрхэн няцаасан үндэслэлээ тайлбарлаагүй нь уг шийтгэх тогтоол хэлбэрийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 .7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг журамлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн хашаанд хохирогч Б.Бтэй цалингийн асуудлаар маргалдан улмаар хохирогчийн нүүрэн тус газар  гараараа 2 удаа цохиж, биед нь зүүн дээд 1-р үүдэн шүдэнд булгаралт, үүдэн шүдэнд сулрал, уруулд язралт, зүүн хацарт няцралт, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Ж.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх  дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг  зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан  гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан  нь дээрх зарчмуудад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан ялаас ямар төрөл, хэмжээний ял сонгон оногдуулах нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг  буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хувьд:

1.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, нөхцлийг хүндрүүлсэн, эсхүл гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүйн улмаас хилсээр ял шийтгэсэн зэрэг үр дагаварт хүргэсэн, хуулиар олгогдсон  эрхийг хассан, хязгаарласан зөрчлийг ойлгох бөгөөд ийм зөрчил тогтоогдохгүй байна.

2.Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага” зэргийг харгалзан үзсэн талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлага  ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч өмгөөлөгч Б.Гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

        ШҮҮГЧИД                                  Н.БАЯРХҮҮ

                                                         Б.СОСОРБАРАМ