Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0688

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А*******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Ч*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э******* /ШТЭҮ:*******/

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар нарын хоорондын гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ч******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газзрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай “Гэрээ цуцлах шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. “А*******” ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай 2022 оны 01 сарын 03-ны өдөр “Х,” ОНӨТҮГ-ын барилгын зураг төсөв боловсруулах, “Шар хагтын аманд сувиллын барилга, гадна тохижилтын зураг төсөв боловсруулах, зөвлөх үйлчилгээ”-ний ЧДХААА-ЗҮ-, ЧДХААА-ЗҮ- дугаартай гэрээг тус бүр 61,643,450 төгрөг буюу нийт 123,286,900 төгрөгийн гэрээг тус тус байгуулсан.

Улмаар хариуцагчаас зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын гэрээг удаа дараа сунгуулж хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгуулсан боловч өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн гэрээнүүдийг цуцалж, Чингэлтэй дүүргийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “А*******” ХХК-нд мэдэгджээ.

3. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь ЧДХААА ДТХ-ЗҮ- дугаартай “Х,” ОНӨТҮГ-ын барилгын зураг төсөв боловсруулах, “Шар хагтын аманд”-ын барилга, гадна тохижилтын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцож шалгаран, ЧДХААА ДТХ-ЗҮ-, ЧДХААА ДТХ-ЗҮ- дугаартай гэрээг тус бүр 61,643,450 төгрөг, нийт 123,286,900 төгрөгийн гэрээг байгуулсан.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 сарын 26-ны өдрийн ******* дугаартай “Гэрээ цуцлах тухай” шийдвэрт манай компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн ба захиалагчаас шилжүүлсэн 80,136,484 төгрөгтэй дүйцэх хэмжээний зураг төслийн ажлыг хийж гүйцэтгээд байгаа бөгөөд гэрээний хэрэгжилт үргэлжлэхгүй зогссон шалтгаан нь захиалагч Чингэлтэй дүүргийн Тамгын газраас хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой.

          Өөрөөр хэлбэл, Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахад шаардлагатай баримт бичгүүд, барилга баригдах газрын эзэмших эрхийн захирамж зэргийг өнөөдрийг хүртэл захиалагчаас гаргаж өгөөгүй байна. Газрын захирамж, Архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр зураг төсөл гүйцэтгэх, батлуулах боломжгүй байдаг.

Түүнчлэн, талуудын байгуулсан ЧДХААА ДТХ-ЗҮ-, ЧДХААА ДТХ-ЗҮ- дугаартай гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу Гэрээний тусгай нөхцөлийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан гэрээний үүрэг, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үүргээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар биелүүлээгүй, гэрээг цуцлах нөхцөл журам нь үндэслэлгүй, шударга бус байна.

          Энэхүү нэхэмжлэлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу шүүхэд гаргаж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 сарын 26-ны өдрийн ******* дугаартай “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Талууд эвлэрэх асуудлаар 2-3 удаа уулзалдсан. Эдгээр уулзалтуудаар тодорхой хэмжээнд тохиролцоонд хүрсэн боловч эвлэрлийн гэрээ байгуулах хэмжээнд хэлэлцэж тохирсонгүй. Гэхдээ талууд маргаанаа дахин шинэ акт гартал 6 сарын хугацаанд түдгэлзүүлэх байдлаар шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг 2 тал илэрхийлж байна.

Учир нь дүүрэг 2025 оны 12 дугаар сард 2026 оны төсвийг батлахтай холбоотойгоор нэхэмжлэгчийн зураг төслийн ажлын төсвийг 2026 оны төсөвт суулгах эсвэл өөр зураг төслийн ажил гүйцэтгүүлэх байдлаар нэхэмжлэгчийн ажлын хөлсийг төлөх боломжтой байгаа юм байна.

Иймд “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтын дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг 6 сарын хугацаанд дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” ******* дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газартай “Х, ОНӨТҮГ-ын барилгын зураг төсөв боловсруулах” ЧДХААА ДТХ-ЗҮ- дугаартай гэрээ, “Шар хагтын аманд сувиллын барилга, гадна тохижилтын зураг төсөв боловсруулах” ЧДХААА-ЗҮ- дугаартай гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулан гэрээнд заасан хуваарийн дагуу санхүүжилтийг олгосон.

Дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зураг төслийн ажлын хүрээнд Архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох мэргэжлийн байгууллагаар батлуулаагүйгээр захиалагч Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч байгууллагын дансанд шилжүүлсэн нийт 80,136,484 төгрөгийг олгосон байдаг. Дээрх санхүүжилтийг захиалагч талаас холбогдох шүүхэд хандаж нэхэмжлэхээр бэлтгэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 сарын 26-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” ******* дугаартай шийдвэр нь хуулийн хүрээнд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд даарах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч талтай дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга эвлэрэх саналтай уулзалтыг 2 удаа зохион байгуулсан. Дээрх уулзалтын хүрээнд орон нутгийн төсвийн тодотгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд тус тодотголоор нэмэлтээр барилга, зураг зүйн зургууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан бодит байдалд хэрэгжих боломжтой нөхцөл байдлыг харгалзан үзэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчгүйгээр хүсэлтийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна” гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар “Гэрээ цуцлах тухай” албан бичгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар “Гэрээ цуцлах тухай” албан бичгээр” А*******” ХХК-нд … танай компанитай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Х,” ОНӨТҮГ-ын барилгын зураг төсөв боловсруулах, “Шар хагтын аманд”-ын барилга, гадна тохижилтын зураг төсөл боловсруулах зөвлөх үйүлчилгээний ЧДХААА ДТХ-ЗҮ-, ЧДХААА ДТХ-ЗҮ- дугаартай гэрээг тус бүр 61,643,450 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин гурван мянга дөрвөн зуун тавь) төгрөгийн нийт 123,286,900 (нэг зуун хорин гурван сая хоёр зуун наян зургаан мянга есөн зуу) төгрөгийн гэрээг тус тус байгуулсан. Гэрээт ажлын үнийн дүнгийн тус бүр 65 хувийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ дүгнэх маягтаар явцын санхүүжилт 40,068,242 (дөчин сая жаран найман мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг тус тус нийт 80,136,484 (наян сая нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөгийг “А*******” ХХК-ийн Төрийн банкин дахь тоот дансанд шилжүүлсэн. Зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг удаа дараа сунгуулж хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 01-нйи өдрийг хүртэл сунгуулсан боловч өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд “А*******” ХХК-тай байгуулсан ЧДХААА Д, ЧДХААА Д дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээг цуцлах болсон тул тус компанийн дансанд захиалагч дүүргийн Засаг даргын Тамгын газраас шилжүүлсэн 80,136,484 (наян сая нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөгийг яаралтай эгүүлэн төлөхийг мэдэгдье гэжээ.

2. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 0622 “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар нэхэмжлэгч “А*******” ХХК-аас Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар “Гэрээ цуцлах тухай” албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0163 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ … Захиалагчаас шилжүүлсэн 80,136,484 төгрөгтэй дүйцэх хэмжээний зураг төслийн ажлыг хийж гүйцэтгээд байгаа бөгөөд гэрээний хэрэгжилт үргэлжлэхгүй зогссон шалтгаан нь Чингэлтэй дүүргийн Тамгын газраас хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой, … Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахад шаардлагатай баримт бичгүүд, барилга баригдах газрын эзэмших эрхийн захирамж зэргийг өнөөдрийг хүртэл захиалагчаас гаргаж өгөөгүй тул зураг төсөл гүйцэтгэх, батлуулах боломжгүй байдаг, … гэрээ цуцлах тухай шийдвэрийг үзвэл гэрээнээс татгалзаж байгаа агуулгатай байна, … гэрээний үүрэг биелэгдэхгүй хойшилж, удааширч байгаа шалтгаан нь захиалагч талын үүрэг биелэгдээгүй байгаатай холбоотой тул гэрээнээс ийнхүү татгалзах нь хуульд нийцэхгүй байна. Энэхүү нөхцөл байдал нь манай компанийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үлдэгдэл төлбөрөө авах, өөрийн буруугүй шалтгаанаар гэрээний төлбөрийг буцаахаас татгалзах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж, хариуцагчаас … гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зураг төслийн ажлын хүрээнд Архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох мэргэжлийн байгууллагаар батлуулаагүйгээр Захиалагч Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч байгууллагын дансанд шилжүүлсэн нийт 80,136,484 төгрөгийг олгосон байдаг. Дээрх гэрээний санхүүжилтийг захиалагч талаас холбогдох шүүхэд нэхэмжлэхээр бэлтгэж байна, … нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргасан.

4. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд маргаан бүхий  албан бичигт дурдсан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ЧДХААА ДТХ-ЗҮ- дугаар “Х, ОНӨТҮГ-ын барилгын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ” ажлын гэрээ, ЧДХААА ДТХ-ЗҮ- дугаар “Шар хагтын аманд сувиллын барилга, гадна тохижилтын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ” ажлын гэрээ тус тус байгуулагджээ.

5. Хавтаст хэрэгт цугларсан баримтууд болон хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч “А*******” ХХК-ийг маргаан бүхий албан бичигт … гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлах боловч бодит байдал дээр нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хэрхэн биелүүлээгүй, хэрэв биелүүлээгүй гэж үзсэн бол гэрээний аль талаас үүссэн ямар шалтгаанаар биелүүлэх боломжгүй болсон болон бусад нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн судлан тогтоогоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

6. Тухайлбал, нэхэмжлэгч “А*******” ХХК нь дээрх гэрээгээр хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын  “Х, ОНӨТҮГ-ын барилгын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ”, “Шар хагтын аманд сувиллын барилга, гадна тохижилтын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ” ажлын гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дотор ашиглалтад оруулахаар тохиролцсон байх боловч хариуцагчийн зүгээс тухайн зураг төсвийн дагуу амралт, сувиллын газрын барилга байгууламж барих газрын эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох байгууллагуудаас авах техникийн нөхцөлүүд, Архитектур төлөвлөлтийн даалгавар зэргийг нэхэмжлэгчид бүрдүүлж, хүлээлгэн өгөөгүйгээс зураг төсөл гүйцэтгэх, батлуулах боломжгүй байдал үүссэн, нэхэмжлэгчээс энэ талаар хариуцагчид хандан удаа дараа хүсэлт гаргаж байсан болох нь тус тус тогтоогдож байна.

7. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж тус тус заасан.

8. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн зүгээс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22/86 тоот, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22/108 тоот, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 22/1275 тоот Гэрээний хугацаа сунгуулах хүсэлт, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/657 тоот Санхүүжилт хүсэх тухай албан бичиг, Дунд хугацааны тайлан, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23/403 дугаар Хариу тайлбар хүргүүлэх албан бичиг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/930 тоотоор тус тус хандаж байсан баримтууд, нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн боловсруулсан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 18-р хороо, 50 ортой сувиллын барилгын нийт 24 хуудас загвар зураг авагдсан байхад хариуцагч нь эдгээр баримтуудыг тодруулахгүйгээр, гэрээний явцад гүйцэтгэгч компаниас явцын тайлан авах, хүсэлтүүдийг хүлээн авсан эсэх, хариу өгсөн эсэх талаар холбогдох ажилтнаас тодруулах, тайлбар авах, гэрээг дүгнэх зэрэг тодорхой ажиллагаануудыг хийх боломжтой байхад хийхгүйгээр Гэрээ цуцлах тухай албан

бичиг гаргасан нь хуульд нийцээгүй байна.

9. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шүүхээс нөхөн тогтоох боломжгүй буюу шүүхийн шинжлэн судлах цар хүрээнд хамаарахгүй асуудал байх тул нөхцөл байдлыг хариуцагч өөрөө зайлшгүй тодруулах шаардлагатай үндэслэлээр хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар Гэрээ цуцлах тухай албан бичгийн эрх зүйн үйлчлэлийг цаашид хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

10. Хариуцагч нь шүүхээс тогтоосон асуудлуудыг дахин нягтлан үзэж, шүүхээс өгсөн дээрх хугацааны дотор дахин шинэ акт гаргах, шүүхээс тогтоосон дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар Гэрээ цуцлах тухай албан бичиг хүчингүй болох болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар Гэрээ цуцлах тухай албан бичгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сар хүртэл хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар Гэрээ цуцлах тухай албан бичгийг хүчингүй болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны

 

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.НЯМДЭЛГЭР