| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2021/00285/и |
| Дугаар | 81 |
| Огноо | 2021-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 81
“Г банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Д.Бд холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00464 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Г банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Бд холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 703.521.27 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,
Хариуцагч Д.Бы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил, хариуцагч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч “Г банк” ХХК-ийн Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Дын Б, Дын Б нар нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Г банктай ЗГ4025103082 тоот Зээл болон Барьцааны гэрээ байгуулан 690.000 төгрөгийн ахуйн хэрэглээний зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй авсан болно. ЗГ4025103082 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож зээлдэгч нар нь өөрийн цалингийн орлого болон ELKO SM 2-33 маркийн хөргөгчийг барьцаалсан. Зээлдэгч Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нас барсны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байна. ЗГ4025103082 дугаар зээлийн гэрээний төлбөр 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар: Үндсэн төлбөр 472.560.40, хүүний төлбөр 208.154.44, нэмэгдүүлсэн хүү 22.806.43, хугацаа хэтэрсэн хоног 976 хоног, нийт 703.521.27 төгрөг. Иймд ЗГ4025103082 дугаар зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл үүсч ЗГ4025103082 дугаар зээлийн гэрээний 3.1.7-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, 4.3-д заасны дагуу Г банк ХХК уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг цалингийн орлого болон барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, зээлийн болон барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн ЗГ4025103082 дугаар зээлийн гэрээний төлбөр 703.521.27 төгрөгийг Д.Баас гаргуулан Г банканд олгож өгнө үү. ЗГ4025103082 тоот зээл болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗГ4025103082 дугаар гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Г банкны Орхон салбарын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Тус банк талийгаач дүүг минь /Д.Б/ бурхан болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацааны туршид иргэн Д.Б надад холбогдуулан 2018 оноос хойш шүүхэд дуудуулж нэхэмжлэл гаргасаар байгааг огт ойлгохгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнөх хугацаанд энэ асуудлаа нэхэмжилсэн гэж ойлгож байгаа бөгөөд түүнийг нь шүүх ёсоор шийдсээр байгаа. Энэ банкны салбарын нөхдүүд нэр хүндэд халдаад зогсоогүй, цаашид амьдрах орчин нөхцөлд маш том саад хориг учруулсан. 3 жилийн туршид муу зээлдэгч болгон банк санхүүгийн мэдээллийн санд оруулсан байна. Би 100 төгрөгийг хаанаас ч зээлдэх эрхгүй болсон. Гэсэн атлаа Д.Бд маргаан үүсгээд явдаг. Төлбөр төлөгч болохыг тогтоолгоогүй. Энэ банкны нэхэмжлэлд холбогдуулан банкны хууль, иргэний хуульд нийцүүлэн өчнөөн хариулт өгч болохоор байх боловч энэ 3 жилийн хугацаанд миний эрхэд халдан үндэслэлгүйгээр, нотолгоогүйгээр үндсэн хуулиар олгогдсон язгуур эрхүүдэд минь халдсаар байна. Энэ нэхэмжлэлийг харахад төлбөр төлүүлэх, хөрөнгө гаргуулах тухай шаарджээ. Миний бие энэ банкаар дамжуулан өөрийн хүсэл зоригийн дагуу ямар ч зээл, хөрөнгө авч байгаагүй болно. Тиймээс Г банкаар нэхэмжлэгдэх, хариуцагч болон шүүхэд дуудагдсаар байгааг хууль үндэслэлгүй гэж үзнэ. Хаана яг ямар хууль, зүйлийн заалтыг үндэслэн хүүний төлбөр, бүр нэмэгдүүлсэн хүү гэх зэргийг үүсгээд байгаа нь тодорхойгүй. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй аливаа эрх зүйн харилцааны дуусгавар болж буй үндэслэл нь тухайн харилцаанд орсон этгээд нас барснаар дуусаж байдаг хуулиуд маш олон байна. Ямар ч ёс суртахуунгүй болох нь нас барсан хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа байдлаар илэрч байна. Надад зээл олгоогүй байж зээлийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс энэ нэхэмжлэлийг хүчингүй болгон зөрчигдсөөр байгаа эрхийг минь хамгаалж өгөхийг хүсье. Миний бие Г банканд итгэн мөнгө хадгалуулсан, мөнгөн харилцаанд орж байгаа иргэдийн эрх, ашгийг огт зөрчөөгүй болно гэв.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00464 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Баас зээлийн үндсэн төлбөр 472 560.40 төгрөг, хүүний төлбөр 208 154.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 22 806.43 төгрөг, нийт 703 521.27 /долоон зуун гурван мянга таван зуун хорин нэгэн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 434.54 /хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин дөрвөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 21 434.54 /хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин дөрвөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-ний Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Б давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00464 дугаар шийдвэрийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардан авч хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүх Г банкны салбараас хариуцагч гэгдээд байгаа Д.Б миний бие бодитоор хэзээ хаанаас ямар шугамаар ямар тоот дансанд зээл авч хэрэглэсэн эсэхийг үнэн мөнөөр бодитоор тунгаан харж чадаагүй. Миний бие г банкны салбарын гаргаж байгаа нэхэмжлэлийг шууд хуулийн заалт, гэрээ гэгдэж байгаа зүйлийг ашигласан дээрэм гэж үзэж байгаа. Монгол улсын аль ч хууль тогтоомж өр өвлөн авдаг хуулийн зохицуулалт байдаггүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэн тэргүүнд хариуцагч г банкны зээлдэгчээс ямар өв хөрөнгө, мөнгө өвлөн авсан байна вэ гэдгийг сайтар нягтлан шаардлагатай байсан. Харин миний бие талийгаач дүүгээс өнчин үлдсэн 10 настай охинг нь асран өөртөө авснаас өөр зүйлгүй байдаг. Гэвч холбогдуулан шийдсэн шийдвэртээ өв залгамжлалын тухай дурдаагүй. Түүнчлэн тэр нөхцөл байдлыг харгалзан үзээгүй болно. Тэр бүү хэл шийдвэрт ч тусгагдаагүй. Шүүх гэрээнээс чухал асуудлыг харах ёстой байсан гэж үзэж байна. Г банк нэхэмжлэлдээ 703,521.27 төгрөг болон барьцаа хөрөнгөөр хангуулах тухай тусгасан. Шүүх огт энэ зүйлд анхаарч чадаагүйгээр хэргийг шийдсэн. Үнэнд илүү ойртуулсан шийдвэр нь банкны нэхээд байгаа барьцаа хөрөнгө байлаа. Банкнаас мөнгө төгрөг гэрээлж авсан юм уу эд зүйл юм уу гэдгийг ялгах нь зүйтэй байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх ажилтан миний хувийн амьдрах нөхцөл бололцоонд тун хүндээр халдсан. Өөрөөр хэлбэл өнөөгийн байдлаар ямар ч банканд хандах зээл болон бусад зээлийн шугамаар авч болох бүх эрхийг минь хязгаарласан. Банкны нөхдүүдэд тун их гомдолтой байдаг би. Дүүгээ алдан харуусч явахад эрээ цээргүйгээр хоног ч дуусаагүй байхад шүүхэд дуудуулж шүүх хурлууд дээр худал тайлбар өгч миний нэрийг сэвтээж байгаатай хэзээ ч эвлэрч таарахгүй. Шүүх маргааны үнэн мөнд, бодит үйлдэлд, шударгаар хандаагүйгээр хэргийг шийдсэн. Миний бие г банкнаас зээл хүсээгүй, тэр банкаар дамжуулан юу ч аваагүй. Шүүхийн шийдвэрт тусгагдсан тэмдэгтийн хураамжийг миний төлөхөөр гарч байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхэд шилжүүлж байгаа ажиллагаа нь тухайн банкны хариуцлагын ажил байхад хийх гэж ажлын зардлыг гаргуулж байгаа шударга бус хууль бус үйлдэл. Энэ маргааны хувьд олон олон үнэн дүйцэх шийдвэрийг анхан шатны шүүх гаргаж болохоор байхад аль үндэслэлгүй, хэрэгт холбогдсон иргэний эрх зүйн байдлыг дордуулсан, шударга ёсонд үл нийцэх шийдвэрийг гаргасан гэж миний бие үзэж байна. Банктай шууд хамаарал бүхийгээр өөрийн хүсэл зоригийн дагуу банканд хандаагүй атал зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг надад хариуцуулсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Ер нь энэ банк яг яаж хохирсон бэ гэдгийг ч тогтоон харах нь илүүдэхгүй. Монголд битгий хэл дэлхийд байхгүй зээл, зээлийн хүүгийн бодлоготой хэдэн мянган иргэдээс өндөр хүү авдаг. Бид их хохирол учруулсан гэж үзэхгүй байна. Тийм л хэрэгтэй юм бол тэр үед авсан хөргөгч эд зүйлийг нь тэр гэрээний дагуу олж өгөхөд хохиролгүй болох бус уу. Иймд уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хууль ёсны дагуу шийдвэрлэн өгч Г банкны өрийн дарамтаас чөлөөлж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.
ХЯНАВАЛ :
Нэхэмжлэгч Г банк ХХК-ний Орхон салбар нь хариуцагч Д.Бд холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг нийт 703. 521.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг хариуцагч Д.Баас зээлийн үндсэн төлбөр 472. 560.40 төгрөг, хүүний төлбөр 208 .154.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 22. 806.43 төгрөг, нийт 703 521.27 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Зохигчдын хооронд 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ЗГ4025103082 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 690.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зээл авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр гэрээ байх ба зээлдэгч Д.Б 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ4025103082 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцах үндэслэлтэй байна .
Хамтран зээлдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 04 ний өдөр нас барсан ба үүнээс хойш зээл төлөгдөөгүй, харин давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж үндсэн зээл 472.560.40 төгрөгийг зээлдэгч Д.Баар төлүүлж, зээлийн хүү 208.154.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.806.43 төгрөг, нийт 230.960 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй болно.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Д.Бы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21.434 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00464 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Баас зээлийн үндсэн төлбөр 472 560.40 төгрөг, хүүний төлбөр 208 154.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 22 806.43 төгрөг, нийт 703 521.27 /долоон зуун гурван мянга таван зуун хорин нэгэн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Д.Баас зээлийн үндсэн төлбөр 472.560.40 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 230.960.87 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.434.54 /хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин дөрвөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 21.434.54 /хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин дөрвөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-ний Орхон салбарт олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.434.54 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 14.810 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-ний Орхон салбарт олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Д.Бы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21.434 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР