2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/06001

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,, тоотод оршин суух, *******гийн ******* /рд*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,, тоотод оршин суух, *******гийн ******* /рд:*******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.*******, хариуцагч Г.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Г.*******ад 20,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Уг мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Г.******* нь надаас авсан 20,000,000 төгрөгийг 25,000,000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон. Г.******* нь тохирсон хугацаанд мөнгөө төлөөгүй ба 4,000,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй. Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Иймд Г.*******аас зээлийн үлдэгдэл төлбөр 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ё.*******аас 10,000,000 төгрөгийг зээлийн хэлбэрээр бэлнээр авсан. Үүнээс 500,000 төгрөгийг дансаар, 9,500,000 төгрөгийгд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас Ё.******* данснаасаа бэлнээр авч өгсөн болно. Уг мөнгөнөөс 4,000,000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн ба одоо үлдэгдэл 6,000,000 төгрөгийг төлнө. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн мөнгө авсан баримтыг би өөрөө бичсэн нь үнэн боловч уг баримтыг Ё.******* нь хүчээр бичүүлсэн. Би итгээд уг баримтад 20,000,000 төгрөг хүлээн авлаа, 25,000,000 төгрөг болгож өгнө гэж бичиж өгсөн юм.

Мөн энэхүү хэрэгтэй холбогдуулан Баянгол дүүргийн прокурор бид хоёрыг нүүрэлдүүлсэн. Энэ үеэр Ё.******* нь мөнгө бэлнээр гэртээ өгсөн гэж, мөн 4,000,000 төгрөг төлсөн байхад огт мөнгө буцааж аваагүй гэж зөрүүтэй мэдүүлсэн. Иймд Ё.******* нь зөрүүтэй мэдүүлэг өгдөг, худлаа гүтгэдэг, шударга бус, бодит бус нөхцөл байдалд үндэслэж буйг илтгэж байна. Иймд нэхэмжлэлээс 6,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан мөнгө авсан баримт, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1005 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 30ё2-3/2048 тоот албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 30Г2-3/2070 тоот албан бичиг,

3.2 хариуцагчаас гаргасан дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч Г.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 6,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг зээлдүүлж, хүү болон алдангид тооцон 25,000,000 төгрөг болгож буцааж өгөхөөр тохирсон. Зээл авсанаас хойш 4,000,000 төгрөгийг төлж, үлдэх мөнгийг төлөөгүй байна. Иймд үлдэгдэл 21,000,000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн мөнгө авсан баримтыг хүчээр, итгэл үзүүлсний дагуу бичүүлсэн. Би бодитоор 10,000,000 төгрөг авсан. Үүнээс 4,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 6,000,000 төгрөгийг төлнө гэж тус тус тайлбарлаж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Хариуцагч Г.******* нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөнгө авсан гэх баримтыг өөрийн гараар бичиж өгсөн болохоо тайлбарласан. Уг баримтад ...******* овогтой ******* ******* би рд******* дугаартай ******* овогтой *******аас 2019.05.31-ний өдрөөс 2019 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл 20,000,000 төгрөг зээлж авлаа. Авсан мөнгөө буцааж өгөхдөө 25,000,000 төгрөг болгож өгнө. Мөнгө авсан Г.*******, 20,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн Ё.*******, 20,000,000 төгрөг хүлээн авсан Г.******* гэжээ.

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1005 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Ё.*******аас Г.*******ад холбогдуулан гаргасан 20,000,000 төгрөг аваад 25,000,000 төгрөг болгож өгнө гэж баримт үйлдээд мөнгө аваад өгөхгүй залилсан гэх гомдлыг залилах гэмт хэргийн шинжгүй, зээлийн хэлцэлтэй холбоотой иргэний журмаар шийдвэрлэх иргэд хоорондын маргаан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Уг тогтоолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.*******аас ...Би Ё.*******аас 2019 оны 05 дугаар сарын сүүлээр 10 сая төгрөг зээлэхээс өмнө Ё.*******тай холбогдож Азийн хөгжлийн банкнаас зургийн тендер зарласан байна гэж хэлсэн. Тэгсэн Ё.******* надад зургийн компани байна гэхээр нь уг тендертэй холбоотой мэдээллийг Ё.******* руу явуулаад энэ тендерүүд боломжийн үнийн саналтай орвол шалгарах боломжтой юм байна. Бусад компаниуд мэдээлэл муутай байх шиг байна гэж хэлсэн. Ё.******* 3-4 компани тендерт оролцоод 2 компани дараагийн шатандаа тэнцсэн гэхээр нь би цаашаагаа тэнцчих байх гэж бодоод Ё.*******аас 10 сая төгрөг түрдээ зээлж аваад хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт өгсөн. Би одоогийн байдлаар 4 сая төгрөг бэлнээр төлсөн гэж мэдүүлжээ.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

Хариуцагч Г.******* нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөнгө авсан гэх баримтыг өөрийн гараар бичиж өгсөн үйл баримтад маргаагүй. Харин уг баримтыг хүч хэрэглэж бичүүлсэн, мөнгө авахын тулд итгэж бичиж өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Ё.*******аас 2019 оны 05 дугаар сард мөнгөн хөрөнгийг бэлнээр зээлдэж авсан үйл баримтад маргахгүй боловч зээлийн хэмжээг 20,000,000 төгрөг байгаагүй, 10,000,000 төгрөгийг зээлдэж авсан гэж маргах боловч уг үйл баримт нь баримтаар тогтоогдохгүй байна.

Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн хүсэл зоригоо илэрхийлэн аливаа баримтад гарын үсэг зурах, баримт үйлдэж өгөхөөс татгалзах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой ба хариуцагч Г.******* нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөнгө авсан гэх баримтын үр дагаврыг хариуцахаар байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан. Мөнгө авсан баримтад ...20,000,000 төгрөгийг 25,000,000 төгрөг болгож буцааж өгнө гэж тусгасан нь талууд зээлийн хүүгийн хэмжээний хязгаарыг 5,000,000 төгрөгөөр тохирсон байна.

Хариуцагч Г.******* нь зээлийн төлбөрөөс 4,000,000 төгрөгийг бэлнээр буцаан төлсөн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан.

 

Иймд зээлдэгч Г.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс 4,000,000 төгрөгийг төлж, үлдэх 21,000,000 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 262,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******аас 21,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 262,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ