| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03558/И |
| Дугаар | 191/ШШ2025/06142 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/06142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, тоотод оршин суух, Боржигин овогт ын ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,, давхарт оршин байрлах, ******* ХХК /рд:/-д холбогдох,
Орон сууцны үнэд шилжүүлсэн 38,342,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* ХХК-тай 2021 оны 08-р сарын 11-ний өдөр Орон сууц захиалан бариулах ******* дугаар бүхий гэрээг байгуулсан. Тус гэрээний 2, 2.2, 3.2-т тус тус зааснаар Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис Апартмвент-2 хотхоны Е блок, 2-р орц, 6-р давхар,******* тоот, 52.07 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг 98,933,000 төгрөгөөр захиалан бариулах, гүйцэтгэгч буюу хариуцагч нь 2023 оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулах үүргийг тус тус хүлээсэн.
Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу урьдчилгаа 29,679,900 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Улмаар үлдэгдэл төлбөрийг хоёр талын байгуулсан гэрээний хавсралт-1-д заасан графикийн дагуу сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон учир гэрээний үүргийн дагуу 12 сарын хугацаанд нийт 8,664,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлж байсан боловч хариуцагч нь гэрээнд заасан ёсоор барилгын ажлаа эхлүүлэхгүй, 2023 оны 1-р улиралд ашиглалтад оруулах бодит боломжгүй болсон. Нэхэмжлэгч миний бие гэрээний урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрт нийт 38,342,900 төгрөгийг төлсөн.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэрээт ажлаа эхлүүлээгүй гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах бодит боломжгүй болсон шалтгааны улмаас хоёр тал харилцан тохиролцож 2022 оны 09-р сарын 05-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалсан. Ийнхүү цуцлахдаа гэрээ цуцалсан протокол үйлдэж, гэрээний дагуу хэдэн төгрөг шилжүүлсэн, тухайн төлбөрийг хэд хоногийн дотор буцаан захиалагчид шилжүүлэх талаар гэрээ цуцалсантай холбоотой үр дагаврыг шийдвэрлэсэн.
Гэрээ цуцлах протоколд нэхэмжлэгч Ч.******* нь гэрээний төлбөр 38,342,900 төгрөг төлсөн, 90 хоногийн дотор 38,342,900 төгрөгийг Хаанбанкны ******* тоот дансанд буцаан олгохоор шийдвэрлэв гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцааж төлөөгүй нэхэмжлэгчийг хохироож байна.
Миний бие анх хүүхдээ оюутан болоход нь байр орон сууцтай болгох гэж энэхүү орон сууцыг захиалсан боловч өнөөдрийг хүртэл байр ч үгүй мөнгө ч үгүй боллоо. Гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөө буцааж авья гэхээр одоохон өгнө, удахгүй гэсээр өнөөдрийг хүрлээ. Иймд Орон сууц захиалан бариулах ******* гэрээний дагуу төлсөн 38,342,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа 38,343,900 төгрөгөөр тодорхойлж гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 1,000 төгрөгөөр багасгаж, 38,342,900 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
2. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, орон сууц захиалан бариулах гэрээ, гэрээ цуцалсан протокол, мөнгөн шилжүүлгийн баримтууд, итгэмжлэл,
3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны үнэд төлсөн 38,343,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 1,000 төгрөгөөр багасгаж, 38,342,900 төгрөг гаргуулахаар шаардсан.
2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Зохигчдын хооронд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь *******,*******,*******,******* тоотод байрлах, 52.07 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, Ч.******* нь орон сууцны үнэд 98,933,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ч.******* нь орон сууцны үнэд хуваарийн дагуу нийт 38,342,900 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон. Талууд уг үйл баримтад маргаагүй.
Хариуцагч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох *******,*******,*******,******* тоотод байрлах, 52.07 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, уг орон сууцны барилгын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй байгаа үйл баримтыг нэхэмжлэгч тайлбарласан.
Ч.******* болон ******* ХХК нар 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ цуцалсан протоколын баримтыг үйлдсэн байна. Уг баримтад ...талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан ******* тоот орон сууц захиалан бариулах гэрээгээр Ч.******* *******,*******,*******,******* тоотод байрлах, 52.07 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 98,933,000 төгрөгөөр захиалж үүнээс 38,342,900 төгрөгийг төлсөн. Захиалагчаас гаргасан хүсэлтийн дагуу гэрээг цуцалж, 38,342,900 төгрөгийг 90 хоногийн дотор Хаан банкны ******* тоот дансанд буцаан олгохоор шийдвэрлэв. ******* ХХК-ийн зүгээс дээрх орон сууцыг дараагийн захиалагчид худалдан борлуулах талаар удирдлагын шийдвэр гарсан болно гэж тусгаж, талуудын хэн аль нь гарын үсгээ зурсан байна.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ цуцалсан протоколын баримтаас үзэхэд тэдгээрийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан ******* тоот орон сууц захиалан бариулах гэрээг захиалагчийн санаачилгаар цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 38,342,900 төгрөгийг ******* ХХК нь Ч.*******өд буцаан хүлээлгэн өгөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
5. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй. Мөн хариуцагч нь шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Иймд хариуцагч ******* ХХК-иас 38,342,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******өд олгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 349,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 38,342,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******өд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 349,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ