Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Хохирогч А.Эрдэнэ-Оюун,

Шүүгдэгч П.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ноён овогт Пүрэвдоржийн Бд холбогдох 1729000260022 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт эхнэр А.Эрдэнэ-Оюунтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан гэр бүл хүчирхийлэл үйлдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 15-18 дугаар хуудас/,

Хохирогч А.Эрдэнэ-Оюуны /РД:МН86060669/: ”...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нөхөр Бгийн хамт Улаанбаатар хотоос Цагаан хаданд түүний хойд ээж Ганцэцэгийн буудалд буусан. П.Б нь Улаанбаатар хотоос гарахдаа архи уугаад бүрэн гараагүй буудалд унтаж байхад нь найзууд нь орж ирээд тэр өдөртөө Ганц мод руу явахгүй болоод Б 2 найзтайгаа архи уусан. Тухайн үед Бгийн утсанд танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь би аваад ярих гэтэл эмэгтэй хүн миний хоолойг сонсоод ярихгүй байхаар нь би “энэ чинь хэн юм бэ” гээд Б рүү уурлатал тэрээр эхлээд мэдэхгүй гэж байгаад сүүлдээ уурлаж намайг цохиж түлхсэн. Тэгээд тэд нар архи ууж дуусаад бүгдээрээ буудлын өрөөнөөс гарах үед Б миний араас түлхээд би унахдаа модон довжоо мөргөж унаад, намайг босох үед Б миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Манай нөхөр Б бид хоёр эвлэрчихсэн учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

Гэрч Х.Ганцэцэгийн: ”...П.Б, А.Эрдэнэ-Оюун нар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн. ...манай хүү “Оюухай намайг тайван байлгахгүй байна, би үхмээр байна, би аавынхаа араас явмаар байна” гэхээр нь би юу болоод байгаа юм бэ гээд байж байтал манай бэр ороод ирсэн түүний баруун шанаа хавдсан байсан. Тэгээд орж ирээд “Баатар намайг зодчихлоо гэхээр нь би хүүдээ уурлан “чи яасан гэж эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бэ” гэхэд  хүү “наадах чинь намайг нүдээд миний гарыг хөндчихлөө” гэсэн. Манай бэр цагдаа дуудна гээд дуудсан. Удалгүй цагдаа ирээд манай хүү авч яваад хүү буцаад хүрээд ирсэн. Тэгсэн манай бэр “цагдаа яахаараа чиний талд ордог юм бэ” гээд манай хүүгийн зүүн гар руу хоёр гурван удаа цохисон. Тэгэхэд хүү гар хөндчихлөө гээд эхнэрийнхээ гэдэс рүү хоёр удаа тийрсэн. Тэр үед цагдаа дахин ирээд манай хүүг авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дугаартай шинжээчийн: ”...А.Эрдэнэ-Оюуны биед баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаа, эрүү хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Бгийн яллагдагчаар өгсөн: “...0.5 литрийн нэг шил архийг Золбаяр Наранбаа бид гурав хувааж уусан. Эрдэнэ-Оюун тэр архинаас гурав хундагыг уусан. Тэр үед миний гар утас ширээн дээр дуугарахад Эрдэнэ-Оюун авч танихгүй дугаар залгаж байна энэ хэн юм бэ гээд уурлахаар нь би мэдэхгүй гэж хэлэхэд чамайг танина л гэж байна ш дээ гээд бид хоёр маргалдсан. Би Эрдэнэ-Оюунд чи хэрүүл хийх гээд байгаа юм уу байж чадахгүй бол гэр рүү ор гэж хэлээд буудлаас гаргах гээд түлхтэл тэрээр довжоон дээр тээглэж унахаар нь өшиглөсөн. Тэгээд манай эхнэр цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх 38-40 дүгээр хуудас/,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 45 дугаар хуудас/,

П.Бгийн иргэний үнэмлэхийн болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 46-47 дугаар хуудас/,

П.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 48 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Бгийн гэрэл зураг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

П.Бгийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 52-60 дугар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт эхнэр А.Эрдэнэ-Оюунтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан гэр бүл хүчирхийлэл үйлдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч А.Эрдэнэ-Оюуны биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч П.Бгийн хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч П.Бгийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч А.Эрдэнэ-Оюун нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Баатрсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ноён овогт Пүрэвсүрэнгийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд тус бүр 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Эрдэнэ-Оюун нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, П.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨЛЗИЙ-ОТГОН