Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/05

 

 

 

 

 

  2024        01        24                                        2023/ДШМ/05

 

   Ч.Хөд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Ц.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б,

Нарийн бичгийн дарга: Д.Урангоо нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023ШЦТ/343 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлээр Ч.Хөд холбогдох 2338000000267 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

“А” овогт Чын Х, .... оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Чсуманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Ч сумын .... дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар ............................/.

Ч.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ч сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Гтой үл ялих зүйлээс болж маргалдан зүүн гаранд нь хутгалж, биед нь зүүн бугалга, шуунд шарх, зүүн сарвуу, бугуйнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023ШЦТ/343 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч “А” овогт Чын Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чын Хийг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хөд оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Хөд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хөөс 211,400 (хоёр зуун арван нэгэн мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч С.Гт олгож, хохирогч нь эмчилгээний зардал болон замын зардалд нэхэмжилсэн 3,767,780 (гурван сая долоон зуун жаран долоон мянга долоон зуун ная) төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Хөөс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Гын сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийг шүүгдэгч Ч.Хөөс гаргуулж хохирогч С.Гт олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Гын сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,750,000 төгрөгийг Ч.Хөөс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 он 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын дагуу хохирогч С.Гт сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг Иргэний хуулийн зүйл заалтыг баримтлан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

1.Ч.Хийн энэ үйлдэл нь 2023.06.05-06-нд шилжих шөнө гарсан байхад дээрх тогтоол батлагдан гаргахаас өмнө үйлдэгдсэн хэрэгт энэ журмыг хэрэглэн хохирогч С.Гт сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох шинжилгээ томилон дүгнэлт гаргуулж, энэ дүгнэлтийг баримтлан 2,750,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байгаа. Ингэж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлүүдийг баримтлан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. 2023.06.05-06-нд шилжих шөнө гарсан гэмт хэрэгт Иргэний хуулийг буцаан хэрэглэсэн нь буруу гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2023.11.06-ны өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолын 6-д заасан “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Гын сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,750,000 төгрөгийг Ч.Хөөс гаргуулж хохирогч С.Гт олгосугай” гэснийг хүчингүй болгож өгнө үү.

2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2-т тусгагдсан Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хэсэгт: “Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан ...Чсумын Ёлгос багийн засаг даргын тодорхойлолт, ...урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ...шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлгээр дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол хор уршигт хандаж буй хандлага,... гэмт хэрэг үйлдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна,... шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял оногдуулахдаа яллагчаас “900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 төгрөгөөр торгох ял” оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс өндөр настай аав, ээж, ...хэвтэрт байдаг дүүгээ асардаг зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын хамгийн бага хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг харгалзан Ч.Хөд 900,000 торгох ял оногдуулж шийдвэрлэв” гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэ шийдвэрээ тусгасан.

Эрүүгийн хариуцлага тооцохдоо дээр дурдсан олон нөхцөл байдал болон ЭХХШТХ-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдсан атлаа дээрх нөхцөл байдлуудаа харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх энэ хэсэгт Өмгөөлөгчийн саналыг харгалзан үзэж гэсэн атлаа яллагдагчийн яллагдаж байгаа зүйл ангийн торгуулийн ялын доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн ял оноосон нь дүгнэлтэд дурдсан нөхцөл байдлаа шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзэх үндэслэл болж байна. Нөгөө талаас нь авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх энэ хэсэгт хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын талаар огт дурдаагүй атлаа яллагдаж байгаа зүйл ангийн торгуулийн ялын доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн ял оноосон нь дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзэж гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх прокурорын ялын саналыг шууд хэрэгжүүлэн шийдвэртээ тусгасан гэж дүгнэж болохоор байна.

Иймд анхан шатны шүүхийн 2023.11.06-ны өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолын 2-т заасан “...Шүүгдэгч Чын Хийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэсэнд өөрчлөлт оруулж, багасгаж өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Чингүүн эсэргүүцэлдээ: “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаартай: “...С.Г нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд дасан зохицохуйн хямрал, стресст үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу урвалын шинжүүд илэрнэ. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. ...Цаашид сэтгэц болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт гарсан байх тул...” гэж дүгнэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Гын сэтгэцэд учирсан хор уршиг болох 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ч.Хөөс гаргуулж хохирогч С.Гт олгосугай” гэж шийдвэрлэсэн нь хэрэглэхгүй ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Учир нь, хэргийн үйл баримтаас дүгнэхэд “Ч.Х нь 2023 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Чсумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Гтой үл ялих зүйлээс болж маргалдан зүүн гаранд нь хутгалж, биед нь зүүн бугалга, шуунд шарх, зүүн сарвуу, бугуйнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх хэрэг нь 2023 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө үйлдэгдсэн буюу Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал” батлагдахаас өмнө үйлдэгдсэн.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн “эрүүл мэнд,” гэсний дараа “сэтгэцэд,” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгийн “зардал болон” гэсний дараа “энэ хуулийн 508.5-д зааснаас бусад” гэж тус тус нэмсүгэй гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “230.2.Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлд “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийн дугаарыг “511.6” гэж өөрчилсүгэй.” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан тул хохирогч С.Гын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх үйлдэлд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,750,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах үндэслэлгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/343 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хэсэг болон тогтоох нь хэсгийн 6 дахь заалтыг хасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... шүүгдэгчид оногдуулсан торгох шийтгэлийг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Ч.Хийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Чсумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Гтой үл ялих зүйлээс болж маргалдан биед нь зүүн бугалга, шуунд шарх, зүүн сарвуу, бугуйнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

1. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Гын сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийг шүүгдэгч Ч.Хөөс гаргуулж хохирогч С.Гт олгож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Учир нь: Ч.Х нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Ч.Хийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн “...Улсын яллагчийн санал болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “өндөр настай аав, ээж, ...хэвтэрт байдаг дүүгээ асардаг зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын хамгийн бага хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг харгалзан Ч.Хөд 900,000 торгох ял оногдуулж шийдвэрлэв” гэсэн, Эрүүгийн хариуцлага тооцохдоо дээр дурдсан олон нөхцөл байдал болон ЭХХШТХ-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдсан атлаа дээрх нөхцөл байдлуудаа харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх энэ хэсэгт Өмгөөлөгчийн саналыг харгалзан үзэж гэсэн атлаа анхан шатны шүүх прокурорын ялын саналыг шууд хэрэгжүүлэн шийдвэртээ тусгасан гэж дүгнэж болохоор байна.

Иймд анхан шатны шүүхийн 2023.11.06-ны өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолын 2-т заасан “...Шүүгдэгч Чын Хийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэсэнд өөрчлөлт оруулж, багасгаж өгнө үү...” гэх гомдлын тухайд:

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтас хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал болон цагаатгах, яллах талын нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Хийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан сонгох санкцтай ялаас  торгох ял оногдуулсан нь ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн: “...Анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 он 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын дагуу хохирогч С.Гт сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг Иргэний хуулийн зүйл заалтыг баримтлан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн... Ч.Хийн  үйлдэл нь 2023.6.05-06-нд шилжих шөнө гарсан байхад дээрх тогтоол батлагдан гаргахаас өмнө үйлдэгдсэн хэрэгт энэ журмыг хэрэглэн хохирогч С.Гт сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох шинжилгээ томилон дүгнэлт гаргуулж, энэ дүгнэлтийг баримтлан 2,750,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн... гэх,  

Прокурор Ц.Чингүүний: “...Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул хохирогч С.Гын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх үйлдэлд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,750,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах үндэслэлгүй...” гэх эсэргүүцэл, гомдлын тухайд:

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох...” харилцааг зохицуулсан ба үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “журам хүснэгт батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ” гэж,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1.4-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгоно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хохирол, хор уршигт тооцдог.

Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх үед энэ хууль болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал” хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх тул шүүх Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаартай дүгнэлтийг үндэслэн дээрх аргачлалыг баримтлан хохирогч С.Гт сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцсэн байна.

Түүнчлэн 2023.6.05-06-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсны улмаас хохирогч С.Гт “сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” гэх 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлт,  

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд  хохирлыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,750,000 төгрөг”-ийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.  

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан нь 95 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 120/-ээр тогтоогдсон байна.   

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

3. Хавтаст хэргийн 16 талд Ч.Хөөс мэдүүлэг авсан тэмдэглэлийн дээд талын мөрөнд “мотоциклтэй таарсан” гэх өгүүлбэр тэмдэглэлд дутуу бичигдсэн,

Шинжээчийн №95 дугаар бүхий дүгнэлтэд гэмт хэрэг гарсан өдрийг “2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр” гэж буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан зөрчлүүд байгааг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн давж заалдах гомдол, прокурор Ц.Чингүүний эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023ШЦТ/343 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                                   Л.ЭРДЭНЭБАТ