Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2025/0661

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвар, хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Л*******, М.Б******* нар

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Г*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М*******, хариуцагч М.Б*******, Х.Л*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвар, хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчдын НА- дугаар 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. “Б*******” ХХК /РД:*******/ 2018 оны 02 сарын 28-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ, ******* тоот регистрийн дугаартай бөгөөд мэдээлэл холбооны чиглэлээр шилэн кабель суурилуулах, барилгын гадна холбооны ажил гүйцэтгэх үйл ажиллагаагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан, 1 гишүүнтэй.

2.2. “Б*******” ХХК /РД:*******/-ийн 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын 2024 оны 05 дугаар сарын 17-ны тоот албан бичгийн хавсралтад ирүүлсэн “татварын хяналт шалгалтад хамруулах, нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан худалдан авч залруулаагүй татвар төлөгчдийн мэдээлэл”, 3524602627 тоот томилолтоор /Хялбаршуулсан-Хэсэгчилсэн/ шалгалтыг 2024 оны 06 сарын 03-ны өдрөөс 2024 оны 06 сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Татварын улсын байцаагч М.Б*******, Ч.Л******* нар хийж гүйцэтгэсэн.

2.3. Улмаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Б*******, Ч.Л******* нар 2024 оны 06 сарын 14-ний өдөр 5,310,688,825.33 төгрөгийн зөрчилд 531,068,882.53 төгрөгийн нөхөн татвар, 238,904,541.74 төгрөгийн торгууль, 109,476,620.91 төгрөгийн алданги, нийт 879,450,045.18 төгрөгийг НА- тоот нөхөн ногдуулалтын актаар төлүүлэхээр шийдвэрлэсэн.

2.4. Нэхэмжлэгч болох “Б*******” ХХК /РД:*******/ нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч  М.Б*******, Ч.Л******* нарын 2024 оны 06 сарын 14-ний өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч НТГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу 2024.12.18-ны өдрийн Маргаан таслах зөвлөлийн 52 тоот тогтоолоор НА- тоот нөхөн ногдуулалтын актын торгуулийг 29,427,552.73 төгрөгөөр бууруулж, 5,310,688,825.33 төгрөгийн зөрчилд 531,068,882.53 төгрөгийн нөхөн татвар, 209,476,989.01 төгрөгийн торгууль, 109,476,620.91 төгрөгийн алданги, нийт 850,022,492.45 төгрөгийн төлбөр төлөхөөр өөрчилсөн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь 2016 оноос эхлэн мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2020 оны 12 дугаар сарын эхнээс санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээг амаар Хийн Хтай байгуулсан. Тухайн аман гэрээгээр манай компанийн татварын болон санхүүгийн бүх холбогдох тайланг нягтлан бүртгэлийн болоод олон улсын стандартад нийцүүлэн үнэн зөв хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлсийг сар болгоны 10-ны өдрийн дотор тогтоосон хугацаанд төлж барагдуулах, шаардлагатай баримт материалаар хангах үндсэн үүргүүдийг талууд тохиролцсон. “Б*******” ХХК-ийн санхүү, татварын тайлангийн ажлыг нягтлан Х.Хт гэрээгээр бүрэн хариуцуулаад татварын холбогдох бүх тайланг цахимаар илгээх болсон.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн НА- дугаартай татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Б*******, Ч.Л******* нарын нөхөн ногдуулалтын акт тавьсан үндэслэл нь аж ахуйн нэгжид хамааралгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцсон, төлбөрийн баримтыг хуурамчаар бичүүлж албан татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзээд 879,450,045.18 төгрөгийн торгуулийг манай компанид оногдуулсан байсан.

Бид мэргэжлийн нягтлан бодогч байхгүй, санхүүгийн талаар дутмаг мэдлэгтэй учраас мэргэжлийн байгууллагатай санхүүгийн ажил гүйцэтгэх аудитын шалгалт хийсэн гэж бодож энэ талаарх асуудлаа бүрэн хариуцуулсан.

Гэтэл нягтлан Х.Х буюу байгууллагын санхүү тайланг үнэн зөв тайлагнах үүрэгтэй компанийн буруутай үйл ажиллагааны улмаас уг актыг манай компанид оногдуулсан байна.

Татварын албанаас нөхөн ногдуулалтын акт тавьсны дараагаар тайландаа залруулга хийгээд зөрчлөө арилга гэсэн учраас бид нягтлан Хийн Хт асуудлыг шийдвэрлэх талаар удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчил нь санхүүгийн анхан шатны баримт нь өөрөө хуурамч байна, бараа материал анхан шатны гүйлгээ хийгээгүй байж баримт бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр зөрчлийг зааж торгууль тавьсан. Уг зөрчлийг гэрээтэй холбоод авч үзвэл анхан шатны баримтыг гаргаж өгөх үүрэг захиалагч талд байдаг.

Татварын байгууллагын шийтгэх хуудсанд заасан бараа материал авсан гэх баримтуудыг бид нар мэдэх боломжгүй, Гүйцэтгэх захирлын гарын үсэг зурж, тамга дарагдсан санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэн тайлан гаргаагүй. Бусад компанийн баримтыг шивэх ажлыг гэрээгээр хүлээгээгүй, түүний нэмэгдсэн өртгийн албан татварыг тайланд шивсэн эсхүл шивээгүй байдлаас болж “Б*******” ХХК буруудах үндэслэлгүй.

1. Татварын алба татварын хяналт шалгалтыг хийх удирдамж, томилолтыг мэдэгдээгүй талаар:

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж, 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 сарын 24-ний А/70 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Татвар төлөгч нь хяналт шалгалтын удирдамж, томилолттой танилцсанаар энэ журмын 4.3.3”т заасан баримт бичгийг татварын албаны тогтоосон хугацаанд бэлтгэж хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

Б******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай П.Г******* миний бие хамгийн анх Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 2024 оны 06 сарын 14-ний өдөр татварын улсын байцаагч утсаар залгаж, дуудсаны дагуу очиж уулзсан бөгөөд манай компанийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийх удирдамж, томилолтыг танилцуулаагүй, компанийн майл хаягаар ч ирүүлээгүй нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.52, 41.5 болон 76 дугаар зүйлд заасан “Татварын албаны үйл ажиллагааны зарчим, эрх үүрэг, хориглох зүйл”-ийн 76.7-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж заасны дагуу татварын байгууллагын үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн татварын хяналт шалгалт хийх талаар бидэнд огт мэдэгдээгүй, татварын нөхөн ногдуулалтын акт гарсны дараа акттай танилцуулсан нь дээрх заалтуудыг зөрчсөн байна.

2. Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах,  татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо үндэслэл гаргах боломжоор хангаагүй талаар:

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т “Татвар төлөгчийн татварын хяналт шалгалтад ямар эрх эдэлж, үүрэг хүлээх” талаар заасан байх бөгөөд 41.12.1-д “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо үндэслэл гаргах”, 41.12.2-т “татвар ногдуулалт, төлөлт, татварын хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх”, 41.12.3-т “Татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах”, 76.1.3-т “Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх”, 76.7-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж тус тус заажээ.

Татварын улсын байцаагч нараас яагаад урьдчилж мэдэгдээгүй шууд нөхөн ногдуулалтын акт гаргаж танилцуулж байгаа талаар асуухад та нарт мэдэгдэх албагүй гэнэт Тагнуулын ерөнхий газраас бичиг ирээд цагдаагийн ерөнхий газартай хамтарсан тушаалаар шалгасан гэж хэлсэн. Миний бие татварын улсны байцаагч нартай уулзаж байхдаа “...Манай компанид нягтлангаар ажиллаж байсан залилангаар эрүүд шалгуулж байгаа бөгөөд тухайн үед 5.310.688.825,33 төгрөгийн худалдан авалттай холбоотой ямар бараа, ажил үйлчилгээ авсныг миний бие мэдэхгүй байгаа, энэ талаар тодруулж өгье...” гэх тайлбарыг өгч байсан боловч татварын улсын байцаагч нар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, татварын хяналт шалгалтад нотолгоо, үндэслэл гаргах боломжоор хангалгүй “баримт бичигт гарын үсэг зур” гэж тулгах замаар баримтад гарын үсэг зуруулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “... бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчсөн.

Иймд хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчиж гарсан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Б*******, Ч.Т нарын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ.

3.2.Хариуцагч Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, М.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Л*******, М.Б******* нар ******* тоот регистрийн дугаартай “Б” ХХК-ийн 2021.01.01-2023.12.31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын 2024 оны 05 дугаар сарын 17-ны тоот албан бичгийн хавсралтад ирүүлсэн “татварын хяналт шалгалтад хамруулах, нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан худалдан авч залруулаагүй татвар төлөгчдийн мэдээлэл”, 3524602617 тоот томилолтын дагуу “Хялбаршуулсан-Хэсэгчилсэн” хяналт шалгалтыг хийж нийт 5,310,688,825.33 төгрөгийн зөрчилд 531,068,882.53 төгрөгийн нөхөн татвар, 238,904,541.74 төгрөгийн торгууль, 109,476,620.91 төгрөгийн алданги, нийт 879,450,045.18 төгрөгийг нөхөн ногдуулалтын актаар төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч НТГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу /гомдол гаргагчийн зүгээс нөхөн ногдуулалтын актын тооцоолол, үйл баримттай маргаагүй/ 2024.12.18-ны өдрийн Маргаан таслах зөвлөлийн 52 тоот тогтоолоор НА- тоот нөхөн ногдуулалтын актын торгуулийг 29,427,552.73 төгрөгөөр бууруулж, 5,310,688,825.33 төгрөгийн зөрчилд 531,068,882.53 төгрөгийн нөхөн татвар, 209,476,989.01 төгрөгийн торгууль, 109,476,620.91 төгрөгийн алданги, нийт 850,022,492.45 төгрөгийн төлбөр төлөхөөр өөрчилсөн.

Тус компани нь Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тоот албан бичгийн хавсралтад ирүүлсэн, “Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан худалдан авч залруулаагүй татвар төлөгчдийн мэдээлэл”-ээр тоот регистрийн дугаартай “Г” ХХК-иас 2022 оны 12 дугаар сард 1 ширхэг падаанаар 23,581,327.30 төгрөг, 6606903 тоот регистрийн дугаартай “М” ХХК-иас 2021 оны 12 сарын 01-нд 1 ширхэг падаанаар 49,552,815.50 төгрөг, 6607527 тоот регистрийн дугаартай “Н” ХХК-иас 2021 оны 12 дугаар сард 1 ширхэг падааны 221,922,257.30 төгрөг, 6595901 тоот регистрийн дугаартай “А” ХХК-иас 2022 оны 09 сард 3 ширхэг падааны 457,724,200.60 төгрөг, 6593976 тоот регистрийн дугаартай “Б” ХХК-иас 2022 оны 10 сард 1 ширхэг падааны 118,305,909.10 төгрөг, 6618294 тоот регистрийн дугаартай “А” ХХК-иас 2023 оны 01 сард 4 ширхэг падааны 363,727,500.00 төгрөг, 6597084 тоот регистрийн дугаартай “Г” ХХК-иас 2023 оны 10 сард 1 ширхэг падааны 104,846,454.50 төгрөг, 6621546 тоот регистрийн дугаартай “М” ХХК-иас 2023 оны 10 сард 1 ширхэг падааны 71,354,618.20 төгрөг, 6594492 тоот регистрийн дугаартай “Ө” ХХК-иас 2023 оны 10 сард 1 ширхэг падааны 39,167,036.40 төгрөг, 6607012 тоот регистрийн дугаартай “Х” ХХК-иас 2023 оны 10, 12 сард 2 ширхэг падааны 164,467,236.40 төгрөг, 6594182 тоот регистрийн дугаартай “К” ХХК-иас 2023 оны 12 сард 3 ширхэг падааны 403,998,454.50 төгрөгийн дүнтэй, нийт 25 ширхэг падааны 2,942,755,272.70 төгрөгийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хяналт шалгалтын томилолтын хамрах хугацаанд худалдан авалтын буцаалт буюу залруулга хийгдээгүй, төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан гэх мэдээллийг нягталж үзэхэд:

1. “Б” ХХК-ийн 2020.01.01-2020.12.31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2024-03-01-ний өдрийн 3524301214 тоот томилолтыг үндэслэн Хялбаршуулсан-Хэсэгчилсэн хяналт шалгалтыг Татварын улсын байцаагч Г.Г, Б.О нар гүйцэтгэсэн байсан нь өмнө нь татварын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон энэ зүйлд заасан зөрчлийг давтан үйлдсэн,

2. Хий бичилттэй НӨАТ-ын падаанаар худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл. “Албан татварт хасалт хийх” 14.5. “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь бэлтгэн нийлүүлэгчид төлбөр төлсөн болон санхүүгийн баримтад тусгагдаагүй,

3. Хий бичилттэй 2,367,933,552.63 төгрөгийн падаанаар худалдан авалт хийсэн мэтээр 2021-2023 оны жилийн эцсийн ААНОАТ-ын тайлангийн хасагдах зардлын дүнг нэмэгдүүлж, албан татвар ногдуулах орлогын дүнг бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйл. “Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал” 16.1. “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:” 16.1.1. энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал, 13 дугаар зүйлийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: ... 13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажуулаагүй зэрэг нөхцөлөөр хангагдаж байна гэж үзэж байна.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлд дурдсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын улсын байцаагч Ч.Л*******, М.Б******* нарын үйлдсэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын улсын байцаагч Ч.Л*******, М.Б******* нарын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч компанид холбогдуулан татварын хяналт шалгалтаар 5,310,688,825.33 төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж 531,068,882.53 төгрөгийн нөхөн татвар, 238,904,541.74 төгрөгийн торгууль, 109,476,620.91 төгрөгийн алданги, нийт 879,450,045.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

2. Нэхэмжлэгчээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд маргаж буй нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар хандсан байх бөгөөд тус зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай тогтоолоор НА- дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт 5,310,688,825.33 төгрөгийн зөрчилд 531,068,882.53 төгрөгийн нөхөн татвар, 238,904,541.74 төгрөгийн торгууль, 109,476,620.91 төгрөгийн алданги, нийт 879,450,045.18 төгрөгийн төлбөр ногдуулснаас нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчилд 147,137,763.64 төгрөгийн торгууль ногдуулснаас 29,427,552.73 төгрөгийн торгуулийг бууруулж, 5,310,688,825.33 төгрөгийн зөрчилд хамаарах 531,068,882.53 төгрөгийн нөхөн татвар, 209,476,989.01 төгрөгийн торгууль, 109,476,620.91 төгрөгийн алданги, нийт 850,022,492.45 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нөхөн татвар, торгууль, алдангийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн тус актыг хүчингүй болгуулахаар маргасан.

4. Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгч компанид холбогдуулан гаргасан 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон гэх зөрчлүүд нь тооцооллын алдаатай, татварын байцаагч нар холбогдох хуульд заасан нягтлан шалгах ажиллагааг дутуу хийсэн, зөрчлийг тогтоосон нарийвчлан зохицуулсан хуулийн зүйл, заалт тодорхой бус зэрэг үндэслэлүүд тогтоогдож, улмаар маргаж буй НА- дугаартай нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчлийг шүүхээс дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хариуцагч нарын зүгээс татварын хяналт шалгалтыг хуульд нийцүүлэн дахин хийж, шинээр акт гаргах нь зүйтэй байна гэж үзлээ.

5. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

6. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад … Татварын хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийг дараах байдлаар зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд: 1. Дээрх 13 аж ахуйн нэгжийн нийт 2,942,755,272.70 төгрөгийн дүнтэй 25 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаж төсөвт төлөх албан татвараа бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэсэн заалтыг зөрчсөн зөрчилд өмнө нь татварын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон энэ зүйлд заасан зөрчлийг давтан үйлдсэн гэж үзэж 50%-иар хариуцлага ногдуулсан байна.

8. Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.2-т “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар” гэж заасан.

9. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Б” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2021 онд 1,131,172,102.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 382,972,999.00 төгрөгийн худалдан авалттай, 2022 онд 1,261,707,847.88 төгрөгийн татвар ногдох орлоготой, 1,206,608,352.00 төгрөгийн худалдан авалттай, 2023 онд 1,273,652,375.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 1,766,407,197.01 төгрөгийн төсөвт төлсөн нь татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгджээ.

10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн татварын үйл ажиллагаанд хариуцагч улсын байцаагч нар хяналт шалгалт хийж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах зөрчлийг илрүүлж, уг зөрчилд нөхөн төлөх татварын дүнг дахин тооцоолох үндэслэлтэй байна гэж үзлээ.

11. Хариуцагч улсын байцаагч нараас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 1. нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаж төсөвт төлөх албан татвараа бууруулсан зөрчил, 2. хуурамч төлбөрийн баримттай зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тайлагнасан гэх зөрчлийг тус тус үйлдсэн хэмээн дүгнэж, актын ТОГТООХ хэсэгт Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн дурдсанаас үзвэл, дээрх зөрчлүүдийг нарийвчлан зохицуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зүйл, заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй байна.

12. Түүнчлэн, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 2 дугаарт 2021 онд 295,056,400.10 төгрөг, 2022 онд 1,080,044,572.60 төгрөг, 2023 онд 99,283,257.99 төгрөг, нийт 2,367,933,552.63 төгрөгийн хуурамч төлбөрийн баримттай зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тайлагнасан нь … гэж дурдсан байх бөгөөд дээрх онуудын дурдсан дүнгийн нийлбэр дүн 1,474,384,230.69 төгрөг болж байгаагаас үзвэл тооцооллын дүн алдаатай бичигдсэн гэж үзэхээр байна.  

13. Тиймээс Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.10.2 дахь заалтад энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх, 42 дугаар зүйлийн 42.1-д Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ гэж тус тус заасны дагуу татварын улсын байцаагч нар маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг дахин үйлдэх нь хуульд нийцнэ.

14. Иймд дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт заасан тодруулбал зохих асуудлуудыг хариуцагч нар дахин нягтлан шалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.10.2, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын улсын байцаагч Ч.Л*******, М.Б******* нарын үйлдсэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй НА- дугаартай нөхөн ногдуулалтын акт хүчингүй болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.НЯМДЭЛГЭР