| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0033/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/49 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Д,Эрдэнэчимэг, хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Д.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Отгонбаярт холбогдох эрүүгийн 1736000760083 дугаартай, 178/2018/0032/Э/ индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, яс үндэс Өөлд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар Ус багт оршин суух, /РД:ПО94031804/ регистрийн дугаартай, Ноён Цорос овогт Дагва-Очирын Отгонбаяр
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Отгонбаяр нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Л.Алтансүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Отгонбаярын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Алтансүх нь миний нэр төрд халдаад байна нутагтаа очоод бас миний нэр төрд халдсан. Намайг болон манай гэр бүлийн хэнийг нь ч байнгын дарамталж байдаг. Шүүх цагдаад миний таньдаг хүмүүс их байдаг чи хөөцөлдөөд ямар ч нэмэр байхгүй гэж хэлдэг. Манай сумын дэлгүүрийн хүмүүст манай ангийн хүүхдүүд болон прокурор, цагдаа нарт надтай хамтарч амьдардаг тухай ойлгуулсан байдаг. Би хохирогчийг зодож цохисон зүйл байхгүй. Миний аав бид хоёрыг хотоос ирж байхад жолоочийн туслах ахыг чи намайг зодсон гээд цагдаад мэдэгдсэнээс болж аав бид хоёрыг толгой руу шилээр цохиж хагалчихаад гэрээсээ гаргахгүй болохоор нь арай гэж гараад хажуу айлын хаалга цохиж байтал доороос цэвэрлэгч эгч гарч ирээд юу болов гэхэд хохирогч өөрөө дотогшоо ороод толгой руугаа цохиод энэ намайг зодчихлоо гэсэн. Өнөөдөр өглөө хүртэл надруу болон манай ээж рүү залгаж байсан. Надад Алтансүхэд хийсэн гэм зэм байхгүй. Үнэхээр гомдолтой байна. Яагаад шүүх хуралд өөрөө ирж суухгүй байгааг гайхаж байна гэв.
Хохирогч Л.Алтансүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өглөө 10 цагийн үед Д.Отгонбаяр луу залгахад утасаа аваагүй. Түүний аавын утас руу залгахад аваад одоо унтаж байна сэрэхээр нь залгая гэж хэлсэн. Тэгээд удалгүй 30 минутын дараа аав нь залгаад урагшаа гараад байж бай гэхээр нь сумын төвөөс ургаш гараад байтал аав нь машинтайгаа ирсэн. Машиных нь араас хөдлөөд нэг уулын мухарт очиж ард нь зогсоход Д.Отгонбаяр бууж ирээд намайг үгийн зөрүүгүй чулуугаар зүүн шанаа тус газар цохисон. Би 800.000 мянган төгрөг, МУИС-ийн дипломоо авмаар байна гэх мэдүүлэг./хх-6х, 147-150х/
Хохирогч Л.Алтансүхийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-80х/
Гэрч Т.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шаттанд өгсөн мэдүүлэг /хх-156х/
Гэрч Н.Батжаргалын Л.Алтансүх нь 11 цагийн орчимд гарч яваад буцаж 1-2 цагийн дараа ирэхдээ Отгонбаяр намайг зодчихлоо гэж хэлээд орж ирэхээр нь гомдлыг нь хүлээж авах гэсэн чинь би Отгонбаяртай дахиж уулзаад ирье Отгонбаяр миний найз охин байгаа юм гэж хэлээд явсан. Тухайн үед Алтансүхийн зүүн шанаанд шалбарсан байсан болохоор эмнэлэгт эмчид үзүүлээд анхны үзлэг бичүүлээд аваад ир гэж хэлсэн. Алтансүх нь дахиж ирээгүй маргааш нь ирэхгүй болохоор би өөрөө утасдаад аймаг руу авч ирж шинжээч томилж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 157 дугаар хуудас/,
Гэрч Ц.Жарантайгийн: Би Улаанбаатараас Алтансүхийн хамт ирсэн. Тэгэхэд би хамт амьдардаг байсан хүүхэн дээрээ очно гэж хэлж байсан. Би өөрөө аймгийн төв дээр буусан Алтансүх Эрдэнэбүрэн сум руу явсан. Алтансүх нь намайг Улаанбаатар хотоос зардалгүй авч ирсэн би Эрдэнэбүрэн суманд очиж 2 хонох айл олж өгсөн. Алтансүх нь цагдаа дээр зодуулчихлаа гээд явж байсан хэнээр зодуулсан талаар бол асуугаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Г.Пүрэв-Очирын: Манай сургуулийн хүүхдүүд 2017 оны 09 сарын 12-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил гаргасан. Тэд нар Баярсайхан гэдэг хүүхдийнд очиж ууцгаасан гэж эцэг эхчүүд нь гомдол гаргасан. Тэгээд би хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд цагдаагийн хамт Баярсайханы гэрт очсон. Тэгэхэд хүүхдүүд очиж уугаагүй, харин хэсэг залуучууд очиж уусан байсан. Баярсайханы гэрээс гарахад үүдэн дээр цагаан өнгийн Приус маркийн автомашин байсан цагдаа очоод ямар ажилтай явж байгааг шалгахад би Дагва-Очирын Отгонбаяртай уулзахаар Улаанбаатар хотоос ирсэн. Эрдэнэбүрэн суманд таньдаг хүн байхгүй надтай хамт Улаанбаатар хотоос нэг залуу ирсэн тэр залуу намайг та Баярсайхан гэдэг хүүхэд ганцаараа амьдардаг та тэнд очоод хоол цай идэж уугаад байж болно гэж хэлсэн тул би ирсэн гэж ярьсан тэгээд мэддэг болсон гэх мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Ч.Дагва-Очирын “...Бид нар уйлалдаж, хэрүүл тэмцэл хийж явахад эрүүл саруул зүгээр байсан...” Би Д.Отгонбаярыг цохисоныг хараагүй харин зүгээр явдаггүй гээд нэг нэг удаа алгадсан гэх мэдүүлэг/хх-154х/
Шинжээч эмчийн 20170915 471дугаартай дүгнэлт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэргийг үйлдээгүй, тэр үед чулуугаар болон хөлөөрөө өшиглөөгүй хохирогчид учирсан гэмтэлийг хэн учруулсан нь тогтоогдоогүй, хэрэг учрал гарсан гэх өдөр цаг хугацааны хувьд таарахгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй болно.Тухайлбал:
Гэрч Батжаргалын “... Л.Алтансүх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 11 цагт миний өрөөнөөс гарч яваад 1-2 цагийн дараа Д.Отгонбаяр зодлоо гэж орж ирсэн...”, гэрч Г.Пүрэв-Очирын : “... 2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил гарсан байсан. Тэгээд би хэсгийн төлөөлөгчийн хамт 13-ны өдрийн өглөө Т.Баярсайханы гэрч очиход хүүхдүүд архи хэрэглээгүй байсан. Хэсгийн төлөөлөгч Л.Алтансүхийг өрөөндөө шалгаад явуулсан гэх мэдүүлэг /хх-18х/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 14- ний өдрийн тогтоол зэрэг баримтаар хэрэг учрал тухайн өдөр болоогүй гэх нь үгүйсгэгдэж байна.
Гэрч Т.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шаттанд өгсөн мэдүүлэг /хх-156х/ Н.Батжаргал, Ц.Жарантай, Г.Пүрэв-Очир, Ч.Дагва-Очир нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг шинжээчийн 471 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.Алтансүхэд шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан гэж үзэх баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Шүүгдэгч Д.Отгонбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэр “Булаг” гэх газар иргэн Л.Алтансүхийг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба шүүгдэгч Д.Отгонбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхээр хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Отгонбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Л.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Бямбасүрэн /хх-156х/ Н.Батжаргал, Ц.Жарантай, Г.Пүрэв-Очир, Ч.Дагва-Очир нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн эмчийн 471 дугаартай дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэлээ болгов.
Шүүгдэгч Д.Отгонбаяр нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэлгүй гэх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч болон хохирогч нар нь урд нь хувийн таарамжгүй харилцааны улмаас бие биедээ хөнгөл гэмтэл учруулж байсан болон хохирогчийн хувийн байдлын талаарх бичгийн нотлох баримтууд /хх-25, 95-144х/ хэрэгт авагдсан байх ба хохирогч Л.Алтансүхийн шүүгдэгч Д.Отгонбаярын гэрийн ойролцоо хэд хэдэн удаа очиж хоносон, амгалан тайван байдал, нутгийн тогтсон ёс заншлыг алдагдуулсан зэрэг хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарах шалтгаалсаныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурорын санал болгосон 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын доод хэмжээ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгээс шүүгдэгч Д.Отгонбаярт өгсөн гэх МУИС-ын диплом, 800.000 төгрөг нэхэмжилсэн боловч гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй шүүгдэгч, хохирогч хоёрын буюу иргэд хоорондын маргааны зүйл байгаа тул, унаанд шатахуун зарцуулсан зардал гэх 320.013 төгрөгийн шатахууны баримтын хувьд хохирогч Л.Алтансүх өөртөө зарцуулсан гэх нотлох баримтын шаардага хангаагүй зөвхөн түгээгчийн нэртэй Е баримтууд байх тул хохирогчийн өмгөөлөгчөөс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг /ЭХХШТХ-ийн 36.4-р зүйлийн 2/ тус тус хэлэлцэхгүй орхигдуулж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ноён Цорс овогт Дагва-Очирын Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дагва-Очирын Отгонбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаяр нь 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгний торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Отгонбаярт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6.Шүүгдэгч Д.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хохирогч Л.Алтансүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Отгонбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС