Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2025/0642

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О*******, Г.Б******* нар

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б*******, хариуцагч Ц.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагчдын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА-******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах тухай

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Том татвар төлөгчийн газартай харьцдаг, 2017оны 05 сарын 21-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ, ******* тоот регистрийн дугаартай гадаадын “А*******” ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай.

2.2. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын Алаг толгой-1 нэртэй газарт уурхайн талбайд дугаар MV- тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай  зөвшөөрөл олгогдсон. 2019 онд олборлолт хийсэн, 2020, 2021 онд ковидын улмаас зогссон.

2.3.Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О*******, Г.Б******* нар нь Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 02 сарын 13-ны А/32 тоот, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, ТЕГ-МХЕГ-ын шалгалтын удирдамжтай тоот томилолтын дагуу "А*******” ХХК-ийн 2018-2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд хийсэн. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар 119,571,907,313.74 төгрөгийн зөрчилд 6,092,673,749.12 төгрөгийн нөхөн татвар, 2,379,428,540.58 төгрөгийн торгууль, 960,518,033.74 төгрөгийн алданги, нийт 9,432,620,323.44 төгрөгийн төлбөр ногдуулсан.

2.4. Нэхэмжлэгч маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар 119,571,907,313.74 төгрөгийн зөрчилд 6,092,673,749.12 төгрөгийн нөхөн татвар, 2,379,428,540.58 төгрөгийн торгууль, 960,518,033.74 төгрөгийн алданги, нийт 9,432,620,323.44 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, 20 дугаар тогтоол гаргасан.

2.5. Нэхэмжлэгч 2024 оны 10 сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2024/8593 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.6. Нэхэмжлэгчээс тус компанийн 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийг  Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О*******, Г.Б******* нар 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд хяналт, шалгалт хийж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар 119,571,907,313.74 төгрөгийн зөрчилд 6,092,673,749.12 төгрөгийн нөхөн татвар, 2,379,428,540.58 төгрөгийн торгууль, 960,518,033.74 төгрөгийн алданги, нийт 9,432,620,323.44 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч  шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Том татвар төлөгчийн газартай харилцагч, тоот хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* тоот регистрийн дугаартай “А*******” ХХК (цаашид “Компани”)-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал  хугацааны “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” (АМНАТ)-ийн ногдуулалт, төлөлтийн байдлыг Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн хүрээнд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О*******, Г.Б******* нар тоот томилолтын хүрээнд шалгаж 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр НА- тоот Нөхөн ногдуулалтын акт үйлдэж, 6,092,673,749.12 төгрөгийн нөхөн татвар, 2,379,428,540.58 төгрөгийн торгууль, 960, 518,033.74 төгрөгийн алданги, нийт 9,432,620,323.44 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.

Шалгалтын явцад тогтоосон зөрчлүүд, ******* тоот нөхөн ногдуулалтын акт, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны 20 тоот тогтоолыг зөвшөөрөх боломжгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйл 81.1.4-д заасны дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тухай

А******* ХХК-аас НА-******* тоот нөхөн ногдуулалтын акттай холбогдуулан гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөр хэлэлцээд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20 тоот тогтоол гаргасныг нэхэмжлэл гаргагч 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

1. НА-******* тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1-д заасан 2019 онд экспортолсон 7,206.82 тонн, 2020 онд экспортолсон 37,856.72 тонн 2021 онд экспортолсон 54,600.76 тонн, нийт 99,664.3 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 6,101,428,183.83 төгрөг, 2020 онд 27,046,009,857.5 төгрөг, 2021 онд 26,638,515,615.5 төгрөг, нийт 59,785,953,656.87 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд АМНАТ-ын үндсэн төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухай:

1.1. Татварын улсын байцаагч нар “жишиг үнээр” бус харин “гэрээний үнээр АМНАТ тооцсон”-ыг “ашигт малтмалд 5 хувиар ногдуулах АМНАТ-ын үндсэн төлбөр тооцоогүй гэж томьёолон зөрчилд тооцон нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар  зүйлийн 28.1-д зааснаар “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолоодугаар зүйлийн  3-т монгол улсын иргэн нь хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүрэгтэй гэж онцлон хуульчилсан байдаг. Татвар төлөгч бид Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д зааснаар хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-ын зах зээлийн үнэ буюу гэрээний үнийг мөрдөж АМНАТ ногдуулан төлсөн. Иймд Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас зарласан зах зээлийн үнээс хэт өндөр, Үндсэн хууль зөрчсөн, сайдын тушаалаар тогтоосон “жишиг үнэ”-ийг мөрдөх үүрэггүй гэж үзэж байна.

1.2. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 7.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө.” гэжээ. Энд АМНАТ-ыг борлуулалтын үнэлгээнээс тооцохыг заажээ. Харин мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.” гэжээ. Үүнээс үзэхэд АМНАТ ногдуулах “борлуулалтын үнэлгээ”-г Засгийн газар эсхүл Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас зарлана гэж хуульчлаагүй.

1.3. Татварын улсын байцаагч нар “жишиг үнээр” АМНАТ тооцохын тулд Сангийн сайдын 2019 оны 465 тоот тушаалаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг мөрдөж АМНАТ ногдуулах борлуулалтын жишиг үнийг тооцоолж гаргажээ. Гэвч Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газарт АМНАТ ногдуулах үнэлгээг тооцох аргачлал, журам гаргаж мөрдүүлэх эрх олгоогүй. Нөгөө талаар, Ийнхүү тооцоолол хийх-Хувь тэнцүүлж гаргасан үнийг чухам “ямар бүтээгдэхүүнээс хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Хэрхэн тооцож гаргах тодорхой аргачлал, журам байхгүй.

1.4. Хэдийгээр бид 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байрлах Алаг толгой хэмээх газарт ашигт малтмалын MV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлсэн ч энэ ордоос олборлолт огт хийгээгүй, 2019-2021 оны хувьд өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бус харин гар аргаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдээс жонш худалдан авч экспортод гаргасан. Энэхүү худалдан авалт, тэдний олборлож-борлуулсан шатанд төлсөн АМНАТ-ыг тооцож хасалт хийлгүй зөвхөн гаалийн мэдээлэл, жишиг үнэд суурилан татварын тооцооллыг шууд бус аргаар тодорхойлжээ. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалаар баталсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ыг /3.9 заалт/ мөрдөөгүй тул дээрх татварын улсын байцаагч нарын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

1.5. Монгол Улсын Үндэсний стандарт MNS0145:2016-ын 1-р хүснэгтэд ХЖ20-ХЖ64.99 буюу хайлуур жоншны агуулга 20-65% хүртэл бол хүдрээр тооцохыг заасан байдаг. Гэтэл фторт кальцийн агуулга 75%-аас доош бол “хүдэр”-т тооцон АМНАТ ногдуулж байгаа нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “техникийн зохицуулалт”-ыг хангаагүй, мөн хуулийн 5.2-т заасан заавал мөрдөх үүргийг хангаагүй байна.

1.6. Татварын улсын байцаагч нар “гэрээний үнээр” АМНАТ тооцож, тайлагнаж төлснийг АМНАТ-ын үндсэн төлбөр тооцоогүй гэж томьёолон зөрчилд тооцон нөхөн татвар, торгууль, алданги оногдуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1, 47.3.2 дахь заалтыг үндэслэл болгожээ. Эдгээр заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 04 тоот тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн нь нэгэнт тогтоогдсон тул Монгол улсын Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 4-т “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Уулсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.” гэж заасны дагуу дээрх хугацаанд уг хуулийн заалтуудыг дагаж мөрдөх үүрэггүй, дээрх шийдвэр хууль бус байна.

1.7. Нөхөн ногдуулалтын актад жишиг үнээс АМНАТ тооцохдоо ам доллараас төгрөгт хөрвүүлэх ханшийг Монгол банкны сарын дундаж ханшийг авч тооцоолсон нь алдаатай байна. Экспортод гаргасан өдөр тус бүрийн ханшаар тооцоогүй, тооцооллын аргачлал илт алдаатай байна.

2. НА-******* тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2-д заасан 2019 онд экспортолсон 7,206.82 тонн, 2020 онд экспортолсон 37,856.72 тонн 2021 онд экспортолсон 54,600.76 тонн, нийт 99,664.3 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 6,101,428,183.83 төгрөг, 2020 онд 27,046,009,857.5 төгрөг, 2021 онд 26,638,515,615.5 төгрөг, нийт 59,785,953,656.87 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд АМНАТ-ын нэмэлт төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухай:

2.1. АМНАТ-ын нэмэлт хувь хэмжээг тооцохдоо одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2015 оны 488 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага,  ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 2.4 дэх заалтын 6-д заасан “Хайлуур жоншны баяжмал”-ын ангилалд тооцоогүй байна. Энэ аргачлалд газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон механик аргаар боловсруулж, хүдэр дэх агуулгыг нь дээшлүүлсэн 75-92%-ийн агуулгатай жоншны хүдрийг “баяжмалаар” тооцохоор тогтоосон. Нөхөн ногдуулалтын актад манай экспортыг хайлуур жонш, жоншны хүдрээр тооцон нэмэлт хувийг ойролцоогоор 5 хувиар тооцсоноос тооцооллын илт алдаа гарсан байна. Манай экспортын дийлэнх хэсгийг гар аргаар ангилсан 75%-аас дээш агуулгатай жонш, мөн 92%-аас дээш агуулгатай флотацийн баяжмал эзэлдэг. Эдгээр нь гаалийн мэдүүлэг, лабораторийн дүгнэлтээр нотлогдоно.

Иймд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О, Г.Б******* нарын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн НА-******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгож өгөхийг хүсье.

3.2.Хариуцагч Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, М.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... А******* ХХК-аас 2022 оны 11 сарын 25-ны өдрийн НА-******* дугаартай Нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Татвар төлөгчөөс ирүүлсэн гомдолд:

1. НА-******* тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1-д заасан 2019 онд экспортолсон 7,206.82 тонн, 2020 онд экспортолсон 37,856.72 тонн 2021 онд экспортолсон 54,600.76 тонн, нийт 99,664.3 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 6,101,428,183.83 төгрөг, 2020 онд 27,046,009,857.5 төгрөг, 2021 онд 26,638,515,615.5 төгрөг, нийт 59,785,953,656.87 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд АМНАТ-ын үндсэн төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухай:

1.1. “Татварын улсын байцаагч нар “жишиг үнээр” бус харин “гэрээний үнээр АМНАТ тооцсон”-ыг “ашигт малтмалд 5 хувиар ногдуулах АМНАТ-ын үндсэн төлбөр тооцоогүй гэж томьёолон зөрчилд тооцон нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар  зүйлийн 28.1-д зааснаар “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолоодугаар зүйлийн  3-т монгол улсын иргэн нь хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүрэгтэй гэж онцлон хуульчилсан байдаг. Татвар төлөгч бид Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д зааснаар хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-ын зах зээлийн үнэ буюу гэрээний үнийг мөрдөж АМНАТ ногдуулан төлсөн. Иймд Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас зарласан зах зээлийн үнээс хэт өндөр, Үндсэн хууль зөрчсөн, сайдын тушаалаар тогтоосон “жишиг үнэ”-ийг мөрдөх үүрэггүй гэж үзэж байна.” гэсэнд

          “А*******” ХХК нь Ашигт малтмалын газраас 2019 оны 07 сарын 05-ны өдөр олгосон Дорноговь аймгийн Айраг сумын Алаг толгой-1 нэртэй газарт уурхайн талбайд дугаар MV- тоот ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл эзэмшдэг. Тус компани нь 2019 онд 7,206.72 тонн, 2021 онд 54,600.76 тонн нийт 99,664.3 тонн жоншийг экспортод гарган борлуулсан. Дээрх борлуулсан ашигт малтмалд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд гэснийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /цаашид АМНАТ гэх/ ногдуулсан. Компанийн хувьд татварын албанд АМНАТ-ын тайлангаар 2019 онд 7.209 тонн, 2020 онд 17290.02 тонн, 2021 онд 32,345.04 тонн нийт 58,844.06 тонныг экспортолсон, борлуулсан гэж тайлагнасан байдаг.

          Мөн АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг гэрээний үнээс тооцож, төлсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тооцох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3.3. “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь” гэснийг зөрчсөн тул 2019 онд 6,101,428,183.83 төгрөг, 2020 онд 27,046,009,857.5 төгрөг, 2021 онд 26,638,515,615.5 төгрөг, нийт 59,785,953,656.87 төгрөгийн борлуулалтын үнэлгээний орлогод ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр, мөн хуулийн 47.5 “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:” 47.8. “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” Засгийн газрын 2011 оны 06 сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал” гэж заасныг баримтлан АМНАТ-ыг ногдуулсан.

 1.2. “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 7.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө.” гэжээ. Энд АМНАТ-ыг борлуулалтын үнэлгээнээс тооцохыг заажээ. Харин мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.” гэжээ. Үүнээс үзэхэд АМНАТ ногдуулах “борлуулалтын үнэлгээ”-г Засгийн газар эсхүл Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас зарлана гэж хуульчлаагүй.” гэсэнд,

Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д заасан АМНАТ-ыг давхардуулалгүй ногдуулахын тухайд, тухайн татвар төлөгч ашигт малтмалыг өөрөө олборлоогүй, бусдаас /тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс/ худалдан авсан тохиолдолд тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч борлуулагчийн төлсөн АМНА-ыг хасаж тооцохоор хуулиар зохицуулсан бөгөөд татвар төлөгч тайландаа “Дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шатанд ногдуулсан АМНАТ” баганад тайлагнах үүрэгтэй. Харин А******* ХХК-ийн татварын албанд илгээсэн тайланд дамжуулан борлуулагчийн төлсөн АМНАТ гэж тайлагнаагүй байдаг.

Ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Засгийн газар нийтэд зарлахыг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-д “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.” гэж хуулиар эрх олгосны дагуу экспортод гаргасан ашигт малтмалын үнийн эх сурвалжийг Сангийн яам https://mof.gov.mn/article/budget/zah-zeeliin-uniin-medeelel, сайтад сар бүр зарладаг, гадаад валютын ханшийн эх сурвалжийг Монголбанкны https://www.mongolbank.mn/liststatistic.aspx?id=19 зарласан ханшаар тус тус тооцож АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг тооцдог.

1.3. Татварын улсын байцаагтч нар “жишиг үнээр” АМНАТ тооцохын тулд Сангийн сайдын 2019 оны  465 тоот тушаалаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг мөрдөж АМНАТ ногдуулах борлуулалтын жишиг үнийг тооцоолж гаргажээ. Гэвч Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газарт АМНАТ ногдуулах үнэлгээг тооцох аргачлал, журам гаргаж мөрдүүлэх эрх олгоогүй. Нөгөө талаар, Ийнхүү тооцоолол хийх-Хувь тэнцүүлж гаргасан үнийг чухам “ямар бүтээгдэхүүнээс хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Хэрхэн тооцож гаргах тодорхой аргачлал, журам байхгүй. гэсэнд

          Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын 2.2. “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно.” гэсний дагуу гаалийн байгууллагад мэдүүлсэн ашигт малтмалын агуулгын хувь хэмжээнд үндэслэн тооцсон болно.

          1.4. Хэдийгээр бид 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байрлах Алаг толгой хэмээх газарт ашигт малтмалын MV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлсэн ч энэ ордоос олборлолт огт хийгээгүй, 2019-2021 оны хувьд өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бус харин гар аргаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдээс жонш худалдан авч экспортод гаргасан. Энэхүү худалдан авалт, тэдний олборлож-борлуулсан шатанд төлсөн АМНАТ-ыг тооцож хасалт хийлгүй зөвхөн гаалийн мэдээлэл, жишиг үнэд суурилан татварын тооцооллыг шууд бус аргаар тодорхойлжээ. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалаар баталсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ыг /3.9 заалт/ мөрдөөгүй тул дээрх татварын улсын байцаагч нарын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэсэнд

Дээрх 1.2 дахь хэсэгт дамжуулан борлуулагчийн төлсөн АМНАТ-ыг хасах хуулийн зохицуулалт байгаа ч татвар төлөгч тайландаа тусгаагүй, АМНАТ-ын тайлангийн хавсралт мэдээ ТТ-15-И гэсэн хавсралтад тусгагдсан мэдээлэл байхгүй, өмнөх шатанд хэн хэдий хэмжээний ашигт малтмал төлсөн бэ гэдэг нь нотлогдохгүй тул хасах боломжгүй юм. /нотлох баримтыг хавсаргав./

Татварын ерөнхий хуулийн 36.3. “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсний дагуу Сангийн сайдын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалаар баталсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ын 1-р зүйл 1.1. “Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу татварын ногдлыг тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, татварын хяналт шалгалт хийн нөхөн ногдуулалтын акт үйлдэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.” 1.2. “Жишиг үнийн арга гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.11-д тодорхойлсныг ойлгоно.”

          Татвар төлөгч экспортод гаргасан ашигт малтмалын гэрээний үнээр тооцож АМНАТ төлсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 47 дугаар зүйлийн 47.1. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон бусад бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө, 47.2. “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно: “47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан,” гэж заасны дагуу хариуцлага ногдуулсан.

1.5. Монгол Улсын Үндэсний стандарт MNS0145:2016-ын 1-р хүснэгтэд ХЖ20-ХЖ64.99 буюу хайлуур жоншны агуулга 20-65% хүртэл бол хүдрээр тооцохыг заасан байдаг. Гэтэл фторт кальцийн агуулга 75%-аас доош бол “хүдэр”-т тооцон АМНАТ ногдуулж байгаа нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “техникийн зохицуулалт”-ыг хангаагүй, мөн хуулийн 5.2-т заасан заавал мөрдөх үүргийг хангаагүй байна. гэсэнд:

Ашигт малтмалын хуулийн 47.8, “ Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэсний дагуу Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг баталсан байдаг. Энэ аргачлалын 2.2-т ашигт малтмалын хүдэрт тавих шаардлага, түүнийг тооцох үндсэн зарчмыг дараах байдлаар тодорхойлно. Хайлуур жоншны хүдэр 75% хүртэл агуулгатай байхаар тодорхойлсон байдаг. Иймд тогтоолд заасан шаардлага, ангиллын дагуу тус компанийн экспортод гаргасан бүтээгдэхүүнийг тодорхойлж, АМНАТ ногдуулсан.

1.6. Татварын улсын байцаагч нар “гэрээний үнээр” АМНАТ тооцож, тайлагнаж төлснийг АМНАТ-ын үндсэн төлбөр тооцоогүй гэж томьёолон зөрчилд тооцон нөхөн татвар, торгууль, алданги оногдуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1, 47.3.2 дахь заалтыг үндэслэл болгожээ. Эдгээр заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 04 тоот тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн нь нэгэнт тогтоогдсон тул Монгол улсын Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 4-т “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.” гэж заасны дагуу дээрх хугацаанд уг хуулийн заалтуудыг дагаж мөрдөх үүрэггүй, дээрх шийдвэр хууль бус байна. гэсэнд:

“А*******” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд

ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй боловч ашигт малтмал ашиглаж буй аж ахуй нэгж нь 2019 оны 03 сарын 26-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу 2019 оны 04 сарын 07-ны өдрөөс эхлэн /дагаж мөрдөх хугацаа/ 2019 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд, харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 11 сарын 22-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш хугацаанд тус тус хугацааны хувьд тасалдалгүй дагаж мөрдөж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар заасан.

1.7. Нөхөн ногдуулалтын актад жишиг үнээс АМНАТ тооцохдоо ам доллараас төгрөгт хөрвүүлэх ханшийг Монгол банкны сарын дундаж ханшийг авч тооцоолсон нь алдаатай байна. Экспортод гаргасан өдөр тус бүрийн ханшаар тооцоогүй, тооцооллын аргачлал илт алдаатай байна. гэсэнд:

Ашигт малтмалын тухай хуулийн 47.2. “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно: 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан,” гэж заасан, мөн Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/64 тоот тушаалаар баталсан АМНАТ-ын тайлангийн маягтын 3-р хавсралт “Экспортод гаргасан жонш, төмөр, гянтболд манганы хүдэр, баяжмалд ногдуулсан АМНАТ-ын мэдээ /ТТ-15В/ тайланд “Монгол банкнаас зарласан ам.долларын сарын дундаж ханш”-аар тооцдог. Татвар төлөгчийн хувьд дээрх батлагдсан маягтын дагуу тайлагнадаг. Тиймээс өдрийн ханшаар тооцоолол хийх нь харин ч хууль, батлагдсан эрх зүйн актыг зөрчсөн үйлдэл болно. /тушаал болон тайлангийн маягт хавсаргав./

2. НА-******* тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2-д заасан 2019 онд экспортолсон 7,206.82 тонн, 2020 онд экспортолсон 37,856.72 тонн 2021 онд экспортолсон 54,600.76 тонн, нийт 99,664.3 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 6,101,428,183.83 төгрөг, 2020 онд 27,046,009,857.5 төгрөг, 2021 онд 26,638,515,615.5 төгрөг, нийт 59,785,953,656.87 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд АМНАТ-ын нэмэлт төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухай: гэсэнд:

АМНАТ нэмэлт төлбөр тооцсон үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 “Энэ хуулийн 47.3.3”т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно” гэснийг үндэслэн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин буюу хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний аль нэгэнд тухайн зах зээлийн үнийн түвшингээс хамаарч хүдэр бол 1-5% гэж заасны дагуу нэмэлт төлбөр ногдуулсан.

3.1. АМНАТ-ын нэмэлт хувь хэмжээг тооцохдоо одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2015 оны 488 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага,  ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 2.4 дэх заалтын 6-д заасан “Хайлуур жоншны баяжмал”-ын ангилалд тооцоогүй байна. Энэ аргачлалд газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон механик аргаар боловсруулж, хүдэр дэх агуулгыг нь дээшлүүлсэн 75-92%-ийн агуулгатай жоншны хүдрийг “баяжмалаар” тооцохоор тогтоосон. Нөхөн ногдуулалтын актад манай экспортыг хайлуур жонш, жоншны хүдрээр тооцон нэмэлт хувийг ойролцоогоор 5 хувиар тооцсоноос тооцооллын илт алдаа гарсан байна. Манай экспортын дийлэнх хэсгийг гар аргаар ангилсан 75%-аас дээш агуулгатай жонш, мөн 92%-аас дээш агуулгатай флотацийн баяжмал эзэлдэг. Эдгээр нь гаалийн мэдүүлэг, лабораторийн дүгнэлтээр нотлогдоно. гэсэнд:

          Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлиийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно” гэж заасны дагуу жоншны хувьд 75-аас доош агуулгатай жоншинд 0,90-4,5% тооцохоор хуульд заасан байдаг. Нэмэлт хувийн тооцооллыг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О*******, Г.Б******* нар нэхэмжлэгч А ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийх ерөнхий удирдамж, тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Хэсэгчилсэн/ шалгалтыг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хийж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 119,571,907,313.74 төгрөгийн зөрчилд 6,092,673,749.12 төгрөгийн нөхөн татвар, 2,379,428,540.58 төгрөгийн торгууль, 960,518,033.74 төгрөгийн алданги, нийт 9,432,620,323.44 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

3. Нэхэмжлэгчээс уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “… татварын улсын байцаагч нар жишиг үнээр бус гэрээний үнээр АМНАТ тооцсоныг зөрчилд тооцон татвар, торгууль, алданги ногдуулсан, тооцоолол хийх-хувь тэнцүүлж гаргасан үнийг ямар бүтээгдэхүүнээс хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй, тооцох аргачлал, журам байхгүй, 2019-2021 онд өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бус харин гар аргаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдээс жонш худалдан авч экспортод гаргасан, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1, 47.3.2 дахь заалтыг үндэслэл болгосон, эдгээр заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны хуралдааны 04 тоот тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон тул дээрх шийдвэр хууль бус, жишиг үнээс АМНАТ тооцохдоо ам доллараас төгрөгт хөрвүүлэх ханшийг Монголбанкны сарын дундаж ханшийг авч тооцоолсон нь алдаатай, манай экспортыг хайлуур жонш, жоншны хүдрээр тооцон нэмэлт хувийг ойролцоогоор 5 хувиар тооцсоноос тооцооллын илт алдаатай тул нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагчаас бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч А ХХК нь 2018 онд тайлан ирүүлээгүй, 2019 онд 7,206.0 тонн 212,647,637.76 төгрөгийн үнэлгээнээс 10,632,381.89 төгрөгийн, 2020 онд 17,290.02 тонн 531,659,367.11 төгрөгийн үнэлгээнээс 26,582,968.36 төгрөгийн, 2021 онд 32,345.04 тонн 17,376,692,666.92 төгрөгийн үнэлгээнээс 868,834,633.24 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн тайлангийн мэдээлэлд тайлагнасан байна.

6. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/ 25292120 /Хайлуур жоншны хүдэр-фторт кальцийн агууламж 20 55%/, 25292120 /фторт кальцийн агууламж 97% буюу түүнээс бага/, 25292130 /Бүхэл хайлуур, жонш-фторт кальцийн агууламж 55 97%/, 25292220 /Хайлуур жоншны баяжмал-фторт кальцийн агууламж 97%-иас дээш/ кодоор 2019 онд 7,206.82 тонн, 2020 онд 37,856.72 тонн, 2021 онд 54,600.76 тонн, нийт 99,664.30 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортод гаргасан нь гаалийн мэдээлэлд тусгагджээ.

7. Дээрх тайлан мэдээллээс үзэхэд нэхэмжлэгчээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар экспортод гаргасан ашигт малтмалын тоо хэмжээг зөрүүтэй тайлагнасан болох нь тогтоогдож байна.

8. Хариуцагч Татварын улсын байцаагчид нь Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 47 дугаар зүйлд Татварын хяналт шалгалт, 47.1-д Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана гэж зааснаар нэхэмжлэгчийг татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнасан эсэхэд татварын хяналт шалгалт хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

9. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор баталсан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Стандарт MNS 0145:2016 /Хайлуур жонш Марк ба техникийн шаардлага/ стандартыг баримталсан бөгөөд тус стандартаар хар металлурги, хүчил, гагнуурын зориулалтын хайлуур жонш, тэдгээрийн баяжмал болон хайлуур жоншны хүдрийн марк, тэмдэглэгээ, техникийн шаардлагыг тогтоосон ба хайлуур жоншны хүдэр Болон жоншны баяжмалыг флюоритын агуулгын хувьд хайлуур жоншны хүдэр, жоншны Баяжмал гэж тодорхойлж, металлургийн зориулалтын хайлуур жоншны баяжмал /бүхэл байдалтай флюорит МБФ 65-МБФ 95/, хайлуур жоншны хүдэр /ХОЖ 20-ХОЖ 64.99/" гэж тодорхойлсон байна. Ашигт малтмалын тухай хууль болон уг хуультай холбогдон гарсан журам, заавар, аргачлалд заасан хайлуур жоншны хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах зохицуулалт нь дээрх стандартаар тодорхойлсон хайлуур жоншны хүдэр, жоншны баяжмалын

марк, хамрах хүрээнд суурилдаг байна.

10. Маргаан бүхий тохиолдолд хариуцагч Татварын улсын байцаагчид нь нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа нэхэмжлэгч компанийн гаалийн экспортын мэдээн дэх гаалийн төв лабораторийн ашигт малтмалын агууламжийн мэдээлэлд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцоолж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан нь үндэслэлтэй.

11. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэж заасан.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор хэлэлцэж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж, хуулийн холбогдох зүйл хэсэг, заалтыг хүчингүй болгохоор тогтоосон.

13. Үндсэн хуулийн цэцийн дээрх тогтоол гарсантай холбоотой Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд "2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө., 1 дүгээр зүйлийн 1.1-т ашигт малтмалын тусгай зөвшөөр эзэмшигч, 1.2-т ашигт малтмал экспортолсон этгээд" гэж заасан байна.

14.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө", мөн хуулийн 47.1-д "Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.1.1-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 47.1.2-т ашигт малтмал экспортолсон этгээд" гэж зааснаар ашигт малтмал ашигласны төлбөр төлөгчийг тодорхойлсон байна.

15. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар "Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр"-ын 5-д "Хайлуур жонш "Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.Indmin.com), 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-д заасан зах зээлийн үнийн эх сурвалжид зарлагдсан олон улсын зах зээлийн үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахаар заасан.

16.Түүнчлэн Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1-т татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;", 43 дугаар зүйлийн 43.1-д "Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө.", Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1-д "Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө" гэж заасны дагуу татвар төлөгч татварын ногдлоо өөрөө тодорхойлж, тайлагнахаар байна.

17. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмын 2.1-д АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг дараахь байдлаар тооцно: 2.1.1-д тухайн сард дотоодын зах зээлд худалдсан, худалдахаар ачуулсан, өөрийн хэрэгцээнд ашигласан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг баримтлан; 2.1.2-т тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан; 2.1.3-т Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд худалдсан алт болон мөнгөний борлуулалтын үнэлгээг Монголбанкнаас тухайн өдөр зарласан үнийг баримтлан АМНАТ ногдуулахаар тогтоосонд нийцжээ.

18. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А ХХК-ийн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хууль /2019 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.2, 47.4, 47.5, 47.8, 47.10, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн/-ийн 47.1, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.3.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг тус тус баримтлан А ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.НЯМДЭЛГЭР