Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 83

 

А.Чын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Э, Л.Б нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2021/00623 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Чын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э, Л.Б нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М онлайнаар, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч А.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие А.Ч нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Л.Бт 20.000.000 төгрөгийг зээлж өгсөн бөгөөд үүний 10.000.000 төгрөг нь иргэн Эгийн мөнгө байсан. Тухайн мөнгийг Л.Бт өгөхийг, уг зээлийг өгснөөр өдрийн ашиг олох боломжтой гэх үгийг Э хэлж, зуучилсны 1 хувь буюу 10.000 төгрөг болон 10.000.000 төгрөгний хүү болох 100.000 төгрөгийг өдөрт нь авдаг байсан. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөгийг мөн өдрийн хүүтэй Л.Б нь аваад буцаан өгөхгүй зөвхөн хүү өгсөн учир мөнгөө нэхсэн ба үүнээс хойш 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хүү тооцон мөнгийг өгөхгүй болсон. Уг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр надаас авсан 20.000.000 төгрөгийг уг өдөр Эгийн данс руу өгсөн байх ба Э өөрийн данс руу 20.000.000 төгрөг Л.Б хийснийг өөрийн ашиг гэж үзэн надад огт хэлэлгүй өдий болсон байх ба Л.Б, Э нар нь илүү дутуу мөнгө өгсөн асуудлаар иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн байгааг мэдлээ. Энэ хоёр хүний мөнгө төгрөгний ашиг олох гэсэн сонирхол хүслийн үр дүнд намайг хохироосон байна. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөнгөө Бт зээлж өгчихөд орой хүүгийн хамт мөнгөө авах гээд хажууд нь Б.Эгийн хамт сууж хүлээж байхад өөрийн данс руу 20.000.000 орж ирснийг хэлээгүйгээр барахгүй, нэмж 10 хувийн хүү, зуучлалын хөлс гэж авч байсныг мэдээд гайхахад хүрлээ. Ингэж хүнийг төөрөгдөлд оруулж өөрсдийн мөнгөө олж авах гэсэн ашиг сонирхолд бусдыг ашиглан хохироогоод хоорондоо жил шахуу шүүх цагдаа гэж өөр өөрсдийнх нь аль алинаас болоогүй мэт хандаж болохгүй гэж үзэж байна. Б.Эг мөнгөө Л.Бт алдсан хүн гэж ойлгож явтал миний зээлдүүлсэн гэж бодож төөрөгдөж явсан мөнгийг авсан байгааг дансаар тогтоон гаргаж ирсэн байна. Мөнгийг минь өгнө гэж итгэл үнэмшил бий болгон, бичиг хүртэл хийж өгч байсан Л.Б болон Б.Э нар нь анхнаасаа намайг төөрөгдүүлж мөнгө төгрөгөө өгч авалцсан үйлдэл байна. Л.Э мөнгөө өгч байхдаа 10.000.000 төгрөг миний мөнгө гэдгийг Л.Бт битгий хэлээрэй гэж надаар дамжуулан хэлсэн үг ямар учиртай болохыг, мөн Л.Б надаас мөнгө аваад Б.Эд мөнгө өгөх гэж байснаа хэлээгүй зэрэг нь намайг маш их төөрөгдөлд оруулж, би хохироход хүрчээ. Хоёр биендээ мөнгө өгч ашиг олох гэсэн санаа зорилготой Б, Б.Э нарын идэвхтэй үйлдэл дунд би хохирсон байна. Иймд Л.Б, Б.Э нараас миний мөнгө болох 10.000.000 төгрөгийг, зээлийн хүү 2020 оны 06 дугаар сарын 04-нөөс 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 2.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан. Бтэй гэрээ байгуулж түүний дансанд мөнгөө шилжүүлсэн тул Л.Бээс 12.000.000 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн ба өмгөөлөгчийн хууль зүйн тайлбартай холбогдуулан өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Борис овогтой Э надад холбогдуулан гаргасан 12.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч А.Ч нь хариуцагч Л.Бтэй өөрөө харилцан тохиролцож зээл өгсөн байх бөгөөд би нэхэмжлэгч хариуцагч нарын зээлийн харилцаанд хамааралгүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Л.Бт өгөөрэй гэж надад бэлнээр болон дансаар ямар ч мөнгө өгөөгүй, хариуцагч Л.Б ч А.Чд өгөөрэй гэж надад бэлнээр болон дансаар ямар ч мөнгө өгөөгүй болно. Гэтэл яагаад уг асуудалд намайг хамтран хариуцагчаар татаж Л.Бт өгсөн зээл, хүүгээ надаас нэхэж байгааг ойлгохгүй байна. Л.Б бид хоёрын хооронд мөнгө төгрөгийн маргаан бий боловч энэ нь Чтай холбоогүй, зөвхөн Б бид хоёрын хоорондын асуудал бөгөөд уг асуудлаар Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан байгаа болно. Миний хувьд А.Ч болон Л.Б нарын зээлийн асуудалд огт холбоогүй бөгөөд хэн алинтай нь мөнгийг нь авч өгөлцөх, дамжуулах үүрэг хүлээгээгүй тул уг нэхэмжлэлийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ч зээлийн гэрээний үүрэг гэсэн шаардлага гаргасан бөгөөд энэ нэхэмжлэл нь Эд огт хамааралгүй юм. Мэтгэлцээний явцад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж өмгөөлөгч үзэж байгаа юм байна. Гэтэл 20.000.000 төгрөг нь Л.Б, Б.Э нарын хооронд эртнээс тооцоотой байсан тэр мөнгө, гүйлгээний утга ч байхгүй нотлогдохгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч нь хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй байна. 10.000.000 төгрөгийг авсан нь үнэн 2.200.000 төгрөгийг буцаагаад А.Чд өгсөн. 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нөхөж байгуулсан гэрээгээр хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, өдрийн 1 хувийн хүү гэдэг нь хэт өндөр хүү байна. Уг гэрээнд гарын үсэг зуруулахдаа хүчинд автсан байдаг. Энэ талаар цагдаагийн байгууллагад хүртэл шалгуулсан байгаа. Л.Б, Б.Эгийн хоорондын маргаан одоо Улсын дээд шүүх дээр хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Авсан мөнгөнөөсөө А.Чд өгсөн мөнгийг хасаж үлдэгдэл төлбөрийг 2 хувааж төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2021/00623 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Бээс 8.400.000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөг, хариуцагч Б.Эгаас 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.950.000 /хоёр сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 207.000 /хоёр зуун долоо/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бээс 149.350 /нэг зуун дөчин есөн мянга гурван зуун тавь/ төгрөг, хариуцагч Б.Эгаас 20.150 /хорин мянга нэг зуун тавь/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Чд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч А.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Л.Бт 20.000.000 төгрөгийг зээлж өгсөн бөгөөд 10.000.000 төгрөг нь Б.Эгийн мөнгө байсан, Иймд Л.Б Б.Э нараас миний мөнгө болох 10.000.000 төгрөг, зээлийн хүү 2.000.000 төгрөг, нийт 12.000.000 гаргуулж өгнө үү” хэмээн тодорхойлсон бөгөөд чухам хариуцагч нараас хэд хэдэн төгрөг хэрхэн шаардаж байгаагаа тодорхойлоогүй бөгөөд шүүх хуралдааны явцад шүүхээс дээрх байдлыг тодруулахад хариуцагч Л.Бээс зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг шаардана гэж тайлбарладаг. Хариуцагч Б.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “Б.Э нь А.Чтай ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа болон зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд дээрх зээлийн гэрээний маргаанд ямар нэгэн үүрэг хүлээх үндэслэлгүй тул Б.Эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн тайлбар гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Б.Эг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй, .... Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн буюу Б.Эг зуучлагч байсан гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн байдаг. Тухайлбал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл буюу дүгнэлт хэсэгт “хариуцагч Б.Эг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй, түүнчлэн зуучлагч байсан гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Бээс 8.400.000 төгрөг, хариуцагч Б.Эгаас 650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэх заалтыг баримтлан хариуцагч Б.Эгаас 650.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн дүгнэлт хэсэгтэй нийцэхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч А.Ч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бөгөөд хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч А.Чтай ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй, зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй, мөнгө аваагүй тухай тайлбарласан ба шүүх хуралдааны явцад талууд дээрх тайлбарт маргаагүй болно. Мөн шүүх хуралдааны асуулт хариултын шатанд шүүгч нэхэмжлэгчээс “чухам хариуцагч нарын хэнд нь холбогдуулж хэдэн төгрөг шаардаж байгаа талаар тодруулахад нэхэмжлэгч А.Ч хариуцагч Л.Бээс зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба хариуцагч Б.Этай ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэл гаргаагүй тухай тайлбарладаг.

Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох зээлийн гэрээний харилцаанаас өөр үндэслэлээр буюу хариуцагч Б.Эг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаагүй үндэслэлээр шаардлага гаргасан бөгөөд шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчин шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөнтэй холбогдуулан нэмэлт тайлбар, нотлох баримт гаргах боломж олгохгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 623 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б.Эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч А.Ч нь хариуцагч Л.Б, Б.Э нарт холбогдуулан үндсэн зээл  10.000.000 төгрөг, зээлийн хүүнд 2.000.000 төгрөг нийт 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хариуцагч Л.Бээс 8.400.000 төгрөг, хариуцагч Б.Эгаас 650.000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч А.Чд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.Э 10.000.000 төгрөгийг “chantskad” гэсэн гүйлгээний утгатай хаан банкны 5217070895 дугаар  данснаас нэхэмжлэгчийн хаан банкны 5094088173 дугаар  дансанд шилжүүлж, нэхэмжлэгч А.Ч нь мөн өдрөө хариуцагч Л.Бийн хаан банкны 5094130002 дугаар  дансанд 20.000.000 төгрөгийг Бт гэсэн гүйлгээний утгатай шилжүүлжээ.

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Л.Б нь өөрийн хаан банкны 5094130002 дугаар  данснаас 99354994 гүйлгээний утгатай 20.000.000 төгрөг болон 200.000 төгрөгийг нэхэмжлэгч А.Чын дансаар шилжүүлж, нэхэмжлэгч А.Ч нь хариуцагч Б.Эгийн 5217070895 дугаар дансанд 110.000 төгрөгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Чанцалаас гэсэн гүйлгээний утгатай шилжүүлжээ.

2020 оны 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд нэхэмжлэгч А.Ч, хариуцагч Л.Б нарын хооронд өмнөх өдрийнхтэй адил гүйлгээ хийгдсэн,  2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч А.Чаас хариуцагч Б.Эд 330.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 220. 000 төгрөгийг Чанцалаас, Чанцка энх-д гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэн өгсөн, хариуцагч Л.Бээс нэхэмжлэгч А.Чд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 200.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 400.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч А.Ч, хариуцагч Л.Б нар зээлийн гэрээг амаар байгуулж хүүний төлбөрийг өдрийн 1 хувь байхаар тохирч 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөнгө өгч авалцдаг байсан ба 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлдүүлсэн 20.000.000 төгрөгийн хүүний төлбөрийг хэсэг хугацаанд өгөөд түүнээс хойш өгөхгүй байсан болохоор 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг нөхөж байгуулжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Л.Бээс зээлийн гэрээний үүрэгт 8.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Чд олгож шийдвэрлэсэн зөв байна.

Хариуцагч Б.Э, хариуцагч Л.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа 2019 оны 11 дүгээр сараас эхлэн үүссэн ба тэдний харилцаа 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн буюу 20. 000. 000 төгрөгийг шилжүүлэхээс өмнөх хугацаанд үргэлжилж байсан болох нь Б.Эгийн 5217070895 дугаар дансны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 850. 000, 200. 000 төгрөгийн орлого, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 15 .000 .000, 5 .000. 000 төгрөгийн зарлага, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1 .250. 000 төгрөгийн орлогын гүйлгээгээр тогтоогджээ.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Эг “...үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зуучлагч байсан гэж үзэх үндэслэлгүй...”гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч А.Чаас хариуцагч Б.Эд шилжүүлсэн 650.000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч А.Ч нь хариуцагч Л.Б, Б.Э нараас  зээл  болон хүүнд 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Эгаас  ямар үндэслэлээр яг хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, зохигчдын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн ойлгомжгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн“... Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 623 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б.Эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн  давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20.150  төгрөгийг  буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2021/00623 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Бээс 8.400.000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөг, хариуцагч Б.Эгаас 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.950.000 /хоёр сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3., 282.4.,-д зааснаар хариуцагч Л.Бээс 8.400.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Эд холбогдох хэсэг,  3.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 207.000 /хоёр зуун долоо/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бээс 149.350 /нэг зуун дөчин есөн мянга гурван зуун тавь/ төгрөг, хариуцагч Б.Эгаас 20.150 /хорин мянга нэг зуун тавь/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Чд олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 207.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бээс 149.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Чд олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20.150  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР