| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/10469/И |
| Дугаар | 191/ШШ2025/03848 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03848
2025 05 05 191/ШШ2025/03848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Ж овогт Эийн Б /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах ЭГЖ ХХК /РД: ***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 67,305,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б би 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сот-3 апартмент А блок төслийг хэрэгжүүлэгч, барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч *** регистрийн дугаартай "ЭГЖ ХХК-тай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Сот-3 орон сууцны барилгаас 4-н давхрын 38,46 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 метр квадрат талбайг 1750000 төгрөгөөр тооцож бүгд 67305000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэрээ хийсэн өдрөө төлбөрийг **** тоот хаан банкны дансанд 100% шилжүүлсэн. Орон сууцны захиалгын гэрээг байгуулахдаа 2022 оны II-р улиралд ашиглалтад оруулна гэж байгуулсан боловч хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар цутгалт хийх боломжтой улирал эхэлсэн ч цутгалтаа аваагүй барилгын ажил зогсонги байдалтай хүйтний улирал эхэлсэн. Захиалагч бид удаа дараа утсаар болон биеэр очиж уулзахад мөнгөгүй, зээл гаргахгүй байна, арматур захиалсан өнөө маргаашгүй ирнэ гэх мэт үгийг 2023 он гарснаас хойш худал хэлж хоног аргацааж байна. 2023 оны 02 сараас барилгын ажил хэвийн явагдана гэж хэлээд захирал Д.Ч нь ажлын байрандаа байхгүй санхүүжилт хайж байна гэж хэлээд албан бичиг гаргаж өгөөд захиалагч нартай уулзахаа больсон. 2023 оны 04 сарын 26-ны өдөр албан бичгээр хүсэлт өгч 2023 он 05 сарын 06-нд "ЭГЖ ХХК-ийн удирдлагууд болох гүйцэтгэх захирал Д.Ч, барилгын ерөнхий инженер гэх мэт хүмүүстэй уулзаж тодорхой мэдээлэл өгөхийг шаардсан ч тухайн товлолт өдөр Зөвлөх инженер Н.Д гэх хүн уулзсан ч барилгын ажил дорвитой эхлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Мөн 2024 оны 3,5,8 саруудад захиалагч нар нярав Бтай утсаар болон биеэр очиж уулзаж Д.Чтой захиалагч нар уулзмаар байгаагаа хэлж өдөр цаг товлуулж, шаардаж байж 2024 оны 05 сарын 12-нд 12 цагаас захиалагч нартай уулзсан. Ч нь уулзалтаар мөнгөгүй болоод барилга зогссон. Хөрөнгө оруулалт хайж байна гэх мэдээллийг удаа дараа өгсөөр байсан. Мөн уулзалтын үеэр Ч болон нярав Бгаас Сот-А Сот Б блокуудын айлуудын жагсаалтыг давхраар гаргасан байна. Би 100 хувь төлсөн миний нэр алга гэхэд чи манайд ажил гүйцэтгэгч цахилгаанчны бартерын байр авсан. Тэр цахилгаанчнаа олоод ир тэр хүнээсээ мөнгөө ав гэж хэлсэн. /видео бичлэг байгаа./Энэний дагуу би шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан ч "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан "Залилах гэмт хэргийн шинжгүй гэдэг нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний харилцаа бүхий, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлбэл зохих маргаан байх тул хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан хариу өгсөн.
2021 онд дахин төлөвлөлт гэх нэрийдлээр эхэлсэн энэ төсөл үйл ажиллагааныхаа 40 хувьдаа ч хүрч чадахгүй 2-3 жилийн нүүрийг үзлээ. 2023 оноос хойш захиалагч бид дээд шатны байгууллагуудад удаа дараа хандсан ч барилга баригдах талаар тодорхой шийдвэрт хүрээгүй.
2022 оны 02 дугаар сарын 22-ний өдөр ЭГЖ ХХК-ийн Д.Ч гэх захиралтай орон сууц захиалгын гэрээ байгуулж, 2 өрөө 38,46 м.кв байрны 1 м.кв-ийг 1,750,000 төгрөгөөр тооцож, 67,305,000 төгрөгийг А.А гэх хүний данс руу шилжүүлсэн. СЭСДХХК-тай ЭГЖ ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Миний хувьд уг хугацаанаас өмнө 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдөр ЭГЖ ХХК-ийн Д.Ч захиралтай гэрээ байгуулсан. СЭСДХХК-тай гэрээ байгуулахдаа Б блокийн ажлын гүйцэтгэлд ...........-А блокоос 14 давхрын 407 тоотыг бартерт оролцуулсан байна. Миний бие 4 давхрын 38,46 м.кв 407 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан тул ЭГЖ ХХК-аас 67,305,000 төгрөгийг гаргуулан өгнө үү. гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ЭГЖ ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр "СЭСДХХК-тай тус компани ......... хорооны нутаг дэвсгэрт баригдаж Дэвжих өргөө Б блокийн барилгын 1,2 дугаар орцны 1-12 дугаар давхар болон техникийн давхрын дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, гэрээний нийт үнийн дүн 408 сая төгрөг ба үүний 245 сая төгрөгт нь 3 байр өгч үлдэгдэл төлбөрийг бэлэн мөнгөөр өгөхөөр тохиролцсон.
"СЭСДХХК нь гэрээнд заасан гэрээний үүргээ биелүүлэлгүй 2023 оны 9 дүгээр сард ажлаа хийлгүй орхиж явсан. Манай компани зүгээс гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч ажлаа үргэлжлүүлж хийгээгүй орхиж явсан.
Ингээд манай компани өөр компанитай гэрээ байгуулж ажлаа хийж гүйцэтгүүлсэн. "СЭСДХХК нь гэрээний дагуу авсан дээрх гурван байрнаас 2 байрыг нь бусдад зарсны нэг иргэн Э.Бд зарсан байсан. "СЭСДХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт өгсөн байрыг Э.Бд зарсан тухайн иргэний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг Э.Бтай байгуулсан.
Орон сууц захиалгын гэрээний 3.1 дэх хэсэгт 67,305,000 төгрөгийг Цахилгааны бартерт **** данс төлсөн болно гэж бичсэн байна.
Дээрх **** данс нь "Эх газрын жигүүр" ХХК-ны данс биш ба "СЭСДХХК-ны захирал М.Энхбаярын эхнэр Адъяа овогтой Амарцэцэгийн данс руу шилжүүлсэн байна.
Э.Б нь дээрх асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу манай компани зүгээс зохих тайлбарыг өгч байсан.
Манай компани зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэхэмжлэгчийн мөнгийг СЭСДХХК болон А.А нар нь өгөх ёстой.
Уг 67,305,000 төгрөгийг манай компани аваагүй, СЭСДХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартерт шилжүүлсэн байрыг Э.Бд шилжүүлж зарсан. ЭГЖ ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12151 дүгээр Прокурорын тогтоол /хх-4/, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №22022268 дугаар Орон сууц захиалгын гэрээ /хх-5-7/, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б.Мын Хаан банк дахь ***тоот дансны хуулга /хх-8/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-41-42/, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/401 тоот Итгэмжлэл /хх-43/, Хариу тайлбар /хх-44-45/, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №22/0708 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ /хх-46-50/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч ЭГЖ ХХК-д холбогдуулан 67,305,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ.Шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2022268 тоот орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний төлбөрт шилжүүлсэн хариуцагч 63,305,000.00 төгрөгийн ЭГЖ ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна./хх 1 дүгээр тал/
2.1. Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлаа дараа үндэслэлээр тайлбарласан.Үүнд:
Хариуцагч ЭГЖ ХХК нь __________ апартмент төслийн туслан гүйцэтгэгч СЭСДХХК 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгч орон сууцны үнийг хариуцагчид төлөөгүй гэж маргаж байна./хх-ийн 46-50 дугаар тал/
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Э.Б нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч ЭГЖ ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Улаанбаатар хот, ......... хорооны нутаг дэвсгэрт баригдах ........... апартмент хотхоны А блок, 4 давхрын 38,46 м.кв талбай бүхий 407 тоот 2 өрөө орон сууцыг 67,305,000.00 төгрөгөөр авахаар тохиролцсон байна /х.х-ийн 5-7 дугаар тал/.
Тодруулбал, хариуцагч нь 38,46 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг 1,750,000.00 төгрөг, нийт 67,305,000.00 төгрөгөөр барьж гүйцэтгэж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр төлбөрийг бүрэн төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд энэхүү гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх тэрхүү цаг хугацаанд гэрээний зүйл болох 38,46 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Э.Б нь зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй байсан, харин гэрээний 4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хариуцагч ЭГЖ ХХК нь тухайн орон сууцыг гэрээ байгуулагдсанаас хойш 16 сарын дотор буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр багтаан ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн байгаагаас үзвэл зохигчид шинээр бий болох үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон байна./х.х-ийн 5 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, түүнчлэн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.
Тайлбарлавал, хариуцагч ЭГЖ ХХК-ийн зүгээс зохигчдын байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу 38,46 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэх, тийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч Э.Бд хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна./х.х-ийн 5-7 дугаар тал/
Нэхэмжлэгчийн Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан **** тоот Хаан банк ХК-ийн харилцах дансанд 67,305,000.00 төгрөг төлсөн үйл баримттай зохигчдын хэн аль нь маргаагүй боловч хариуцагч ЭГЖ ХХК -ийн төлөөлөгч уг данс нь хариуцагчийн данс бус СЭСДХХК-ийн хамаарал бүхий А.Аийн данс тул нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно., мөн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдөр хариуцагч ЭГЖ ХХК -ийн захирал Д.Ч нь Орон сууц захиалгын гэрээг миний нэр дээр, төлбөрөө А.Аийн данс руу шилжүүлчих гэсний дагуу гэрээнд заасан дансанд төлсөн гэх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрч А.Аийг борлуулалт хариуцсан менежер эрхэлдэг тухай шүүхэд мэдүүлсэн ба орон сууц захиалах гэрээний эрх, үүрэг гагцхүү зохигчдын хооронд үүссэн тул туслан гүйцэтгэгч СЭСДХХК-ийн ажил үүргээ дутуу гүйцэтгэсэн гэх хариуцагчийн татгалзал, тайлбар үндэслэлгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг ба Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн өмнө хүлээх үүрэг гагцхүү хариуцагчид үүсэх ба уг үйл баримтыг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан гэж үзнэ.
4. Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэж, түүнчлэн 350 дугаар зүйлийн 350.1-д Ажил гүйцэтгэгч нь дараах үүрэг хүлээнэ гээд 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж тус тус заажээ.
Тодруулбал, ажил гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэгч болохын хувьд энэ хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар үүргийг хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.
Гэвч хариуцагч нь гэрээний зүйлийг барьж гүйцэтгэх үүргээ ийнхүү зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс цаашид 38,46 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.
Тайлбарлавал, тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ба тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд нэмэлт хугацаа олгох шаардлагагүй байдаг.
5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр багтаан ашиглалтад оруулаагүй, нэхэмжлэгч удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан гэх тайлбарт хариуцагч маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д Дараах нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гээд 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч ЭГЖ ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй юм.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзаж болдог.
Нэгэнт хариуцагч ЭГЖ ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйлийг нэхэмжлэгч Э.Бд хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь энэхүү зөрчлийг үндэслэн орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байгааг буруутгах үндэслэлгүй юм.
6. Иргэний хуулийн 221.5-д Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ. Тайлбарлавал, зохигчид гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Энэ талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн байна.
Ийм учир хариуцагч ЭГЖ ХХК нь нэхэмжлэгч Э.Бгаас авсан 67,305,000.00 төгрөгийг түүнд буцааж өгөх үүрэгтэй шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494,475.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 494,475.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч ЭГЖ ХХК-аас 67,305,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494,475.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 494,475,00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА