| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/06611/И |
| Дугаар | 191/ШШ2025/00058 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/00058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* давхарт байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ө.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.*******ийг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* ХХК иргэн Ө.*******тэй 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр IZI-281-23-102 тоот Хэрэглээний лизингийн гэрээ байгуулж, хариуцагч Ө.******* 11.999.800 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг Аррlе iphone 15 рrо max, 256gb загвар бүхий гар утсыг 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн нөхцөлөөр нэхэмжлэгч ******* ХХК-с худалдан авахаар тохирч мөн өдөр 23-ITL11-011 дугаартай зарлагын падаан үйлдэж хариуцагч өөрийн эзэмшил, хоёр ширхэг гар утсыг шилжүүлэн авсан.
Гэвч хариуцагч гэрээг байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчсөн. Зээл авах үед бидэнд өгсөн мэдээллийн дагуу түүний оршин сууж байгаа гэх Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******** тоот хаягт удаа дараа очсон боловч эзгүй хашаа байсан. Мөн өөрийнх бидэнд өгсөн утас орох ярианы эрх хаагдсан тул зээлийн анкет дээр байх эгч Намуун гэх хүн рүү нь холбогдож асуухад дарь эхийн хаягт байдаггүй, Дүнжингаравын тэр хавьд амьдардаг, одоо өөрөө эзгүй байгаа гээд яг тодорхой оршин суух хаягийг бидэнд хэлж өгөхгүй байгаа.
Бидний зүгээс гэрээ цуцалсан мэдэгдлийг гардуулахаар Баянзүрх дүүрэг, ****** тоот хаяг руу шуудангаар илгээсэн боловч хаягт олон удаа очиход эзгүй, мэдэгдэл үлдээхэд хариу өгөөгүй, гал гарсан учир ойр хавьд оршин суугч цөөн, утасны орох ярианы эрх хаагдсан гэсэн тэмдэглэгээтэй буцаж ирсэн.
Иймд хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Ө.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хэрэглээний лизингийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зарлагын падан, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01/674 дугаар мэдэгдэл, шуудангийн дугтуй зэргийг ирүүлжээ. /хх 3-15/
Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ХХК нь Ө.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас Ө.******* нар тохиролцож 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээ болон Ө.*******ийн оршин суугаа хаягийн лавлагаанд Баянзүрх дүүрэг, ******** тоот гэж тусгажээ.
4.Нэхэмжлэгчээс уг хаягийн дагуу 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шуудангийн байгууллагаар дамжуулж мэдэгдэл хүргүүлэхэд хаягт олон очиход эзгүй. Мэдэгдэл өгөөд хариу өгөөгүй. Гал гарсан тул оршин суугчид цөөн, утасны эрх хаагдсан гэж тэмдэглэж буцаагджээ.
5.Шүүхээс дээрх хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлэхэд хүргүүлэхэд ээж н.******* гэж гардан авсан боловч хүрэлцэн ирээгүй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.*******ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон гэж үзэж эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ихшарынхан овогт *******ын ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Ө.******* /бүртгэлтэй хаяг: Баянзүрх дүүрэг, ***** тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч Ч.*******, утас: *******/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ