2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/03885

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 06 191/ШШ2025/03885

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин суух С овогт Тын Б /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  давхар хаягт байрлах АДСП ХХК /РД: ***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, 17,013,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Бгаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах, засвар үйлчилгээ хийлгэсний төлбөр 14,030,000 төгрөг, орон сууцны дутуу талбайн хэмжээний төлбөрт 2,983,500 төгрөг, нийтдээ 17,013,500 төгрөг гаргуулах. Т.Б нь АДСП ХХК-тай гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 456 дугаар орон сууцны 1 дүгээр орцны 11 давхрын 67 тоот орон сууцыг 2020 оны 3 сарын 9-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж худалдаж авахаар тохиролцсон. Тус гэрээгээр орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,350,000 төгрөг, нийт үнэ 60,439,500 төгрөг бөгөөд гүйцэтгэгч 2020 оны 08 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Бгийн зүгээс гэрээнд заасан 60,439,500 төгрөгийг 2020 оны 9 сарын 25-ны өдөр шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл АДСП ХХК гэрээнд заасан хугацаанд тус орон сууцыг ашиглалтад оруулаагүй. Захиалагчийн зүгээс удаа дараа шаардсан, 2021 оны 6 сарын 14-ний өдөр өргөдлийг гаргаж байсан. Захиалагч нарын зүгээс 2022 оны 5 сард АДСП ХХК-тай уулзаж нөхцөл байдлаа хэлсэн. Гэтэл дотоод засал хийгдээгүй байсан. АДСП ХХК-ийн зүгээс дотоод засварын ажлыг бүрэн гүйцэтгэж өгөх талаар хэлсэн. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн зардлаар дотоод засал хийсэн, ажлын хөлс нь 14,030,000 төгрөгийн зардал гарсан. АДСП ХХК-иас орон сууцны засвар үйлчилгээ хийхэд гарсан төлбөрийг удаа дараа шаардсан боловч 9,000,000 төгрөг боломжтой талаар хариу өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4-т аль нэг тал гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гарах зардлыг хариуцна гэж заасан байгаа. Орон сууц 2023 оны 8 сард ашиглалтад орсон. Талуудын хооронд байгуулсан орон сууц захилгын гэрээнд 44.77 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэтэл АДСП ХХК дутуу талбай хүлээлгэж өгсөн. Бид нар хэмжилт хийлгэхэд тус орон сууц 42.56 м.кв болох нь тогтоогдсон тул 2.21 м.кв дутуу талбайн үнэ болох 2,983,500 төгрөг болж байгаа. Тухайн орон сууцны өмчлөгч нь одоо хүртэл гараагүй байгаа учраас Т.Бг өмчлөгчөөр тогтоож улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах, засвар үйлчилгээ хийлгэсний төлбөр 14,030,000 төгрөг, орон сууцны дутуу талбайн хэмжээний төлбөрт 2,983,500 төгрөг, нийтдээ 17,013,500 төгрөг АДСП ХХК-иас гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны бичиг баримт гаргаж өгөх шаардлагыг хүлээж зөвшөөрч байгаа, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох болон бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал, орон сууцны өмчлөгчөөр тогтоох байгууллага манай байгууллага биш учраас зөвшөөрөх боломжгүй. Засвар үйлчилгээний зардал, м.кв-ын зөрүү 2,983,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Талбайн хэмжээний зөрүүгийн тухайд орон сууц захиалан бариулах гэрээний 3.1.3-т дотор ханыг 1 м.кв талбайд оруулж тооцно гэсэн. Гэтэл тухайн талбайн хэмжилт хийсэн компанийн зүгээс дотор ханыг оролцуулаагүй. Гэрээний 3.1.4-т орон сууцны талбайн м.кв-ыг тооцохдоо иж бүрэн шилэн тагтыг 50 хувиар тооцож оруулсан гэсэн байгаа. Гэтэл тухайн талбайн хэмжилт хийсэн компани нь 30 хувиар тооцсон, гэрээнд 1.5 м.кв хүртэл талбайн хэлбэлзэл байж болно, энэ талаар захиалагч тал ямар нэгэн гомдол санал гаргахгүй гэж дурдсан байгаа. Тийм учраас орон сууцны талбайн зөрүүнээс үүссэн м.кв-ын зөрүү 2,983,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Засвар үйлчилгээний 14,030,000 төгрөгийн тухайд 2020 онд захиалгын гэрээ байгуулагдсан. Ковидын улмаас хугацаа хэтрүүлсэн. Бид нарын зүгээс засвараа хийхгүй гэж хэлээгүй, бараа материал нь байгаа, гэхдээ хүний нөөцийн асуудлаас болж жоохон удна гэж хэлсэн чинь захиалагч нар та нарт байгаа бараа материалыг аваад өөрсдөө хийгээд орчихъё гэсэн. Бид нар боломжтой гээд холбогдох бараа материалаа хүлээлгэж өгсөн. Бараа материал хүлээлгэж өгсөн баримт нь хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд хар цагаан замаск, паркет, плита хүлээлгэж өгсөн баримт нь байна. Мөн нэхэмжлэгч нь засвар үйлчилгээний зардлаа нотлох зорилгоор шүүхэд баримт гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан баримт дээр буйдан, тавилга гэх мэт бараа материал худалдаж аваад энийгээ манай компаниас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Зарлагын баримтуудаар төлбөр төлөгдсөн баримт байхгүй, тухайн орон сууцанд зориулж авсан үйл баримтыг нотолж чадахгүй гэж үзэж байгаа.

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-10/, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 935,000 төгрөгийн НӨАТ-ын баримт /хх-3/, 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2,909,800 төгрөгийн НӨАТ-ын баримт /хх-4/, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 892,800 төгрөгийн 3720 дугаар зарлагын баримт /хх-5/, 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 925,000 төгрөгийн 1920 дугаарт зарлагын баримт /хх-6/, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 107,000 төгрөгийн 1360 дугаар зарлагын баримт /хх-7/, 1,745,000 төгрөгийн зарлагын баримт /хх-8/, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 60,439,500 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-9/, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Т.Бгаас Г.Гт олгосон 2138 дугаар Итгэмжлэл /хх-11/, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Г1-Д11-Б-44 дугаар Орон сууц захиалгын гэрээ /хх-12-17/, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ДДТД: 00000***000200925000001665390 дугаар 60,439,500 төгрөгийн баримт /хх-18/, Т.Бгийн Голомт банк дахь **** тоот дансны хуулга /хх-19-29/, Т.Бгийн Худалдаа хөгжлийн банк дахь **** тоот дансны хуулга /хх-30-33/, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Өргөдөл гаргах тухай гар бичмэл /хх-34/, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Өргөдөл гаргах нь гар бичмэл /хх-35/, Улаанбаатар хот, ___________тоот хайгт хийсэн хэмжилтийн зураг /хх-36-38/, Т.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/, фото зураг /42-48/, **** тоот хаягийн дотор засал, бараа материалын үнэлгээний тайлан /хх-91-122/,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-51/, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн АБ-24/480 тоот Итгэмжлэл /хх-52/, хариу тайлбар /хх-61/, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн АБ-24/546 тоот Итгэмжлэл /хх-63/, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Гарден 16 хотхоны 1 дүгээр блокын захиалагчдад хүлээлгэн өгөх бараа материалын жагсаалт /хх-73/, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн БА-142/2023 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-82-84/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч АДСП ХХК-нд холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, завсар үйлчилгээний төлбөр 14,030,000.00 төгрөг, дутуу талбайн үнэ 2,983,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч АДСП ХХК-нд холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Г-Д11-Б-44 тоот Орон сууц захиалгын гэрээнд заасан Улаанбаатар хот, ***** м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, засвар үйлчилгээ болон дутуу м.кв талбайн зөрүүгийн нийлбэр 17,013,500.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргаж байна.

 

2.1 Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлаа дараа үндэслэлээр тайлбарласан.Үүнд:

 

АДСП ХХК нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, завсар үйлчилгээний төлбөр 14,030,000.00 төгрөг, дутуу талбайн үнэ 2,983,500.00 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т.Б нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Улаанбаатар хот, ***** м.кв талбай бүхий орон сууцыг 60,439500.00 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ /х.х-ийн 12-18 дугаар тал/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигч нарын маргаж буй Улаанбаатар хот, 16 дугаар хорооны Гарден 16 хотхоны 210 айлын орон сууцны барилгыг 2023 оны 08 дүгээр сарын 24-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээж авчээ. Тодруулбал, хариуцагч 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч хэлэлцсэн тохиролцсон үнийг төлөхөөр харилцаж тохиролцож үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна /х.х-ийн 12-18 дугаар тал/.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

Ингээд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т.Б нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хариуцагч АДСП ХХК-иас 2023 оны 08 дугаар сард хүлээн авсан боловч өмчлөх эрхийг зохих байгууллагад бүртгүүлээгүй байна.

 

Түүнчлэн зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа худалдан авагч Т.Б нь худалдах, худалдан авах гэрээний үнэ нийт 60,439500.00 төгрөгийг төлсөн, хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үнийг хүлээн авсан талаар маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.2-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар гэж тус тус зааснаар худалдан авагчид гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ.

 

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

4. Нэхэмжлэгч Т.Б нь хүлээн авсан орон сууцны талбайн хэмжээг Батдах ХХК-аар хэмжүүлэхэд 2.21 м.кв талбай дутсан гэх үндэслэлээр орон сууцны м.кв талбайд илүү төлсөн 2,893,500.00 төгрөгийг нэхэмжилсэн ба тус хэмжилтээр маргаан бүхий орон сууцны талбай 42,56 м.кв талбайтай буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 44,77 м.кв талбайгаас 2,21 м.кв талбай дутуу байна гэжээ./х.х-ийн 36-40 дүгээр тал /

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заасан. Хэрэв гэрээний зүйл доголдолтой байх тохиолдолд худалдан авагч болох нэхэмжлэгч Т.Б нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан хэд, хэдэн шаардлагыг худалдагч АДСП ХХК-нд гаргах эрхтэй.

 

Тодруулбал, тус хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаас гадна 254.2-т Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж заасан.

 

Энэ нь, худалдан авагчийн зүгээс эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд худалдагч талд тухайн доголдлыг арилгуулах, доголдолгүй ижил болон өөр төрлийн эд хөрөнгөөр солиулах эсхүл доголдлыг арилгахад гарсан зардлыг гаргуулах, түүнчлэн гэрээг цуцлах шаардлага эрхтэй бөгөөд хэрэв эдгээр шаардлагыг тус хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаанд гаргаагүй тохиолдолд тэрээр зөвхөн тухайн доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахыг шаардаж болно.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т.Б болон хариуцагч АДСП ХХК нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 3.1.3, 3.1.4, 3.1.5 дах хэсэгт орон сууцны дотор ханын доорх м.кв талбайг талбайн хэмжээнд оруулан тооцох, тагтны талбайн хэмжээг 50 хувиар тооцох, 1,5 м.кв талбайн зөрүүг буцаан шаардлага гаргахгүй байхаар талууд харилцан тохиролцсон ба Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж зааснаар гэрээний гол нөхцөл нь зохигч нарын гэрээ байгуулах сэдэл болдог бөгөөд уг нөхцөлийн талаар тохиролцсон тохиолдолд гэрээний талуудын хүлээх эрх, үүрэг болдог. /х.х 13 дугаар тал/

 

Үүнээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг шилжүүлэх үүргийг хүлээх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчийн шилжүүлсэн эд хөрөнгийг доголдолтой, мөн зохигчдын тохиролцсон гол нөхцөлийг хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй тул орон сууцны талбайн зөрүүг нэхэмжлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч Т.Б нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц захиалгын гэрээнд заасанд орон сууцны засварт зарцуулагдсан зардал болох материал, ажлын хөлсний зардалд нийт 14,030,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. мөн хуулийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан.

Тодруулбал, худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах болон солиулах, гарсан зардлыг нөхөн төлүүлэх, эсхүл гэрээнээс бүхэлд нь татгалзах эрхийг сонгож хэрэгжүүлдэг ба худалдан авагч нь нэгэнт эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа худалдагчаас нэхэмжлэх эрхийг хэрэгжүүлэхээр хуульд тухайлан заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний 3.1.1, 3.1.2-т хариуцагч АДСП ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууц болон үүнтэй холбоотой баримт бичгийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн./х.х-ийн 13 дугаар тал/

Гэвч хариуцагч тогтоосон хугацаанд, зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй ба 2022 оны 05 дугаар сард ашиглалтад бүрэн ороогүй, заслын ажил гүйцэтгээгүй орон сууцыг нэхэмжлэгч Т.Бд хүлээлгэн өгсөн үйл баримттай талууд хэн аль нь маргаагүй боловч, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн засварын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Ингэхдээ нэхэмжлэгчийн засварт зарцуулагдсан барилгын материалыг хүлээлгэн өгсөн тухай материалын жагсаалтыг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгч уг барилгын материалыг хүлээн аваагүй, өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн, гаргасан зардлаа өмнө хариуцагчаас нэхэмжилж байсан тухай тайлбар гаргасан./х.х-ийн 34, 73 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана. гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид барилгын материал хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр дутуу ажлыг хийж гүйцэтгэсэн, буцаан нэхэмжлэхгүй байхаар харилцан тохиролцсон гэх татгалзал тайлбартай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн Буфа үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй тул орон сууцны засварт зарцуулсан зардалд 14,030,000.00 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй ба хариуцагч уг баримтыг няцааж мэтгэлцээгүй үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна./х.х-ийн 91-122 дугаар тал/

 

6. Нэхэмжлэгч Т.Б нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Г-Д11-Б-44 тоот Орон сууц захиалгын гэрээнд заасан Улаанбаатар хот, ______ тоот 44,77 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг даалгах тухай шаардлага гаргасан.

 

Маргаан бүхий дээрх барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авсан үйл баримттай зохигчид маргаагүй ба нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд Улаанбаатар хот, ______ тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.Бг тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч АДСП ХХК-д даалгаж, орон сууцны засварт зарцуулсан 14,030,000.00 төгрөгийг хариуцагч АДСП ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгож, орон сууцны дутуу талбайн төлбөрт 2,983,500.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,417.00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 231,998.00 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын төсвийн орлогод нөхөн төлүүлж, хариуцагч АДСП ХХК-иас 600,497.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4-д тус тус зааснаар Улаанбаатар хот, ______ тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.Бг тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч АДСП ХХК-д даалгаж, орон сууцны засварт зарцуулсан 14,030,000.00 төгрөгийг хариуцагч АДСП ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгож, орон сууцны дутуу талбайн төдбөрт 2,983,500.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,417.00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 231,998.00 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Татварын хэлтсийн 1002003009411 тоот дансанд нөхөн төлүүлж, хариуцагч АДСП ХХК-иас 600,497.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА