Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/411

 

 

 

 

 

      2024            04            04                                         2024/ДШМ/411

 

Б.С , М.А , Д.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

шүүгдэгч Б.С , түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

шүүгдэгч М.А , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч П.Аюушжав,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С , М.А  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн эрүүгийн 2202003860334 дугаар хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.С, ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эмэг эх, эгч, гурван дүүгийн хамт ... тоотод оршин суух, /РД:..../, урьд:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 879 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан, тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 879 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан. 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан.

2. М.А, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, /РД:..../, урьд:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 307 дугаартай шитгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 06 сарын хугацаагаар тогтоосон,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2, 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 07 cap 14 хоногийн ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 07 cap 14 хоногийн хугацаагаар тогтоосон,

- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай магадлалаар М.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг биеэр эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял болон мөн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан 1 жилийн хорих ялыг тус тус 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, нийт 2 жил 07 cap 27 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэсэн боловч тэрээр 2 жил 07 cap 27 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж байхдаа тогтоосон бүсээс удаа дараа гарч, түүнд оногдуулсан ялыг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ХМШЗ/05 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 11 cap 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн. 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр суллагдсан.

2. Д.Т, ..... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ..... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,

Б.С , М.А , Д.Т нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр .... ” амралтын газрын орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 116,9 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар Б.С ын биед хадгалсан,

мөн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр .... улсын дугаартай “Тоёота Эстима” (Toyota Estima) загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 11,9 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.С , М.А , Д.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.С, М.А, Д.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Б.С т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.А д холбогдуулан Эрүүгийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Т өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Б.С ыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг гүйцэтгэгчээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.А г “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг хамжигчаар үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Т ийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.С ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, М.А г 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар, Д.Т ийг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А д урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ХМШЗ/05 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” шүүгчийн захирамжаар 11 cap 19 хоногийн эдлээгүй үлдсэн 10 cap 27 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 cap 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Б.С ын урьд цагдан хоригдсон 100 хоногийг, шүүгдэгч М.А гийн урьд цагдан хоригдсон 71 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.А д оногдуулсан 2 жил, 1 cap, 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т өд оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт эдлүүлэхээр хязгаарлаж, эд мөрийн баримтаар хураан авсан нийт 128,8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С  давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хохиролгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтээ прокурорын газарт гаргаж байсан билээ. Цаашид “өвс” хэмээх мансууруулах бодис, түүхий эд татахгүй, түүнээс хол явж, үнэнч шударгаар хөдөлмөрлөн, гэр бүлтэйгээ цаашид сэтгэл тайван, итгэл төгс амьдрах хүсэлтэй байна. Энэ байдлаа ч шүүхэд илэрхийлж байсан бөгөөд цаашид ч эцсийн удаа тангаргалж байна. Иймд надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг бага ч гэсэн хөнгөлж, хуулийн шударга, энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан ялаас хасаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.А  давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1994 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Цахилгаанчин мэргэжилтэй, одоогоор Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ Налайхын 8-40 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдран суудаг. Урьд 3 удаагийн ял шийтгэлтэй. Сүүлд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн боловч миний бие уг гэмт хэрэгт оролцоогүй, гэм буруугүй гэж үзэж байгаа. Тухайн хэрэг болдог өдөр найз Б.С  “Уулзъя салхинд гаръя” л гэж хэлсэн. Өөр ямар нэгэн утга санаатай зүйл яриагүй болохоор удаан уулзаагүй найзтайгаа уулзаж салхинд гаръя гэж бодсон боловч Б.С  ууланд гараад өвс  түүсэн байсныг цагдаа нар ирсний дараа л мэдсэн. Б.С ыг өвч түүхэд миний бие ямар нэгэн оролцоо хамжлага үзүүлээгүй байтал шүүхийн шийдвэр намайг хамжиж бэлтгэсэн цүнхээр хангасан гэж ял өгсөн. Тэр яриад байгаа цүнхийг би мэдэхгүй. Б.С  манай гэрт ирэхдээ л тэр цүнхтэйгээ ирсэн. Үүнийг нотлох зураг ч миний фэйсбүүк стори дээр байгаа. Анхнаасаа буруугүй юм чинь ял өгөхгүй байх гэж бодоод өмгөөлөгч аваагүй. Хууль зүйн мэдлэг дутсаны улмаас тэр зургийг хавтаст хэрэгт хавсаргаж чадаагүй. Миний бие урьд нь яг энэ зүйл ангиар яллагдан хорих ялаа биечлэн эдлээд гарч ирсэн. Уг өвс гэдэг зүйл ямар хор уршигтай гэдгийг яс махандаа тултал мэдэрсэн болохоор дахиж хэрэглэхгүй гэж өөртөө амласан юм. Хэрвээ хэрэглэх байсан бол байцаалт дээр дурдагдсан Д.Т надад өвч байна хэрэглэх үү гэж хэлэхэд хэрэглэх л байсан. Хар тамхитай тэмцэх Газрын цагдаа нар шалгахад миний биед ямар нэгэн сэтгэцэд нөлөөлөх зүйл байгаагүй. Биологийн дээж хүртэл авахад мөн адил надаас илрээгүй. Мөн тэр Б.С ын цүнхийг Сайнбаяр өөрөө үүрч явж байгаад цагдаа нарт баригдсан байхад яг ямар шалтгааны улмаас тэр цүнхийг минийх гэж авч үзээд надад ял өгснийг миний бие үнэхээр ойлгохгүй байна. Өмнө нь ийм хэрэгт холбогдож байсан гэж үзээд ял өгөх үндэслэл болох эсэхийг миний бие сайн ойлгохгүй байна. Миний уг хэрэгт холбоотой байх нотлох баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй. Урьд нь ийм хэрэгт холбогдон ялаа эдэлж гарч ирээд одоо л хүн шиг амьдаръя алдсан цаг хугацаагаа нөхнө гэж бодож байхад зүгээр найзтайгаа уулзаад л ийм хэрэгт холбогдсон болохоор, бас энэ хэрэгт холбоогүй байж ял авсан болохоор үнэхээр амьдралд итгэлгүй болсон. Ийм учраас эцсийн найдвар болгож уг хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаа учраас Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаж байна. Мөн М.А  миний бие өмнөх ялын эдлээгүй үлдсэн хугацаа маань 2 сарын зөрүүтэй байгаа тул Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг сарын зөрүүг маань нөхөж олгож өгнө үү гэж хүсэж байна. Иймд миний эрх зүйн болон ар гэрийн байдлыг маань харгалзан үзэж хүсэлтийг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.С ын өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.С ын хувьд хэргийн үйл баримттай холбоотой маргаан байхгүй. Эрүүгийн хариуцлагын хувьд 2 жилийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг нь дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч М.А гийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шатанд миний бие цагаатгах байр суурьтай байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас М.А  мансууруулах бодисыг олж авсан, хадгалсан, түүсэн үйлдэл байхгүй. Гагцхүү Б.С  гэх хүний мэдүүлэгт зааж өгсөн гэх яриа, мэдүүлэг байдаг. Манай үйлчлүүлэгч зааж өгөөгүй гэж хэлсэн. Анхан шатны шүүх М.А г бусад хүмүүсийн хадгалсан, олж авсан үйлдэлд хамжигчаар оролцсон учраас гэм буруутайд тооцсон. Хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэж гэм буруутайд тооцох ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б.С ын хувьд түүсэн гэж хэлээд байхад л бэлтгэсэн гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй, гэхдээ гэм буруутайд тооцох ёстой. Харин М.А гийн хувьд олж авсан, хадгалсан гээд хамжигчаар ялласан нь тохиромжгүй байна. Аливаа гэмт хэрэгт үйлдсэн тухайн хүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулах нь шударга ёсны хуулийн зарчимд нийцнэ. Хамт явсан гэдгээрээ М.А д нялзаагаад байгаа нь М.А гийн эрх зүйн байдлыг дордуулсан. Үүнийг давж заалдах шатны шүүх харгалзаж үзээд миний үйлчлүүлэгчийн хэлснээр гэм буруугүйд тооцон хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Т ийн өмгөөлөгч П.Аюушжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.Т ийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Д.Т ийн хувьд гэм буруу дээрээ маргаагүй, давж заалдах гомдол гаргаагүй юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Д.Т нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгчтэйгөө адилхан байр суурьтай байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.С ын хувьд гэм буруу дээрээ маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан хэдий ч түүний гэмт хэргийн шинж чанар шударга ёсны зарчимд нийцэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч М.А гийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад миний оролцоо байхгүй гэж маргадаг байсан. Анхан шатны шүүх хурал шүүгдэгч нараас хэргийн оролцогчдоос мэдүүлэг, тайлбар авах замаар явагдсан. М.А гийн үйлдэл нь бусад хоёр шүүгдэгчийн шүүх хуралдааны үеэр болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлон тогтоогддог. Түүнийг гэмт хэрэгт хамжигчийн үүргээр оролцсон гэж шүүхээс үзсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 3325 дугаартай шинжээчийн “1 гэж дугаарласан Б.С ын биеэс хураан авсан өвс нойтон гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн...” гэх дүгнэлт /1хх 65-66/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 3326 дугаартай шинжээчийн “1 гэж дугаарласан тээврийн хэрэгслээс хураан авсан өвс гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн... ” гэх дүгнэлт /1хх 55-56/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 3327 дугаартай шинжээчийн “Б.С гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн... ” гэх дүгнэлт /1хх 70-71/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 714 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын “Б.С  нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.С  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.С  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үзэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.С  нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисыг хамааралтай гэж шинж тэмдэг илрээгүй байна.” /1хх 80-81/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 707 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын “Д.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Т нь одоо сэтгэцийн өвчтэй гэх шинж, баримт үгүй байна. Д.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Д.Т нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.” /1хх 84-85/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 929 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын “М.А  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. М.А  нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх бүхий мэдээлэл үгүй байна. М.А  нь мансууруулах сэтгэц нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна. М.А  нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. М.А  нь хэрэг хариуцах чадвартай байна.” /1хх 235-236/,

          Д.Т ийн гэрчээр өгсөн “...Сайнбаяр найзынхаа хамт буугаад өвс түүж эхэлсэн. Амараа гэх залуу нь энэ байна гээд өвс зааж өгч байсан...” гэх мэдүүлэг /1хх 33-34/,

Б.С ын гэрчээр өгсөн “...Амарбаясгалан надад тэрүүгээр өвс ургасан байна тийшээ очъё гэж хэлээд өвс ургасан газарт очоод би өвсийг түүгээд Амарбаясгалангийн үүрч явсан хар өнгийн үүргэвч рүү өвсийг тасдаад хийсэн...” гэх мэдүүлэг /1хх 37-38/,

Б.С ын яллагдагчаар өгсөн “...Төгөлдөр, Амарбаясгалан хоёр өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ургадаг газрыг надад зааж өгсөн. Бид гурав хамт яваад нэг уулын хадтай хэсэгт очоод Төгстөгөлдөр, Амарбаясгалан хоёр надад ямар өвс ургамал түүхийг зааж өгөөд би тэр хоёрыг хэлсэн өвс ургамлыг түүсэн. ...түүж дуусаад би түүсэн өвсөө Амарбаясгалангийн цүнхэнд хийгээд үүрч явж байгаад цагдаад баригдсан. ...Би Т-тэй ганц нэг удаа уулзаж байсан. Нээх сүрхий дотно найз бол биш юм. Амарбаясгалантай бол 2020 онд ял эдэлж байхдаа хорих ангид нэг өрөөнд байсан тэгээд танилцсан байсан. Тэгээд гарч ирээд уулзаагүй фейсбүүкээр харилцаж байгаад л уулзаад л ийм зүйл болсон юм. ...Би тэр үед цамц жижиг хар өнгийн цүнхээ машинд нь үлдээсэн юм...” гэх мэдүүлэг /1хх-143, 2хх-179-180, 183/

          М.А гийн яллагдагчаар өгсөн “...Т  машинд үлдсэн зүйл байхгүй. Бид хэдийг цагдаа нар бариад Т ийг машин дээр нь үлдээгээд Сайнбаяр бид хоёрыг дагуулаад дээшээ уул руу алхсан юм. Хаанаас түүснийг заалгах гэж явсан...” гэх мэдүүлэг /1хх-162-164/

          Д.Т ийн яллагдагчаар өгсөн “...Бид хэд бүгдээрээ машинаас буугаад тамхилаад алхаж байсан чинь Сайнбаяр машинд чинь юм аа тавьчихмаар байна гээд урд талын хаалга онгойлгоод цаашаа хараад юм аа тавьсан. Би машинаас 5 метр орчим хол зогсож байсан болохоор араас нь харсан байсан учир яг юу тавьсныг би хараагүй. Тухайн үед л Сайнбаяр юм аа тавина гээд машин руу очихдоо урд талын хайрцагт өвс хийсэн гэж бодож байна....” гэх мэдүүлэг /1хх-196-197/

        Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...машины жолооч талын хүрдний доод хайрцгаас улаан өнгийн ууттай ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг цахилгаан жин дээр жинлэн үзэхэд 14 грамм байсныг 1 дугаар тавьж эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-10-12/,

Хүний биед үлэг хийсэн тэмдэглэл /1хх-16-18, 22-23, 28-30/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Б.С , М.А , Д.Т нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр .... ” амралтын газрын орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 116,9 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар Б.С ын биед хадгалсан,

Мөн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр .... улсын дугаартай “Тоёота Эстима” (Toyota Estima) загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 11,9 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.С , М.А  нарыг хамтран оролцох хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”, Д.Т ийг мөн хуулийн тус зүйл хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

 

Шүүгдэгч Б.С аас “...хорих ялыг багасгаж өгнө үү.” гэх, шүүгдэгч М.А гаас “...Би Б.С ыг өвс түүсэн гэдгийг цагдаа нарыг ирсний дараа л мэдсэн, түүнийг өвс түүхэд хамжиж цүнхээр хангасан зүйл байхгүй. Мөн өмнөх ялын эдлээгүй хугацаа 2 сарын зөрүүтэй байна.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдэл юм. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг ойлгодог.

          Мөн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үздэг.

          Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.

          Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.С , М.А , Д.Т нарын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр .... ” амралтын газрын орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 116,9 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар Б.С ын биед болон автомашинд хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж хүсэж үйлддэг бөгөөд шүүгдэгч Б.С , М.А , Д.Т нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг шууд санаатайгаар үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Тодруулбал, анхан шатны шүүхээс “шүүгдэгч Б.С  нь гэмт хэрэг үйлдэхдээ хамжигчийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэгчээр үйлдсэн, шүүгдэгч М.А  нь дээрх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, шүүгдэгч Д.Т нь дээрх гэмт хэргийг тээврийн хэрэгсэлд хадгалсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд мөн хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтүүд, мэдүүлэг, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М.А гийн “гэм буруугийн талаар маргасан” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С т 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.А д 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Т өд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

          Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

          Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.

          Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлөл үзүүлж, өөрийгөө удирдан жолоодох чадварыг сулруулж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

          Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

          Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ял тэдгээрийн нарын гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна.

          Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.

          Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгч Б.С ын “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 4, 5 заалтад тоо тооцооны алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрлэв.

          Тодруулбал шүүгдэгч М.А  нь урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ХМШЗ/05 дугаартай “зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ялын хугацааг 10 сар 08 хоног гэж алдаатай дүгнэсэн байхад 10 сар 27 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 01 сар 08 хоногийн хугацаагаар тогтоож, түүний урьд цагдан хоригдсон 71 гэж буруу тооцсоныг 51 гэж зөвтгөн зохих өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.С , М.А  нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 70 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтын “ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А д урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ХМШЗ/05 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” шүүгчийн захирамжаар 11 /арван нэг/ cap 19 /арван ес/ хоногийн эдлээгүй үлдсэн 10 cap 27 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил, 1 cap, 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А д урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ХМШЗ/05 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” шүүгчийн захирамжаар оногдуулсан 11 /арван нэг/ cap 19 /арван ес/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 cap 08 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 01 /нэг/ сар 08 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

5 дахь заалтын “ ...шүүгдэгч М.А гийн урьд цагдан хоригдсон 71 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай...” гэснийг “...шүүгдэгч М.А гийн урьд цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж,

6 дахь заалтын “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.А д оногдуулсан 2 жил 1 cap 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.А д оногдуулсан 2 жил 01 сар 08 хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С , М.А  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С , М.А  нарын 2024 оны 01 дүгээр сарын 25-наас 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл тус бүр 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН